Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 155/ШШ2021/00351

 

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 155/ШШ2021/00351

Хөвсгөл аймаг

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Б-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 155/2020/02087/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр, хариуцагч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттөмөр нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Б би 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Хар дархад овогт Ганхуягийн Базаррагчаатай гэр бүл болж амьдарсан. Ингээд 3 жил гэр бүлээ батлуулаагүй амьдарч байгаад 2020 оны 01 дүгээр сард гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Манай нөхөр Г.Б нь хамт амьдрах гурван жилийн хугацаанд байнгын дарамт, түгшүүртэй байдалд байлгаж гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан. 2020 оны 4 дүгээр сард намайг Чам шиг хүүхэд гаргадаггүй хүүхэн хэнд хэрэгтэй юм бэ гэж зодож хөөсөн. Үүнээс өмнө ч гэсэн байнга дээрх шалтгаанаар зодож мөн бусадтай хардан байнгын хүчирхийлэл дарамтанд байлгадаг байсан. Ингээд 4 сард зодуулснаасаа хойш би аавынхаа гэрт очиж тусдаа амьдарсан. Гэтэл 2020 оны 7 дугаар сард Г.Б надаас уучлалт гуйж ирээд буцаж нийлье гэхээр нь дахин нэг гэрт орсон боловч тухайн үедээ малчны зээл хамтран зээлж аваад дахин зодож намайг хөөсөн. Ингэхдээ миний иргэний үнэмлэх, гэрлэлтийн баталгаа болон бусад бичиг баримтыг өөртөө авч үлдээд өгөөгүй. Би арга ядахдаа сумын цагдаад гомдол гаргасан. Үүний дагуу 2020 оны 10 дугаар сарын 28-нд Г.Бг шүүхээс 14 хоног баривчилсан. Одоо уг шийтгэлээ эдэлж байгаа болно. Г.Б нь хамт амьдрах хугацаандаа намайг зодож цохих, бусадтай хардах зэргээр байнгын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан тул цаашид хамт амьдрах нөхцөл байхгүй байна. Бид хоёр дундаасаа хүүхэд төрүүлээгүй.

Иймд Г.Б миний Хар дархад овогт Ганхуягийн Базаррагчаатай гэр бүл болсон гэрлэлтийг цуцалж хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс надад ногдох хувийг гаргуулж өгнө үү.

д/д

Эд зүйлийн нэр

Тоо ширхэг

Нэг бүрийн үнэ

/мянган төгрөг/

Нийт үнэ

1

Морь

3

800.000

2.400.000

2

Унагатай гүү

1

800.000

800.000

3

Бух

2

600.000

1.200.000

4

Хязаалан эр үхэр

15

600.000

9.000.000

5

Хязаалан эм үхэр

15

600.000

9.000.000

6

Эр бяруу

10

250.000

2.500.000

7

Тугал

8

100.000

800.000

8

Хонь

10

100,000

1.000.000

9

Ямаа

5

100,000

500,000

10

Өвөлжөөний хашаа

1

20.000.000

20.000.000

11

6 ханатай монгол гэр

1

5.000.000

5.000.000

12

Сум төвд байрлалтай 9х9 харьцаатай 2 давхар палкан байшин бүхий 20х30 метрийн харьцаатай 4 тал хашаа

1

20.000.000

20.000.000

13

Шүдлэн эр үхэр

9

500.000

4.500.000

14

Охин бяруу

10

250.000

2.500.000

 

 

Нийт

   

 

