| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 105/2024/1320/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1337 |
| Огноо | 2024-12-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ө.Эрдэнэмөнх |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1337
2024 12 03 2024/ШЦТ/1337
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
Улсын яллагч Ө.Эрдэнэмөнх,
Шүүгдэгч З.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан З.Од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 02901 1898 дугаар хэргийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, З.О.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.О нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ***од хохирогч Б.Нийн “Redmi Note 11” загварын, хохирогч Э.Эын “Samsung A14” загварын гар утаснуудыг “утсаар ярина” гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, хохирогч нарт нийт 1.034.910 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.О нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17 дахь тал/,
Хохирогч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 20, 21 дэх тал/,
Хохирогч Э.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 26, 29 дэх тал/,
Гэрч О.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 34 дэх тал/,
“Дамно” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б32-23-1041 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-43 дахь тал/,
Яллагдагч 3.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 96-97 дахь тал/ зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч З.Од холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Харин шүүх хавтаст хэрэгтэй танилцахад 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр З.Оээс гэрчээр мэдүүлэг /хх-ийн 31-32 дахь тал/ авсан нь түүнийг гэмт хэрэгт холбогдуулан хохирогчоос шууд заасны дараа буюу хэрэгт хамаарал бүхий нотолгоо бий болсны дараа мэдүүлэг авсан байх бөгөөд тус мэдүүлгийг худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж тэднээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “…Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно…” гэж заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрхийг зөрчжээ.
Хууль тогтоогчоос тус эрхийг баталгаатай эдлэх эрх зүйн үндэслэлийг бий болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй…”, мөн хуулийн 31.8 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад “…өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 31.11 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “…өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй…”, 3 дахь “…Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно…” гэж тус тус хуульчилжээ.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина…” гэж тус тус хуульчилсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, тэдгээрт хяналт тавих, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ.
Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заажээ.
Иймд шүүгдэгч З.Оийн гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч З.О нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ***од хохирогч Б.Нийн “Redmi Note 11” загварын, хохирогч Э.Эын “Samsung A14” загварын гар утаснуудыг “утсаар ярина” гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, хохирогч нарт нийт 1.034.910 төгрөгийн хохирол учруулсан байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл мөн эсэх:
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар “…Шүүгдэгч З.О нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ***од хохирогч Б.Нийн “Redmi Note 11” загварын, хохирогч Э.Эын “Samsung A14” загварын гар утаснуудыг “утсаар ярина” гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, хохирогч нарт нийт 1.034.910 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирогч Б.Нэд мөрдөн шалгах ажиллагааны шатанд 450.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч Э.Э 584.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул түүнийг бусдад төлөх төлбөртэй гэж үзэж байна…” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч З.О нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэргийн хохиролд тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.
Яллагдагч 3.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн авч явсан гар утсаа тухайн үедээ мөнгөний хэрэг гараад ломбардад тавьчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 дахь тал/ авагджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй…” гэжээ. Харин дээрх мэдүүлгүүд дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан хохирогч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бид хоёрыг унтаж байхад З.О шөнө сэрээгээд миний гар утсыг асуухаар нь би утсаа ширээн дээр байгаа гэж зааж өгөөд мөн кодыг нь хэлж өгсөн. Гэтэл З.О манай нөхөр Э.Эын гар утсыг мөн асуусан. Би нөхрөө сэрээгээд утсыг нь асуухад тэрээр өөрийнхөө гар утсыг хажуугаасаа гаргаж ирээд З.Од өгөөд унтчихсан. ...З.О нь миний утсаар ярина гэж хэлээд гар утас болон гар утасны кодыг асуухаар нь би гар утсаа “...ширээн дээр байгаа, код нь 0708...” гэж хэлээд унтчихсан. ...З.О намайг унтаж байхад дуудаж сэрээгээд “...би утсаар ярих гэсэн юм. Э.Эын гар утас нь хаана байгаа вэ...” гэж асуухаар нь би Э.Эын гар утсыг нь хаана байсныг нь мэдэхгүй байсан болохоор Э.Эыг дуудаж сэрээгээд гар утсыг нь хаана байгаа талаар асуусан. Тэгтэл З.О нь Э.Эын гар утсыг нь аваад “...байна уу...” гэж утсаар ярьж байгаа юм шиг гараад явчихсан. З.О нь манай гэр лүү буцаж орж ирээгүй ба Э.Э бид 2 босоод араас нь гартал орц, гэрийн ойр орчимд ямар нэг хүн байгаагүй. Буцаж гэр лүүгээ ороод би өөрийнхөө утсаар Э.Э луу залгах гэтэл миний гар утас олдоогүй. Тэгээд хөрш айлаас утсыг нь гуйж би өөрийн *** дугаар руу залгахад З.О нь утас аваад “...би аваачиж өгнө, битгий санаа зов...” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20, 21, 23 дахь тал/,
Хохирогч Э.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 16-ны орой 23:30 цагийн үед *** тоот гэртээ эхнэр Б.Нэ болон хүүхдийн хамт байсан. Тухайн үед би эхнэр Б.Нэтэй хамт 2.5 литрийн савалгаатай пивоноос 1 савыг ууж байсан. Тэгтэл гаднаас Нандин- Эрдэнийн найз З.О нь орж ирсэн. Эхнэр Б.Нэ нь найз З.Отэйгээ хамт хонох талаар ярилцсан юм билээ. Бид 3 дэлгүүр лүү 2 удаа гарч нийт 2.5 литрийн савлагаатай пивоноос 2 савыг авч уусан. Шөнө 03 цагийн үед З.О, Б.Нэ бид 3 унтахаар болж Б.Нэ орондоо орсон ба З.О нь орондоо орохгүй суугаад байсан. Би тухайн үед З.Од хандаж “Унтахгүй юм уу?” гэхэд “Унтнаа” гэж хэлсэн. Тэгээд би орондоо орсон. Орондоо орохдоо би өөрийн Samsung A14 загварын гар утсаа өөрийнхөө хажууд тавьсан байсан. Шөнө 04 цагийн үед Б.Нэ намайг сэрэгээд “З.О утсаар яриад өгье” гэж хэлэхээр нь би нэгжгүй талаар хэлсэн. Тэгтэл З.О нь “би 404 ашиглаад яринаа” гэж хэлээд миний утсыг аваад гэрээс гараад явчихсан. Би буцаж орж ирэхийг нь хүлээсэн боловч буцаж орж ирээгүй. Араас нь гарч харахад З.О нь гэрийн гадаа, ойр орчимд харагдаагүй. ...Миний өөрийн утас болох “Redmi Note 11” загварын гар утасны хохирлыг барагдуулаагүй. Манай эхнэр Б.Нийн “Samsung A14” загварын утасны хохирол болох 4506000 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26, 29 дэх тал/,
Гэрч О.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...З.О миний төрсөн дүү байгаа юм. 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэрээсээ гараад ирэхгүй байж байгад 2023 оны 05 дугаар сарын 17-ны үүрээр 05:00 цагийн үед гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, нөхөртөө зодуулчихлаа гэх зүйл яриад гэртээ ирсэн..., ...Тухайн үед З.О нь ямар нэг гар утастай ирээгүй ба “би гар утасгүй” гэж хэлээд манай нөхрийн гар утсыг аваад үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дэх тал/,
“Дамно” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б32-23-1041 дугаартай “...“Redmi Note 11” загварын гар утас 450.000 төгрөг, Самсунг А14 загварын гар утас 584.910 төгрөг, нийт 1.034.910 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-43 дахь тал/-ээр шүүгдэгч З.Оийн тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан нь тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэв.
Шүүгдэгч З.Оийн бусдын эд хөрөнгийг залилан авч 1.034.910 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “…Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална…” , мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “…хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй…” гэж тус тус заасан бусдын өмчлөх эрхэд халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.
Шүүгдэгч З.О нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан байх ба залилах үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч З.Оийн үйлдлийн улмаас хохирогч Б.Нэд 450.000 төгрөгийн, хохирогч Э.Эт 584.910 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь “Дамно” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б32-23-1041 дугаартай “...“Redmi Note 11” загварын гар утас 450.000 төгрөг, Самсунг А14 загварын гар утас 584.910 төгрөг, нийт 1.034.910 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-43 дахь тал/-ээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч З.О нь хохирогч Б.Нэд учирсан 450.000 төгрөгийн хохирол, төлбөрийг төлж барагдуулсан байх бөгөөд хохирогч Э.Эт учирсан 584.910 төгрөгийн хохирол, төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд шүүгдэгч З.О нь хохирогч Э.Эт төлөх 584.910 төгрөгийн төлбөртэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч З.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэргийн хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол, төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналтай байна. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. 584.914 төгрөгийг шүүгдэгч З.Оээс гаргуулж хохирогч Эд олгуулах саналыг тус тус гаргаж байна...” гэх дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч З.О нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас
/хавтаст хэргийн 79 дэх тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа
/хавтаст хэргийн 81 дэх тал/,
Төрсний гэрчилгээний хуулбар
/хавтаст хэргийн 88 дахь тал/ зэрэг болно.
Шүүгдэгч З.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч З.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хэрхэн дүгнэлт хийж буй зэргийг нь харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг тогтоохдоо шүүгдэгч З.О Баянзүрх дүүрэгт оршин суудаг байдлыг харгалзан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр хязгаарлахаар тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар З.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч З.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Од эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.О нь эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар З.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Оээс 584.910 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Эт олгосугай
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба талууд, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