Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэнжаргалын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 124/2022/0015/з |
Дугаар | 124/ШШ/2022/40 |
Огноо | 2022-10-03 |
Маргааны төрөл | Газар, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 124/ШШ/2022/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багт оршин суух Булжаагууд овгийн Б.Б,
Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,
Увс аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/148 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, У.Б, гуравдагч этгээд Ю.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Б нь тус шүүхэд Увс аймгийн Засаг даргад холбогдуулан Увс аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/148 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.
2. Маргаан бүхий захиргааны акт болох хариуцагч Увс аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/148 тоот захирамжаар Улаангом сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/145 дугаар Газар эзэмшүүлэх тухай захирамжийн Б.Б-д холбогдох 4989м2 газрыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газар олгосон үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч Б.Б Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд шууд хандан нэхэмжлэл гаргасан болно.
4. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Б нь 2012 оноос хойш Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт "Увс чацаргана" ХК-ийн зүүн талд байрлах газарт жимс, жимсгэнийн зориулалтаар газар эзэмшиж авах тухай өргөдөл газрын албанд удаа дараа гаргаж байсан.
Увс аймаг Улаангом сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/145 захирамжийн дагуу Улаангом сумын 1 дүгээр баг "Увс чацаргана" ХК-ийн зүүн талд 4989 м" газрыг жимс жимсгэнийн усалгаатай тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх шийдвэр гарч, тус захирамжийг үндэслэн газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, мөн өдөр 000161049 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн. Ингээд миний бие хуулийн дагуу эзэмшиж авсан газраа тухайн оныхоо намар төмөр тороор хашаа татаж, 650 ширхэг чацарганы суулгац тарихаар бэлтгэл ажлаа хийж 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Гансүх гэж хүнээс 8 боодол... метр хашааны төмөр торыг 1.560.000 төгрөгөөр худалдан авсан. НБТЦ" ХХК-иас 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 650 ширхэг чацарганы суулгацыг 1.820.000 төгрөгөөр худалдан аваад суулгах гэтэл миний эзэмшиж авсан газар дээр Ю.Б гэх айл ямар ч зөвшөөрөлгүйгээр хашаа татаж аваад амьдарч байсан. Тухайн айлыг миний эзэмшлийн газрыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан бөгөөд хэл ам хийгээд өнөөдрийг хүртэл эзэмшлийн газрын маань чөлөөлж өгөхгүй байгаа.
Ингээд би газраа Ю.Боос чөлөөлүүлэхээр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргаж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 152 дугаар шийдвэрээр миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж газрыг маань албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Одоо хариуцагч Ю.Б тухайн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргасан байгаа болно. Ингээд тухайн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй бөгөөд Ю.Б одоо болтол миний газрыг чөлөөлж өгөөгүй миний бие өнөөдрийг хүртэлх хугацаанд эзэмшиж авсан газраа зориулалтын дагуу ашиглаж чадахгүй байна.
Гэтэл Ю.Б-ын гаргасан хүсэлтийн дагуу Увс аймгийн Засаг дарга 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/148 тоот захирамж гаргаж надад газар эзэмших эрх олгосон Улаангом сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/145 тоот захирамжийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Миний бие дээрх аймгийн Засаг даргын захирамжийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гардаж аваад эс зөвшөөрч шүүхэд хандаж байна. Би анх газар эзэмших эрхийг авахдаа хуулийн дагуу өөрийн зүгээс шаардагдах бүх бичиг баримтаа бүрдүүлээд хүсэлтээ гаргаад өгсөн миний хүсэлтийг судалж үзээд тухайн газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох боломжтой гэж үзээд надтай гэрээ хийж, гэрчилгээ олгосон. Өнөөдөр иргэн хүн төрийн байгууллагын гаргасан шийдвэрт итгэж үнэмшээд тухайн газраа жимс, жимсгэнэ тариалахаар өчнөөн зардал гаргаж санхүүгийн хувьд хохирол амсаад байна. Худалдаж авсан суулгацуудаа тариалж чадахгүй өнөөдрийг хүртэл газраа чөлөөлүүлэхээр шүүхдээд явж байхад иргэн миний төрийн шийдвэрт итгэж үнэмшсэн итгэлээр тоглоом хийж олгох ёсгүй байж хэмээн хүчингүй болгож намайг дахин дахин хохироож байгаад маш их гомдолтой байна.