15. Малын ашиг шимээс хуримтлал үүсгэн Г.Бгийн нэр дээрх Хаан банкны хадгаламжинд хадгалуулсан 20,000,000 төгрөг, нийт 98,500,000 төгрөгийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт ногдох хувийг нэхэмжилнэ. Үүнээс өөрт ногдох хувь болох 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэлд дараах өөрчлөлтийг оруулж байна. Үүнд: Баянзүрх сумын Агар багийн Тошинт гэх газарт шинээр барьсан өвөлжөөний хашаа, махны амбаар, байшин зэргийг Г.Б 20,000,000 төгрөгөөр зарж түүний үнэнд оролцуулан иргэн н.Даваахүүгээс Бонго машиныг 14,000,000 төгрөгөөр бодож авсан. Энэ өвөлжөөг зарсан 20,000,000 төгрөгөөс өөрт ноогдох 10,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Г.Бтай хамт амьдрах 3 жилийн хугацаанд байнгын дарамт түгшүүртэй, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан. 2020 оны 4 дүгээр сард чам шиг ийм хүүхэд гаргадаггүй хүүхэн хэнд хэрэгтэй юм бэ гээд намайг зодож гэрээсээ хөөсөн. Үүнээс өмнө нь ч гэсэн зодож, дарамталж, бусадтай хардаж байнгын хүчирхийлэл, дарамттай байдаг байсан. Ингээд 4 дүгээр сард зодуулснаасаа хойш бид тусдаа амьдарч би аавынхаа гэрт амьдрах болсон. Гэтэл 2020 оны 7 дугаар сард надаас уучлалт гуйж ирээд намайг буцаад нийлье гэхээр нь дахин нэг гэрт орсон боловч тухайн үедээ малчны зээл авахуулчихаад дахиад зодоод хөөсөн. Ингэхдээ миний иргэний үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээ, бусад бичиг баримтуудыг аваад өгөөгүй. Би аргаа ядахдаа сумын цагдаад гомдол гаргаж, 2020 оны 10 дугаар сарын 28-нд Г.Бг шүүхээс 14 хоног баривчлах шийдвэр гарч байсан. Ийм учраас цаашид хамт амьдрах боломжгүй. Бид хоёрын дундаас хүүхэд төрөөгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Гүтгэж 14 хоногийн баривчилгаанд явуулсан гэж худлаа ярьж байна. Өөрөө тийм үйлдэл гаргасан учраас л явсан. Намайг нүүр амыг нь маажсан гэж бас худлаа ярьж байна. Намайг гүйж ирээд зодохоор нь би урдаас нь эсэргүүцдэг байсан. Түүнээс биш шарх сорив болтол нь зоддог байсан удаа байхгүй. Өөрөө миний хоолойг боож алаад хаячихъя гэдэг байсан. Түүнийг нь эсэргүүцдэг байсан. Бид 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хурим найраа хийн хамтран амьдарч эхэлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Би 75 хонь, 85 ямаа, 14 үхэр, 1 адуутай Базаррагчаа 15 тооны үхэртэй л ирсэн Хот 2 удаа явж үнэт эдлэлийн наймаа хийсэн. Тэр мөнгөөрөө үхэр худалдаж аваад байсан үхэртэйгээ 70 гаруй үхэртэй болж байсан. Бог малаа бас зарсан. Тошинт гэх газар өвөлжөө хамтран барьсан. Өвөлжөөг хавар зарсан. Намайг 4 дүгээр сард гэртээ харьсан хойгуур зарсан байсан. Тошинт гэх газарт бүгдийг нь шинээр барьсан. Малын А данс бас бодит тоо байгаа юм. Үүгээр нэхэмжлэлээ гаргасан 9,950,000 төгрөгийн мал авч явсан гэж байгаа. Энэ мал А дансанд байгаа. Аваад явсан мал малын А дансанд бичигдсэн байгаа. Үүнээс өөрт ноогдох хөрөнгө 9,950,000 төгрөгийн 19 тооны мал авсан. Үлдсэнийг нь хуваана гэж байна гэж ойлгож болох уу? Үлдсэнээс нь нөхрийн 5,600,000 төгрөгийн мал байсан. Үүнийг нь бас хасна. Үлдсэн дээр нь Тошинт гэх газрын өвөлжөөний 20,000,000 төгрөгийг нэмээд 2 хуваагаад өөрт ноогдох хэсгээ гаргуулахаар нэхэмжилж байгаа.

Өөрийнхөө хуваарьт хөрөнгө 16,500,000 төгрөгийн мал авах ёстойгоос 9,950,000 төгрөгийн малыг авсан. Үлдсэн 6,550,000 төгрөгийн мал дээр хамтын амьдрах амьдралын явцад үүссэн эд хөрөнгө болох мал, өвөлжөөний хашаа байшинг зарж борлуулсан 14 сая төгрөгийн машин зэрэг нийт 32,400,000 төгрөгийн эд хөрөнгөөс 16,050,000 төгрөгийн эд хөрөнгийг, нийт 22,600,000 төгрөгийн дундын өмчөө гаргуулна гэж тооцож байгаа юм гэв.

Хариуцагч Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г.Б 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нутгийн бүсгүй болох Г.Б гэх эмэгтэйтэй хайр сэтгэлийн холбоотойн үүднээс гэр бүл болж хамтран амьдарсан. 2020 оны 01 дүгээр сард гэр бүлээ батлуулсан. Анх танилцаж суух гэж байхад л нутгийн ах, дүү нар үерхэж байгаа хүнийг маань муу хэлж байдаг байсан. Ингээд хамтран амьдрах хугацаанд Г.Болор-Эрдэнийн ааш зан мэдэгдэж би ч үерхэхээ больё гээд очилгүй 2 сар болж байтал Отгонзаяа гэх төрсөн дүүгээрээ чамаас хүүхэдтэй болсон байна гэхэд нь очихоос өөр аргагүй болж найз Энхтөрийн хамт очсон. Хүүхэдтэй болсон гэсэн нь худлаа байсан. Надтай үерхэж байхдаа байнга хурдан айл болъё тусдаа гаръя гэдэг байсан. Аав, ээж хоёр байнга зодож дарамталж байна гэж ярьж байсан. Тэр нь ч үнэн байсан. Болор-Эрдэнийн ээж нь мориноос унаад нас барахад аав нь ээжийнх нь төрсөн дүүтэй суусан байдаг. Энэ байдал нь Болор-Эрдэнэд нөлөөлж хурдан тусдаа гарахыг надаас их шаардсан байсан. Тэгээд би Болор-Эрдэнийг энэ 2 хүнээс салгаж холдуулвал амрах хүн байна гэж өрөвдөөд суусан. Надтай амьдрах 3 жилийн хугацаанд намайг байнга дарамтлан үхнэ гэж айлган дарамталж надад байнга гар хүрэх болсон. Миний нүүр, гар байнга улаан цоохор хумсны сорвитой явдаг болсон. Миний дээлийн энгэрийн товч, цамцны урд цахилгааны товч, ханцуй бүтэн явдаггүй байсан. Өвлийн хүйтнээр намайг гэрээс хөөж гаргасны улмаас хөл маань хүртэл хөлдөж байсан. Энэ байдлыг манайхтай айл хамт өвөлжиж байсан Улаанхүү болон түүний эхнэр мэднэ. Болор-Эрдэнийг би малд явуулдаггүй малдаа би өөрөө л явдаг байсан. Болор-Эрдэнэ гэр бүлийн хүчирхийлэлд биш би харин энэ эмэгтэйн байнгын хүчирхийлэл дарамтанд амьдарч байсан. Үерхэж байх үедээ хоёулаа салъя, больё гэхээр надаас больвол чинь үхнэ гэж байнга сүрдүүлдэг байсан. Намайг байнга хардаж үл ялих зүйлээр шалтаглан байнгын хэрүүл маргаан үүсгэж, харааж хашгирч надад гар хүрэх болсон. 2020 оны 10 сард намайг зодсон гэж худал гүтгэн цагдаад өгч шүүхээс надад баривчлах шийтгэл оногдуулсан. Намайг шууд гүтгэж баривчлуулсан. 2020 оны 7 дугаар сард би Болор-Эрдэнийг гуйж очоогүй. Болор-Эрдэнэ өөрөө Нямбаатар, Ундрах гэж хоёр хүнээр дуудуулж тэдний гэрт нь уулзсан. Ундрах гэдэг нь Болор-Эрдэнийн төрсөн эгч нь юм. Энэ үед нь би тэр хүмүүсийн хажууд чи өөрийн гэсэн бүх зүйлээ аваад явсан биз дээ гэхэд тийм тийм гэж хэлж байсан. Ингээд тухайн үедээ бид эвлэрч 2020 оны 7 дугаар сард 1 сар орчим хамт байх хугацаанд банкнаас зээл авъя гэж ятгасаар 2.000.000 сая төгрөгийн малчны зээл авахуулсан. Ингээд Болор-Эрдэнэд 900.000 төгрөгийг өгсөн. Би 1,100,00 төгрөгийг авсан. Зээл авахуулахад мөнгө аваад дахин надаас салаад явсан. Дээрх нөхцөл байдлуудын улмаас цаашид Г.Бтэй хамтдаа гэр бүл болон амьдрах нөхцөлгүй байгаа тул гэр бүлээ цуцлуулна гэсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Анх бид хоёрыг гэр бүл болоход Г.Болор-Эрдэнийн өмчинд 1 морь, охин үхэр 5, охин бор цоохор шүдлэн үхэр 1, эр шүдлэн үхэр 2 нийт 9 тооны малтай ирсэн. Надаас сална гэж явахдаа 2020 оны 7 дугаар сард 19 тооны үхэр, 1 морио аваад явсан. 2020 оны 5 дугаар сард эмээл, хазаар, авдар, сав, ор, хөнжил гудас, оёдлын машин, зурагт дэлгэц, аккумлятор гэх зэрэг зүйлүүдийг Болор-Эрдэнэтэй цуг аваачиж өгсөн. Ингэж хүргэж өгөхдөө юмыг нь ачиж очсон УАЗ маркийн /аавын цээж/ машиныг мөн Болор-Эрдэнэд үлдээсэн. 2020 оны 6 дугаар сарын 10-ны орчимд Болор-Эрдэнийн өмчлөлийн шинэ тугалах үхэр нь гүйж ирээд манай үхэртэй нийлж тугалсан байсан. 8 дугаар сарын эхээр тугалтай үхрээ авахдаа миний үхрийг цуг хөөгөөд явсан байсан. Ингэж үхрийг маань тууж явснаас миний 2 сарлагийн гуна алга болсон. Одоог хүртэл олдоогүй байгаа. Миний бие анх Г.Бтэй гэр бүл болоход 15 орчим тооны бод малыг манай ээжээс миний өмчний мал гэж надад бэлэглэж байсан. Би өөрөө гэр бараагаа бэлдэж айл болсон. Надад Болор-Эрдэнэтэй гэр бүл болоогүй байхад миний дансанд 6 сая төгрөг байсан. Би Болор-Эрдэнэтэй суухаас өмнө хуучин эдлэлийн наймаа хийж байсан бэлэн мөнгөтэй байсан. Би энэ мөнгөөрөө мал худалдан авч байсан. Г.Болор-Эрдэнийн нэхэмжлэлд дурьдагдсан.

