| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2024/0050/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/191 |
| Огноо | 2024-12-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Солонго |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/191
2024 12 03 2024/ШЦТ/191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
Улсын яллагч Т.Солонго,
Хохирогч Э.Хишигжаргал /цахимаар/,
Хохирогчийн өмгөөлөгч Н.Г******** /цахимаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.О**********/цахимаар/,
Шүүгдэгч Н.Б***********нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б*******овогт Н*******ийн Б***********д холбогдох ********* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Н.Б************нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ны орой ******** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ****** ХК-ийн кемпийн амрах байранд хамтран амьдрагч Э.Х********тай үл ялих зүйлээр маргалдан бие эрх чөлөөнд нь халдаж нүүр хэсэгт нь цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд “баруун доод зовхинд няцарсан шарх, баруун дээд, доод зовхи, баруун чихний дэлбэн, баруун хөхлөг сэртэнд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл” үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б*********мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Х********* мэдүүлэхдээ: “...Хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Улсын яллагч Т.Солонго нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Т.Солонго, би Монгол Улсын прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Б**********д холбогдох эрүүгийн ********дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Б******* овогт Н********ийн *********** 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ***********багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ********* компанийн кемпийн амрах байранд хамтран амьдрагч Х*********д үл ялих зүйлээр маргалдаж бие эрх чөлөөнд нь халдаж нүүр хэсэгт нь цохисны улмаас баруун доод зовхинд няцарсан шарх баруун дээд доод зовхи баруун чихний дэлбэн баруун хөхлөг сэртэн цус хуралт баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон өнөөдрийн хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан шинэчлэн судлагдсан хохирогч Х*******ын мэдүүлэг, гэрч М********, М********г, О*******, У******* нарын мэдүүлэг шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 19-35 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Дээрх нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрөөгүй хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн тогтоосон мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр баримтыг хууль ёсны үнэн зөв баримт гэж үнэлж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хүний эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахыг хүсдэг материаллаг гэмт хэрэг юм. Энэ гэмт хэргийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр хуульчилсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх шинжийг заасан бөгөөд гэмт этгээд нь хамтран амьдрагч буюу хамтын амьдралтай байсан ойрын төрөл садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбодод сэтгэл санааны, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг ойлгох юм. Б*********, Х*****нар нь 2023 оны 07 дугаар сараас хойш хамтран амьдарч байгаа болох нь хохирогч Х*********ын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул Б*********ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогч 1.1225.060 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнийг шүүгдэгч Б************ гаргуулах саналтай байна” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Н.Г******** гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч Э.Х***********ын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан шүүх хуралдаанд оролцож байгаа. Өмнө хэлсэн 1.122.060 төлбөрийг гаргуулах байр сууриас оролцоно. Шүүгдэгч өөрөө энэ мөнгийг төлье гэдгээ илэрхийлж байгаа учраас хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс тусгайлан гаргах санал дүгнэлт байхгүй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.О****** гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Н.Б**********ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Монгол Улсын Үндсэн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчийн хүсэлтээр өмгөөлөгчөөр оролцон, хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцэх зүйл байхгүй байна. Өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн, гэм буруугаа гэмшиж ойлгож байгаа учраас гэм буруугийн хэлбэр, хэргийн зүйлчлэл дээр мэтгэлцэхгүй” гэв.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Б************ийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Хохирогч Э.Х*********ын өгсөн “...Би 2024 оны 01 дүгээр сарын 20-ны орой 22 цагийн үед ******** ХХК-ийн Оюут-2 кемпэд ажлаасаа бууж ирээд амрах гэж байхад миний хамтран амьдрагч Б**********ажлынхаа хүнтэй хамт миний байрладаг кемп дээр ирээд намайг дуудсан тэгээд би амралтын байрнаасаа гараад очсон чинь манай кемп рүү явъя гэсэн өмнө нь бид хоёр хамт тэр кемпэд амьдардаг байсан тэгээд гэрт нь очсон намайг янз бүрээр доромжлоод байсан тэгээд намайг боож унагаасан тэгсэн чинь хамт байсан найз нь болиулах гээд хориглосон чинь миний нүүр лүү баруун гараараа цохисон нөгөө найз хориглосон чинь намайг дахиад нэлээн хэдэн удаа нүүрэнд цохисон тэгээд миний нүүрнээс цус гарсан тэгээд намайг гарах гэсэн чинь гаргахгүй байсан тэгээд аргагүй эрхэнд тэр гэрт нь цусаа цэвэрлээд хамт хоносон тэгээд өглөө нь нүүр хавдсан байсан болохоор ажилдаа очоогүй манай ахлах залгаад байхаар нь 08 цагт ажил дээрээ очсон тэгсэн чинь ахлах намайг дагуулаад ********ХХК-ийн хойд хаалга дээр дагуулж аваачаад дарга нартай уулзуулсан тэгээд яаралтайгаар онгоцонд суулгаад Өмнөговь аймагт очсон тэгээд манай амарч байсан ахлах ажилтан намайг тосож аваад эмнэлгийн хүлээн авахад очсон тэгээд хүлээн авахад толгойны зураг авхуулаад хамаатны ахындаа очиж хоносон маргааш нь манай ахлах ажилтан намайг дуудаад би очсон тэгээд цагдаад өргөдөл бичиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/,
Гэрч Б.М********ын өгсөн “...Э.Х********** өглөөний хуралдаа ирээгүй би утас руу нь залгасан авахгүй байсан тэгээд байрладаг өрөөнд нь очиж үзэхэд байхгүй байсан тэгээд бараг 20-иод удаа дуудлага хийсэн боловч авахгүй байсан 09 цаг өнгөрөөгөөд өөрөө миний өрөөнд орж ирсэн Э.Х******* хэлэхдээ нөхөртөө зодуулсан гээд баруун талын чих хөхөрсөн, баруун талын нүдний доод тал язарсан, нүүр нь тэр чигтээ хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,
Гэрч Н.У******ын өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ажлын байрны гэрт байсан чинь Б*******, Х******* 2 маргалдаад нэгнээ алгадаад эхлэхээр нь би орон дээрээ хэвтэж байгаад босож очоод салгаад нөхөр Б********ийг тэврээд авсан чинь Х******ын хацраас цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,
-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1935 дугаартай “...1.Э.Х******ын биед баруун доод зовхинд няцарсан шарх, баруун дээд, доод зовхи, баруун чихний дэлбэн, баруун хөхлөг сэртэнд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 3-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-44-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Н.Б********* нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ны орой ******** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* ХК-ийн кемпийн амрах байранд хамтран амьдрагч Э.Х********тай үл ялих зүйлээр маргалдан бие эрх чөлөөнд нь халдаж нүүр хэсэгт нь цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд “баруун доод зовхинд няцарсан шарх, баруун дээд, доод зовхи, баруун чихний дэлбэн, баруун хөхлөг сэртэнд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл” үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Н.Б**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Э.Х******** нь шүүгдэгч Н.Б**********ээс хохирол төлбөрт 1,122,060 төгрөг нэхэмжилсэн. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б**********ээс хохирол төлбөрт 1,122,060 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Х**********д олгож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч Т.Солонго эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын тухайд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын явцад өнөөдөр хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан дээр шүүгдэгч Н.Б******** өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрдөг, гэм буруу дээрээ маргадаггүй мөн хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал мөн түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй шүүгдэгчээс гаргуулбал зохих мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй болно” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.О********* эрүүгийн хариуцлагын талаар гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар энэ дээр харгалзан үзээд прокуророос гаргасан 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох санал оруулж байгааг багасгаж өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Н.Б*********йн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б*******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Б********д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******** овогт Н********ийн Б********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б********ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б**********ээс 1,122,060 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Х***********д олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/175 дугаар шийтгэх тогтоолоор 1 жил 2 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА