Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 154

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга А.Болор,

Улсын яллагч П.Даваасүрэн,

Шүүгдэгч О.Энхцэцэг, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жарангийнхан овогт Оюунцэцэгийн Энхцэцэгт холбогдох эрүүгийн 201625022774 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Жарангийнхан овогт Оюунцэцэгийн Энхцэцэг, Монгол улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 4-5 насны 2 хүүхэд, хадам аавын хамт, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 5-118 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй                           /РД: УП94041127/;

 

Шүүгдэгч О.Энхцэцэг нь согтуурсан үедээ 2016 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” шөнийн клубд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин “Б.Ган-Эрдэнийг бүжиглэж байхдаа Оюунцэцэгийг бөгсөөрөө түлхлээ” гэх ялимгүй зүйлээр шалтаглан хохирогч Б.Ган-Эрдэнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Энхцэцэг мэдүүлэхдээ: “...2016 оны 10

 

дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө найз Оюунцэцэгтэй “Лакс” шөнийн клубд хамт орсон. Бид хоёр тус бүр 2 ширхэг пиво авч, нэгийг нь ууж дуусгаад бүжгийн талбайд гарч бүжиглэсэн. Тэгэхэд Оюунцэцэгийн ард хохирогч Ган-Эрдэнэ нь үеэлүүдийнхээ хамт бүжиглэж байсан. Бүжиглэж байхдаа Оюунцэцэгийг бөгсөөрөө түлхэж бүжиглээд байсан. Оюунцэцэг яагаад байгаа юм бэ гэж эргэж хараад хэлэхэд Ган-Эрдэнэ Оюунцэцэгийн үснээс нь зулгаасан. Тэгээд тавуулаа нийлээд Оюунцэцэг рүү дайрахаар нь би салгах гэж хамгаалагч нартай дундуур нь орсон. Тэгэхэд над руу 3 хүн дайрч намайг маажихаар нь би буцаагаад Ган-Эрдэнийг маажсан. Хамгаалагч нар ирж Ган-Эрдэнэтэй хамт явж байсан хүмүүсийг бүгдийг нь салгасан. Би шөнийн 1 цагт цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд Оюунцэцэгтэй хамт талбайн камерыг шалгах гэсэн боловч камерын бичлэг олдоогүй. Бид нар цагдаагийн хэлтэс дээр очиж байцаагдсан. Тухайн үед Ган-Эрдэнэ шүүх эмнэлэгт үзүүлсэн харин би үзүүлж чадаагүй. Би нүүрэндээ маажуулсан, зургаа Цэлмэг байцаагчид өгсөн. Дараа нь олдохгүй байна гэж хэлээд хавтаст хэрэгт хийгээгүй байсан. Одоо бол надад сорви байхгүй, харин Оюунцэцэгийн гарт сорви үлдсэн. Би дундуур нь орж салгах гэсэн биш өөрөө ийм хэрэгт холбогдчихсон.” гэв.

Хохирогч Б.Ган-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…би тухайн үед бүжгийн талбай дээр ганцаараа бүжиглэж байгаад Оюунцэцэг гэдэг охиныг санаандгүй өгзөгөөрөө түлхчихээд маргаад байж байтал Энхцэцэг гэдэг охин миний нүүрэн тус газар баруун гарын хумсаараа маажсан тэгээд би нүдээ даараад доошоо тонгойтол хамт явж байсан Цовооцэцэг, Ганцэцэг нар ирж салгасан чинь баарны хамгаалагч нар бид нарыг баарнаас гаргасан бид 102 дуудаад цагдаа нар ирсэн ... би цагдаа нарт камерийн бичлэг шүүмээр байна гэхэд камерийн ажилтан талбайн камер ажиллахгүй байна гэж байсан..миний нүүрэн тус газар маажиж улайж цус гарсан, баруун зүүн хоёр гарын булчин хэсгээр хөхөрч баруун талын толгой хэсгээр хавдсан... тэгэхэд миний хажууд Оюунцэцэг л байсан өөр хүн байгаагүй...Энхцэцэг миний хохирлыг барагдуулж надтай эвлэрсэн…” гэсэн мэдүүлэг /хх-14/,

