Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 186

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч П.Ганбаатар,

Шүүгдэгч Ч.Хатанбаатар, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сөрт овогт Чойжилжавын Хатанбаатарт холбогдох эрүүгийн 201725020262 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Сөрт овогт Чойжилжавын Хатанбаатар, Монгол улсын иргэн, 1958 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймагт төрсөн, 58 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхэд, ач зээгийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд хэсгийн ахлагч ажилтай, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 19-655 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд нь 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийэн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, /РД:УХ58091576/;

 

Шүүгдэгч Ч.Хатанбаатар нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хашааны 10-577 тоотод байрлах нийтийн байрны 2 тоотод 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Н.Ринчинлийдэвийн баруун хөлөн тус газарт 1 удаа өшиглөж, бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Хатанбаатар мэдүүлэхдээ: Би хохирогчтой ялихгүй зүйлээс болж маргаж хохирогчийг цохиж гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн гэв.

 

Хохирогч Н.Ринчинлийдэв мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр …би өөрөө тэтгэвэрийн мөнгөө авчихаад Хатанбаатарыг гэртээ дуудсан. Архи ууж байхдаа би чи миний ахмадын орон сууц авахаар хөөцөлдөж байгаа материалыг аваад алга болчихлоо, удаалаа гэж уурлаж загнасан юм. Би ч нилээн загнасан тэгтэл гэнэт уурлаад миний баруун хөлний түнх рүү өшиглөчихсөн юм. Тэгээд гэмтчихсэн…” гэсэн мэдүүлэг /хх-21/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹1267 Н.Ренчинлийдэвийн биед баруун дунд чөмөг ясны хүзүү хэсгийн хугарал, баруун гуянд цус хуралт, зүүн шуу, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. …эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-31/,

 

Шүүгдэгч Ч.Хатанбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…би урд нь Лийдэв ахыг ахмадын орон сууцанд орох хүсэлтийг нь бүрдүүлж дүүрэгт өгсөн байсан юм. Тэгтэл тэрийгээ яриад над руу омогшин чи миний материалыг аваачиж өгсөн юм уу яагаад удаад байгаа юм бэ гэх мэтээр над руу омогшин уурлаад гар салгалаад ойр байсан юмаа над руу авч шидэх гээд байсан. Тэгэхээр нь би гараараа цохисон цээж рүү нь 1 удаа, хөлөөрөө гуя руу нь нэг удаа өшиглөсөн…” гэсэн мэдүүлэг /хх-38/

 

Шүүгдэгч Ч.Хатанбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт болон хувийн байдлыг тодорхойлох бусад баримтууд /хх-42-51/ зэрэг болно.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Ч.Хатанбаатар нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хашааны 10-577 тоотод байрлах нийтийн байрны 2 тоотод 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Н.Ринчинлийдэвийн баруун хөлөн тус газарт 1 удаа өшиглөж, бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан нь гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь,

хохирогч Н.Ринчинлийдэвийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-21/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹1267 Н.Ринчинлийдэвийн биед баруун дунд чөмөг ясны хүзүү хэсгийн хугарал, баруун гуянд цус хуралт, зүүн шуу, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. …гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-31/, шүүгдэгч Ч.Хатанбаатар мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  мэдүүлэг /хх-38/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Ч.Хатанбаатарт Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Н.Ринчинлийдэв нь “миний бие өндөр настан, ганц бие, хэвтэрт асаргаанд байдаг. 2017 оны 05 дугаар сарын 17-ны хуралд өөрийн биеэр очиж чадахгүй. Ч.Хатанбаатарт гомдол саналгүй учир хамгийн хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү” гэж бичгээр гаргасан хүсэлтийг харгалзаж мөн шүүгдэгч Ч.Хатанбаатар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээж чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Харин хохирогч Н.Ринчинлийдэв нь биеийн эрүүл мэндэд учирсан гэм хорын талаарх нотлох баримт ирүүлээгүй ба шүүхэд бичгээр гаргасан “Ч.Хатанбаатарт гомдол саналгүй учир хамгийн хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.2 баримт сэлт гаргаж өгөх, 42.3.4 шүүх хуралдаанд оролцох эрхээр нь хангасан байхад шүүхийн дуудсанаар ирээгүй байгааг харгалзан шүүгдэгчид оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Хатанбаатар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сөрт овогт Чойжилжавын Хатанбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Ч.Хатанбаатарыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ч.Хатанбаатарт оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ч.Хатанбаатар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ч.Хатанбаатар оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн  2  дугаар хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд

 

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Хатанбаатар урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Хатанбаатарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ИДЭР