Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/192

 

 

          2024           12           03                                                              2024/ШЦТ/192

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

Улсын яллагч Г.Цогтмагнай /томилолтоор/,

Хохирогч С.Б********,

Шүүгдэгч Б.Н********нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б********овогт Б*******ийн Н*************т холбогдох эрүүгийн **********дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Н********нь *****ХХК-д жолоочоор ажиллаж байх үедээ хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д заасан “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх”, 18.2.8-д заасан “ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах,

Мөн компанийн дотоод эрх зүйн баримт бичиг болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмын 3.10-т заасан ажилтан нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа авалгүй өөр ажил үүрэг дур мэдэн гүйцэтгэх, зааварчилгаа авсан ч тухайн хийж буй ажлын технологийн горимыг өөрчлөх, аюулгүй ажиллагааны журам дүрмийн санаатайгаар зөрчсөн бол хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хариуцлага хүлээн”, 3.15 ажилчид нь зөвхөн өөрсдийн ажлын байрны тодорхойлолтод заасан заагдсан буюу тухайн ажил хариуцсан хэсгийн даргын нарядаар өгсөн ажлыг гүйцэтгэнэ. Ажлын даалгавар /наряд/-ын бус ажил хийхийг хатуу хориглоно. Гэсэн заалтуудыг зөрчиж, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ********нутаг дэвсгэрт Ханги-Мандал-Тавантолгой чиглэлийн нүүрс тээврийн шинээр баригдаж буй автозамын барилгын талбайд ажлын даалгавар, зааварчилгааны бус ажил үүрэг буюу ********улсын дугаартай 50 маркийн ковшоор ухрах үйлдэл хийх гэж байгаад урагшилж иргэн С.Б********г дайрч мөргөсний улмаас иргэн С.Б********гийн эрүүл мэндэд зүүн дунд, чөмгийн дунд 1/3 хэсгийн далд зөрөөтэй хугарал, баруун  сарвууны долоовор, дунд, ядам хурууны ил шарх бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н********мэдүүлэхдээ: “...Өөрийнхөө санамсаргүй болгоомжгүй яааруу байдлаас болоод энэ хэрэг гарсан, миний буруу” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Б******** мэдүүлэхдээ: “...Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү, дараа нь хагалгаанд орж хадаасаа авхуулахаар болбол эмчилгээний зүйлсийг нээлттэй үлдээж өгнө үү. Би 20 насандаа дөнгөж ажил хийж эхлээд өөртөө адармаатай сорви, өвдөлтийг авч байгаа. Үүнийгээ бусдын буруугаас болж авсан болохоор надад үнэхээр хэцүү байгаа, өдөр болгон хөл гар, 2 хурууны шөрмөс нь нээгдэхгүй, татаад байгаа. Хөлийн хувьд төмөр нь дээшээ сүүж рүүгээ хатгаж мэдэгдээд, таталт өгөөд байгаа. Би цаашдаа хэзээ эдгэхээ мэдэхгүй. Хэзээ эдгэж энэ хадаасаа авахаа мэдэхгүй байгаа, би аль болох өөрийнхөө чадахаар энд тэнд бариачид очиж үзүүлж зүү төөнүүр хийлгэдэг. Сүүлд таталт өгөөд гэмтлийн эмнэлэг дээрээ очоод эмчээсээ асууж зөвлөмж авсан. Тэгтэл хэрвээ хадаас нь харшlаад байвал хадаасыг нь буцаж авч, үүнийг гипсдэж өөрөөр нь бороолуулна, одоо дутуу бороололтой байгаа гэсэн. Сэтгэл санааны хувьд айдас түгшүүртэй байгаа. Би өөрөө хөл бөмбөг, сагсан бөмбөг гээд спортод сайн, тэмцээн уралдаанд ордог байсан юм. Одоо ямар ч зүйлийг хийж чадахгүй, өөртөө гутарч байгаа, ажил хийж чадахгүй, найз охин, аав ээжээсээ холдохгүй гэртээ хэвтдэг. Би бусад найз нөхөдтэйгөө ч уулзаж чадахгүй, олон нийтийн газар алхаж чадахгүй гар хөл нь ийм байдалтай байна. Би CU-д ажиллах гэтэл авахгүй гэсэн. Наад захын санхүүгийн ямар ч орлого байхгүй болчихсон. Намайг эмнэлэгт ухаан баларчихсан байхад компаниас ирээд надаар гарын үсэг зуруулаад явсан. Энэ хүн намайг бэртээснээс хойш нэг удаа ч утсаар яриагүй, би түүнд нь  үнэхээр харамсаж байгаа, хүнийг бэртээчхээд ядаж бие нь сайн байна уу гэж асуугаагүй. Сэтгэл санаа бие махбодоороо үнэхээр хохирч байгаа, та энийг шийдэж өгөөч гэж хүсэж байна” гэв.

Улсын яллагч Г.Цогтмагнай гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын прокурор гэсэн улсын прокурор Г.Цогтмагнай би, Монгол Улсын прокурорын тухай хуулийн 17. 19 дугаар зүйл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7,  35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Н***********т холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Н******** нь ******** ХХК-д жолоочоор ажиллаж байх үедээ хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актаар хүлээсэн үүрэг биелүүлээгүй буюу хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дугаар зүйлд заасан өөрийгөө болон бусдыг аюулын эрсдэлд оруулахгүй байх 18.2.8-д заасан ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах мөн компанийн дотоод эрх зүйн баримт бичиг болох хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн журмын 3.10-д заасан ажилтан нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа авалгүй өөр ажиллах үүрэг дур мэдэн гүйцэтгэх зааварчилгаа авсан ч тухайн хийж буй ажлын технологийн горимыг өөрчлөх, аюулгүй ажиллагааны журам дүрмийг санаатайгаар зөрчсөн бол хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хариуцлага хүлээнэ. 3.15 ажилчид нь зөвхөн өөрсдийн ажлын байрны тодорхойлолтод заасан заагдсан буюу тухайн ажил хариуцсан хэсгийн дарга /наряд/ дээр өгсөн ажлыг гүйцэтгэнэ. Ажлын даалгаврыг /наряд/-ийн  бус  ажил хийхийг хатуу хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж 2024 оны 04 сарын 17-ы өдөр ******* баг нутаг дэвсгэрт ханги-мандал-таван толгой чиглэлийн нүүрс тээврийн шинээр баригдаж авто замын барилгын талбайд ажлын даалгавар зааварчилгааны бус ажил үүрэг гүйцэтгэж ********* улсын дугаартай 50 маркийн ковшоор ухрах үйлдэл хийх гэж байхдаа урагшилж иргэн Б*********г дайрч мөргөсний улмаас хохирогч Б********ийн эрүүл мэндэд зүүн дунд чөмгийн дунд 1/3 хэсгийн далд зөрөөтэй хугарал,баруун сарвууны долоовор дунд ядам хурууны  ил шарх бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх нөхцөл байдлыг хэрэгт авагдсан баримтууд болох гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл хавтаст хэргийн 4 дүгээр хуудас хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт хавтаст хэргийн 5-14 дүгээр хуудас гэрч Хадбаатарын мэдүүлэг хавтаст хэргийн 23 дугаар хуудас гэрч Э*******ийн мэдүүлэг хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас гэрч Б******ийн мэдүүлэг хавтаст хэргийн 31 дүгээр хуудас, хохирогч Баясгалангийн мэдүүлэг хавтаст хэргийн 19-21 дугаар хуудас шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 сарын 16-ны өдрийн 6307 дугаартай дүгнэлт, Өмнөговь аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 07 сарын 01-ний өдөр ослын хэрэгт шинжээчээр ажиллаж дүгнэлт гаргасан тухай дүгнэлт хавтаст хэргийн 73-76 дугаар хуудас баримтууд тус тус болно. Иймд шүүгдэгч Н*******ийн үйлдсэн гэмт хэргийн эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Нарантунгалагийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэв.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон байна.  Тухайлбал:

Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-14-р хуудас/,

Гэрч Ч.Х********ын: "... Би 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Манлай
сумын төв дээр компани ажлаар явж байхад Манай компани талбай инженер
Н****** 16 цаг 50 минутын үед миний утас руу залгаад Баясгалан ковшийн
шанаганд хавчуулагдсан юм шиг байна. Би тийшээ явж байна. Эмнэлэг дуудаарай
би тийшээ очиж явна гэж хэлсэн. Би тухайн үед компани 17 цаг болох онлайн хуралд
суухаар хүлээж байсан. Тэгээд надтай хамт явж байсан Б******гэх хүн Манлай
сумын эмнэлэг руу залгаж дуудлага өгөөд дараа нь өөрөө биеэрээ очиж уулзана
гээд эмнэлэг рүү гарсан. Тэгээд удаагүй буцаж ирээд эмч хамт явахаар боллоо гээд
орж ирсэн. Тэгээд сумын эмнэлгийн машинтай хамт кемп рүү явсан. Кемп дээр
очиход Б********г гэрт оруулж орон дээр хэвтүүлсэн байдалтай гарын хуруунуудыг
боосон байдалтай байсан. Тэгээд эмч нар аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

Гэрч Ш.Э******ийн: “2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гэрчээр
өгсөн мэдүүлэгт... Би 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 8 хүнийг замын бетон
хоолойны далангийн зутгах ажил дээр хуваарилсан. Өглөө 08 цагт ажилдаа гараад
13 цагаас цайндаа ороод 14 цагаас ажилдаа гарсан. Тэгээд 17 цагийн үед замын
бетон хоолойны дээл талд зам дээр намайг зогсож байхад далангийн ертөнцийн
зүгээр баруун талын далавч хэсэг дээр Б********байсан. Яг бетон хоолойны
хажууд Б******** ажиллаж байсан. Тухайн үед ковш А******** барьж байгаад
ковшоо унтраагаад бууж ирээд нойл яваад ирий даа гэж хэлээд миний хажуугаар
гарсан. А****** нойл явах хооронд Н********* ах портероос буугаад миний хажууд
зогсож байгаад зам дээрээс доошоо буугаад явсан. Намайг өөр тийшээ харж байхад
гэнэт машин асах чимээ гарахаар нь хойшоо иргээд ковш хартал ковш урагшилсан
дараа доор хүн орилохоор нь би хүн дайруулчихлаа гэж бодоод ковш руу гүйгээд
хөөе" гээд орилоод доош буугаад Б****** дээр очсон. Тэгээд намайг очиход
ковшны шанаган дотор Б******* суусан, баруун гараас цус гарсан байдалтай
байсан. Тэгээд Н****** ах түргэн дуудаад сум руу мэдүүлэг явуулсан.” гэх
мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

Гэрч Х.Б*********ийн: “Би 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 08 цагийн
үед ажлын талбай руугаа ажилдаа гарсан. Тухайн өдөр бид хэд замын бетон
хоолойны далангийн зутгах ажил дээр хуваарилсан. Тэгээд өглөөний цайндаа орж
аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч найман хүн ажиллахаар болж ажилдаа гарсан. Манай ажлын өдрийн хоол 13-14 цагийн хооронд байдаг учир 13 цагаас
Цайндаа ороод 14 цагаас ажилдаа гарсан. Тэгээд 17 цагийн үед бетон хоолойны
шавар өнгөлгөөний ажил Б********* бид хоёр хийж байсан. Тэгээд Б************* надад
“Та тэгшилгээгээ хийчих, би өнгөлгөөг хийчихье” гэж хэлээд бид хоёр ажлаа хийж
байсан. Тухайн үед би далангийн дээр шавраа тэгшлээд Б********* доор далангийн
хажуу талд зогсож байхад гэнэт ковш хөдлөхөөр нь би ковшны шанаган дээр нь
үсрээд гараад хойшоо хартал Б*********** ковшны шанаганд хавчуулагдсан "ахаа
амь авраарай" гээд миний өмднөөс татсан. Тэгээд би ковшны хүн рүү хойшоо ухраач
ээ хүн хавчуулагдчихлаа гээд орилсон чинь ковш хойшоо ухарсан. Тэгээд Б********
надад хөл мэдээгүй болчихлоо гэж хэлхээр нь өмдийг тайлсан чинь хөл нь цус
болсон зүйл байгаагүй харин баруун гарын бээлийний цаанаас цус гоожиж байхаар
нь түргэн дуудсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

Хохирогч С.Б********гийн: "...Тухайн өдөр 14 цагаас 15 цагийн орчим
ажлаа хийж байх үед Н*********** ах ирж ковшны жолооч хаана байна гэж бид
хэдээс асуухад нойл орсон гэж хэлээд буруу харан ажлаа хийж байхад миний ар
талаас Н********* ах дур мэдэн тухайн тээврийн хэрэгслийг асааж тухайн машины
шороо хутгах зориулалттай төмрөөр миний зүүн хөлийн дунд чөмгийг хугалж баруун
гарын Долоовор, дунд, ядам, чигчий хуруунуудыг бяцалсан. Тэр явдлаас хойш юу
болсон талаар санахгүй байна... Надад санал гомдол байхгүй. Сэтгэл санааны
болон эмчилгээний зардлаа гаргуулан авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар
сарын 16-ны өдөр гаргасан 6307 дугаартай: 1. Зүүн дунд чөмгийн дунд 1/3 хэсгийн далд зөрөөтэй хугарал, баруун сарвууны долоовор, дунд, ядам, хурууны ил шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэх
боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн
зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх
нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 44-46-р хуудас/,

Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн
хяналтын улсын байцаагчийн 2024 оны 07 дугаар сарын 01-ны өдөр гаргасан
"Ослын хэрэгт шинжээчээр ажилласан тухай" “Б.Нарантунгалагийн гаргасан хайхрамжгүй үйлдэл нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам, зааврыг зөрчсөн байна.” “Н********* нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр чиг С бус, зааварчилгааны бус, тухайн техникийг жолоодох эрхгүй байсан атал ********** маркийн ******** УН улсын дугаартай авто ачигчийг жолоодсон үйлдэл хийсэн.

Энэ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар
зүйлийн 18.2.7-д заасан “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх:”,
18.2.8-д заасан “ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн
тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж
ажиллах:” гэсэн заалтууд зөрчигдсөн. Мөн компанийн дотоод эрх зүйн баримт бичиг болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмын 3.10-т заасан Ажилтан нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа авалгүй өөр ажил үүрэг дур мэдэн гүйцэтгэх, зааварчилгаа авсан ч тухайн хийж буй ажлын технологийн горимыг өөрчлөх, аюулгүй ажиллагааны журам дүрмийн санаатайгаар зөрчсөн бол хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хариуцлага хүлээнэ.”, 3.15 “Ажилчид нь завхан өөрсдийн ажлын байрны
тодорхойлолтод заасан заагдсан буюу тухайн ажил хариуцсан хэсгийн даргын
нарядаар өгсөн ажлыг гүйцэтгэнэ. Ажлын даалгавар /нарядын бус ажил хийхийг
хатуу хориглоно.” гэсэн заалтууд зөрчигдсөн байна.”
Дүгнэлт /хх-ийн 73-76-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          1.4.Хууль зүйн дүгнэлт:

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Н********нь ******** ХХК-д жолоочоор ажиллаж байх үедээ хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д заасан “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх”, 18.2.8-д заасан “ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах,

Мөн компанийн дотоод эрх зүйн баримт бичиг болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмын 3.10-т заасан ажилтан нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа авалгүй өөр ажил үүрэг дур мэдэн гүйцэтгэх, зааварчилгаа авсан ч тухайн хийж буй ажлын технологийн горимыг өөрчлөх, аюулгүй ажиллагааны журам дүрмийн санаатайгаар зөрчсөн бол хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хариуцлага хүлээн”, 3.15 ажилчид нь зөвхөн өөрсдийн ажлын байрны тодорхойлолтод заасан заагдсан буюу тухайн ажил хариуцсан хэсгийн даргын нарядаар өгсөн ажлыг гүйцэтгэнэ. Ажлын даалгавар /наряд/-ын бус ажил хийхийг хатуу хориглоно. Гэсэн заалтуудыг зөрчиж, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр **********нутаг дэвсгэрт Ханги-Мандал-Тавантолгой чиглэлийн нүүрс тээврийн шинээр баригдаж буй автозамын барилгын талбайд ажлын даалгавар, зааварчилгааны бус ажил үүрэг буюу ********* УН улсын дугаартай 50 маркийн ковшоор ухрах үйлдэл хийх гэж байгаад урагшилж иргэн С.Б********г дайрч мөргөсний улмаас иргэн С.Б********гийн эрүүл мэндэд зүүн дунд, чөмгийн дунд 1/3 хэсгийн далд зөрөөтэй хугарал, баруун  сарвууны долоовор, дунд, ядам хурууны ил шарх бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдэл нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжид тохирсон байна гэж дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч С.Б******** нь хохирол төлбөр нэхэмжилсэн талаарх баримт гаргаж өгөөгүй. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчоос унаа, буудлын зардалд нийт 305,962 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Шүүгдэгч Б.Н********болон ****** ХХК-аас хохирогч С.Б********д нийт 18,215,910 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Монгол Улсын Их Хурлаас 2022оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан. Уг хуулийг дагалдуулан Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлал”-ыг баталсан байна.  Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар 01-ний өдрөөс дагаж мөрдөнө” гэж зааснаар  Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Б********гийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,580,000 төгрөгийг шүүгдэгч Б.Н**********аас гаргуулж хохирогч С.Б********д олгож шийдвэрлэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч С.Б********гийн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 305,962 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирол төлбөрийн талаарх нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч Г.Цогтмагнай эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Н********нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөөс зохих хэмжээнд барагдуулсан зэргийг харгалзаад эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналыг гаргаж байна. Хохирлын тухайд хохирогч С.Б********д 18,150,70 төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсан байна. Цаашид гаргах эрүүл мэндтэй холбоотой нэхэмжлэх зардлыг нь нээлттэй үлдээлгэх саналтай байна мөн шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Б********д сэтгэцийн 3 дугаар зэрэглэл тогтоогдсон байна. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2020 оны 07 сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилган нөхөн төлөх төлбөрийн жишиг аргачлалд зааснаар 3 дугаар зэрэглэл тогтоогдсон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх  хэмжээний мөнгөн төлбөр гаргуулж хохирогчид олгуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч баривчлагдсан болон цагдан хоригдсон хоног байхгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан зүйл байхгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гаргуулах зардалгүй шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгөөс битүүмжилсэн эд зүйл байхгүй болно” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Н***********ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Н**********т оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож  шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Н**********т торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.        

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Б********* овогт Б*********ийн Н********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н********т 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Н********т оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг

   5. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Б********гийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,580,000 төгрөгийг шүүгдэгч Б.Н***********аас гаргуулан хохирогч С.Б********д олгосугай.   

   6. Хохирогч С.Б******** нь хохирол төлбөрийн талаарх нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

   7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөрт 18,215,910 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

   8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

  9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТТУЛГА