| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 105/2024/1338/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1423 |
| Огноо | 2024-12-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Марал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1423
2024 12 19 2024/ШЦТ/1423
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
Улсын яллагч А.Марал,
Хохирогч Э.М,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Т /Г ХК/,
Шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Мт холбогдох эрүүгийн 2403 00681 0883 дугаар хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл *** тоотод оршин суух хаягтай,
урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1173 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, регистрийн *** дугаартай, С.М.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.М нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Бээжингийн гудамж, E-Mart дэлгүүрийн хойд замд 2024 оны 08 дугаар сарын 28-ны өглөөний 08 цагийн орчимд Тoyota Prius маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас унадаг дугуйтай зорчигчийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Тээврийн Прокурорын газраас яллагдагч С.Мт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүгдэгч С.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “…2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “***”-д явж байгаад Сансарын Emart-ийн ойролцоогоос дуудлага аваад тэндээс хүнээ суулгаад хөдөлсөн. Би тухайн үед хүнээ суулгаад 1 дүгээр эгнээнээс 2 дугаар эгнээ рүү орсон. Тэгсэн машинд суусан хүн маань “буцаад эргэж болох уу” гэж хэлэхээр нь би 3 дугаар эгнээ рүү орсон. Намайг 3 дугаар эгнээ рүү орох үед нүдний буланд нэг зүйл харагдах шиг болсон. Тэгээд би машинаа зогсоогоод буугаад харахад унадаг дугуйтай хүн миний машины зүүн талын карлан хэсэг рүү мөргөөд унасан байсан. Би машинд суусан такси авсан бүсгүйг тэр газар нь буулгачихаад цагдаа, түргэн дуудсан. Тэр үед тийм л зүйл болсон …” гэв.
Хохирогч Э.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “…2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өглөө 08 цагийн орчимд ажилдаа явж байсан. Ажил руу явахдаа замын голын эгнээгээр буюу 2 дугаар эгнээгээр унадаг дугуй унаж явж байсан. Тэгсэн хажуу талаас гэнэт машин мөргөсөн. Машинтай мөргөлдсөний дараагаар хэсэг ухаан балартаад нэг сэрэхэд Гэмтлийн эмнэлэгт байсан …” гэв.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие Гны төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Манай банкнаас шүүгдэгч С.Маас нэхэмжлэх зүйл байхгүй. Иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоолтой холбоотой тайлбарыг хийх нь зүйтэй гэж бодож байна. Г нь Ч.Ба, С.М нартай 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж авсан. Улсын бүртгэл дээр Гны нэр дээр бүртгэж өгнө гэх албан бичгийг хийж өгдөг. Гэтэл улсын бүртгэлийн лавлагаан дээр барьцаалагч гэх бүртгэл байдаггүйн улмаас тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр Г өмчлөгчөөр бүртгэгдсэн. *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар “...гэрээний үндсэн дээр өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь зохих журмын дагуу тавьсан шаардлага, түүний эзэмшилд тухайн хөрөнгийг шилжүүлснээр эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно...” гэж заасны дагуу худалдаж авч байгаа зээлдэгч буюу С.М, Ч.Б нарт өмчлөх эрх нь үүссэн. Өөрөөр хэлбэл “Г” нь өмчлөгч биш юм...” гэв.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дахь тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 дахь тал/,
Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9 дэх тал/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10 дахь тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16 дахь тал/,
Хохирогч Э.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 19, 22 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх- ийн 26-27 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн ослын талаар албан бичиг ирсэн өдөр мэдсэн. ...Жолоочоос нэхэмжлэх зүйл байхгүй. ...Манай байгууллагын зүгээс тээврийн хэрэгслийн жолоочийн гаргасан хариуцлагыг хүлээхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35, 38 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 11476 дугаартай дүгнэлт /хх-ийн 64-68 дахь тал/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Бямбажавын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1656 дугаартай Магадлагаа /хх-ийн 72 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Харин шүүх хавтаст хэрэгтэй танилцахад 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр С.Маас гэрчээр мэдүүлэг /1хх-ийн 54 дэх тал/ авсан нь түүнийг хэрэгт хамаарал бүхий нотолгоо бий болсны дараа мэдүүлэг авсан байх бөгөөд тус мэдүүлгийг худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж тэднээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “…Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно…” гэж заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрхийг зөрчжээ.
Хууль тогтоогчоос тус эрхийг баталгаатай эдлэх эрх зүйн үндэслэлийг бий болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй…”, мөн хуулийн 31.8 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад “…өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 31.11 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “…өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй…”, 3 дахь “…Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно…” гэж тус тус хуульчилжээ.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина…” гэж тус тус хуульчилсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, тэдгээрт хяналт тавих, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ.
Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заажээ.
Иймд шүүгдэгч С.Мын гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч С.М нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Бээжингийн гудамж, E-Mart дэлгүүрийн хойд замд 2024 оны 08 дугаар сарын 28-ны өглөөний 08 цагийн орчимд Тoyota Prius маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас унадаг дугуйтай зорчигч Э.Мыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл мөн эсэх:
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар “…Шүүгдэгч С.М нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Бээжингийн гудамж, E-Mart дэлгүүрийн хойд замд 2024 оны 08 дугаар сарын 28-ны өглөөний 08 цагийн орчимд Тoyota Prius маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас унадаг дугуйтай зорчигч Э.Мыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 386.200 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн, уг хохирлоос шүүгдэгч нь 375.800 төгрөгийг төлж барагдуулсан байна. Баримтаар нэхэмжилсэн хохирлоос 10.400 төгрөгийг зөрүү гарч байх тул уг зөрүүг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Э.Мт олгуулах саналтай байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас 246.300 төгрөгийн зардал гарсан ба уг зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тушаалгах санаалтай байна. Хохирогчийн сэтгэл санааны хохирол, хор уршигт 3 дугаар зэрэглэл тогтоогдсон. Уг зэрэглэлд тогтоосон хэмжээгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөрийг гаргуулах саналтай байна. Хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг холбогдох баримтаа цуглуулж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна…” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Хохирогч Э.М нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Хэлэх зүйлгүй...” гэв.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Т нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч С.М нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “зүүн эргэх гэж байсан” гэж худлаа хэлсэн байна гэж миний зүгээс үзэж байна. Учир нь хохирогч нь осол гарсан өдөр надад хэлэхдээ “баруун эргээд өгмөөр захын ойролцоо байрлалтай ажлын байр луугаа явж байлаа” гэж хэлж байсан. Би саяхан хохирогчийн ажилдаг “Бичил глобус” банк бус санхүүгийн байгууллагын цахим хаяг руу ороход хохирогч Э.Мын зураг, танилцуулга байсан. Үүгээр хохирогч нь “Өгмөөр” зах дээрх салбар дээр ажигладаг болох нь тогтоогдсон. Үүнээс харахад хохирогч нь тухайн цаг хугацаанд зүүн эргэх гэж байсан болох нь худлаа байсан нь харагдаж байна. Мөн хохирогч нь Замын хөдөлгөөний дүрмийн 25.4, 25.5, 25.6, 25.7 дахь заалтуудыг зөрчсөн байна гэж үзэж байна. Тухайн үед хохирогч Э.М нь замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн болон явган зорчигчийн зорчих хэсэг байгаагүйн улмаас авто машин зорчих хэсгээр явж байсан байна. Тэгвэл тухайн унадаг дугуй, мопедын жолооч нь уулзвар, гарцаас өөр хэсэгт унадаг дугуйн замаар зорчих хэсгийг огтлон гарахдаа тухайн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх ёстой байсан. Өөрөөр хэлбэл хохирогч Э.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 25.8 дахь заалтыг зөрчсөн байна. Хохирогч Э.Мын унаж явсан унадаг дугуй нь мэргэжлийн ангиллын хөнгөн цагаан рамтай, сайн тоормостой, 9 кг жинтэй унадаг дугуй байсан. Хохирогч нь Замын хөдөлгөөний дүрмээ баримтлаад 10 км цагийн хурдтай явсан бол зогсох бүрэн боломжтой байсан. Шүүх Шинжилгээний Ерөнхий газраас гаргасан шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн зүүн гарын шивнүүр ясыг мохоо зүйлийн үйлчлэлээр хугарсан гэж тусгасан байсан. Хохирогч Э.Мын машин мөргөсөн байдал болон унадаг дугуй унаж явсан байдал, машины карланы сэвтсэн байдлаас харвал хохирогчийн гарт учирсан гэмтэл нь түүний дүрэм зөрчин замын хөдөлгөөнд оролцож машинтай мөргөлдөхдөө учирсан гэмтэл байна гэж харж байна. Эдгээрээс дүгнэхэд хохирогч Э.М нь замын хөдөлгөөнд оролцохдоо насны ангиллаас бусад бүх дүрмийн заалтыг зөрчсөн байна гэж миний зүгээс үзэж байна...” гэв.
