Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦИ/193

 

 

     2024            12                03                                                2024/ШЦТ/193                  

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Хишигсүрэн,

Улсын яллагч Т.Солонго,

Хохирогч Ц.Б********* /цахимаар/,

Шүүгдэгч Д.Ц********нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т********овогт Д*******ын Ц******д холбогдох ********дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Д.Ц******нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 12-ны орой ********* сумын нүүрс тээврийн 54 дэх километрт байрлах ******* ХХК-ийн түрээсийн худгийн харуул хамгаалалтын байранд Ц.Б********тэй үл ялих зүйлээр маргалдаж эрүүл мэндэд нь халдсаны улмаас зүүн нүдний ухархайн хугарал, баруун хацрын дотор салстад шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхи, 2 нүдний алим улаан өнгийн цус хуралт, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц*******мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр худаг дээр очоод хоол хийж идчихээд явж байсан. Б******** намайг гарахад орон дээр хэвтэж байсан. Хаалгаар гарах гэсэн араас дайраад  бороохойдсон.  Яаж байгаа юм бэ ах гэсэн хоолойноос барьж аваад хоолой шахсан.  Гарыг нь тавиулах гэж цохисон боловч гараа тавихгүй болохоор нь нүүр лүү  нь цохисон гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Б**** мэдүүлэхдээ: “...Гомдолтой байна. Нэхэмжилсэн цалингаа гаргуулчихвал болно. Тэтгэвэрт гарах гэж байгаа хүн 2,3 сарын нийгмийн даатгал төлөгдөөгүй гэхчлэн би хохирч үлдэж байгаа” гэв.

Улсын яллагч Т.Солонго нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сумын Сум дундын Прокурорын газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Т.Солонго би Монгол Улсын Прокурорын тухай 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 35 дугаар зүйлийн 35.24.1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон Д.Ц********д холбогдох эрүүгийн ******* хэрэгт Улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Т******овогт Д********ын Ц******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны  09 дүгээр сарын 12-ний орой ******** нүүрс тээврийн 54 дэх километрт байрлах ********** түрээсийн худгийн харуул хамгаалалтын байранд н.Б*******тэй маргалдаж эрүүл мэндэд нь халдсаны улмаас зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун хацрын дотор салст нь шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхи хоёр нүдний алим улаан өнгийн цус хуралт, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл үүсгэж хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон өнөөдрийн хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд шинжлэн судалсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч Б******ийн  мэдүүлэг, гэрч Зоригсайхан, Гангааням нарын мэдүүлэг, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 12345 дугаартай шатны шинжээчийн дүгнэлт, яллагдагч Д.Ц*******ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрөөгүй, хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн тогтоосон оролцогчийн эрх ашгийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр баримтуудыг хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж байна. Иймд шүүгдэгч Д.Ц********ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэв. 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Ц*******ийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2-р хуудас/,