Иймд Увс аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/148 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б маргаан бүхий газрыг 2012 оноос хойш эзэмших хүсэлтээ холбогдох байгууллагуудад удаа дараа гаргаж өгч байсан. 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Улаангом сумын Засаг даргын захирамжаар Улаангом сумын 1-р дүгээр багийн нутаг дэвсгэр Увс Чацаргана ХХК-ний зүүн талд 4989 мкв талбайг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх захирамж гарсны дагуу 06 дугаар сарын 08-ний өдөр газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон ийм нөхцөл байдаг. Нэхэмжлэгч нь тухайн газрыг хуулийн дагуу эзэмшиж авсныхаа дараа хашаалж гэрээнд заасны дагуу үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч уг газар дээр гуравдагч этгээд Ю.Б хашаа барьж амьдарсан нөхцөл байдал үүссэн. Үүнээс болж Б.Б болон Ю.Б нарын хооронд газар албадан чөлөөлөхтэй холбоотой маргаан үүсэж 2021 оны 11 дүгээр сард нэхэмжлэгч Б.Б-ийн зүгээс Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд газар чөлөөлүүлэх шаардлага гаргаж шийдвэрлүүлсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон ч нэхэмжлэгчийн газрыг чөлөөлж өгөөгүй. Шийдвэр гүйцэтгэлийн шатанд хэрэг нь явж байна. Аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар 23-ны өдрийн А/148 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасан. Ямар үндэслэлээр хүчингүй болгуулах гэж байгаа гэвэл тухайн захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасан захиргааны акт буюу захиргааны шийдвэр болдог. Газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамжийг гаргахдаа хуулиар тусгай журам үйлчлэхээр зохицуулаагүй гэсэн ч Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлэгт заасан нийтлэг журмыг зөрчсөн. Аймгийн Засаг даргын А/148 тоот захирамж нь уг журмын дагуу гараагүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтлан гээд бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангана гэсэн зарчим захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд үйлчилдэг. Энэ зарчимтай уялдуулан Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлэгтэй уялдуулан захиргааны шийдвэр гаргах журмыг хуульчилсан. Захиргааны шийдвэрийг гаргахаас өмнө захиргааны байгууллага нь эрх ашиг нь хөндөгдсөн этгээдийг тодорхойлоод тухайн этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулж тэр талаар тайлбар авах, нотлох баримт гаргаж өгөх эрхээр нь хангах үүрэгтэй байдаг. Гэтэл нэхэмжлэгч Б.Б-д А/148 тоот захирамжийг гаргахаас өмнө нэхэмжлэгч Б.Б-ийн эрхийг хангаж тухайн шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, санал тайлбарыг нь аваагүй, нотлох баримт гаргаж өгөх боломжоор нь хангаагүй зэрэг хууль зөрчсөн нөхцөл байдлууд байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2022 оны 02 дугаар сарын 25-ний өдөр сонсох ажиллагааны мэдэгдлийг шуудангаар явуулсан баримт авагдсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлэгт сонсох ажиллагааны мэдэгдлийг 20-оос доош тооны этгээдийг сонсохоор бол хүн бүр тус бүрд нь хүргүүлнэ гэж 27 дугаар зүйлийн 27.21-т заасан. Мэдэгдлийг албан ёсоор яаж хүргүүлэх вэ гэдэг талаар зохицуулаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т захиргааны актыг мэдэгдэхтэй холбоотой зохицуулалтыг оруулж өгсөн. Тухайн заалттай төсөөтэй хэрэглэж сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлэх ёстой гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т шуудангаар явуулж байгаа мэдэгдлийг орон нутагт ажлын 10 хоног өнгөрсний дараа мэдэгдсэнд тооцно гэж заасан байдаг. Сонсох ажиллагааны мэдэгдлийг 02 дугаар сарын 25-ний өдөр шуудангаар явуулж байгаа тохиолдолд ажлын 14 хоног гэхээр 03 дугаар сарын 11-ний өдөр өнгөрөөд мэдэгдсэн тооцохоор байна. Санал тайлбар гаргах боломжтой хугацаа нь 2022 оны 03 дугаар сарын 02-ний өдөр утсаар юм уу, цахим хэлбэр, аль нэг хэлбэрээр нь сонсох ажиллагааны талаарх тайлбараа ирүүлнэ гэсэн агуулгатай зүйлийг бичсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах боломжит хугацаагаар оролцогчийг буюу Б.Б-ийг хангаагүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч нь тодорхой хуульчилж өгсөн эрх үүрэгтэйгээр оролцдог байгаа. Гэтэл энэ эрхийг нь огт эдлүүлээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хамааралтай тохиолдолд шийдвэр гаргах үндэслэлийг нарийвчлан судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдолтой бүх нөхцөл байдлыг тогтоох ёстой гэж заасан. Захиргааны байгууллага нь тухайн захиргааны актыг гаргахдаа зөвхөн газрын албанаас тухайн газар нь 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон эсэхийг тодруулахаас гадна бодит нөхцөл байдлуудыг тодруулах байсан. 03 дугаар сарын 14-ний өдөр үйлдсэн Э.Наранмандахын тэмдэглэл байдаг. Уг тэмдэглэлд Б.Б-д сонсох ажиллагааны мэдэгдэл явуулсан боловч санал тайлбар гаргаагүй учраас тухайн хүнийг оролцуулахгүйгээр газар эзэмших захирамжийг хүчингүй болгох агуулгатай тэмдэглэлийг үйлдсэн. Мөн 03 дугаар сарын 13-ний өдөр үйлдсэн тэмдэглэлд нэхэмжлэгч Б.Б нь ирээд өөрөө санал тайлбараа гаргасан байдлаар үйлдсэн байна. Энэ шийдвэр гаргах ажиллагааны явцаас өнөөдөр хүртэл Б.Б нь Улаанбаатар хотод өндөр настай ээжийгээ асарч байгаа. Увс аймгийн Улаангом суманд ирэх боломжгүй нөхцөл байдал байсан. Гэтэл тухайн оролцогчийг оролцоогүй байхад оролцсон мэтээр баримт бүрдүүлээд байгаа нь тухайн захиргааны байгууллагаас хуульд заасан журмын дагуу явуулаагүй, байхгүй байсан баримтыг байсан мэтээр бүрдүүлсэн нь нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэх хардах үндэслэл болж байна. Ийм учраас тухайн захиргааны шийдвэр буюу аймгийн Засаг даргын А/148 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлэгт заасан журмыг зөрчиж гарсан. Эдгээр үндэслэлүүдийг үндэслэн хүчингүй болгож өгнө үү. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т хууль ёсны зарчмыг хуульчилж өгсөн байдаг. Захиргааны байгууллагын хууль ёсны шийтгэлд итгэж үнэмшсэн иргэний итгэлийг хамгаалахаар тусгаж өгсөн. Б.Б нь хууль журмын дагуу өргөдөл хүсэлтээ гаргаж, хавсрах ёстой баримтуудыг хавсаргаж, газрын албанд хандсан байдаг. Энэ хүсэлтийн дагуу газрын албанаас шийдвэрлээд Улаангомын сумын Засаг даргын захирамж гарч гэрчилгээ олгогдсон. Өөрөөр хэлбэл Б.Б нь айлган сүрдүүлж, хууль бусаар нөлөөлж энэ шийдвэрийг гаргуулсан зүйл хэрэгт авагдсан баримтад байхгүй байна. Тухайн үед газар эзэмшиж байх үед газрын даамлын зүгээс хашаалж аваарай гэдэг шаардлагыг тавьж байсан учраас тухайн газрыг хашаалахад шаардлагатай 8 боодол төмрийг худалдан авч 1.560.000 төгрөгийн зардлыг гаргасан. Тухайн газрыг жимс жимсгэний зориулалтаар эзэмшихээр авсан учраас 650 ширхэг чацарганын суулгацыг 1820.000 төгрөгөөр худалдаж авсан. Батцэнд нь 3.380.000 төгрөгийн зардлыг гаргасан. Үүнээс гадна улсын тэмдэгтийн хураамж төлөх, өмгөөлөгчийн хөлс төлөх зэрэг жил гаруй хугацаанд төрийн байгууллагын буруутай шийдвэрийн улмаас иргэн хүн хохироод яваад байна. Төрийн байгууллага нь хууль бус шийдвэр гаргасан байна гээд хүчингүй болгочихдог. Иргэд төрийн байгууллагын шийдвэрт итгэж үнэмшиж байхад иргэнээ буцаагаад хохироож байна. Аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн А/148 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
6. Хариуцагч Увс аймгийн Засаг дарга Ч.Ч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Б.Б-ийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох Увс аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/148 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасантай танилцаад дараах тайлбар гаргаж байна.
Улаангом сумын 1 дүгээр багийн иргэн аймгийн Засаг даргад хандаж гомдол гаргасны дагуу судалж үзээд Улаангом сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/145 дугаар Газар эзэмшүүлэх тухай /зөрчил арилгах/ захирамжийн хавсралтаар Б.Б-д эзэмшүүлсэн газар нь тухайн жилийн буюу 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, иргэн аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр шийдвэрлээгүй газар болохыг холбогдох байгууллагаас авсан лавлагаа, баримт бичгээр нотлогдож байсан тул хүчингүй болгосон.
Газрын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/148 дугаар захирамж гаргахдаа хууль тогтоомжийн дагуу иргэнд эзэмшүүлэх эсэх асуудлыг зохион байгуулахыг Улаангом сумын Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нарт үүрэг болгож шийдвэрлэсэн. Иймд Б.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2021 оны 1 дүгээр улирал Ю.Б гэдэг иргэнээс өргөдөл ирсний дагуу Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн холбогдох байгууллагаас санал тайлбарыг нь авсны үндсэн дээр хуулийн дагуу 2022 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн А/148 тоот захирамжийг гаргасан. Энэ захирамж дээр Улаангом сумын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 145 дугаартай газар эзэмшүүлэх тухай гэсэн зөрчил арилгуулах тухай захирамжийн Батцэндэд холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Яагаад хүчингүй болгох болсон вэ гэхээр 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгжид тусгаагүй газрыг эзэмшүүлэхээр захирамж гарсан байдаг. Энэ захирамжаар олгогдсон газар төлөвлөгөөнд тусгагдаагүй бөгөөд газар эзэмшүүлэх шийдвэрээр иргэнд олгох боломжгүй газар байсныг газрын албанаас тодруулга авсны үндсэн дээр тогтоосон. Мөн иргэн Ю.Боос тайлбар авахад мөн адил газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусаагүй гэсэн тайлбарыг өгсөн. Засаг даргын А/148 тоот захирамж нь хэн нэгэн иргэнийг хохироосон шийдвэр биш гэж үзсэн. Захирамжаа гаргаж холбогдох газрын албаны дарга болон Улаангом сумын Засаг даргад хууль бус хууль тогтоомжид заагдаагүй асуудлаар шийдвэр гаргаж хэрэгжүүлж болохгүй тухай албан бичгийг нь хүргүүлж дахин энэ төрлийн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж ажилласан. Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэсэн даамалд болон тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан хүмүүст авлигатай тэмцэх газарт хандаж гомдол гаргасан. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусаагүй газрыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж олгосон эсэхийг шалгуулахаар өгсөн. Захиргааны ерөнхий хууль зөрчсөн эсэх дээр саналаа хэлэхэд аймгийн Засаг даргын тамгын газраас сонсох ажиллагаа явуулах тухай албан мэдэгдлийг шуудангаар оршин суугаа хаягаар нь хүргүүлсэн. Сая нотлох баримтаар гаргаж өгсөн Иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдэд Б.Б оршин суугаа газраа тодорхойлж бичсэн байдаг. Мөн багийн Засаг дарга нь Улаангом сумын 1-р багт оршин суудаг гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн энэ нь хэрэгт авагдсан. Шуудангаар явуулсан мэдэгдэл нь тухайн хаяг дээрээ байхгүй байна гэж буцаж ирэхэд нь гар утсаар нь болон фэйсбүүк хаягаар нь хүргүүлсэн. Б:Батцэндэд утсаар болон фэйсбүүк хаягаар нь мэдэгдэхэд манай өмгөөлөгчид өгчих гэж хэлсэн. Үүний дараа манай нягтланд өгчих гэж хэлсэн. Ямартай ч бид гардуулж өгсөн. Уг мэдэгдлийг өгсний дараа саналынхаа дагуу хүрэлцэн ирж саналаа хэлэхэд тэмдэглэж авсан. Батцэндийг тухайн үед саналыг авч байхад Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ц.З дагуулж орж ирсэн. Шаардлагатай бол гэрчээр асууж болно. Нөхцөл байдлыг бүгдийн танилцуулахад надад хэлэх үг алга би шүүхэд хандана гэж хэлсэн. Би танд газрыг өгөхгүй гэсэн зүйл байхгүй мөн Болдод газар эзэмшүүлэх гээд байгаа асуудал биш төлөвлөгөөнд тусаагүй газар байна. Өргөдлийн дагуу хүчингүй болгож байгаа. Тийм учраас дахин өргөдөл гаргаад газраа шийдвэрлүүлээд авах боломжтой шүү гэж хэлэхэд за гээд гарсан. Энэ асуудал дээр иргэн хүнийг хохироож, итгэл үнэмшлийг нь алдагдуулж, хуурамчаар бичиг баримт үйлдсэн асуудал байхгүй. Улаанбаатар хотод байгаа одоо хүртэл ирээгүй гэдэг асуудал худлаа. Шаардлагатай бол өөрөөс нь тайлбарыг авч болно. Батцэнд нь өөрөө албан ёсоор ирээд санал тайлбарыг нь авч байгаа асуудлыг хэлбэрийн төдий гэж үзэхгүй байна. Захиргааны ерөнхий хуульд заасан бүхий л ажиллагааг аймгийн Засаг даргын зүгээс 100% хийсэн гэж үзэж байна. Одоо Батцэндээс өргөдлөө гаргаад тухайн газрыг эзэмших боломж нь байгаа гэж хэлсэн. Ийм учраас надад өөр хэлэх тайлбар байхгүй гэжээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Улаангом сумын 1-р багийн иргэн Батцэндэд газар эзэмшүүлсэн 2021 оны 05 дугаар сарын 31-ний А/145 тоот захирамж нь газар эзэмшүүлэх зөрчил арилгах тухай гэж гарсан. Ямар тохиолдолд зөрчил арилгах вэ гэвэл 2015, 2016 оноос хойш хэрэгжиж байгаа газрын кадастрын мэдээллийн сангийн LIVE менежер гэдэг программтай холбогдуулан иргэн, аж ахуйн нэгжийн газар дээр нь байгаа талбайн хэмжээ болон захирамж шийдвэр дээр байгаа талбайн хэмжээ зөрсөн тохиолдолд ИТХ-ын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 134 дугаар тогтоолыг үндэслэл болгож засварлах зорилгоор захирамж гардаг. Тухайн захирамж дээр газар эзэмшүүлэх зөрчил арилгах гэсэн хэр нь хуулийн үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-ийг үндэслэл болгосон байдаг. Энэ хэсэгт юу гэж заасан вэ гэхээр энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх асуудлыг зохион байгуулах гэж заасан байдаг. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймгийн ИТХ-аар батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу тухайн шатны засаг дарга шийдвэрлэнэ гэж заасан. Энэ нь аймгийн засаг даргын бүрэн эрхийг үндэслэсэн байна. Уг захирамжийн агуулга үндэслэх хэсэг болон газар эзэмшүүлсэн хэсгүүд нь хоорондоо зөрчилдөж байна. Тухайн газар нь иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байдаг. Иргэн Батцэндийн гаргасан өргөдөл нь 2017 оны 05 дугаар сарын 08-нд гаргасан өргөдөл байдаг. 2021 оноос өмнө энэ шийдвэрийг гаргахдаа өргөдөл хүсэлтээ гаргаж ирүүлээгүй. Мөн иргэн 2021, 2022 онд газар эзэмшсэнээс хойш газрын төлбөр тухайн иргэн дээр төлөгдөөгүй байна гэжээ.
9. Гуравдагч этгээд Ю.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Юнгэрэн овогтой Болд миний бие ам бүл 9, одоо тэтгэвэрт байгаа өндөр настан. Би газрын маргаантай асуудлаар Б.Б-тэй жил гаруй хугацаанд маргаж байна. Надыг энэ газар буугаад хашаа барихад Газрын алба зөвшөөрсөн. Тэгээд би газрынхаа гэрчилгээ авъя гэхэд та хүлээх хэрэгтэй.
1. Газрын төлөвлөгөөнд ороогүй.
2. Сумын Засаг дарга төлөвлөгөөнд орсны дагуу тушаал гаргадаг юм. Та тэгсний дараа гэрчилгээгээ гаргуулж авна уу гэж Отгонболд өөрийн биеэр хэлсэн. Гэтэл Б.Б нь тухайн 2021 оны газрын төлөвлөгөөнд ороогүй газрыг гэрчилгээгийн авчхаад дахиад бүр Пүрэвжав даргын тушаал гаргуулаад авчихсан байдаг нь энэ нь хууль зөрчихөөр барах уу хуулийг бүр уландаа гишгэж байгаа хэрэг биз дээ. Б.Б нь танил тал ч юм уу авлигалын хэрэг ч байж магадгүй гэж үзэж байна. Хэрэв энэ хэрэг шийдэгдэхгүй бол ноён П болон газрын албаны холбогдох хүмүүсийг шүүх цагдаад нь өгөхөө мэдэгдье. Түүнээс гадна Б.Б нь өргөдөлдөө их тор авч мөн их хэмжээний үрсэлгээ авч шатлаа гэж би үгүйсгэж байна. Тэр хүн надтай нэг удаа согтуу ирж уулзсан. Түүнээс бусад үед 2-3 удаа утсаар ярьж намайг дарамталсан. Мөн сумын тамгын газарт ажилладаг Буяндалай гэгч 2 удаа дарамталсан. Үүнээс үзэхэд энэ хүн сумын захиргаа газрын албыг тоглуулаад байж чаддаг их гар юмаа даа. Мөн шүүх хуралд нэг ч удаа ирээгүй. Оршин суудаг газар байдаг юм уу. Түүний биет төлөөлөгч гэж /Уянга гэдэг/ нэг эмэгтэй байнга хуралд ирж оролцдог нь хачирхмаар. Би одоо 64 настай хууль гэж үнэн зөвөөр шийддэг л юм бол би шүүхийн өмнө очмооргүй байна. Мэргэн шүүгч та бүхэн болгоон биз дээ. Иймд Б.Б-ийн хууль бусаар авсан газрын гэрчилгээг хүчингүй хийж өгнө үү гэжээ.
10. Гуравдагч этгээд Ю.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Б.Б нь энэ асуудлыг будлиулж байна. Б.Б нь Улаанбаатар хотод махны ченж хийдэг. Газар эзэмшүүлэх шийдвэрийг өөрийн найз нөхөд, танил талын хүрээллийг ашиглаж гаргуулж авсан гэж бодож байна. Улаангом сумын тамгын газрын Буяндалай гэдэг хүнтэй хамааралтай. Газар эзэмшүүлэх энэ шийдвэрийг яаж гаргуулж авсан нь эсэх нь тодорхойгүй байна. Манайх гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших хүсэлтээ жил бүр гаргаж байсан. 2021 онд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргад хандаж ийм газар байна уу би түр бууж байх уу гэхэд төлөвлөгөөнд ороогүй байна та бууж бай гэрчилгээ гаргаж өгнө гэж хэлсэн. Уг газар дээр бууж хашаа барьчихсан байтал Батцэнд чи миний эзэмшлийн газар дээр буусан гэж дарамталж эхэлсэн. Үүний дараа 08 дугаар сард Буяндалай ирээд та хүний газар дээр буусан гэж мэдэгдэх хуудас авч ирэхэд юун мэдэгдэх хуудас авч ирж байна гэж хэлсэн. Тухайн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй, захирамж шийдвэр нь гараагүй гэж хэлсэн гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
11. Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон гуравдагч этгээдээс гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12. Нэхэмжлэгч Б.Б нь Увс аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/148 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч Т.Уянга оролцсон болно.
13. Нэхэмжлэгч талаас Аймгийн Засаг дарга А/148 тоот захирамжийг гаргахаасаа өмнө нэхэмжлэгч Б.Б-ийн эрхийг хангаж, тухайн шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, санал тайлбарыг нь аваагүй, нотлох баримт гаргаж өгөх боломжоор нь хангаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлэгт заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн гэдэг үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахыг хүссэн байна.
14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг эс зөвшөөрч Сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж заасны дагуу газар эзэмшүүлэх ёстой. Уг хуулийн заалтыг зөрчиж захирамж гаргасан. Тус захирамжийн агуулга үндэслэх хэсэг болон газар эзэмшүүлсэн хэсгүүд нь хоорондоо зөрчилдөж байна. Тухайн газар нь иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байдаг. Ямартай ч бид сонсох ажиллагааны мэдэгдлийг гардуулж өгсөн. Уг мэдэгдлийг өгсний дараа хүрэлцэн ирж саналаа хэлэхэд тэмдэглэж авсан гэж тайлбарлан маргажээ.
15. Гуравдагч этгээдийн зүгээс 2020 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших хүсэлтээ Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргасан бөгөөд надад газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэсэн хариу өгсөн. Гэхдээ тус газарт холбогдох албан тушаалтны зөвшөөрлөөр буусан гэж тайлбар гарган нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлжээ.
16. Маргаан бүхий захиргааны акт болох Увс аймгийн Засаг даргын А/148 дугаартай захирамжаар Монгол Улсын засаг захиргаа , нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.11, 66 дугаар зүйлийн 66.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 201 оны А/187 дугаар тушаалын хавсралтаар баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын 1.2 дахь заалтыг үндэслэн Улаангом сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн А/145 дугаар Газар эзэмшүүлэх тухай /зөрчил арилгах/ захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
17. Харин Улаангом сумын Засаг дарга 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/145 дугаар захирамжаар 2 иргэнд жимс жимсгэнэ зориулалтаар 15 жилийн хугацаатай 76227 м/кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд тухайн газаас 4989 м/кв газрыг нь Б.Б-д /РД:ОЭ73110873/ эзэмшүүлсэн байдаг.
18. Уг захирамжийг үндэслэн Улаангом сумын газрын даамал 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 8516014270 дугаар бүхий 4989 м.кв газрыг жимс жимсгэнийн усалгаатай тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай Б.Б-д эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-1520001578 дугаарт бүртгэн газрын гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээг түүнтэй байгуулсан байна.
19. Увс аймгийн Засаг дарга гуравдагч этгээд Ю.Б-оос ирүүлсэн Улаангом сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах тухай 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн гомдлыг хүлээн авч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаад уг гомдолд дурдагдсан маргаан бүхий газар Улаангом сумын ИТХ-аар батлуулсан 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх талаар аймгийн ГХБХГазраас лавлагаа хүсэж хариу авсан байна.
20 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр бүлэгт захиргааны актад гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх харилцааг нарийвчлан зохицуулсан байх бөгөөд мөн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д Захиргааны байгууллага гомдлыг шийдвэрлэх талаар дараах ажиллагаа явуулна:
95.1.1-д захиргааны акт хууль тогтоомж болон зорилгодоо нийцсэн эсэхийг шалгах, 95.1.2-д захиргааны байгууллага сонсох боломжоо хэрэглэсэн байдлыг шалгах, 95.1.3-д гомдол гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шаардлагатай бол эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гуравдагч этгээдэд гомдлыг шийдвэрлэх он, сар, өдөр газрыг урьдчилан мэдэгдэж, уг ажиллагаанд хүсэлтээр нь байлцуулна гэж тус тус заажээ.
21. Увс аймгийн Засаг дарга хуульд заасны дагуу Улаангом сумын Засаг даргын А/145 дугаартай захирамж хууль тогтоомж зөрчсөн эсэх, зорилгодоо нийцсэн эсэхийг шалгасны үндсэн дээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна. Харин тэрээр эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гуравдагч этгээд болох Б.Б-д гомдлыг шийдвэрлэх он, сар, өдөр газрыг урьдчилан мэдэгдээгүй боловч түүний оролцоог хангаж 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Сонсох ажиллагаа явуулах тухай 1/314 дугаартай албан бичгээр түүнд маргаан бүхий захирамжийн төслийн үндэслэлийг танилцуулж, Улаангом сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/145 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгох гэж байгаатай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу бичгээр, амаар, утсаар болон боломжтой гэж үзсэн бусад хувилбараа сонгон санал тайлбараа 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дотор аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэст ирүүлэхийг хүссэн ба улмаар 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Наранмандах Б.Б-тэй биечлэн уулзаж саналыг нь авсан тухай тэмдэглэл үйлдсэн байна.
22. Хэдийгээр хариуцагч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1.3-д заасныг нэг мөр ойлгож, хэрэгжүүлж ажиллах тал дээр алдаа гаргасан байгаа боловч энэ нь маргаан бүхий захиргааны актын үндсэн зохицуулалт утга агуулгад нөлөөлөхгүй байгаа ба өөрөөр хэлбэл Увс аймгийн даргын А/148 дугаартай захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
23. Аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.11-д зааснаар газар эзэмших, ашиглахтай холбоотой маргааныг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх эрхтэй ба мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Засаг дарга энэ хууль болон бусад хуульд тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, 66.3-д Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно гэж ,
Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга шийдвэрлэхээр, 61.1 Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/ -ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж аймгийн Засаг даргын газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг тус тус тодорхойлжээ.
24. Сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д зааснаар энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байна.
25. Улаангом сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/145 дугаар захирамжаар иргэн Б.Б-д эзэмшүүлсэн жимс жимсгэнийн зориулалттай 4989 м.кв газар нь Улаангом сумын ИТХ-аар батлагдсан 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй болох нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Увс аймгийн Улаангом сумын ИТХ-ын хуралдааны А/04 дугаартай тогтоол, 2022 оны 02 сарын 22-ны өдрийн аймгийн ГХБХБГ-ын 98 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Улаангом сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь хэсгийг зөрчиж Улаангом сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт Б.Б-д газар эзэмшүүлжээ.
26. Мөн Улаангом сумын Засаг дарга тус захирамжийг газрын кадастрын мэдээллийн санд зөрүүтэй орсон мэдээллийг засварлах зорилгоор гаргасан нь бодит нөхцөлтэй тохирохгүй байна. Шинээр газар эзэмшсэн Б.Б-ийн хувьд кадастрын мэдээллийн санд зөрүүтэй орсон мэдээлэл байх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл уг захирамж нь утга агуулгын илэрхий алдаатай, мөн зорилгодоо нийцээгүй байна. Үүнээс үзэхэд Улаангом сумын Засаг дарга иргэнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан Захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хэрэгжүүлж ажиллаагүй буруутай байна.
27. Увс аймгийн Засаг дарга хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд Улаангом сумын Засаг даргын илтэд эрх зүйн зөрчилтэй хууль бус захирамжийг хүчингүй болгосон байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
28. Иймд дээр дурдагдсан хууль эрх зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Б-ийн Увс аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/148 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
29. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 60 дугаар зүйлийн 60.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 95.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн шүүхэд гаргасан Увс аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/148 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ОЮУНГЭРЭЛ