Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 126/ШШ2022/0029

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Хурлын даргыг огцруулах тухай 03 тоот тогтоол, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай 04 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий Халуун Н.Бын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IVхуралдааны 06 тоот тогтоол гарч тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдон ажиллаж байгаад 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцох, мөн 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 30-ны өдөр хүртэл хугацаанд сургалтанд суух албан томилолтоор Мөрөн суманд ажиллаж байх хугацаанд манай гэр бүлийн хүний биеийн байдал муудаж Улаан-Уул сумаас ирсэн. Бид аймгийн эмнэлгээр явсан боловч савны хавдар гэж оношлогдож улмаар Улаанбаатар явж эмчлүүлэх, шинжилгээнд хамрагдах шаардлагатай гэсэн тул миний бие аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад албан ажлаас чөлөө олгох тухай өргөдөл гаргасан. Миний өргөдлийг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 14 хоногийн чөлөө олгосон. Энэ хугацаанд миний бие 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/05 тоот захирамж гаргаж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 7 дугаар хуралдааныг товлон зарласан байсан. Уг хуралдааныг хойшлуулах тухай 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/06 тоот захирамж гаргасан. Гэтэл Хурлын төлөөлөгч Б.Д нь төрийн ба үйлчилгээний албан хаагчдыг мөрдөн мөшгиж, айлган сүрдүүлж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамгыг булаан авч 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хурлын дарга миний эзгүйд хууль бус хурал хийж, Хурлын даргыг огцруулж, өөрөө Хурлын даргаар сонгогдон, төрийн албан хаагчид ажлын байрны дарамт үзүүлэн ажлын бус цагаар тогтоол гаргуулан, тухайн тамгыг дарж ашигласан байгаа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь заалт, 46 дугаар зүйлийн 46.3, 46.6, 52 дугаар зүйлийн 52.1.1, 52.1.2, 52.1.12, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь заалтуудыг зөрчин шүүх байгууллагын эрх мэдлээс давсан шийдвэр гаргасан нь илт хууль бус гэж үзэж байна.

Иймд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай 03 тоот тогтоол, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай 04 тоот тогтоолуудыг тус тус түдгэлзүүлж, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Б 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг 1 дүгээр багийн иргэн Норов овогтой Б /РН66081978/ миний бие Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхийнхээ дагуу бүхэлд нь татгалзаж байна. Иймд хүсэлтийг хүлээн авч хялбаршуулсан аргаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Бын Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдхолбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Хурлын даргыг огцруулах тухай 03 тоот тогтоол, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай 04 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхийнэхэмжлэлтэй захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1. ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах ..., 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасан.

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж буйгаа илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдъя.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Халуун Н.Б Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Хурлын даргыг огцруулах тухай 03 тоот тогтоол, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай 04 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