Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 283

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/00032 дугаар шийдвэртэй “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Б” ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 79 220 567 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хэв хашмал түрээслэх гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгааг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтан-Өлзий, хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч компанитай хэв хашмал түрээслэх гэрээ байгуулж, барилга угсралтын ажилд хэрэглэгдэх 12 нэр төрлийн 1239 ширхэг хэв хашмалыг гэрээний дагуу актаар хүлээлгэн өгсөн. Гэрээний 5.1 дэх хэсэгт зааснаар актаар хүлээлгэн өгсөн хэв хашмал, бусад хэрэглэгдэхүүний нэг өдрийн түрээсийн төлбөр 374 700 төгрөг бөгөөд гэрээний хугацаа 93 хоног байхаар тохиролцсон. Хариуцагч эхний 2 сарын түрээсийн төлбөр 23 231 400 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төлөх ёстой байснаас 25 хоногийн дараа буюу 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 10 000 000 төгрөг, түүнээс хойш 3 сарын дараа 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 20 000 000 төгрөгийг төлсөн. 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрээний 4.3, 5.1 дэх заалтуудыг үндэслэл болгож 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийг хүртэл 148 хоногийг алдангигүйгээр тооцоход, түрээсийн төлбөр 55 455 600 төгрөг болсон. Талууд ингэж тооцоо нийлэхдээ 2 хоногийг алдаж тооцсон бөгөөд 2 хоногийн түрээсийн төлбөр 749 400 төгрөг, төлсөн 30 000 000 төгрөгийг хасахаар үлдэгдэл төлбөр 25 455 000 төгрөг болж, хариуцагч дээрх мөнгийг хугацаа зааж, хэсэгчлэн төлөхөөр тохирсон боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагчаас 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх үлдэгдэл төлбөр 25 455 600 төгрөг, алданги 5 844 640 төгрөг, хэв хашмалыг буцаан өгөөгүйгээс үүссэн хохирол буюу манай компанийн олох ёстой байсан орлого 47 000 000 төгрөг, дутуу тооцсон 2 хоногийн төлбөр 749 400 төгрөг, нийт 79 220 567 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно. Тухайн үед хэн алинд нь ойлгомжтой байсан. Гэтэл хүлээлгэж өгөхгүй байгаагаа татгалзах боломжтой байсан гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Хариуцагч компани хавар хүртэл байлгаж байгаад цааш нь үргэлжлүүлээд ашигламаар байна, ямар ч байсан 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл тооцоо нийлье гэсэн болохоор бидний зүгээс зөвшөөрсөн. Хүч хэрэглэсэн нөхцөл байдал байгаа бол түүнийг нотлох ёстой. Түүнчлэн, дүр үзүүлэн хийсэн хэлцэл тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр зөвхөн гадаад хэлбэрийг бий болгохын тулд хийгддэг тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Б” ХХК иргэн Б.Оюунгэрэлтэй түрээсийн гэрээ байгуулж, гэрээнийхээ дагуу тухайн үедээ ажил гүйцэтгээгүй байсан ч 30 000 000 төгрөгийг төлсөн. “Б” ХХК нь иргэн Б.Оюунгэрэлтэй гэрээ байгуулсан болохоос биш “А” ХХК-тай гэрээ байгуулаагүй. Энэ талаар гэрээнд тодорхой байгаа. Нэхэмжлэгч өөрсдөө гэрээний үүргээ биелүүлээгүй. Хэрвээ гэрээг хүчин төгөлдөр гэж тооцвол 93 хоногийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэвэл гэрээний заалтад түрээслэгч тал өөрсдөө гэрээгээ цуцлах бүрэн эрхтэй буюу 2018 оны 4 дүгээр сард хэв хашмалаа очиж авсантай адилхан 2017 оны 10 дугаар сард хэв хашмалаа ирж авах боломжтой байсан. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй. Түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр М.Алтантөгс ирж, хариуцагчийг дарамталж байгаад тооцоо нийлсэн акт бичиж, гарын үсэг зуруулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэв хашмалыг хүлээн авахад Б.Оюунгэрэл байсан бөгөөд гэрээг манай нөхөр М.Алтантөгсийн “А” ХХК-ийн нэр дээр хийе, манай нөхөр БНСУ-д байгаа болохоор би гэрээнд гарын үсэг зурчихья гэж өөрөө зураад, дараа нь надаар гарын үсэг зуруулсан. Гэрээний дагуу компани Б.Оюунгэрэлд түрээсийн төлбөр 30 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Улмаар 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “А” ХХК-ийн захирал М.Алтантөгс, 3 залуугийн хамт барилгын хашаанд ирж дарамталж байгаад тооцооны үлдэгдлийн баталгаа дугаар 01 гэсэн цаасан дээр гарын үсэг зуруулсан. Иймээс “Б” ХХК болон “А” ХХК-иудын хооронд байгуулсан 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хэв хашмал түрээслэх гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгааг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 56.1.9 дэх хэсгүүдэд зааснаар дүр үзүүлсэн, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй, хуулийн этгээдийн үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэн, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас түрээсийн гэрээний үүргийн биелэлт 7 008 789 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 72 211 778 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 554 053 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 617 417 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 127 091 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан нотлох баримттай холбогдуулан хэргийн нөхцөл байдал, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагын талаар нэмэлт тайлбар хийх, зарим нотлох баримтад няцаалт хийх боломжтой байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид энэхүү боломжийг олгоогүй бөгөөд ойлгомжгүй байдлаар хуралдааныг удирдаж, нотлох баримт шинжлэн судалсны дараа зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нэмэлт тайлбар, тодруулга хийлгээд шүүх хуралдааныг хаасан болно. Ийнхүү шүүх хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.3-т заасан эрхүүдийг зөрчсөн.