Морь 3 толгой, унагатай гүү 1, бух 2 толгой, хязаалан эр үхэр 15, хязаалан эм үхэр 15, шүдлэн эр үхэр 9, эр бяруу 10 толгой, охин бяруу 10 толгой, тугал 8 толгой, хонь 10 толгой, ямаа 5 толгой гэж малын А дансан дээр дурдагдснаар байх шиг байна. Малчид бид зээл авахын тулд малын тооны үед малынхаа тоог өсгөж тоолуулдаг. Малын тооны хувьд яг байгаагаасаа илүү олон мал байна гэж бодож байна. Ийм олон хязаалан эр үхэр, хязаалан эм үхэр, шүдлэн, бяруу манайд байхгүй. Үүнийг Болор-Эрдэнэ өөрөө ч мэдэж байгаа. Одоо надад ээжийн бэлэглэсэн хэдэн үхэр л үлдсэн. Өвөлжөөний хашаа 20.000.000 төгрөг гэжээ. Энэ хашаа нь манай аав надад гэрлэхээс өмнө нь өмч болгон өвлүүлж байсан хуучин хашаа юм. Энэ хашаа нь одоо 20 орчим жил болж байгаа яагаад ч ийм үнэ хүрэхгүй. 5 сая төгрөгөөр зарагдвал их юм болох хашаа байгаа. 6 ханатай монгол гэр бол байгаа. Энэ гэрийн мод, бүрээс нь хуучин гэр байгаа. 2.000.000 төгрөг хүрэх нь эргэлзээтэй ийм гэр байгаа. Сумын төвд байрлалтай 9х9 метр хэмжээтэй 2 давхар палкан байшин хашааны хамт 20.000.000 төгрөг гэжээ. Энэ хашаа байшин нь миний эд хөрөнгө биш. Энэ хашаа байшин нь 8х8 хэмжээтэй палкан байшин байгаа, манай ээжийн эд хөрөнгө бид хоёрыг айл гэр болохоос өмнө нь ээж өөртөө барьж авсан байшин байдаг. Энэ байшинд бид хоёр орж амьдарч үзээгүй. Г.Б миний нэр дээр ямар нэг үл хөдлөх хөрөнгө байхгүй. Г.Б миний нэр дээр Хаан банк болон бусад банкинд ямар нэг хадгаламж байхгүй. Харин Хаан банкнаас 2020 оны 7 дугаар сард авсан 2 сая төгрөгийн зээл байгаа. Энэ зээлийн хамтран зээлдэгчээр Г.Б орж гарын үсэг зурж 900.000 төгрөгийг энэ зээлнээс бэлнээр авсан. Малын ашиг шимээр ямар нэг хуримтлал үүсгэх зүйл байгаагүй. Эхний жил 7 үхэр, дараагийн жилүүдэд 10 орчим үхэр л саадаг байсан. Энэ ашиг шим нь бид хоёр идэж уугаад л өвөл, хавар идэх цагаан идээгээ бэлтгээд л таардаг байсан. Ямар нэг сүү, цагаан идээ борлуулж ашиг олж үзээгүй. Жилд идэшний үхэрний 1-2 арьс л 10-20 мянган төгрөгөөр зах зээлд борлуулж байсан. Өөр ашиг орлого байгаагүй. Г.Б бид хоёрын хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг 98.500.000 төгрөг гэж үзэж өөрт ноогдох хөрөнгийг авахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Б хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөсөө өөрт ноогдох хувиа аваад явсан байсан гэжээ.

Хариуцагч Г.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэр бүл цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжилж байгаа мал, хөрөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өгөх ёстойгоо бүгдийг нь өгсөн. Надад одоо өгөх юм байхгүй. Өөрийг нь зодсон гэж сая хэллээ. Би зодож байсан удаа байхгүй. Үүнийг манай Баянзүрх сумын Агар багийн ард түмэн бүгд мэдэж байгаа. Харин ч эсрэгээрээ Г.Б намайг хүчирхийлдэг байсан. Миний нүүр, ам дандаа улаан цоохор явдаг, байнга над руу дайрч давшилдаг байсан. Ойр хавийн айлууд бүгд харж мэддэг байсан. 14 хоногийн баривчилгаа бол энэ хүн намайг ах дүүтэйгээ нийлж гүтгэж баривчлуулсан. Би зөрүүлээд гомдол гаргах саналтай байгаа. Миний ажил төрлийг алдагдуулж ийш тийшээ явах эрхийг минь хорьж, мөнгө төгрөгийн маш их зарлага гаргасан учраас би гомдол гаргана. Ийм аймар хүнээс хурдан салахыг хүсэж байна. Миний гар, нүүр толгой гээд дүүрэн цохиулж байсан сорви байгаа. Надад эмэгтэй хүнд гар хүрэх эрх байхгүй. Би тэрийг мэднэ. Би хүнийг дарамтлах, зодох хэмжээний хүн биш. Манай нутгийн хүмүүс мэднэ. Г.Болор-Эрдэнийг ямар хүн бэ? ямар ааш авир гаргадаг гэдгийг захын хүнээс асуухад л хэлээд өгнө. Г.Б нь 9 үхэр, 1 морьтой ирсэн. 9 үхэр нь дотроо 1 эр үхэр, 1 охин шүдлэн, 3 тугалтай үхэр, 3 тугал, 1 үнээтэй 30 хонь, 33 ямаатай ирсэн. Малын тоогоо их болгож тоолуулж байж банкнаас их хэмжээний мөнгө зээлж наймаа хийе гэсэн бодолтой байсан учраас нэмж амаараа хэлж бичүүлсэн ам тоо байгаа юм. Авсан малын тоо үнэн. Үүнтэй маргахгүй. Мөн үнэлсэн үнэлгээнд маргахгүй гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Г.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 30,000,000 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь өөрийнхөө хуваарьт хөрөнгө 16,500,000 төгрөгийн мал авах ёстойгоос 9,950,000 төгрөгийн малыг авсан, үлдэх 6,550,000 төгрөгийн мал, түүн дээр хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 16,050,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг, нийт 22,600,000 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагыг 7,400,000 төгрөгөөр багасгасан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ дурдсан монгол гэр, сумын төвд байрлалтай хашаа байшин, Хаан банкинд хадгалуулсан хадгаламж зэргийг дурдаж нэхэмжлэлийн үндэслэл гэж тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд эдгээр нь Г.Бгийн өөрийнх нь эд хөрөнгө учир гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш учир үүнээс ногдох хэсгийг гаргуулахгүй гэсэн болно.

Хариуцагч Г.Б нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хуваарьт хөрөнгөд нэхэмжилсэн 6,550,000 төгрөгийн үнэ бүхий мал, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэгт нэхэмжилсэн 16,050,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Г.Бэс Б сумын Агар багийн иргэн Энхтуяагийн Базаррагчаагийн 2019 оны мал тооллогын баримтын хуулбар 2 хуудас (Б сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан), багийн Засаг даргын тодорхойлолт, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ЗШ/000 дугаар шийтгэврийн эх хувь 2 хуудас, Тошинт гэх газар баригдсан өвөлжөөний хашаа, малын хашаа, өвлийн сууцны фото зураг 5 ширхэг, багийн Засаг даргын тодорхойлолт, 2018, 2019 онуудын мал тооллогын баримт 4 хуудас, дансны хуулга 3 хуудас, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа эх хувиар, агентын гэрээ 3 хуудас, Т.Буянбатын гаргасан тодорхойлолт 2 хуудас, Билэгт ууган ХХК-ийн тодорхойлолт эх хувиар, Т.Буянбатын багийн Засаг даргын тодорхойлолт, Новел лизинг ХХК-ийн танилцуулга эх хувиар,

Хариуцагч Г.Бгаас Хаан банкны тодорхойлолт эх хувиар 2 хуудас, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа 1 хуудас, (Хур төрийн мэдээлэл солилцооны системээс хэвлэсэн) зээлийн гэрээ 2 хуудас, дансны хуулга 8 хуудас, Г.Бгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлгүй талаархи албан бичиг, Баянзүрх сумын төвд байрлах хашаа байшингийн фото зураг 5 ширхэг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хуулбар 2 хуудас (нотариатаар гэрчлүүлсэн) зэрэг баримтуудыг тус тус нотлох баримтаар гаргаж ирүүлсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттөмөр нараас хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэн Энхтуяагийн Базаррагчаагийн Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг бүх банкны салбарт данс эзэмшдэг эсэх талаархи лавлагаа, эзэмшдэг бол дансны хуулга авах, Энхтуяагийн Базаррагчаагийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байгаа эсэх лавлагаа гаргуулах зэрэг ажиллагаа хийгдэж, Б.Г, П.Н, Н.Г, М.Н, П.П, Г.Д, Ц.Э нараас гэрчийн мэдүүлэг авагджээ.

Нэхэмжлэгч, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Монгол улсын иргэн  Г.Б, Монгол улсын иргэн Г.Б нарын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэр бүл болсныг Б сумын 0 дугаарт 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэх 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 115/000855 дугаар Гэрлэлтийн лавлагаа зэргээр нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Г.Б нар 2017 онд танилцан үерхэж, 2017 оны 5 дугаар сараас эхлэн хамтран амьдарч, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэр бүлээ албан ёсоор батлуулсан болох нотлогдож байна.

Талууд дээрхи үйл баримтад маргаагүй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ... гэж,

Гэр бүлийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авна гэж,

Мөн хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-т 132.1-д заасан эвлэрүүлэх арга хэмжээг зөвхөн нэг удаа хэрэглэнэ. Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу явуулсан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байх нь шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш гэр бүлийн маргааны талаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзах үндэслэл болохгүй гэж тус тус заасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээг шүүхээс хэрэглэсэн бөгөөд тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулахад үр дүнд хүрээгүй учир ажиллагаа дуусгавар болсон талаар эвлэрүүлэн зуучлагч Ж.Лхамдолгорын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл хэрэгт авагдсан болно.

Нэхэмжлэгч Г.Б нь гэр бүл цуцлуулах болсон шалтгаанаа хариуцагч Г.Бгийн байнгын хүчирхийлэл, дарамтаас болсон гэж тайлбарласан боловч энэ талаар холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэн хэлэлцэх боломжгүй, зан байдлын хувьд цаашид таарч тохирохгүй болсон нь тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч үр дүнд хүрээгүй байдал, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ЗШ/496 дугаартай Г.Бд шийтгэл оногдуулах тухай шийтгэвэр зэргээр тогтоогдож байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Нэхэмжлэгч Г.Б нь өөрийн хуваарьт болон гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгө хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 22,600,000 төгрөгийн эд хөрөнгийг дараахь байдлаар тодруулан хариуцагч Г.Бс гаргуулахаар нэхэмжилжээ.

Үүнд: 2019 оны мал тооллогоор тус бүрийн үнэ нь 800,000 төгрөгөөр үнэлэгдэх 3 морь, 800,000 төгрөгөөр үнэлэгдэх унагатай гүү, тус бүр нь 600,000 төгрөгөөр үнэлэгдэх 2 бух, тус бүр нь 600,000 төгрөгөөр үнэлэгдэх 15 тооны хязаалан эр үхэр, тус бүр нь 600,000 төгрөгөөр үнэлэгдэх 15 тооны хязаалан эм үхэр, тус бүр нь 500,000 төгрөгөөр үнэлэгдэх 9 тооны шүдлэн эр үхэр, тус бүр нь 250,000 төгрөгөөр үнэлэгдэх 10 тооны эр бяруу, тус бүр нь 250,000 төгрөгөөр үнэлэгдэх 10 охин бяруу, тус бүр нь 100,000 төгрөгөөр үнэлэгдэх 8 тооны тугал, тус бүр нь 100,000 төгрөгөөр үнэлэгдэх 10 тооны хонь, тус бүр нь 100,000 төгрөгөөр үнэлэгдэх 5 тооны ямаа, нийт 34,200,000 төгрөгийн мал тоологдсон. Үүнээс 1 морь, хязаалан эр үхэр 4, хязаалан эм үхэр 9, эр бяруу 5, тугал 1, нийт 9,950,000 төгрөгийн үнэ бүхий 20 толгой малыг би салахдаа авсан. Би анх гэрлэхдээ 14 тооны үхэр, 1 адуу, 75 хонь, 85 ямаа нийт 16,500,000 төгрөгийн малтай, хариуцагч Г.Б нь 4 тугал, 4 бяруу, 4 үнээ, 3 эр үхэр нийт 5,600,000 төгрөгийн малтай нийлцгээсэн. Одоо миний хуваарьт хөрөнгөөс 6,950,000 төгрөгийн мал авах дутуу байгаа. Иймд 2019 оны малын тоогоор тоологдсон малаас 1 морь, 1 бух, 6 хязаалан эр үхэр, 3 хязаалан эм үхэр, 5 шүдлэн эр үхэр, 3 эр бяруу, 5 охин бяруу, 4 тугал, 5 хонь, 2 ямаа зэргийг, мөн хариуцагчийн Б сумын Тошинт гэх газар байрлалтай өвөлжөөний хашаа, байшинг зарж борлуулан бий болсон 20,000,000 төгрөгийн эд хөрөнгө болох 14,000,000 төгрөгийн үнэ бүхий машин, 5 үхэр зэргээс өөрт ногдох хэсгийг тус тус гаргуулахаар тодруулсан байна.

Хариуцагч Г.Б нь хуваарьт болон хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа манайд тийм их мал байхгүй, 2019 онд малын тоог амаар тоолуулсан, Г.Б нь гэрлэхдээ 1 охин шүдлэн үхэр, 1 эр үхэр, 1 үнээ, 3-н тугалтай үнээ, 1 морь нийт 10 бод малтай, 30 хонь, 33 ямаатай ирсэн, үүнээс хонь, ямааг нарны дэлгэц, ДДШ антень, зурагт аккумлятор 1 тугалтай үнээ зэргээр зарж борлуулсан, мөн пургон машин УАЗ болгоод Болор-Эрдэнэ эдгээрийг аваад явсан, миний тухайд 15 тооны үхэртэй нийлсэн, Г.Б нь өөрийн авах ёстой малаа бүгдийг авсан учир одоо өгөх зүйлгүй, Тошинт гэх газар байсан өвөлжөөний хашаа, байшинг би 2020 оны хавар 5,000,000 төгрөгөөр тооцож зарсан, энэ нь миний аавын өвөлжөө байсныг засаж сэлбэсэн учир энэ нь нэхэмжлэгч Г.Бд хамааралгүй гэж мэтгэлцжээ.

Харин талууд нэхэмжлэгч Г.Болор-Эрдэнийн салахдаа аваад явсан 19 тооны үхрийн нас, тоо, 1 морь, мөн Г.Болор-Эрдэнийн тодорхойлсон малын үнэлгээ зэрэгтэй хариуцагч маргаагүй тул нэхэмжлэгчийн үнэлсэн үнэлгээгээр малын үнийн дүнг тооцоолсон болно.

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заажээ.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж,

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ гэж тус тус хуульчилсан байна.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Г.Б нар 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх тул түүнээс хойш бий болсон хөрөнгийг гэр бүлийн хөрөнгийн эрх үүссэн, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж тус тус үзэж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 125-133 дугаар зүйлд тусгагдсан гэр бүлийн хөрөнгийн эрхийн харилцаа нь гэрлэлттэй шууд холбоотой гэрлэлтээс үүссэн байдаг.

Түүнчлэн аливаа дундын хөрөнгийн өмчлөлийн эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж зохицуулсан ба үүний хуульд зааснаар гэдэг нь гэрлэлтийн үндсэн дээр үүссэн гэр бүлийн дундын өмчлөлийн эрхэд хамаардаг.

Харин хамтран амьдрагчийн дундын өмчлөлийн эрх нь Иргэний хуулийн 125-133 дугаар зүйлд заасан зохицуулалтад хамаарахгүй хэлцлийн үндсэн дээр үүсдэг харилцаа болно.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалах, хадгалахтай холбогдсон зардал, татвар, хураамж, бусад үүргийг дундаа хэсгээр өмчлөгчид нь өөрт ногдох хэсгээр хувь тэнцүүлэн, дундаа хамтран өмчлөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцах дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг дээр дурдсан хувь хэмжээгээр хуваана.

Мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Г.Б нарын хамтран амьдрахдаа нийлүүлсэн тус тусын эд хөрөнгийг хэсгээр өмчлөх дундын хөрөнгө, харин тэдний хамтын амьдралын явцад бий болсон хөрөнгийг дундаа хамтран өмчлөх хөрөнгө гэж үзэж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож 2019 оны мал тооллогын баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд зохигчдын малаа нийлүүлж наймаа худалдаа эрхэлсэн цаг хугацаа нь тэдний гэрлэлтээ бүртгүүлсэн цаг хугацаанаас өмнөх үйл баримт байх тул Иргэний хуульд заасан дундын өмчлөлийн эрхээр нэхэмжлэгчийн эрхийг тодорхойлох нь зүйтэй.

Иймд Г.Б нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5, 108.8-д зааснаар тус тус шаардах эрхтэй юм.

Шүүх хариуцагч Г.Бгаас 9,800,000 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Учир нь нэхэмжлэгч хариуцагчтай хамтран амьдрахдаа 16,500,000 төгрөгийн малыг авч очсон гэж өөрийн хэсгээр өмчлөх хөрөнгийг тодорхойлсон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 15 тооны бод мал, 160 тооны бог малыг хариуцагч Г.Бтай хамтран амьдарч эхлэхдээ авч очсон болохоо баримтаар нотлоогүй гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагчид татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэг үүсэх бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй юм.

Нэхэмжлэгчийн хэсгээр өмчлөх хөрөнгийг хариуцагчийн маргаагүй малын тоогоор тооцож 10,900,000 төгрөгийн үнэ бүхий мал, хариуцагчийн хэсгээр өмчлөх хөрөнгийг 5,600,000 (нэхэмжлэгч хариуцагч хэн аль нь маргаагүй) төгрөгийн үнэ бүхий мал гэж үзэж, харин үлдэх 17,700,000 төгрөгийн үнэ бүхий малыг тэдний дундаа хамтран өмчлөх хөрөнгө гэж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Тооцоолвол:

Нэхэмжлэгчийн хэсгээр өмчлөх буюу хариуцагч Г.Бтай хамтран амьдрах үед авч очсон 3 тугал (300,000 төгрөг), 4 үнээ (2,400,000 төгрөг), 1 шүдлэн үхэр (500,000 төгрөг) 1 хязаалан эр үхэр (600,000 төгрөг) 1 морь (800,000 төгрөг) 30 хонь (3,000,000 төгрөг) 33 ямаа (3,300,000) төгрөг, нийт 10,900,000 төгрөгийн мал,

Хариуцагчийн хэсгээр өмчлөх буюу нэхэмжлэгчтэй хамтран амьдрах үед нийлсэн 4 тугал (400,000 төгрөг), 4 бяруу (1,000,000 төгрөг), 4 үнээ (2,400,000 төгрөг), 3 эр үхэр (1,800,000 төгрөг), нийт 5,600,000 төгрөгийн мал байна.

Эдгээрийг 2019 оны мал тооллогын баримтаар тогтоогдсон малын нийт дүн болох 34,200,000 төгрөгөөс хасахад 17,700,000 төгрөгийн үнэ бүхий мал нь нэхэмжлэгч, хариуцагчийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө юм.

Нэхэмжлэгч Г.Б нь 9,950,000 төгрөгийн үнэлгээ бүхий малыг салахдаа авсан гэх тул хэсгээр дундаа өмчилж байсан өөрийн эд хөрөнгөөс 950,000 төгрөгийн эд хөрөнгийг хариуцагч Г.Бгийн өмчлөлд үлдээжээ.

Иймээс хариуцагч Г.Бгийн өмчлөлд буй дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болох 17,700,000 төгрөгийн эд хөрөнгийн тал хувь болох 8,850,000 төгрөг, дээрхи Г.Болор-Эрдэнийн хэсгээр хамтран өмчилж байсан эд хөрөнгийн үлдэх 950,000 төгрөг, нийт 9,800,000 төгрөгийг эд хөрөнгийг Г.Бд олгох нь зүйтэй гэж үзэв.

