| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 105/2024/1426/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/25 |
| Огноо | 2024-12-25 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Агар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/25
2024 12 25 2025/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
Улсын яллагч Д.Агар,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О,
Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Ат яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403 00615 0866 дугаар хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэшсэн жолооч мэргэжилтэй, “***” ХХК-д жолооч ажилтай, ам бүл *** тоотод оршин суух хаягтай,
урьд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97.1 дүгээр зүйлд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 дүгээр зүйлд зааснаар 01 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,
Сонгинхайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1198 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, регистрийн *** дугаартай, Б.А.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 01 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул захын урд талын замд явган зорчигчийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед Баянхошуунаас эгчийнхээ гэрийг нүүлгэж өгч байсан. Цаг хугацааны хувьд шөнийн цаг болж байсан, тэр өдөр бороо маш их орж байсан. Замын цагдаагийн газрын урд зам дээр явж байхад намайг зогсоож согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан. Тэгээд явж байсан чинь гэнэт хүн гараад ирсэн. Машинаасаа буугаад харахад хүн мөргөсөн байсан. Тэгээд би түргэн дуудсан...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Одоогийн байдлаар манай ахад нийт 5.200.000 төгрөгийг хохирол, төлбөр гэж өгсөн байгаа. Манай ахад эмчилгээ, эм тариа байнга хэрэгтэй байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг л гаргаж өгөөч гэж хүсэж байна. Бусдаар залуу хүнийг ял аваасай гэж хүсэхгүй байна...” гэв.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх-ийн 5-6 дахь тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 7-10 дахь тал/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх-ийн 11 дэх тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 17 дахь тал/,
Хохирогч Л.Бгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 18-24 дэх тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн хохирлын баримт /1хх-ийн 97-114 дэх тал/,
Иргэний нэхэмжлэгч С.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 143 дахь тал/,
Хаан банкны *** дугаартай шилжүүлгийн мэдээлэл /1хх-ийн 146 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 10856 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 149-153 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 4708 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 158-159 дэх тал/,
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 776946 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 167-170 дахь тал/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Батжаргалын 1628 дугаартай мөрдөгчийн магадлагаа /1хх-ийн 173-174 дэх тал/,
Яллагдагч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 185 дахь тал/,
Шүүгдэгч Б.Аын хувийн байдалтай холбоотой баримт /1хх-ийн 188-192 дахь тал/,
Гэрч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 194 дэх тал/,
Гэрч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 196 дахь тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 204 дэх тал/,
Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 02/24970 дугаар албан тоот /1хх-ийн 236 дахь тал/ зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
Тээврийн Прокурорын газраас яллагдагч Б.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Харин шүүх хавтаст хэрэгтэй танилцахад 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Б.Ааас гэрчээр мэдүүлэг /1хх-ийн 145 дахь тал/ авсан нь түүнийг хэрэгт хамаарал бүхий нотолгоо бий болсны дараа мэдүүлэг авсан байх бөгөөд тус мэдүүлгийг худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж тэднээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “…Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно…” гэж заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрхийг зөрчжээ.
Хууль тогтоогчоос тус эрхийг баталгаатай эдлэх эрх зүйн үндэслэлийг бий болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй…”, мөн хуулийн 31.8 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад “…өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 31.11 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “…өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй…”, 3 дахь “…Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно…” гэж тус тус хуульчилжээ.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина…” гэж тус тус хуульчилсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, тэдгээрт хяналт тавих, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ.
Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заажээ.
Иймд шүүгдэгч Б.Аын гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.А нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 01 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул захын урд талын замд “Kia Bongo” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин зам хөндлөн гарч байсан явган зорчигч Л.Бг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон, нотлох баримтын хүрэлцээт байдал хангалттай байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл мөн эсэх:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэргийн хохиролд тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч Б.А нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 01 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул захын урд талын замд “Kia Bongo” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин зам хөндлөн гарч байсан явган зорчигч Л.Бг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд 3.974.640 төгрөгийн зардал гарсан бөгөөд уг хохирлыг шүүгдэгч Б.Ааас гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх саналтай байна. Мөн хохирогчийн сэтгэл санааны хохирол хор уршигт сэтгэцийн эмгэгийн 5 дугаар зэрэглэл тогтоогдсон. Уг 5 дугаар зэрэглэлд тогтоогдсон нөхөн төлбөрийн хэмжээгээр сэтгэл санааны хохирлыг гаргуулах саналтай байна…” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Миний үйлчлүүлэгчийг 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн шөнийн 01 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул захын урд талын зам дээр өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай машиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 заалтад “...жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэх заалтыг зөрчиж зам хөндлөн гарч байсан явган зорчигч Л.Бг дайрч түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн байна. Өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хэрэгт ослын талаар дүгнэлт гаргасан Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1628 дугаартай магадлагаа нь үндэслэлгүй, эргэлзээтэй байсан гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Уг осол гарах болсон шалтгаан нөхцөл нь явган зорчигчийн буруутай үйлдлээс болсон. Ийм байхад улсын яллагч, мөрдөгчийн зүгээс осол гарах үндсэн шалтгаан нөхцөлийг “...шүүгдэгч Б.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас осол гарах болсон...” гэж дүгнэснийг миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн явган зорчигч Л.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 дахь заалтад заасан “...явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна...” гэж заасныг зөрчсөн. Үүний улмаас уг осол гарсан. Өөрөөр хэлбэл уг осол 100% явган зорчигчийн буруугаас болж гарсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Явган зорчигч нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гарч ирсэн байдаг. Энэ нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 дугаар зүйлийн “д”-д заасан “...ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх...” гэсэн заалтыг зөрчсөн байна. Гэвч мөрдөгчийн магадлагаанд явган зорчигчийн уг заалтыг зөрчсөн үйл баримтыг тусгаагүй байсан. Миний үйлчлүүлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд анх мэдүүлэг өгөхдөө “...тухайн явган зорчигч гэнэт гарч ирсэн. Би Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. Дүрэмд заасны дагуу зохих хурдтай явж байсан. Өөрөөр хэлбэл 40-50 км цагийн л хурдтай явж байсан...” гэж мэдүүлсэн байдаг. Үүнээс харвал миний үйлчлүүлэгч Б.Ааас илүү Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хүн нь явган зорчигч байхад миний үйлчлүүлэгчийг буруутгаж яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй байна. Мөн миний үйлчлүүлэгчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол танилцуулсныхаа дараа мэдүүлэг, тайлбар аваагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон шүүгдэгчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болох нь эргэлзээтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй гэвч уг хуулийн заалт хэрэгжээгүй байна. Тухайн цаг хугацаанд хохирогч Л.Б нь миний үйлчлүүлэгчид хандаж “...ах нь чамд гай болчихлоо. Би согтуу зам руу гүйснээс боллоо. Миний буруу ахад нь ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж хэлээд дээрх хэлсэн зүйлээ бичиж, нотариатаар баталгаажуулж өгсөн байдаг. Шүүх хуралдаанд оролцож байгаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь миний үйлчлүүлэгч Б.Ат ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгөөч гэх саналыг гаргаж байна. Шүүх шийдвэр гаргахдаа дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчийн холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэж өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна. Хохирол төлбөрийн тухайд миний үйлчлүүлэгч тухайн цаг хугацаанд эмнэлгийн тусламж дуудаж, арга хэмжээ авсан, хохирогчийн ар гэрийнхэн эмнэлэг дээр иртэл эмнэлэг дээр хохирогчийг сахиж байсан. Хохирогчийн эмчилгээ үйлчилгээнд зориулж мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2.200.000 төгрөгийг мөн эм тариандаа хэрэглээрэй гэж 3.000.000 төгрөгийг нийт хохирол төлбөрт 5.200.000 төгрөг өгсөн. Энэ осол гарахад хохирогчийн буруутай үйлдэл их нөлөөлсөн учир эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал болон сэтгэл санааны хохирлыг миний үйлчлүүлэгч төлөх шаардлагагүй. Хохирогч өөрөө хариуцах ёстой гэж үзэж байгаа тул миний үйлчлүүлэгч нь бусад төлөх төлбөргүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Манай ах өөрөө ямар нэгэн зүйл хэлж чадах хэмжээний бие нь тэнхэрч хэвийн болоогүй. Энэ ослын улмаас хүний гарт орсон, байнга асаргаа сувилгаа шаардлагатай хэвтэрт байгаа. Бид өмнөөс нь төлөөлж шүүгдэгчээс сүүлд 3.000.000 төгрөг аваад ямар нэгэн гомдол, саналгүй гэх бичиг үйлдэж өгсөн. Цаашид чухам яах ёстойг, одоо юу хэлэх ёстойгоо сайн мэдэхгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг сонсож байхад миний ахыг л буруутгаж байна. Тэр хүн өөрийнхөө биеийг өвтгөж, өөрийгөө өрөөл дутуу болгоё гэж машины урдуур орохгүй шүү дээ. Тухайн үедээ гарах боломжтой байсан болоод л зам хөндлөн гарч байсан байх. Өмгөөлөгчийн зүгээс ахыг маань буруутгаж ярьж байгааг сонсоод гомдол, саналгүй гэж бичиг үйлдэж өгсөндөө харамсаж байна. Миний ах босож, сууж чадахгүй байнга хүний тусламж авдаг болсон. Залуу хүнийг амьдралгүй болгоод юу гэхэв гэж бодоод л хэвтэрт байдаг ахыгаа машиндаа суулгаж авч яваад би ахынхаа өмнөөс хүсэлт бичээд ахынхаа гарын үсгийг нь зуруулсан. Өнөөдөр хүртэл ахад маань памперс, эм тариа хэрэгтэй, амь нас нь эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа. Тэтгэвэрт, группт орох боломжгүй, хүний гарт орсон ийм хүн л болчихлоо...” гэв.
Шүүгдэгч Б.А нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Би ч гэсэн хүн. Төмрөөр хүний биед гэмтэл учруулсан гэдгээ ойлгоод эмчилгээнд нь зориулж тодорхой хэмжээнд мөнгө төгрөг өгсөн. Бусад хүмүүсийн нэгэн адил амьдрах гэж яваа залуу хүн, миний ард гэр бүлийнхэн минь байгаа. Би 7 хүүхэдтэй айлын хамгийн том хүү, өөрөө бага насны 2 хүүхэдтэй, амьдралаа авч яваа энгийн л хүн байна. Надад согтуу хүмүүс дандаа гай болох юм. Би ямар ааг омогтоо багтаж яваад аархаж байгаад хүн мөргөсөн биш. Энэ байдлыг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Би хууль, шүүхийг зөв шийдэж өгөх байх гэж бодоод л өдий хүртэл явсан...” гэв.
Шүүхээс улсын яллагч, өмгөөлөгч нарын хууль зүйн дүгнэлт болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн санал хүсэлтээс гадна шүүхийн хэлэлцүүлэгт талудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудыг үндэслэн дүгнэлт хийв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад “…Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол…” гэжээ.
Тодруулбал тухайн гэмт хэргийн диспозецийг иш татсан буюу тээврийн хэрэгслийг жолоодож явсан хүн буюу тусгай субьект байхаас гадна Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байх нь урьдач нөхцөл байхаар тогтоож өгчээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.”жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг хэлнэ гэжээ.
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Батжаргалын 1628 дугаартай мөрдөгчийн Магадлагаанд “...Kia Bongo Маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэж заасныг зөрчжээ гэх дүгнэлт /1хх-ийн 173-174 дэх тал/ болон шүүх хуралдааны үед шинжлэн судалсан Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх-ийн 5-6 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 7-10 дахь тал/-ээр шүүгдэгч Б.А нь тээврийн хэрэгсэл жолоодох үедээ бусдын биед хүнд гэмтэл учруулсан байна.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн зүгээс Замын хөдөлгөөний ямар ч дүрэм зөрчөөгүй явж байсан, харин явган зорчигч гарцгүй газраар гарч байсан нь буруу тул гэмт хэргийн диспоцезийг хангаагүй гэх агуулгаар маргаж байгаа боловч шүүхээс тус дүгнэлтийг хэргийн бодит байдалд нийцэхгүй гэж дүгнэлээ.
Учир нь хэрэг учрал болсон цаг хугацаа орон зайг сэргээн дүрслэхэд шөний цагаар, нийт 4 эгнээ буюу 2 эгнээ замтай, гудамж гэрэлтүүлэгтэй, бороо орж байсан, зам нойтон буюу хальтиргаатай, тээврийн хэрэгсэл ашиглалтын шаардлага хэвийн хангаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Мөн үндсэн шүүх хуралдаан болон урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүгдэгчээс мэдүүлэхдээ би явган зорчигчийг огт хараагүй буюу шууд мөргөөд мөргөснийхөө дараа тээврийн хэрэгслийг зогсоосон гэж мэдүүлсэн нь шүүгдэгч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт “…Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна…”, 12.2 дахь хэсэгт “…Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна…”, мөн зүйлийн 12.3 дахь хэсэгт “…Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна…” гэж тус тус заасныг зөрчсөн нь тогтоогдож байна.
Дээрх үйл баримтаас дүгнэвэл явган зорчигч нэгдүгээр эгнээг хөндлөн туулаад хоёрдугаар эгнээ рүү орох мөчид тээврийн хэрэгсэл зогсоохгүйгээр шууд мөргөж, улмаар хохирогч мөргүүлсэн цэгээс 42.3 метр газарт шидэгдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 6 дахь тал/-ээр давхар нотлогдож байна.
Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Оь нь: “…Би нөхөр хүүхдийн хамт явж байсан. Би хойд талын суудал дээр унтаж явсан. Тэгээд гэнэт тоормос гишгэх шиг болоод сэрэхэд хүн мөргөчихсөн байсан…” /1хх-ийн 194 дэх тал/, гэрч Б.А нь: “…2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр манайх нүүдэл хийсэн. Тэгээд манайхыг нүүлгээд явсан тэгэхдээ Нарантуул захын урд хүн мөргөчихлөө л гэж хэлсэн…” /1хх-ийн 196 дахь тал/, яллагдагч Б.А нь: “…Би тэр өдөр шөнийн 01:50 цагийн үед Баянхошуунаас дүүгийнхаа гэр лүү Гандан руу тавилга зөөж өгөөд..., ...Нарантуул захын машин ордог хаалганы харалдаа ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй явган хүн гэнэт гараад ирсэн тэр хүнийг харангуутаа тоормосоо гишгэсэн боловч зогсоож амжилгүй тэр хүнийг машиныхаа урд талын дунд хэсгээрээ мөргөсөн…” /1хх-ийн 185 дахь тал/ гэж тус тус мэдүүлжээ.
Дээрх мэдүүлгүүдэд үндэслэн дүгнэвэл шүүгдэгч 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр айл нүүлгээд шөнийн 01:50 цагийн үед тээврийн хэрэгсэл жолоодоод явж байгаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “…мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох…” гэж жолоочид хориглосон хэм хэмжээг зөрчсөн байж болзошгүй юм.
Иймд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтэд дурдсанаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 дахь хэсэгт “…явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна…” гэж заасныг явган зорчигч зөрчсөний улмаас осол болсон гэх дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байх тул шүүгдэгч Б.Аын Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих хэм хэмжээг зөрчсөн болох нь тусгай мэдлэг бүхий эрх бүхий албан тушаалтны дүгнэлтээр тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэлээ.
Хүндрүүлэх шинжийн хувьд:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад “…Энэ гэмт хэргийг: ... хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол…” гэжээ.
Шүүгдэгч Б.Аын үйлдлийн улмаас хохирогч Л.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 10856 дугаартай Дүгнэлтэд: “...Л.Бгийн биед дэлүүний няцрал, язрал, элэгний няцрал, бүдүүн гэдэсний чацархайн няцрал, дагз ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, шулуун синус, баруун тенториум, зүүн чамархайд аалзан хальсан доорх цус харвалт, зүүн 7,8,9,10,11-р хавирга сээрний 10,11,12-р нугалмын арын сэртэнгийн хугарал, мөн сээрний 11,12-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн уушигны доод дэлбэнгийн няцрал, зүүн атгаал ясны хугарал, зүүн шилбэний шарх гэмтэл, гэмтлийн улмаас дэлүү, цөсний хүүдий авах мэс засал (2024.08.14) тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3, 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 149-153 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэгт Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргүүдийг хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч Б.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байх тул гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан үйлдэл мөн байна гэж шүүхээс дүгнэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” эрхтэй гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.
Шүүгдэгч Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэснийг мэдэж байсан боловч хохирол, хор уршигт зориудаар хүргээгүй байх бөгөөд түүний үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 10856 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно…” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх заалтад “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах…” эрхтэй, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй…” гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч Л.Бгийн сэтгэцэд учирсан хор уршиг нь “Тавдугаар зэрэглэл”-д хамаарч байгаа болохыг Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Батжаргал нь тогтоосон байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О нь уг сэтгэцэд учирсан хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа талаар тэмдэглэсэн /1хх-ийн 201 дэх тал/ байна.
Хохирогч Л.Бгийн сэтгэцэд учирсан тавдугаар зэргийн хор уршигт тооцсоныг шүүхээс хор уршгийг арилгахдаа Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Дугаар 25 тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дүгээр зүйлд “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал”-ын хүснэгтэд “Тавдугаар зэрэглэл”-д нөхөн төлбөрийн хэмжээг “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46-149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” хэмжээгээр тогтоож олгоно гэсний дагуу шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэмтлий тоо, гэмтлээс үүссэн хор уршиг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, гэм хор учруулагчийн гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тооцохдоо хохирогч Л.Бд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож шийдвэрлэв.
Тодруулбал 660.000 × 50 = 33.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.От олгохоор шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 2.420.875 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч нь уг зардлыг төлж барагдуулсан буюу 5.200.000 орчим төгрөгийг төлсөн талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О нь шүүх хуралдаанд мэдүүлсэн болно.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “…гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад…” нөхөн төлүүлнэ гэж хуульчилжээ.
Хохирогч Л.Б нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал буюу Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.974.640 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан байх бөгөөд шүүгдэгч Б.А нь шүүх хуралдааныг завсарлуулсан байх хугацаанд уг зардлыг төлж барагдуулсан байна.
Иймд шүүгдэгч Б.А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.От төлөх 33.000.000 төгрөгийн төлбөртэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Аын хууль бус үйлдлийн улмаас цаашид учирч болох гэм хорын хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О нь нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхийг тэмдэглэж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгтээ хандаж буй хандлага зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар оршин суугаа газраас нь гаргахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчийн өмнө үйлдсэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялыг төлж барагдуулсан болохыг дурдаж байна...” гэх дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналтай холбогдуулан “...Миний үйлчлүүлэгч Б.А нь амьдралынхаа төлөө явж байгаа залуу хүн. Бага насны 2 хүүхэдтэй, эхнэр нь ажил төрөл хийдэггүй, тэрээр ар гэрийнхээ санхүүг авч явдаг. Хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд явган зорчигчийн буруутай үйлдэл мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон, мөн нөлөөлсөн байдаг. Шүүгдэгч Б.А нь хохирогчийн эрүүл мэндэд анхаарч эмчилгээний бодит хохирлыг тодорхой хэмжээнд төлж байсан. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг төлж барагдуулсан. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн.1 дэх заалтад зааснаар тэнсэж өгнө үү. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд зааснаар хамгийн бага хугацаагаар хасаж өгнө үү гэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналтай холбогдуулан “...Хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Б.А нь өөрийгөө өмгөөлж болон шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ “...Миний хувийн байдлыг харгалзан үзэж тэнсэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 204 дэх тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 138 дахь тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ хийж буй түүний дүгнэлт, хувийн байдал зэргийг харгалзан, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, *** хорооны нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаагаар гарахыг хязгаарлах, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1198 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялын /1хх-ийн 204 дэх тал/ 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн, нийт биеэр эдлэх ялыг 1 жил 46 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан “замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар Б.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1198 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн, нийт биеэр эдлэх ялыг 1 жил 46 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А нь эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд *** хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 511 дугаар зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ааас 33.000.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.От олгосугай
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