Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэнжаргалын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 124/2022/0020/з |
Дугаар | 124/ШШ/2022/41 |
Огноо | 2022-10-03 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 124/ШШ/2022/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт оршин суух Болбуу овгийн Б.Б,
Хариуцагч: Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд холбогдуулан гаргасан,
Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 43 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, Б.Б надад хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Б нь тус шүүхэд анх Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 43 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд холбогдуулан Б.Б надад хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоохыг даалгуулах гэж нэмэгдүүлжээ.
2. Хариуцагч маргаан бүхий захиргааны акт болох Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 43 тоот тогтоолоор Увс аймгийн Улаангом сумын иргэн Б.Бгаас ирүүлсэн Увс аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд техникчээр ажиллаж байсан хугацаагаа хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамааруулан тооцуулж өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлтийг хэлэлцээд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77-р тушаалын 2-р бүлгийн 19, 4-р бүлгийн 31 дэх зүйлд хамааруулан хөдөлмөрийн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүйг тогтоосугай гэж шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч Б.Б нь маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч 30 хоногийн дотор Нийгмийн даатгалын Ерөнхий газрын гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 32/21 дугаартай албан бичгээр гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй хариуг авч 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.
4. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б би Нийгмийн даатгалын хэлтсийн 43-р тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр уг тогтоолыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Үүнд: Нийгмийн хамгааллын сайдын 2004 оны 05-р сарын 03-ны өдрийн 77-р тушаалын 2- р зүйлийн 19-д, 4-р зүйлийн 31-д заасан "Хүнд хортой нөхцөлд олон жил ажилласан хөнгөлөлттэй нөхцөл"-өөр тэтгэвэрт гарах тодорхойлолтоо Увс аймгийн НДХэлтэст хүргүүлсэн боловч тус хэлтсээс "Ус цаг уур орчны шинжилгээний төвд техникч"-ээр ажилладаг гэж миний эрхэлдэггүй ажил, албан тушаалыг үндэслэн тэтгэвэр тогтоолгох боломжгүй хэмээн шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, миний эрхэлж буй ажил, албан тушаал болох "Байгаль орчны шинжилгээний лабораторийн техникч"-ийг үндэслэн хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгож өгөхийг нэхэмжилж байна гэжээ.
5. Нэхэмжлэгч Б.Б нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Б.Б нь Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 43 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гаргасан.
Миний бие Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд Байгаль орчны шинжилгээний лабораторийн техникчээр ажиллаж байгаад Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт-ын 4-д хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг гаргасан бөгөөд 31 дэх хэсэгт миний ажил албан тушаал хамаардаг тул 2022 онд Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлтийг гаргасан. Тус 43 тоот тогтоолыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч Б.Б миний зөрчигдсөн эрх хуулийн хүрээнд бүрэн сэргэхгүй байгаа тул миний бие анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Увс аймгийн Нийгмийн даатгалын хэтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 43 тоот тогтоолыг хүчингүй болгож, Б.Б надад хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоохыг даалгаж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 1991 оноос Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд бичээч, үйлчлэгчээр ажилд орж, 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Орчны бохирдлын харуулын ажиглагчаар тус тус ажилласан. Манай лабораторийн харуул нь 1980 онд анх байгуулагдсан. 2003 онд Ус,цаг уур, орчны шинжилгээний газрын дэргэдэх мэргэжил олгох дамжаанд суралцаж агаарын ажиглагч техникч гэдэг үнэмлэх авч 2003 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс уг мэргэжлээрээ одоог хүртэл Увс аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний лабораторид ажиллаж байна. Манай лаборатори нь итгэмжлэгдсэн лаборатори бөгөөд олон төрлийн химийн бодистой харьцаж ажилладаг. Өдөр бүр агаар, ус, хөрсөнд шинжилгээ хийдэг. Тийм учраас хөнгөлөлтэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд өндөр насны тэтгэвэр авах эрхийг зохицуулж өгсөн. Мөн хуулийн 4.3-т Газрын дор болон хөдөлмөрийн халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж хуульчилсан. Мөн хуулийн 4 дугаар зүйлийн 4.3.3-т нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй, 55 нас хүрсэн түүнчлэн нийтдээ 20-оос дүүшгүй жил үнээс 10-аас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй, 50 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарах эрх үүсэхээр хуульчилж өгсөн. Нэхэмжлэгч нь 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр анх бичээч, үйлчлэгчээр ажилд орсон. 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2022 оны 03 дугаар сар буюу өргөдөл гаргасан өдөр хүртлээ тоолоход нийтдээ 31 жил 6 сар тухайн байгууллагад ажилласан байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан нийт 20-оос дүүшгүй жил ажилласан гэдэг болзлыг хангасан. Уг хуулиар үүнээс 10 жил нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан байх ёстой гэсэн хуулийн шаардлага тавигдаж байна. Нэхэмжлэгчийн хувьд хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтэр, хөдөлмөрийн гэрээ, гэрч нарын мэдүүлэг, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг бичилтүүдээс харахад 2003 оноос хойш Ус цаг уур, орчны шинжилгээний газрын Байгаль орчны шинжилгээний лабораторийн техникчийн ажилд томилогдон ажилласан. 2003 оноос 2022 он хүртэл 18 жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд тасралтгүй ажил эрхэлсэн байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан 10-аас доошгүй жил ажилласан байна гэсэн шаардлагыг хангасан. Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сард 50 хүрсэн. Ийм учраас хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан байна. Хуульд заасан болзол шаардлагуудыг бүрэн хангасан гэж үзэж байна.Хариуцагч талаас тэтгэвэр тогтоолгохоос татгалзсан үндэслэл нь Б.Б-ийн ажиллаж байгаа ажил мэргэжил нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан тэтгэврийн хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын 4-р бүлгийн 31-д хамаарахгүй байна гэсэн татгалзсан хариуг өгсөн. Татгалзсан хариу тайлбарыг өгөхдөө нэхэмжлэгчийн ажил албан тушаалыг андуурч буруу бичсэн байдаг. Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар ерөнхий газрын маргаан таслах зөвлөлд хандсан албан тоотоос харахад нэхэмжлэгчийн албан тушаалыг Ус, цаг уур, орчны төвд техникчээр гэдэг нэршлээр бичиж татгалзсан. Нэхэмжлэгч нь Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний лабораторийн техникчээр ажилладаг. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт зэргээс харахаар нэхэмжлэгч нь өдөр тутамдаа агаарын, хөрсний бохирдлын, агаар усны шинжилгээнүүдийг байнга хийдэг. Тухайн лаборатори нь 90 төрлийн химийн хортой болон аюултай бодисыг өдөр тутмын үйл ажиллагаа, шинжилгээндээ ашигладаг. Мөн тусгай зөвшөөрлүүдийг он оноор нь сунгаад явж байсан баримтууд хэрэгт авагдсан байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын 4 дүгээр бүлэгт хөдөлмөрийн хүнд нөхцөлийг журамласан бөгөөд тус бүлгийн 31-т Өдөр бүр химийн бодисоор гардан ажиллаж ус хөрс, агаар, ургамал, амьтны гаралтай бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, химийн ба барилгын материал эрдэс бордоо, эм, нүүрс, занар, нефтийн бүтээгдэхүүн, кримналастикийн шинжээч, металл судлаач үнэт метальд сорьц тавигч зэрэг мэргэжлүүдийг тоочсон байдаг. Өдөр тутам шинжилгээ хийдэг техникч нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллахаар хуульчилсан байна. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн 43 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоохыг даалгаж өгнө үү гэжээ.
8. Хариуцагч Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга А.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Увс аймгийн Улаангом сумын иргэн Б овогтой Б нь Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх "Ажил олгогч даатгуулагч болон Нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан зөрөөг хянан шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөл"-д 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд техникчээр ажиллаж байсан хугацаагаа хөдөлмөрийн хүнд нөхцөлд тооцуулан өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ ирүүлсэн.