Ингэхдээ шүүх нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 2019 оны мал тооллогын баримтыг үнэлэн шийдвэрлэсэн болно.

Хариуцагч 2019 оны малын тооллогоор амаар тоолуулсан худлаа тоо гэж маргасан боловч үүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй учир түүнийг үгүйсгэх үндэслэлгүй, мөн нэхэмжлэгч Г.Б нь хонь ямаагаа зарж борлуулсан ДДШ антень, зурагт, нарны дэлгэц, аккумлятор зэргийг салахдаа аваад явсан гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ эдгээр хөрөнгийн талаар маргаж нэхэмжлээгүй, хариуцагч эдгээр хөрөнгийн талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй учир шүүх үүнд дүгнэлт хийх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь Б сумын Тошинт гэх газарт 2018 онд шинээр барьсан өвөлжөөний хашаа, малын хашаа, өвлийн зориулалттай сууц зэргийг барьсан, үүнийг хариуцагч Г.Б нь 20,000,000 төгрөгөөр тооцон зарж борлуулан машин 5 үхрээр арилжсан учир биет байдлаараа өөрчлөгдсөн машин, үхэр зэргийн 20,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгөөс ногдох хэсэг 10,000,000 төгрөгийн эд хөрөнгө гаргуулахаар нэхэмжилснийг шүүх хэрэгсэхгүй болгов.

Учир нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр дээрхи Б сумын Тошинт гэх газар байрлалтай өвөлжөөний хашаа, малын хашаа, өвлийн байшин зэрэг нь тэдний хамтын амьдралын явцад үүссэн эд хөрөнгө мөн болох нь нотлогдож байх боловч нэхэмжлэгч Г.Б нь дээрхи эд хөрөнгийг бий болоход ямар хэмжээний хөрөнгийг оруулсан болохоо тодорхойлоогүй, тухайн хөрөнгө нь тэдний гэр бүл болсноос хойш арилжигдсан байх боловч гэр бүлээ бүртгүүлснээс хойш бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үзэж тус тус шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймд нэхэмжлэгч Г.Б нь дундаа хэсгээр өмчлөх хөрөнгөөс 9,950,000 төгрөгийн үнэ бүхий малыг авсан байх бөгөөд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, эрхтэй гэж заасан байх тул нэхэмжлэгчийн дундаа хэсгээр өмчлөх хөрөнгийн үлдэх хэсэг 950.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг,

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалах, хадгалахтай холбогдсон зардал, татвар, хураамж, бусад үүргийг дундаа хэсгээр өмчлөгчид нь өөрт ногдох хэсгээр хувь тэнцүүлэн, дундаа хамтран өмчлөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцах дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг дээр дурдсан хувь хэмжээгээр хуваана гэж заасан байх тул дундаа хамтран өмчлөх хөрөнгийг оруулсан хөрөнгийн хувь хэмжээгээр хэрхэн хувиарлах талаар талууд тохиролцоогүй тул 17,700,000 төгрөгийн үнэлгээ бүхий дундаа хамтран өмчлөх хөрөнгийн тал хувь буюу 8,850,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг нийт 9,800,000 төгрөгийн үнэ бүхий доорхи малыг хариуцагч Г.Бгаас гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгож шийдвэрлэлээ.

Үүнд: 1 морь (800,000 төгрөг), 1 бух (600,000 төгрөг), 6 хязаалан эр үхэр (3,600,000 төгрөг), 3 хязаалан эм үхэр (1,800,000 төгрөг), 5 шүдлэн эр үхэр (2,500,000 төгрөг), 1 эр бяруу (250,000 төгрөг), 1 эм бяруу (250,000 төгрөг) зэрэг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Б нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул түүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг,  30,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 307,950 төгрөг, нийт 378,150 төгрөгийг төлсөн бөгөөд хариуцагч Г.Бгаас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад хангагдсан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 171,750 төгрөг, нийт 241,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Г.Б, Г.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1.5, 108.1.8-д тус тус зааснаар хариуцагч Г.Бгаас нэг бүрийн үнийг 800.000 төгрөгөөр үнэлсэн 1 морь, нэг бүрийн үнийг 600,000 төгрөгөөр үнэлсэн 1 бух, нэг бүрийн үнийг 600,000 төгрөгөөр үнэлсэн 6 хязаалан эр үхэр, нэг бүрийн үнийг 600,000 төгрөгөөр үнэлсэн 3 хязаалан эм үхэр, нэг бүрийн үнийг 250,000 төгрөгөөр үнэлсэн 1 эр бяруу, нэг бүрийн үнийг 250,000 төгрөгөөр үнэлсэн 1 эм бяруу зэрэг нийт 9,800,000 (есөн сая найман зуун мянга) төгрөгийн эд хөрөнгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,800,000 (арван хоёр сая найман зуун мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1,60 дугаар зүйлийн 60.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Бэс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,150 (гурван зуун наян долоон мянга нэг зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бгаас 241,950 (хоёр зуун дөчин нэгэн мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Бд олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөлшийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ    Б.МӨНХТУЯА