Шүүхээс улсын яллагч, өмгөөлөгч нарын хууль зүйн дүгнэлт болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн санал хүсэлтээс гадна шүүхийн хэлэлцүүлэгт талудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлт хийв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол…” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.
Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийн диспозецийг иш татсан буюу тээврийн хэрэгслийг жолоодож явсан хүн буюу тусгай субьект байхаас гадна Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байх нь урьдач нөхцөл байхаар тогтоож өгчээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.”жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг хэлнэ гэжээ.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.37 дахь заалтад “унадаг дугуй” гэж унаж яваа хүний булчингийн хүчээр явдаг (0.25 кВт-аас илүүгүй чадал бүхий цахилгаан хөдөлгүүрээр тоноглогдсон байж болно), хоёроос цөөнгүй дугуйтай (хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцрээс бусад) тээврийн хэрэгслийг хэлнэ гэжээ.
Хохирогч Э.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгээд дээшээ эргэж ажил руу явдаг учраас хойшоо буюу зүүн гар тал руу эргэх гээд явж байсан чинь хажуу талаас буюу баруун талаас нэг машин огцом эргэх үйлдэл хийгээд тэгээд би мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19, 22 дахь тал/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Бямбажавын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1656 дугаартай Магадлагаанд: “...Унадаг дугуйтай зорчигч Э.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.4. Унадаг дугуйг 14-өөс, мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд дараах тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно” заалт зөрчсөн нь үндэслэлтэй байна. Жолооч С.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэснийг зөрчсөн нь тогтоогдож байна...” гэх магадлагаа /хх-ийн 72 дахь тал/ авагджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэжээ.
Хавтаст хэрэг авагдсан нотлох баримтаар хураагдсан CD бичлэгийг шүүх хуралдааны явцад шинжлэн судлахад унадаг дугуйтай зорчигч 6 эгнээ бүхий замын голоор буюу эсрэг урсгалыг тусгаарласан зурвас дээр унадаг дугуйтай явж байх бөгөөд Тoyota Prius маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3 дугаар эгнээ рүү шилжиж орох мөчид тээврийн хэрэгслийн урд талын карлан хэсэг рүү мөргөж байгаа нь харагдаж байна.
Түүнчлэн унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцогч нь тухайн мөчид унадаг дугуйг зогсоох эсхүл хурдыг хасах ямар ч үйлдэл хийгээгүй болох нь дүрс бичлэгт харагдаж байгаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.4 дэх хэсэгт “...замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд дараахь тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно…” мөн дүрмийн 25.5 дахь хэсэгт “Энэ дүрмийн 25.4-т заасны дагуу зорчих хэсгийн захаар байрлан явахад хүндрэлтэй буюу боломжгүй байвал унадаг дугуй, мопед нь хөвөөгөөр, эсхүл унадаг дугуйн нь явган хүний замаар явж болох бөгөөд ингэхдээ аюулгүй байдлыг хангаж, хурдыг цагт 10 км-ээс хэтрүүлэхгүй, явган зорчигчдод саад учруулахгүй байвал зохино. Хэрэв явган зорчигчийн хөдөлгөөн ихтэй байвал бууж явгалан, явган зорчигчийн үүргээр хөдөлгөөнд оролцоно” гэж заасныг тус тус зөрчжээ.
Харин улсын яллагчаас шүүгдэгч С.Мыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүхээс үзлээ.
Учир нь хүндэвтэр гэмтэл авсан иргэн болгоныг шууд хохирогч болгож, Замын хөдөлгөөний дүрмийн зохих хэм хэмжээг зөрчсөн жолооч болгоныг гэм буруутай гэж дүгнэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл зам тээврийн осол гарсан тохиолдол бүрийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмтэй нарийвчлан тулгаж осол болсон үндсэн шалтгаан, хэргийн нөхцөл байдлыг нарийн тогтоох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан хууль ёсны зарчимд нийцэх юм.
Түүнчлэн Монгол Улсын Дээд Шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаартай тогтоолд “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан хэм хэмжээ нь замын хөдөлгөөнд оролцогчдыг сонор сэрэмжтэй, анхааралтай байхыг үүрэг болгосон санамжийн шинж чанартай ерөнхий заалт тул түүнийг зөрчсөн гэх байдлаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруутай үйлдэлд ял шийтгэх шударга ёсны зарчимд нийцэхгүй болно” гэжээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Мын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
С.М нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж С.Мт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Мыг цагаатгасугай.
2. С.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, С.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон С.Мт холбогдох эрүүгийн 2403 00681 0883 дугаартай хэргийг Тээврийн Прокурорын газарт буцаасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар С.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