Хохирогч Ц.Б*****ийн “...2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр
********* нүүрс тээврийн 54 дэх км-т
байрлах ******* ХХК-ны түрээсийн гүний худгийн харуул хамгаалалтыг
нь хариуцаж усны машинд ус өгдөг ажил хийдэг байсан юм. Тэгээд тухайн өдөр гэр
хүйтэн байхаар нь би хувцсаа тайлаад орондоо ороод хэвтэж байхад орой 18 цаг
өнгөрч байхад манайхаас ус авдаг залуу болох Зоригсайхан нь 3 танихгүй хүний
хамт гэрт орж ирсэн тэгсэн Зоригсайхан хоол хийж идчихээд явъя гэж хэлхээр нь
тэг тэг гэж хэлсэн тэгээд хоол хийж байх хугацаанд нөгөө 4 залуу нэг шил архи
гаргаж ирээд хоолны өмнө уусан. Тэгээд хоолоо хийж идчихээд Зоригсайхантай
хамт явж байсан 3 залуугийн нэг нь болох Ц*******гэх залуу нь миний идэх гэж
байсан хоолыг намайг орон дотроо хэвтэж байхад миний толгой дээр асгаад шууд
цохиод авсан. Тэгсэн намайг тухайн залуу нүүрсний хулгайч чамайг ална гээд
дайраад байсан. Тэгсэн намайг орноос татаж унагаагаад миний нүүр хэсэг рүү
хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгсэн хамт ирсэн нүүрэндээ сорвитой залаа чи хөгшин
хүн аллаа ш дээ гээд нөгөө Ц******ийг барьж аваад холдуулсан тэгсэн нөгөө
Ц******** нь хорьсон залуутай ноцолдоод гэр дотор тэр хоёр зодолдоод байсан.
Ууг нь Ц****ийг гэрээс гаргах гээд байхад гарч өгөхгүй гэрт агсраад гэрийн
хамаг юм эвдээд хаясан тэгээд арай хийж гэрээс гаргасан чинь Ц****** нь буцаж
орж ирээд чамайг ална гээд дайраад байсан. Нүүрэндээ сорвитой залуу байгаагүй
бол тухайн залууд зодуулж алуулах байсан байх тухайн нүүрэн дээр сорвитой
залууг би танихгүй нэрийг нь хүртэл мэдэхгүй байна Тэгээд арай хийж тэндээс би
зугтаагаад шууд нүүрс тээврийн 62 дэх км-т байдаг зам ангийн кемп дээр очоод
хариуцаж байсан хүмүүс дээ хэлсэн тэгээд миний цусыг тогтоож нүдийг минь боож
өгсөн миний нүд бүлтрээд гараад ирсэн байсан тэгээд би гараараа дараад цааш нь
оруулсан тэгээд боолт эд нар хийж өгөөд эмч эд нар ирээд үзсэн юм. Тэгээд бие
арай гайгүй болоод өнөөдөрт өргөдөл гаргаж өгч байна...Тухайн үед миний хамраас
их хэмжээний цус гарч, зүүн талын нүд бүлтэрч гарч ирсэн мөн баруун талын нүд
хөхөрч хавдсан байсан. Баруун талын эрүү хавдартай дотор талын жавж язарсан
байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12-р хуудас/,

2024-10-21-ний өдрийн “...Би хотод түр оршин сууж байгаа юм аа энэ хэрэгт
хохирсноос хойш Улаанбаатар хотоос Цогтцэций сум руу 3 удаа ирж очсон, энэ
болгонд өөрийн машинаар явж байгаа болохоор бензиний мөнгө, мөн хувийн
эмнэлгээр үзүүлж эмчлүүлсэн зардлуудаа нэхэмжилнэ нийт яг хэдэн төгрөг болж
байгааг сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 48-р хуудас/,

Гэрч Д.Зоригсайханы “...Би 2024 оны 09 сарын 12-ны өдөр ********* сумын нутаг дэвсгэрт байрлах нүүрс тээврийн 70 дэх км-т замын
ажил хийж байгаад орой 18 цагийн үед ажлаасаа буугаад ус авахаар худаг руу явах
гэж байхад манай ажлын 3 залуу хамт явъя гэхээр нь би машиндаа суулгаад нүүрс
тээврийн 54 дэх км дээр байдаг гүний худаг дээр очсон юм. Нөгөө гурав замдаа
дэлгүүрээс 1 шил архи, 4 билэн гоймон, 2 гозгор хиам авсан байсан. Тэгээд бид нар
худаг дээр очсон чинь худгийн хүн нь гэртээ орондоо хэвтэж байсан. Тэгсэн гэрт нь
мах байхаар нь махаар нь хоол хийсэн тэгээд нөгөө гурав дэлгүүрээс авсан архиа
хувааж уугаад хоол хийж идсэн тэгсэн нөгөө худгийн өвгөн орон дээрээ завилж
суучхаад Ц********ийг үгээр өдөөд чи хаанахын хүүхэд вэ гээд үгээр өдөөд янз
бүр болоод л байсан. Тэгсэн нөгөө өвгөн нэг цахилгаан бороохой гаргаж ирээд
дуугаргаад байсан. Тэгэхээр нь би явъя гээд түрүүлээд гараад машиндаа суугаад
машинаа асаасан тэгсэн нилээн байж байсан чинь нөгөө хэд хэрэлдээд гэрээс
гараад ирж байсан тэгсэн Цанд-Аюуш гэх залуу нь алга болчихсон байсан чинь нэг
залуу нь нөгөө залуугаа орж авчирна гээд буцаад гэр лүү орсон чинь бөөн зодоон
болсон байна цус нөж болчихсон байна гээд гараад ирсэн. Тэгээд юу болсон бэ гэсэн чинь Ц******** нь нөгөө өвгөнтэй зодолдсон байна гэж хэлсэн тэгээд
гайгүй юу гэсэн чинь гайгүй байна гээд тэгээд бид нар явцгаасан юм...Бид нарыг
очиход тухайн хөгшин халамцуу байдалтай байсан. Бид нар авч очсон архинаас
бол огт өгөөгүй нөгөө гурван залуу л хувааж уусан юм...” гэсэн мэдүүлэг/хх-н 14-р
хуудас/,

Гэрч Ц.Гангаанямын “...бид нар 54 дэх км-т байрлах худаг дээр очсон
тэгээд бид нар машинаас буугаад манаачийн гэр лүү нь орсон чинь нэг настай ах
хүү орон дотроо халамцуу байдалтай хэвтэж байсан. Усны машины ах
Зоригсайхан ах тухайн ахыг тандаг бид гурав бол тухайн хүнийг огт танихгүй харж
байгаагүй юм. Бид нар тухайн айлд ороод гоймон эд нараа тэвтээгээд жаахан
хоол хийж идээд байж байсан тэгсэн нөгөө дэлгүүрээс авсан нэг шил архиа бид
нар хувааж уугаад сууж байхад нөгөө гэрийн эзэн нь Ц******ийг баруун зүгийн
царайтай юм чи казак уу гэсэн чинь Ц****** үгүй би Баянхонгор аймгийнх гээд
хоорондоо хэрэлдэж маргаад байсан. Тэгсэн Ц****** нь уурлаад миний царай
зүс танд ямар хамаатай юм гэсэн чинь би хүний нүдийг хараад мэддэг би
тагнуулын байгууллагад ажилладаг байсан гээд хоорондоо маргаад байсан.Тэгээд
бид нар хоолоо идэх гээд байж байсан чинь Ц****** хоолоо идэхгүй босоод та
намайг царай зүсээр минь доромжлоо гээд босоод ирсэн тэгэхээр нь би Ц******ийг араас нь тэврээд холдуулах гэсэн чинь зүүн талын орны хөлөөс
барьчхаад тавихгүй байсан чинь орных нь хөл нь салаад унасан тэгээд би
холдуулж орхиод Ц*******ийг тайвшруулаад би явъя гээд түрүүлээд гэрээс
гараад явсан миний араас нөгөө хоёр гарч ирсэн би гэрээс холдож бие засаад
байж байсан чинь Зоригсайхан ах нөгөө хоёр чинь зодолдоод уналаа ирээд
салгаарай гэж хэлсэн тэгээд би яваад очсон чинь гэр дотор гэрийн үүдэн хэсэгт
Ц********* нөгөө настай хүнийг доороо оруулчихсан өөрөө дээр нь гарчихсан
байдалтай байх байсан тэгсэн нөгөө настай хүний хамраас цус гарчихсан нүд нь
хөхөрч хавдсан байдалтай байсан. Би Ц********ийг арагш нь татаад чирээд
аваад гараад яваад өгсөн юм...” гэсэн мэдүүлэг/хх-н 18-19-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний
өдрийн 12345 дугаартай “...1. Ц.Б******ийн биед зүүн нүдний ухархайн дотор
ханын хугарал, баруун хацрын дотор салстад шарх, баруун зүүн нүдний дээд доод
зовхи, 2 нүдний алим улаан өнгийн цус хуралт, баруун зүүн өвдөгт зулгаралт
гэмтэл тогтоогдлоо.2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.З.
Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.
Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд
учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг
тогтоогдлоо.5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...”
гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 22-23-р хуудас/,

Яллагдагч Д.Ц*******ийн “...2024 оны 09 дүгээр сарын 12-ны шөнө ус
авахаар явж байгаад Б********ийнд очиж бэлэн гоймон дэвтээж идэх гэж байхад
надтай хамт явж байсан Гангааням, Зоригсайхан ах нар архи ууссан. Тухайн үед
бид нарыг очиход Б***** согтуу байсан. Тэгээд тэд нар хоорондоо юм яриад
байж байхад Б******* баруун аймгийн уу. Казак уу гээд байсан намайг
доромжлоод байсан. Тэгээд хоорондоо маргалдаад байж байхад Б******** миний
араас цахилгаан бороохойгоор цохиулсан бөгөөд би эргэж хараад шууд
Б********ийн зүүн талын нүд рүү баруун гараараа цохисон. Тэгээд Гангааням
намайг чи хөгшин хүн зодлоо гэж хэлээд намайг тухайн гэрээс аваад гарсан.
Тэгээд бид нар буцаад кемп рүүгээ явж байхад манай машины түлш дууссан
бөгөөд Гангааням, Зоригсайхан ах нар намайг хөгшин хүн зодоод гээд байсан тул
би уучлалт гуйх гээд эргээд алхаад Б********ийн гэрт очиход Б******** гэртээ
байхгүй байсан. Тэгээд би ажлынхан кемп рүү ганцаараа алхаад явсан...Би 236
дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан бөгөөд тухайн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй...Тухайн үед миний биед гэмтэл үүсээгүй...Тухайн үед
Б********тэй үл ялих зүйлээс болж маргалдах бөгөөд би Б********ийн гэрээс
хаалгаар гарах гэхэд миний араас Б******** цахилгаан бороохойгоор цохиулсан
бөгөөд би эргэж хараад шууд Б********ийн зүүн талын нүд рүү баруун гараараа
цохисон...Би өнөөдрийн байдлаар Б********ийн биед үүссэн гэмтэлтэй холбоотой
эмчилгээний төлбөр өнөөдрийн байдлаар төлж барагдуулсан зүйл байхгүй...Би
төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-н 46-р хуудас/
зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Д.Ц******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 12-ны орой ******** нүүрс тээврийн 54 дэх километрт байрлах ******* ХХК-ийн түрээсийн худгийн харуул хамгаалалтын байранд Ц.Б********тэй үл ялих зүйлээр маргалдаж эрүүл мэндэд нь халдсаны улмаас зүүн нүдний ухархайн хугарал, баруун хацрын дотор салстад шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхи, 2 нүдний алим улаан өнгийн цус хуралт, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүгдэгч Д.Ц*********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Ц.Б******** нь хохирол төлбөр нэхэмжилсэн талаар баримт гаргаж өгөөгүй тул хохирогч нь хохирлын талаархи баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын тухайд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдож байна. Мөн зүйлийн 1.4-т зааснаар хохирогчийн буруутай үйлдлийн улмаас тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх үйл баримт хэргийн хүрээнд тогтоогдож байгаа тул эдгээр байдлууд нь хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шүүгдэгч Д.Ц********* нь мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын явцад, өнөөдрийн хэрэг хянан хэлэлцэж шүүх хуралдаан дээр өөрөө үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэм буруу дээр маргаагүй мөрдөн шалгах ажлын дэмжлэг үзүүлж үнэн зөвөөр мэдүүлэг өгч хэргийн үйл баримтын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөөр ирсэн. Иймд түүний эрүүл мэнд, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдлийн арга, хувийн байдал зэргийг харгалзаад эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх саналыг гаргаж байна.  Шүүгдэгч урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх, мөн хохирогч хохирлын баримт гаргаагүй боловч ажилгүй байсан хугацааныхаа мөнгийг нэхэмжилнэ гэж өөрөө мэдүүлсэн учраас нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй болно” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Ц********* үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц***********д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Ц********д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

  2.3. Бусад асуудлын талаар

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Т****** овогт Д********ын Ц*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц*********д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

   3. Шүүгдэгч Д.Ц******* нь торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Ц.Б******** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй. 

  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

  7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТТУЛГА