Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 282

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2018/02685 дугаар шийдвэртэй Н.Н-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.А, Э.У нарт холбогдох хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, үндэслэлгүй хөрөнгөжсөн 14 450 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 онд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Мах импексийн ажилчдын 1 дүгээр дан байрнаас 1 өрөө байрыг хувьчилж авч, Н.Н, Х.Номин-Эрдэнэ, Х.Нарантуул нар өмчлөгчөөр бүртгэгдсэн. Миний өмчлөлийн байр газарт орсныг хариуцагч мэдээд надаас нууж, намайг төөрөгдүүлж, хямдхан байртай болохоор миний эд хөрөнгөд шунасан байна. Тухайн үед миний бие өвчтэй байсан, хагалгаанд орсны улмаас чихний сонсгол алдагдсан, архичин нөхрийн дарамтанд орж сэтгэл санааны хямралтай байсны улмаас гэрээний ирээдүйн үр дагаврыг ойлгоогүй. Хөрш зэргэлдээ сууц өмчлөгчид ижил төрлийн байруудыг Бүргэд констракшн ХХК-д өндөр үнээр арилжиж, оронд нь сайн байр авсан, хэрэв энэ гэрээг байгуулаагүй бол миний бие байраа Бүргэд констаркшн ХХК-д арилжиж, 15 м.кв талбай бүхий 14 450 000 төгрөгийн үнэлгээ бүхий байртай болох боломжтой байсан. Иймд миний олох ёстой байсан орлого болох 14 450 000 төгрөгийг хариуцагч нараас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Н.Нээс 1 дүгээр дан байрны 15 м.кв нэг өрөө байрыг 1 300 000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд Н.Н нь худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурж уг байр манай өмчлөлд шилжсэн. Тус байр нь 2015 онд газарт орж, 9 жилийн дараа орон сууц болсон. Н.Нтэй тохиролцсоны дагуу мөнгөө бүрэн өгч дууссан ба сүүлд зөрүү мөнгө өгнө гэж тохиролцоогүй. Уг гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ тул 14 450 000 төгрөгийг Н.Нд төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу хариуцагч нараас 14 450 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328 950 төгрөгөөс 258 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70 200 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тус хэргээс болж эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгийн их хохирол амсч байна. Анхан шатны шүүхээр өмгөөлөгч Д.Баясгаланг авсан боловч шүүх хуралдаанд оролцоогүйн улмаас хохирсон. Өөрийн эрүүл мэнд болон сэтгэл санааны улмаас дахин өмгөөлөгч авч чадалгүй хуралдаанд оролцсон бөгөөд хууль, эрх зүйн мэдлэг дутуу, учир шалтгааныг бүрэн ойлгож, дүгнэлт хийж чадахгүй байсан. Шүүх хохирч байгаа хүнийг улам хохироож, илт хохиролтой, шударга бус гэрээг хүчин төгөлдөрт тооцож, болоогүй үйл явдлыг болсон мэтээр дүгнэсэнд гомдолтой байгаа тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.

Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч Л.А, Э.У нарт холбогдуулан 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хариуцагч нарын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 14 450 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч гэрээний дагуу мөнгийг төлж барагдуулсан, гэрээг зөвшөөрч гарын үсэг зурсан тул гэрээ хүчин төгөлдөр гэж маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо “Махимпекс” ХК-ийн 1 дүгээр дан байрны 16А тоот орон сууцыг Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2006 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор өөрийн 2 охины хамт хувьчилж авсан, 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт шаардлагатай өргөдөл, мэдүүлэг гаргасны үндсэн дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан гэж тайлбарладаг бөгөөд хэргийн 101 дүгээр талд авагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын даргын 2008 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 1-1550 тоот албан бичгээр дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Н.Нийн 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан мэдүүлэг, бусад баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201019520 дугаарт бүртгэсэн талаар дурджээ. Гэтэл хэргийн материалд Ү-2201019520 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн нэхэмжлэгчийн нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээ авагдаагүй байна. Харин хариуцагчийн охин Э.У-тай 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, үүнтэй холбоотойгоор мөн оны 12 дугаар сарын 05-ны өдөр Э.У-ын нэр дээр гарсан өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар авагдсан байна. Эдгээр баримт нь нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дах хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурж хэлцэл хийхдээ өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж байгаа хэмээн андуурч, төөрөгдсөн гэж үзэх эсэх нөхцөл байдлыг тодорхойлох ач холбогдолтой байж болно.

Түүнчлэн, 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасны дагуу 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг баталсан 153 дугаартай нотариатчийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү 153 дугаартай нотариатч Д.Цолмонг гэрчээр асуух нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байхад шүүх зохих ажиллагааг хийж, түүнээс гэрчийн мэдүүлэг авахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иймд анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэхэд гарсан дээрх зөрчлийг арилгахгүйгээр давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2018/02685 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                             ШҮҮГЧИД                                  А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