Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 201/МА2019/0003

 

Д.Гын нэхэмжлэлтэй,

“А” ХК-д холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран, нэхэмжлэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 138/ШШ2018/00912 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч “А” ХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Бийн давж заалдах гомдлоор Д.Гын нэхэмжлэлтэй, “А” ХК-д холбогдох “Захирлын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/35 тоот тушаалын 1-р заалтыг хүчингүй болгох, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/39 тоот тушаалыг хүчингүй болгож тус компаний хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 9 351 330 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр даалгах, хугацаа хэтэрсэн зээл 1 091 000 төгрөг гаргуулж ХААН банкинд төлүүлэх, зээлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулан хэвийн ангилалд шилжүүлэхийг Монгол банкинд даалгах тухай” нэхэмжлэлтэй, “Зээл болон бусад төлбөр 16 464 603 төгрөг 62 мөнгө гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 01 сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь “А” ХК-д 2016 оны 7 сарын 25-аас Хүний нөөцийн менежерийн ажилд орсон. Намайг анх ажилд ороход хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Тиймээс хавтаст хэрэгт хөдөлмөрийн гэрээ авагдаагүй байгаа. Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 6-р сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал зөвлөмжийн 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэснээс үзэхэд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон. Энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй байна. “А” ХК-ийн захирлын 2018 оны 5 сарын 22-ны Б/39 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцалж, сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар намайг ажлаас халсан байдаг. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэсэн ба үндэслэлээ ажлаас халах шийдвэртээ тодорхойлоогүй байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” байвал гэж заасан байдаг. Уг үндэслэсэн хуулийн заалтын агуулгаар бол миний бие хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан болж байгаа юм. Сахилгын ямар ямар зөрчлийг хэдий хугацааны давтамжтай гаргасан талаар хэрэгт авагдсан баримт алга мөн тушаалд тодорхойлоогүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас тухайлан заасан ноцтой зөрчил гэдгийг тодорхойлох боломжгүй юм. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд “Хөдөлмөрийн сахилгын хариуцлага”, “Сахилгын зөрчил” гэсэн эрх зүйн ойлголтууд чухал байр эзэлнэ. Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг. Харин сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм. Мөн Б/39 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн заалтуудыг ноцтой зөрчжээ. 2018 оны 10 сарын 05-ны өдрийн хариу тайлбарт дурдсан Д.Г нь ээлжийн амралтын хугацааг хэтрүүлэн амарсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ажлын байранд байгууллагын эрх ашиг сонирхолд харш үйлдэл гаргасан, өөрийн ажлын байрны давуу байдлыг ашиглан ажилтны эрх чөлөөнд халдсан зэрэг ёс зүйн дутагдлыг гаргаж байсан тул ТУЗ-ийн шийдвэрээр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэжээ. Хэрэв ТУЗ-ийн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзсэн тохиолдолд захирлын тушаал мөн адил хүчин төгөлдөр болно. Хөдөлмөрийн тухай хуулиар байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлөмөрийн гэрээ байгуулж түүнд хөдөлмөрлөх нөхцөл, цалин хөлсийг тохирдог бөгөөд бидний хооронд хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн гэрээ хэлцэл огт хийгдээгүй тул цалинг хэрхэн тооцсон нь тодорхойгүй юм гэжээ. Хавтаст хэрэгт Д.Гыг анх ажилд авсан тушаал байгаа, түүнд цалин хөлсийг хэрхэн тохирсон тухай байгаа, компаниас авч байсан цалингийн цэс, нийгмийн даатгалын дэвтэрт маш тодорхой байгаа цалингийн асуудлыг тодорхойгүй гэж тайлбарлах нь үнэнд нийцэхгүй юм. Намайг ээлжийн амралтын хугацааг хэтрүүлэн амарсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ажлын байранд байгууллагын эрх ашиг сонирхолд харш үйлдэл гаргасан, өөрийн ажлын байрны давуу байдлыг ашиглан ажилтны эрх чөлөөнд халдсан зэрэг ёс зүйн дутагдлыг гаргаж байсан тул ТУЗ-ийн шийдвэрээр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэх мэтээр нотлох баримтгүй зүйлсээр өөрсдийн хууль бус үйлдлийг тайлбарлаж хариуцагчийн татгалзлаа үндэслэлтэйгээр няцааж чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Хугацаа хэтэрсэн зээл 1 091 000 төгрөгийг “А” ХК-иас гаргуулж “ХААН” банкинд төлүүлэх, Монгол банкны зээлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулан хэвийн ангилалд шилжүүлэхийг Монгол банкинд даалгасан шийдвэр гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалингаа 4 711 357 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 9 351 330 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.Гын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар гаргаж байна. Г нь ээлжийн амралтын хугацааг хэтрүүлэн амарсан. Хөдөлмөрийн хууль болон дотоод журмыг зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, Б/24 тоот тушаал нь Хөдөлмөрийн хуульд нийцээгүй акт байсан тул шинээр томилогдсон захирал тушаалыг хуульд нийцүүлэн хүчингүй болгосон тул заавал гардуулах үүрэггүй. Гын хувьд ажлын байранд байгууллагын эрх ашиг сонирхолд харш үйлдлийг гаргасан, өөрийн ажлын байрны давуу байдлыг ашиглан ажилтны эрх чөлөөнд халдсан зэрэг ёс зүйн дутагдлыг гаргаж байсан тул ТУЗ-ийн шийдвэрээр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй. Хэрвээ ТУЗ-ийн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзсэн тохиолдолд захирлын тушаал мөн адил хүчин төгөлдөр болно. Хөдөлмөрийн тухай хуулиар байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж түүнд хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсийг тохирдог бөгөөд бидний хооронд хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн гэрээ хэлцэл огт хийгдээгүй тул цалинг хэрхэн тооцсон тодорхойгүй юм. Г нь тус компианиас их хэмжээний зээл авсан боловч зээлийн үүргээ биелүүлээгүй тул цаашид сөрөг нэхэмжлэл гаргах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: “Ажил олгогчийн буруугаас ХААН банкнаас авсан цалингийн зээлийн төлөлтийн хуваарийг хэтрүүлснээс хугацаа хэтрэлттэй гэсэн ангилалд орж 1 091 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлж чадаагүй тул дээрх мөнгийн “А” ХК-иас гаргуулж ХААН банкинд төлүүлэх шаардлагыг эс зөвшөөрч байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийг гуравдагч этгээдээс нэхэмжлэх эрхгүй бөгөөд зээлдэгч нь ямар ч нөхцөл байдал үүссэн өөрийн хүлээсэн гэрээний үүргээ өөрөө хариуцах үүрэгтэй тул дээрх нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гын Монгол банкны мэдээллийн сан дахь зээлийн ангилалд өөрчлөлт оруулахыг Монгол банкинд даалгах шийдвэр гаргуулах нэмэгдүүлсэн шаардлага нь “А” ХК-ийн эрх хэмжээнд хамаарах харилцаа биш байх тул манай компанийн зүгээс тайлбар гаргах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь энэ шаардлагаа Монгол банкыг хариуцагчаар татаж тусдаа бие даасан нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх нь хуульд нийцнэ. Ажиллаагүй хугацааны цалингийн хувьд нэхэмжлэгч нь хөдөлмөрийн харилцааг өөрөө зөрчсөн тул манай компанийн зүгээс өмнөх хариу тайлбарын хүрээнд хүлээн зөвшөөрөхгүй болно” гэжээ.

Хариуцагч “А” ХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Д.Гс зээл болон бусад төлбөрт 16 464 603,62 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

            Сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хувийн хэрэгцээнд 5 сая төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж авсан. Энэ мөнгийг буцааж төлсөн. Үүнийг компаний кассанд бэлнээр төлсөн. Зөвхөн кассанд бэлнээр нь буцаагаад төлчихсөн зүйлийг компаниас нотлох баримтыг татаж авахгүй бол өөрөөр нотлох баримт байхгүй. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шинэ байрны урьдчилгаа төлбөр төлөхөд 7 сая төгрөгийг касснаас авсан гэсэн байсан. Би хэзээ ч шинэ байр авч байгаагүй шинэ байрны урьдчилгаа төлж байгаагүй. Энэ мөнгө юунд ямар зориулалтаар зарцуулагдсаныг Ш захирлаас асуувал мэднэ. Шатар захирлыг энэ талаар мэдүүлэг өгүүлэхээр гэрчээр дуудуулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа учраас ирэх боломжгүй байна гэсэн. Тэр мөнгө миний хувийн хэрэгцээнд зориулагдаагүйг гэрчийг оролцуулсан бол тодорхой байх байсан. 2018 оны 3-р сарын 12-нд 500 000 төгрөгийн цалингийн урьдчилгаа авчээ. Цалингийн урьдчилгаа авчихаад цалингаасаа суутгуулаад л явдаг бас кассанд буцаагаад бэлнээр төлдөг. Кассийн баримтууд хавтаст хэрэгт авагдсан бол буцаагаад төлсөн эсэх нь баримтаар нотлогдох байсан. Миний хэрэглэдэг утасны төлбөрүүдийг компаниас төлдөг байсан. Би компанийг төлж бай гэж хэлээгүй ээ. Хоорондоо тохиролцсон юм байхгүй. Эдгээр дугаарууд компаний нэр дээр бүртгэлтэй байдаг. Тэр үүднээсээ намайг ажлаас халагдсанаас хойш төлж явж ирсэн байх. Үүрэн телефоны оператор компани “А” ХК-ийн хооронд байгуулсан гэрээнд юу гэж тусгасан байдгийг мэдэхгүй байна. Урд нь компани нь төлбөр тооцоог нь төлөөд цалингаас суутгаад л явдаг байсан. Бүх ажилчдынх тийм л зарчмаар явж ирсэн. Тухайн саруудад ямар ямар төлбөр гарсныг би мэдэхгүй байна. Цалингийн нягтлан бодогч хүснэгтлээд л тоо явуулсан байна. Хавтаст хэрэгт үүрэн телефоны операторуудаас ирүүлсэн нэхэмжлэл, тэдний дансанд төлснийг нотлох баримт авагдаагүй. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Компаний данснаас гарч үүрэн телефоны компани руу төлсөн гэдгээ нотолж чадахгүй байна. “Х ө” ХХК-иас 580 000 төгрөгний дугуйтай сандал авсан гэж байна. Би авсан юм уу? Балансад миний нэр дээр дугуйтай эргэдэг сандал гээд 527 272,73 төгрөгний анхны өртөгтэй гээд бүртгэчихсэн байна. Намайг авсан гэж яагаад үзэж байгааг ойлгохгүй байна. Мөн бусад хариуцсан эд хогшил гээд зөндөө хөрөнгүүд байна. Түүнийг яагаад нэхэмжлээгүй юм бол. Юу юу миний нэр дээр бүртгэлтэй байдгийг одоо л харж байна. Үнийн дүн зөрүүтэй нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Би хүлээж авсан гарын үсэг байхгүй. Мөн Моторола А8 гар станц эзэмшдэг байсан одоог хүртэл өгөөгүй гэж байна. Ажлаас халах тушаалыг 2 удаа гаргахдаа ажил хүлээлцэх хугацааг заагаагүй. Хэзээ ажлаа хүлээлгэж өгөх нь тодорхойгүй байсан. Хүлээлцүүлсэн бол тэр гар станцыг хүлээлгээд л өгөх байсан байх. Миний өрөөний цоожийг эвдэж орох гэж байхад нь тухайн үед мужаан Д болон цахилгаан сантехникийн хэсгийн ажилчдад дотор нь миний хувийн эд хөрөнгө мөнгө төгрөг байгаа шүү гэж анхааруулж байсан. Тэгээд дараа нь эвдэж ороод өөр цоож хийчихсэн байсан. Өрөөн дотор байсан юмнуудыг авчихсан юм уу би мэдэхгүй байна. Надад ийм станц хүлээлгэн өгсөн, би авсан гэх нотлох баримт байхгүй. Хуулийн сургуульд суралцахаар болсон, төлбөр тооцоог нь компани хариуцан төлөхөөр өргөдөл дээр нь тодорхой заасан байхад буцаагаад надаас нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Компаний хөдөлмөрийн дотоод журмын 10.3.6-д компанийн зардлаар сурах ажилтан их, дээд сургууль, коллежи, тусгай мэргэжлийн дунд сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлтгэх, шалгалт өгөх, спортын сорилго, тэмцээнд оролцох, төр захиргаа, олон нийтийн байгууллагын сонгуульт ажил үүрэг гүйцэтгэх зэрэг тохиолдолд тухайн байгууллагын албан бичгийг үндэслэн захирлын тушаалаар цалинтай чөлөө, томилолт олгож болно гэж заасан байгаа. Энэ журмын дагуу л компаниас хариуцан төлбөрийг төлсөн. Надаас буцааж нэхэмжлэх нь үндэслэлгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 138/ШШ2018/00912 дугаар шийдвэрээр:

1/ Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Гыг “А” ХКомпанийн хүний нөөцийн менежерийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож,

2/ Мөн хуулийн 69 дугаар зүйлийн 69.1-д зааснаар “А” ХКомпаниас 9850992 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Гт олгож, тус компаний захирлын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/35 тоот тушаалын 1-р заалтыг хүчингүй болгох, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/39 тоот тушаалыг хүчингүй болгох хугацаа хэтэрсэн зээл 1 091 000 төгрөг гаргуулж ХААН банкинд төлүүлэх, зээлийн мэдээлийн санд өөрчлөлт оруулан хэвийн ангилалд шилжүүлэхийг Монгол банкид даалгах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,  

3/ Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Гын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт нь бичилт хийхийг “А” ХКомпанид үүрэг болгож,

4/ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Г нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

5/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагч “А” ХКомпаниас 242766 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж,

6/ “А” ХКомпанийн зээл болон бусад төлбөр 16464603 төгрөг 62 мөнгө гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240274 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож, ...шийдвэрлэжээ.

Хариуцагч “А” ХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Б давж заалдах гомдолдоо: “Д.Гын нэхэмжлэлтэй иргэний хэргийн шийдвэрийн зарим хэсгийг буюу ажилд эгүүлэн тогтоож, 9850992 төгрөг нэхэмжлэгчид олгох хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд,

Шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Иймээс Д.Гыг “А” ХКомпанитай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтны нэгэн адил үзнэ.”, “Мөн ажил олгогч “А” ХК ажилтан Д.Г нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй тохиолдолд уг ажилтны гаргасан зөрчил нь дээр дурдсан ноцтой зөрчлийн хэмжээнд байсан ч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох” үндэслэлд хамаарахгүйгээс гадна ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсгийг тушаалд заасан үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна.” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай зөрчилдөж байна. Үүгээрээ шүүх нэхэмжлэгч бодит байдал дээр ноцтой зөрчил гаргасан болохыг тогтоосон байна. Хэдийгээр хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй боловч анхан шатны шүүхийн дүгнэснээр нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтны нэгэн адил эрхтэй байсан тохиолдолд байгууллагын дотоод журмыг дагаж мөрдөх үүрэгтэй болохыг анхан шатны шүүх бодитой дүгнэж чадаагүй байна. Байгууллагын дотоод журмыг анхан шатны шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн бөгөөд түүнд ажлын цагийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тодорхой хугацаагаар тасалсан нь дотоод журмын хэм хэмжээний хувьд “ноцтой” зөрчил байхаар зохицуулсан. Ажил олгогчийн хувьд хөдөлмөрийн гэрээний биш дотоод журмын зохицуулалтын хэм хэмжээг удиртгал болгож шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй болно.

Анхан шатны шүүхээс ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тохиолдолд ажилтан хөдөлмөрийн харилцаанд хариуцлага хүлээхгүй, хуулиас гадуур байх боломжтой мэтээр Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч нь ээлжийн амралтаа хэтрүүлсэн, дотоод журамд заасан хугацааг хэтрүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдох ба нэхэмжлэгчийн Герман улсад ажилласан нь “А” ХК-ийн үйл ажиллагаатай холбоогүй. Нэхэмжлэгч нь хуулийн дагуу ээлжийн амралтаа эдэлж дуусмагц ажлаа хэвийн гүйцэтгэх үүргийг ажилтан хүлээдэг гэдгийг маш сайн мэддэг. Хуулийг мэдэхгүй байх нь хууль хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй. Ээлжийн амралт олгосон тушаалд амралт эдлэх хугацааг тодорхой заасан бичгийн нотлох баримтыг анхан шатны шүүх хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн харилцаанд ноцтой зөрчил гаргасан нь сахилгын шийтгэл ногдуулах хангалттай үндэслэлтэй байсныг шүүх бодитой үнэлэхгүйгээр нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон нь үндэслэлгүй байна. Ажилгүй байсан хугацааны олговорт нэхэмжлэгч 9351330 төгрөг нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх 9850992 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг шийдвэрлэх үүргээ хэтрүүлэн нэхэмжлэлийн шаардлагаас давсан үнээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн цалин хөлстэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгсөн боловч шүүх түүнд дүгнэлт өгөөгүй байна. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн цалингийн картнаас үзвэл нэхэмжлэгч нь сүүлийн 3 сарын хугацаанд нийт 44 хоног ажиллаж /ажилласан хугацааны амралтын мөнгийг тооцсон/ нийт 3140905 төгрөг авсан байна. Иймд нэхэмжлэгч нь сүүлийн 3 сард түүний авсан цалин хөлсний нийлбэр дүн болох 3140905 төгрөгийг нэхэмжлэгчийн жинхэнэ ажилласан 44 хоногт хувааж нэг өдрийн дундаж хөлсийг 62348 төгрөгөөр тодорхойлох нь зүйтэй гэж дүгнэсэн нь нотлох баримттай зөрчилдөж байна. Нэхэмжлэгчийн цалингийн карт гэсэн тусгайлсан карт байхгүй бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшлийн картаар цалинг олгож байсан ба тухайн картанд сүүлийн 3 сард хийгдсэн гүйлгээгээр цалин хөлсний дундажийг тооцсон нь эргэлзээтэй байна. Нэхэмжлэгчийн цалин хөлсний дундажийг ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт бөглөгдсөн нэг сарын цалин хөлсний дундажаар тооцох нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэх юм. Нөгөөтэйгүүр дээрх цалин хөлсөнд урамшуулал нэмэгдэж орсон байгаа бөгөөд ажил олгогчоос ажилтан олгосон урамшууллыг заавал олгохыг үүрэг болгож шийдвэр гаргасан нь анхан шатны шүүхээс цалин хөлсний тооцоог хийхдээ зөвхөн картны дүнгээр тооцсон нь үндэслэлгүй юм.

Иймд шийдвэрийн нэхэмжлэгчийг ажилд нь буцаан томилсон хэсэг болон нөхөн олговрыг олгохоор шийдвэрлэсэн хэсгүүдийг тус тус хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Г нь “А” ХК-ийн захирлын 2018 оны 05 сарын 11-ний өдрийн Б/35 тоот тушаалын нэгдүгээр заалтыг хүчингүй болгох, 2018 оны 05 сарын 22-ны өдрийн Б/39 тоот тушаалыг хүчингүй болгож, тус компанийн захиргаа удирдлага, хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 4 639 973 төгрөгийг гаргуулж, ажил олгогчоор нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх-ийн 1 дэх тал/

Мөн нэхэмжлэгч нь 2018 оны 11 сарын 23-ны өдөр “хугацаа хэтэрсэн зээл 1091 000 төгрөгийг “А” ХК-иас гаргуулж “ХААН” банкинд төлүүлэх, Монгол банкны зээлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулан хэвийн ангилалд шилжүүлэхийг Монгол банкинд даалгасан шийдвэр гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалингаа 4 711 357 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 9 351 330 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 75 дахь тал/

Хариуцагч “А” ХК нь нэхэмжлэгч Д.Гаас 16 464 603,62 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Д.Г эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 24-25 дахь талууд/

Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт нь зохигчдын хооронд үүссэн маргаанд хамааралтай тул ажил олгогчийн тушаалын үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтад нийцсэн эсэхийг тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

Дорнод аймгийн “А” Хувьцаат компанийн захирал нь 2018 оны 05 сарын 22-ны өдөр Б/39 дугаар тушаал гаргаж, Захиргаа аж ахуй, Хүний нөөц удирдлагын хэлтсийн Захиргаа удирдлага, хүний нөөцийн менежер ажилтай Даваахүү овогтой Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 05 сарын 22-ны өдрөөр цуцалж, ажлаас халахдаа Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6.8, 12.1, 12.2.5, 12.2.6, “А” Хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот тогтоолын 3 дахь заалтуудыг тус тус үндэслэл болгожээ. /хх-ийн 66 дахь тал/ 

Нэхэмжлэгч Д.Г нь “А” ХК-ийн захирлын 2016 оны 07 сарын 27-ны өдрийн Б/24 дугаар тушаалаар 2016 оны 07 сарын 25-ны өдрөөс эхлэн тус компанийн “Хүний нөөцийн менежер”-ээр 2018 оны 05 сарын 22-ны өдөр хүртэл ажилласан байна. /хх-ийн 67 дахь тал/

 Ажил олгогч “А” ХК нь ажилтан Д.Гыг ажлаас чөлөөлөхдөө /халахдаа/ Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6.8, 12.1, 12.2.5, 12.2.6-д заасан заалтыг үндэслэл болгосон атлаа түүнийгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар нотолж чадаагүй гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий зөв дүгнэлтийг хийсэн байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Шүүх ажилтны ажилгүй байсан хугацааны олговрыг ажил олгогчоос гаргуулахдаа тооцооны алдаа гаргасан байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан зөвтгөх боломжтой гэж үзэв. Тухайлбал ажилтан Д.Г нь 2018 оны 05 сарын 22-ны өдөр ажлаас халагдсан ба 5 сард ажлын 8 хоног, 6 сард 20 хоног, 7 сард 19 хоног, 8 сард 23 хоног, 9 сард 20 хоног, 10 сард 23 хоног, 11 сард 21 хоног, 12 сард 6 хоног, нийт ажлын 140 хоног ажилгүй байсан байна. Мөн ажилтан Д.Г нь 2018 оны 2 сард 948750 төгрөг, 3 сард 948750 төгрөг, 4 сард 1243404,71 төгрөгийн, нийт 3 140 905 төгрөгийн цалин авсан болох нь хариуцагч талаас шүүхэд өгсөн цалингийн түүврээр нотлогдож байна. /хх-ийн 12-13 дахь талууд/

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар ажилтан Д.Гын ажилласан хугацааны сүүлийн 3 сарын цалин 3 140 905 төгрөгөөс 1 сарын дундаж цалинг тооцоход 1 046 968 төгрөг, үүнийг 1 өдрийн цалинд шилжүүлэхэд 48 696 төгрөг /1 046 968:21,5=48 696/ болсон ба түүнийг ажилгүй байсан 140 хоногоор үржүүлж тооцоход 6 817 440 төгрөг болж байна.

Иймд хариуцагч “А” ХК-иас 6 817 440 төгрөгийг гаргуулж ажилтан Д.Гт олгох, илүү нэхэмжилсэн 2 533 890 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, мөн хууль хэрэглээний болон улсын тэмдэгтийн хураамжийн талаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч “А” ХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 566 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 138/ШШ2018/00912 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...9 850 992 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Гт олгож,” гэснийг “...6 817 440 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 2 533 890 төгрөг,...” гэж,

5 дахь заалтын “...242766 төгрөг...” гэснийг “...124029 төгрөг...” гэж тус тус өөрчлөлт оруулж,

6 дахь заалтын “А...” гэсний өмнө “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар” гэж нэмэлт оруулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “А” ХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 566 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Л.НАРАНБАЯР

                   ШҮҮГЧИД                                                                 Ж.ДОЛГОРМАА

                                                                                                     З.ЭНХЦЭЦЭГ