Гэрч Б.Оюунцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…бүжгийн талбай талбай дээр Ган-Эрдэнэ өгзөгөөрөө байн байн түлхээд байхаар нь би эргэж хараад яагаад байгаа юм бэ гэхэд миний цээж рүү түлхэж унагаасан би газар унаад босч ирээд Ган-Эрдэнийг түлхсэн чинь Ган-Эрдэнэ миний үснээс зулгаагаад би зөрүүлээд үснээс нь зулгаасан... би Энхцэцэгийг хайгаад олоогүй нэг хартал бүжгийн талбайн голд Энхцэцэг, Ган-Эрдэнэ хоёр газар унасан байдалтай үснээсээ зулгаалцсан байсан тэгээд баарны хамгаалагч нар тэр хоёрыг салгасан …” гэсэн мэдүүлэг /хх-15/,

Гэрч Т.Цовооцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Ган-Эрдэнэ тэр үед ганцаараа бүжгийн талбай дээр үлдээд бид хэд ширээндээ сууж байгаад нэг харсан чинь Ган-Эрдэнэ газар уначихсан Энхцэцэг, Оюунцэцэг нар хажууд нь байсан Ган-Эрдэнэ босч ирэхдээ нүүрнээс нь цус гарсан байсан…” гэсэн мэдүүлэг /хх-16/,

Гэрч М.Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2016 оны 10 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө тус бааранд зохион байгуулагчаар ажиллаж байхад манай бааранд үйлчлүүлж байсан Энхцэцэг Оюунцэцэг нар баарны коридорт 3-4

 

эмэгтэйтэй хэрэлдээд байхаар нь Энхцэцэг Оюунцэцэг хоёрыг нь үлдээгээд бусдыг нь баарнаас хөөж гаргасан…” гэсэн мэдүүлэг /хх-39-40/,

Гэрч Б.Золбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…тэгэхэд би хамгаалалтын үүргээ гүйцэтгээд байж байхад манай баарны ажилчид зодоон болоод байна гэхээр нь очиход Энхцэцэг Оюунцэцэг хоёрлуу нөгөө нүүрээ маажуулсан гэх намхан биетэй охин хамт явсан охидуудтайгаа нийлээд дайраад байсан ба тал талаас нь үсдээд байхаар нь би салгаад маажуулсан охиныг найзуудтай нь хамт баарнаас гаргасан... тэр охидууд Оюунцэцэг, Энхцэцэг хоёрыг үснээс нь зулгаагаад байхаар нь та нар болиоч гэхэд манай найзын нүүрийг нь маажсан байгаа биз дээ гэхээр нь би гомдолтой байвал цагдаа дууд гэж хэлсэн…” гэсэн мэдүүлэг /хх-19-20/,

Шүүгдэгч О.Энхцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Би тэр үед найз Оюунцэцэгтэй хамт “Лакс” бааранд сууж байгаад бүжгийн талбай дээр бүжиглэж байтал Ган-Эрдэнэ гэх охин өгзгөөрөө Оюунцэцэг рүү байн байн түлхээд байсан, Ган-Эрдэнэ Оюунцэцэг хоёр маргаад үснээсээ зулгаалцаад байтал Ган-Эрдэнэтэй хамт явсан охидууд Оюунцэцэг рүү дайраад байсан би хамгаалагчтай хамт салгасан Ган-Эрдэнэ намайг үсдээд дайрахаар нь би үснээс нь зулгааж байгаад нүүрийг нь хумсаараа маажсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-25/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд: “...Ган-Эрдэнийн биед дух, баруун зүүн нүдний зовхи, баруун алга, зүүн бугуйд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ...дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-21/,

 

Шүүгдэгч О.Энхцэцэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-29/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44/,

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-46/,

Хувийн байдлыг тодорхойлох бусад баримтууд /хх-30-41/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч О.Энхцэцэг нь согтуурсан үедээ 2016 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” шөнийн клубд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин “Б.Ган-Эрдэнийг бүжиглэж байхдаа Оюунцэцэгийг бөгсөөрөө түлхлээ” гэх ялимгүй зүйлээр шалтаглан хохирогч Б.Ган-Эрдэнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

хохирогч Б.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-14/, гэрч Б.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-15/, гэрч Т.Цовооцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-16/, гэрч М.Эрдэнийн мөрдөн байцаалтад

 

өгсөн мэдүүлэг /хх-39-40/, гэрч Б.Золбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-19-20/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-21/ болон мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт О.Энхцэцэгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

О.Энхцэцэгт Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Энхцэцэгт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, О.Энхцэцэг нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Жарангийнхан овогт Оюунцэцэгийн Энхцэцэгийг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар О.Энхцэцэгийг 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар О.Энхцэцэгт оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, О.Энхцэцэг нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар О.Энхцэцэгт оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Энхцэцэгт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Энхцэцэгт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ИДЭР