Тус зөвлөл нь дээрх хүсэлтийг судлан хэлэлцэж, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77-р тушаалаар баталсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт"-ын 2-р бүлгийн 19, 4-р бүлгийн 31 дэх зүйлд хамааруулан хөдөлмөрийн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүйг тогтоож шийдвэрлэсэн билээ.
Иргэн Б.Б нь тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Нийгмийн даатгалын ерөнхий газрын Гомдлын шаардлагын зөвлөлд хандсан боловч дээрх зөвлөлийн шийдвэрийг хэвээр үлдээж байгааг мэдэгдсэн 32/20 тоот хариуг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн байна.
Хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтны ажил мэргэжлийн нэрийг дээрх жагсаалттай нийцүүлэн бичих үүргийг ажил олгогч хариуцах үүрэгтэй бөгөөд Цаг, уур орчны, шинжилгээний салбар тус жагсаалтад байхгүй ба энэхүү жагсаалттай зөрчилдсөний улмаас тэтгэвэр тогтоолгох асуудлаас гарч буй гомдол маргааныг "Ажил олгогч даатгуулагч болон Нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан зөрөөг хянан шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөл"-өөр хэлэлцэн шийдвэрлэж байхыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 77 тушаалаар үүрэг болгосны дагуу шийдвэр гаргасан болно гэжээ.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэн Б.Б 2022 оны 03 дугаар сарын 16-ний өдөр Нийгмийн даатгалын хэлтэст хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан. Тухайн үед даатгалын байцаагч нь заалт, нэршил таарахгүй байна гэдэг үндэслэлээр гомдлын шаардлагын зөвлөлд батлагдсан журмын дагуу хандсан. Гомдлын шаардлагын зөвлөлийн хурал хуралдаад 2022 оны 03 дугаар сарын 16-ний өдөр 43 тоот тогтоолыг гаргасан. Энэ тогтоолоор Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын 2-р бүлгийн 19, 4-р бүлгийн 31-д хамаарахгүй учир өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэсэн шийдвэрийг гаргасан байна. Болормаа нь Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд ажилладаг. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаал нь салбар чиглэл бүрээр мэргэжлийн ажилтнуудыг заачихсан байдаг. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын нэршил бол байхгүй байна. Өмгөөлөгч нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын 4.31-т техникч гэдэг үг байна гэж хэлсэн. Хортон шавьжид шинжилгээ хийдэг эрдэм шинжилгээний ажилтан нь тэргүүлэгч, ахлах, туслах ажилтан, химич, биохимич, эм найруулагч, инженер, технологич, шинжээч зэрэг нэршлүүдийг заасан. Уг тушаалын 4.31 -т олон нэр төрлийн химийн бодисыг өргөн хүрээтэй шинжилгээ хийдэг эрдэм шинжилгээний ажилтнууд гэж байдаг. Нэхэмжлэгчийн материалыг судлахад ус хөрсний сургалтаар сертификатуудыг авсан байна. Харин мэргэжлийн боловсролын диплом байхгүй байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалд нэршлийг нь заагаагүй учраас гомдлын шаардлагын зөвлөлийн бүрэлдэхүүн татгалзаж шийдвэрлэсэн гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгчөөс гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 43 дугаар тогтоолыг хүчингүй болгож, үлдэх Б.Б надад хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоохыг даалгуулах тухай хэсгийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Б нь Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 43 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, Б.Б надад хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоохыг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцсон болно. Тэрээр хариуцагч Увс аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд техникчээр ажилладаг гэж миний эрхэлдэггүй ажил, албан тушаалыг үндэслэн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэсэн хариу өгсөн гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Б.Б нь Увс аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний лабораторийн техникчээр ажилладаг бөгөөд өдөр тутамдаа ус, хөрсний бохирдлын, агаарын шинжилгээнүүдийг байнга хийдэг. Тухайн лаборатори нь 90 төрлийн химийн хортой болон аюултай бодисыг өдөр тутмын үйл ажиллагаа, шинжилгээндээ ашигладаг. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын 4 дүгээр бүлэгт хөдөлмөрийн хүнд нөхцөлийг журамласан бөгөөд тус бүлгийн 31-т заасан хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтад нэхэмжлэгчийн эрхэлж байгаа байгаа ажил хамаарч байгаа бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд 4 дүгээр зүйлийн 4.3.3-д заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох болзол шаардлагыг бүрэн хангасан гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалд салбар чиглэл бүрээр мэргэжлийн ажилтнуудыг заачихсан байдаг. Энэ тушаалд Ус цаг уур, орчны шинжилгээний газрын нэршил бол байхгүй байна гэх тайлбар гарган шүүх хуралдаанд оролцжээ.
5. Нэхэмжлэгч Б.Б нь Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр хариуцсан байцаагчтай биечлэн уулзаж хөдөлмөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасан боловч байцаагч татгалзсан хариу өгсөн учир ажил олгогч байгууллагын зүгээс түүний ажил байдал болон ажлын нөхцөлийн талаарх тодорхойлолтыг 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаартай албан бичгээр Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн байна.
6. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөл 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 5 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, Б.Б-ийн хүсэлтийг хэлэлцээд 77-р тушаалын хүнд нөхцөл дээр цаг уурын заалт байхгүй гэдэг үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж, Увс аймгийн Улаангом сумын иргэн Б.Б-аас Увс аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд техникчээр ажиллаж байсан хугацаагаа хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамруулан тооцуулж өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлтийг авч хэлэлцээд холбогдох баримтыг судлан Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 77-р тушаалын 2-р бүлгийн 19, 4-р бүлгийн 31 дэх зүйлд хамааруулан хөдөлмөрийн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүйг тогтоосугай гэж шийдвэрлэж, хариу өгсөн байна.
7. Нэхэмжлэгч Б.Б-г 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Увс аймгийн Байгаль орчин хяналтын газрын даргын 49 тоот тушаалаар Ус, цаг уурын газарт бичээч, үйлчлэгч-ээр, 1994 оны 08 сарын 21-ний өдрийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн захирлын 32 дугаартай тушаалаар орчны харуулын ахлагч-аар, 2003 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тус төвийн захирлын 36 дугаартай тушаалаар Увс аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний лабораторид техникч-ээр тус тус томилон ажиллуулжээ.
8. Б.Б нь Увс аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд анх томилогдсон өдрөөсөө хойш өнөөдрийг хүртэл 32 жил 1 сар тасралтгүй ажилласнаас 19 жил 3 сар нь тус төвийн Байгаль орчны шинжилгээний лабораторт техникч-ээр ажиллаж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, ажил олгогч байгууллагын тодорхойлолт, түүнд 1990 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр олгосон 350200 дугаартай хөдөлмөрийн дэвтэр дээрх эрх бүхий албан тушаалтны ажилд томилсон, шилжүүлсэн тушаалын бичилтүүд, тухайн онуудын ажилласан жилийг баталгаажуулсан нийгмийн даатгалын байгууллагын байцаагчийн тэмдэглэл, мөн 316455, А161483, А00127599 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр дээрх 1995-2020 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бичилт, баталгаажуулалт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
9. 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвүүдийн бүтэц орон тооны дээд хязгаарыг батлах тухай А/83 дугаартай тушаал, Увс аймгийн Ус,цаг уур, орчны шинжилгээний төвийн 2020 онд мөрдөх орон тоо албан тушаалын жагсаалт зэргийг үндэслэн гэрч Увс аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Б.П өөрийн байгууллагын бүтэц, орон тооны талаар Манай байгууллага Захиргаа аж ахуйн хэлтэс, Мэдээлэл үйлчилгээний хэлтэс, Цаг уур, технологийн хэлтэс гэсэн гурван хэлтэстэй. Увс аймгийн хэмжээнд ус, цаг уур, байгаль орчны төлөв байдлын ажиглалт судалгааг хийдэг. Нийт үндсэн 88 орон тоотойгоор ажилладаг бөгөөд аймгийн төвд 38 албан хаагч ажилладаг. Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 1980 онд агаарын чанар хянах харуул нэртэйгээр байгуулагдаад улмаар 1990 онд байгаль орчны шинжилгээний лаборатори болон өргөжсөн. Лаборатори нь Цаг уур, орчны технологийн хэлтэстээ хамаардаг бөгөөд лабораторийн эрхлэгч, технологич инженер, 2 техникч гэсэн 4 орон тоотой ажилладаг. Сумуудад ажиллаж байгаа цаг агаарын бодит мэдээллийн хэмжилт судалгаа хийдэг 30 гаруй албан хаагч байдаг. Тэдгээр албан хаагчид өртөөний техникч нэршилтэйгээр ажилладаг. Эдгээр албан хаагчдын ажлын нөхцөл хэвийн бус нөхцөлд хамаардаггүй гэж мэдүүлсэн байна.
10. Б.Б-ийн эрхэлж буй ажил, албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байх бөгөөд ажил олгогчтой байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээнд /хугацаагүй/ түүний ажлын байрны нөхцөлийг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл /хортой/ гэж тодорхойлсон байх бөгөөд уг хөдөлмөрийн гэрээгээр агаарын бохирдлын шинжилгээг өдөр бүр буюу 695 удаа, цацрагийн шинжилгээг 10 хоног тутам буюу 36 удаа, гадаргын болон үйлдвэрийн хаягдал усны бохирдлын шинжилгээг 3-11 сарын хооронд 126 удаа, тунадасны шинжилгээг 11 сард тухай бүр, хөрсний шинжилгээний ажлыг 8-12 сарын хооронд 16-90 удаа тус тус хийх үүргийг тэрээр хүлээсэн байна.
Мөн лабораторийн техникчийн албан тушаалын/ажлын байрны/ тодорхойлолтод Агаарын чанарын харуулын шинжилгээний ажлыг хөтөлбөрийн дагуу чанартай хийх, агаарт агуулагдаж буй хүхэрлэг хий болон азотын давхар ислийн хэмжээг тодорхойлох, ус, хөрсний хяналт шинжилгээг хөтөлбөрийн дагуу чанартай хийх, сорьц дээжийн чанарт тогтмол хяналт тавих, бодис урвалжийн хадгалалт хамгаалалтын чанарт анхаарч ажиллах гэх мэт ажил үүргийг гүйцэтгэхээр тусгажээ.
11. Гэрч Увс аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Б.П лабораторийн техникч-ийн ажлын нөхцөлийн талаар Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын 2-р бүлгийн 19 буюу 4-р бүлгийн 31-д заасан үндэслэлээр олон нэр төрлийн химийн бодис ашиглан ус, хөрс, агаарын шинжилгээ хийдэг ажилтан /техникч/ тул түүний ажлын нөхцөлийг хэвийн бус гэж үзсэн. Хэвийн бус нөхцөлд ажилладаг учраас нормын хувцас болон хор саармагжуулагч бүтээгдэхүүнээр хангадаг гэж, гэрч тус лабораторийн эрхлэгч, чанарын менежер ажилтай Г.О Манай лаборатори нь Увс аймгийн орчны төлөв байдалд хяналт шинжилгээ хийдэг. Эрхлэгч, инженер, техникч гэсэн 4 орон тоотойгоор ажилладаг. Урьд нь 70 гаруй химийн бодистой ажилладаг байсан бол одоо 90 гаруй химийн бодистой харьцаж, ажилладаг. Бид нар хортой нөхцөлд ажиллаж байгаа учраас холбогдох хамгаалах хэрэгсэл, хувцас, хор саармагжуулах бүтээгдэхүүн хэрэглэж ажилладаг. Олон төрлийн химийн бодисоор өдөр тутамдаа агаар, ус, хөрсний шинжилгээ хийж ажилладаг гэж тус тус мэдүүлсэн байна.
12. Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн ашиглах химийн хортой , аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрлийн хугацааг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан ба уг тусгай зөвшөөрлийн хавсралтаар тус төвийн лабораторид ашиглах 90 төрлийн химийн бодисын жагсаалтыг баталжээ.
13. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх харилцааг зохицуулсан байх бөгөөд 4 дүгээр зүйлийн 4.3-т Газрын дор болон хөдөлмөрийн халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж, мөн хуулийн 4 дугаар зүйлийн 4.3.3-т нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь мөн нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарах эрх үүсэхээр хуульчилж өгсөн.
14. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг баталжээ. Уг тушаалын 4 дүгээр бүлгийн 31-д Өдөр бүр тогтмол химийн материалаар гардан ажиллаж ус, хөрс, агаар, ургамал, амьтны гаралтай бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, химийн ба барилгын материал, эрдэс бордоо, эм, нүүрс, занар, нефть, бүтээгдэхүүн, палентилоги, геохими, криминалистикийн шинжээч, металл судлагч, үнэт металлд сорьц тавигч, хортон шавьжид шинжилгээ хийдэг эрдэм шинжилгээний тэргүүлэх, ахлах, жинхэнэ, туслах ажилтан, химич, биохимич, эм найруулагч, инженер, металлургич, технологич, минерологич, энтомологич, физиологич, шинжээч, лаборант, техникч, бэлдмэлчин, ариутгагч, шил сав угаагч зэрэг ажил мэргэжил нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарахаар зохицуулсан байна.
15. Энэхүү зохицуулалтаас үзэхэд өдөр бүр химийн бодистой гардан харьцаж ажилладаг, тус бодисоор шинжилгээ хийдэг объектыг тодорхойлоод уг объектод шинжилгээ хийдэг ажил мэргэжлийг нэрлэн заасан гэж ойлгогдож байна. Хариуцагчийн тайлбарласан шиг салбар чиглэлийг нэрлэн заасан зүйл байхгүй байна.
16. Увс аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний лабораторид техникч ажилтай Б.Б нь өдөр тутам химийн хортой, аюултай бодистой харьцаж ус, хөрс, агаарт шинжилгээ хийдэг болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөл, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа бөгөөд түүний эрхэлж буй ажил мэргэжил нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 77 дугаар тушаалын 4 дүгээр бүлгийн 31-д заасан хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжилд хамаарч байна. Өөрөөр хэлбэл түүний эрхэлж буй техникч-ийн ажил мэргэжил тухайн нэршлээрээ хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтад багтан орсон байна.
17. Нэхэмжлэгч Б.Б нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.3.3-д заасан хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр авах болзол шаардлагыг хангасан байх ба тэрээр 2022 оны 01 дүгээр 30-ны өдөр 50 нас хүрснээр хуульд заасны дагуу хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарах эрх нь үүсжээ.
18. Увс аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд 28 өртөөний техникч харин лабораторид 2 техникч ажилладаг юм байна. Тэдгээрийн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүрэг, ажиллах нөхцөл нь хоорондоо ялгаатай байгаа учир өөр өөр ажил мэргэжил болох нь харагдаж байна. Гэтэл хариуцагч гомдлын шаардлагын зөвлөл нь маргаан бүхий захиргааны актад Б.Б-ийн эрхэлж буй ажил мэргэжлийн нэршлийг Увс аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд техникч-ээр ажилладаг гэж буруу тодорхойлж бичсэн байна.
19. Хариуцагч Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөл нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д зааснаар нэг талаас ажил олгогч, даатгуулагч, нөгөө талаас нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөөг хянаж шийдвэрлэх эрхтэй боловч энэ тохиолдолд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 77 дугаар тушаалын 4 бүлгийн 31 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн байна гэж дүгнэв.
20. Нэхэмжлэгч талаас гаргасан тайлбар хууль зүйн үндэслэлтэй байх тул Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 43 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
21. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөл нь зөвхөн маргаан хянан шийдвэрлэдэг байнгын бус ажиллагаатай байгууллага учир тус зөвлөлд холбогдуулан хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоохыг даалгаж шийдвэрлэх боломжгүй юм. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн Б.Б надад хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
22. Харин нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдөл хүсэлтээ Нийгмийн даатгалын байгууллагад дахин гаргаж уг асуудлыг шийдвэрлүүлэх эрхтэй ба Нийгмийн даатгалын байгууллага шүүхийн шийдвэрт зааснаар шийдвэрлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.
23. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 4 дүгээр зүйлийн 4.3.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 43 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын Б.Б надад хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоохыг даалгуулах тухай үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ОЮУНГЭРЭЛ