Нэхэмжлэгч нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус хэргийг хянан шийдвэрлэх эхний шүүх хурал 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр болсон бөгөөд үүнээс хойш хариуцагчийн удаа дараагийн үндэслэлгүй хүсэлтүүдийг шүүх хангаж, шүүх хуралдааныг 12 удаа хойшлуулсан. Ингэхдээ ихэнх шүүх хурал нь гэрч О.Гансүхийг шүүх хуралдаанд оролцуулах тухай хариуцагчийн хүсэлтийн дагуу хойшлогдож байсан. Гэрч асуулгах, хариуцагчийг оролцуулах, төлөөлөгчийг солих, эсвэл төлөөлөгч оролцохоос татгалзах гэх мэт хариуцагч талын үндэслэлгүй хүсэлтийг таслан зогсоож хурлыг үргэлжлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байгааг таслан зогсоох талаар шүүх ямар нэг ажиллагаа, арга хэмжээ аваагүй нь шийдлийг хариуцагчийн ашиг сонирхолд нийцүүлэх гэсэн, оролцогчийн эрх тэгш байдлыг алдагдуулж, нэг талд үйлчлэх оролдлого байсан болно. Шүүх хэргийн оролцогчийн ямар нэг хүсэлтгүйгээр, бидэнд мэдэгдэлгүйгээр 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрч О.Гансүхийг гэнэт асуусан байсныг бид мэдээд мэдүүлэгтэй нь танилцахад илт худал байсан тул гэрчээс тодруулж асуулт асуух зорилгоор хуралд оролцуулах хүсэлт гаргасан ч үүнээс хойш 2 ч удаагийн хуралд тэрээр хүрэлцэн ирээгүй, ирүүлэх талаар шүүх ямар нэгэн бодитой арга хэмжээ аваагүй. Ийнхүү шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдааны бусад оролцогчид асуулт тавих эрхийг хязгаарлаж улмаар хууль сануулсаар байхад худал мэдүүлэг өгсөн гэрч О.Гансүхэд хариуцлага тооцох эсэх талаар дүгнэлт хийгээгүй зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Дээрх гэрчийн мэдүүлгийг няцаах зорилгоор нэхэмжлэгч тал 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шинээр нотлох баримт гаргаж, гэрчээр Ж.Мөнхжаргалыг асуулгасан. Тус 2 гэрчийн мэдүүлэгт ноцтой зөрүү гарсан бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт заасны дагуу гэрчүүдийн мэдүүлгийн ноцтой зөрүүг арилгах ямар нэгэн арга хэмжээ аваагүйн дээр хариуцагч талын асуулгасан гэрч О.Гансүхийн мэдүүлгийн үнэн зөв, эргэлзээгүй эсэхэд дүгнэлт хийгээгүй нь шүүх хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэх, талуудын эрх тэгш байдлыг хангах, хариуцагч Б ХХК-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хандаж байгаа хандлага, байр суурийг тодорхойлоход ихээхэн ач холбогдолтой байсан. Түүнчлэн, шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах гэж байгаатай холбоотойгоор сүүлийн шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахыг хүссэн боловч шүүх хуралдааны тэмдэглэл хэргийн материалд авагдаагүй байсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2, 96.3 дах хэсэгт заасан тэмдэглэлд засвар оруулах эрхээ хязгаарлуулсан. Мөн шүүгч шийдвэрийнхээ тогтоох хэсгийн агуулгыг тайлбарлахдаа нэхэмжлэлийн шаардлагаас хэдэн төгрөгийг хангаж, хэдийг нь хангахгүй орхисон талаар тайлбарлахгүй байсан тул миний бие нэхэмжлэлээс яг хэдэн төгрөгийг нь хангасан талаар шүүгчээс асуухад хариулт өгөхгүйгээр хэргийн өөр бусад нөхцөл байдлын талаар тайлбарласан. Манайх шүүхийн шийдвэрийг гардаж авсны дараагаар нэхэмжлэлийн шаардлагаас 7 270 650 төгрөгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосныг нь мэдсэн.

Шүүгч хариуцагч талын гаргаж өгсөн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зөвлөмжийг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо тухайн баримтад тусгагдаагүй агуулгаар тайлбар хийж, шийдвэртээ тусган холбогдох хуулийн заалт зөрчсөн. Талууд гэрээний хугацааг болон гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар харилцан тохиролцож 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр баримт үйлдэж, түрээсийн гэрээний төлбөрт 25 455 600 төгрөг төлнө гэдгээ түрээслэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг бөгөөд энэхүү баримтыг шүүх ямар нэгэн байдлаар үнэлээгүй, энэ талаар дүгнэлт өгөөгүй. Нэгэнт талууд гэрээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөр тооцож, энэ хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт түрээслэгч 25 455 600 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрч, эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан байхад шүүх энэ талаар дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцсон нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэл болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөр болох 25 455 600 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон хохиролд нийт 79 220 567 төгрөг гаргуулахаар шаардсанаас /хх.1-2/ хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч марган, уг түрээсийн гэрээ болон 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгааны баримтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. /хх.81-82/

Талуудын хооронд 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан хэв хашмал түрээслэх гэрээгээр түрээслэгч “Б” ХХК нь түрээслүүлэгч “А” ХХК-ийн хэв хашмалыг 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 93 хоногийн хугацаатай, нэг өдрийн түрээсийн төлбөрийг 374 700 төгрөгөөр тооцон нийт 34 847 100 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, тухайн өдрөө хэв хашмалыг хүлээлгэж өгсөн болох нь талуудын тайлбар, түрээсийн гэрээ болон түрээсийн эд хөрөнгө хүлээлцсэн актаар тогтоогдож байна. /хх.7-11/ Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байна. Нэхэмжлэгч компанийн хувьд хариуцагч компаниас түрээсийн төлбөрийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг, түрээсийн зүйлийг гэрээгээр тохиролцсон хугацаа хэтэрснээс хойш ашигласны төлбөрийг мөн хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дах хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг няцаан гаргасан “гэрээг нэхэмжлэгч компанитай бус иргэн Б.Оюунгэрэлтэй байгуулж, түүнд түрээсийн төлбөр болох 30 000 000 төгрөгийг төлсөн” гэх тайлбар нь хэрэгт авагдсан 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаартай /хх.106/ “А” ХХК-ийн захирал М.Алтантөгс нь эхнэр Б.Оюунгэрэлд өөрийнх нь эзгүйд “компанийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой болон хэв хашмал, бусад хэрэглэгдэхүүн түрээслэх гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах, эд хөрөнгө хүлээлгэн өгөх, хүлээн авах, гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой тооцоо хийх” эрхийг олгосон тухай итгэмжлэл, хариуцагч нь гэрээнд гарын үсэг зурж, гэрээнд заасан хэв хашмалыг бодитойгоор хүлээн авч ашигласан байдал, түрээсийн төлбөрт 30 000 000 төгрөгийг төлсөн зэрэг баримтаар няцаагдаж байна.

Гэрээний дагуу хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хэв хашмалыг эргүүлэн хүлээлгэж өгөх гэрээгээр болон Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор талууд 2017 оны 7 дугаар сарын 04-өөс 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд түрээсийн зүйлийг ашигласантай холбоотой тооцоо нийлэн, хариуцагч нь түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 25 455 600 төгрөг байгааг зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдож байна. /хх.12/

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ зохих хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйг залруулах боломжтой. Учир нь хариуцагч гэрээгээр хүлээсэн түрээсийн зүйлийг буцааж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй боловч 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр талууд түрээсийн гэрээний дагуу үүссэн үүргийг дүгнэн, тооцоо нийлсэн байх тул тооцооны үлдэгдлийн баталгааны дагуу хариуцагч “Б” ХХК-аас 25 455 600 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дах хэсэгт заасанд нийцнэ. Иймд энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийг алданги шаардах эрхтэй гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг буруу хэрэглэсэн байна. Учир нь талуудын хоорондын гэрээнд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөхөөр заасан дээрх хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгээр тогтоосон алдангийн дээд хэмжээ болох 0,5 хувиас илүү байна. Ийнхүү хуулиар тогтоосон дээрх хэмжээг хэтрүүлэн тогтоосон алдангийн тухай тохиролцоо нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарах тул уг тохиролцоонд үндэслэн нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар нэмэлт тайлбар гаргах боломж олгоогүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дах хэсэгт заасан гэрчүүдийн мэдүүлгийн ноцтой зөрүүг арилгах арга хэмжээ аваагүй, нэхэмжлэгчийн зүгээс дээрх хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дах хэсэгт заасан шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, түүнд засвар оруулах эрхээ хязгаарлуулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хэв хашмал түрээслэх гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаанд айлган сүрдүүлж, дарамталж гарын үсэг зуруулсан гэх тайлбараа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу баримтаар нотлоогүй. Мөн “А” ХХК-ийг төлөөлж Б.Оюунгэрэл гэрээ байгуулж байгааг мэдэж, түүнийг хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/00032 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “232 дугаар зүйлийн 232.4” гэснийг “326 дугаар зүйлийн 326.2, 232 дугаар зүйлийн 232.6” гэж, “7 270 650” гэснийг “25 455 600” гэж, “71 949 917” гэснийг “53 764 967” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 3 дах заалтад “131 280” гэснийг “285 228” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 285 228 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                             Ж.ОЮУНТУНГАЛАГ