| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2021/00126/И |
| Дугаар | 155/ШШ2021/00359 |
| Огноо | 2021-03-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 155/ШШ2021/00359
| 2021 оны 03 сарын 16 өдөр | Дугаар 155/ШШ2021/00359 | Хөвсгөл аймаг |
|
|
|
|
Нэхэмжлэгч: М.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбарт холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 20.924.832 /хорин сая есөн зуун хорин дөрвөн мянга найман зуун гучин хоёр/ төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг Т банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбараар нөхөн төлүүлэхийг даалгах, цалин барьцаалсан зээл, кредит карт, орон сууцны зээлийн хугацаа хэтэрснээс үүдэн гарсан торгуулийн хүүгээс өөрт учирсан хохиролд 7.222.836 /долоон сая хоёр зуун хорин хоёр мянга найман зуун гучин зургаа/ төгрөг нийт 28.147.668 / хорин найман сая нэг зуун дөчин долоон мянга зургаан зуун жаран найм/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 155/2021/00126/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Хүрэлбаатар нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Б би Т банкны Хөвсгөл салбарт Тооцооны төв хариуцсан менежерээр ажиллаж байхад салбарын захирал Л.Д 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Б/186 дугаар захирлын тушаалаар үүрэгт ажлаас минь чөлөөлсөн. Ингээд би ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж тус шүүхэд гомдлоо гарган шийдвэрлүүлсэн бөгөөд Т банкны Хөвсгөл салбараас Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх зэрэгт анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч марган уг асуудал 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр эцэслэн шийдвэрлэгдсэн юм. Т банкны Хөвсгөл салбар нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоол гарсаар байтал шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсаар 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүргэсэн. Өөрөөр хэлбэл би 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/08 дугаар тус салбарын захирлын тушаалаар ажилдаа эргэж орсон. Би анхан шатны шүүхийн шийдвэрээр 2.615.604 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин гэж шийдвэрлүүлсэн юм. Одоо ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл буюу 296 хоног /ажлын/ цалин хөлс болох 20.924.832 төгрөгийг Т банкны Хөвсгөл салбараас гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг Т банкны Хөвсгөл салбарыг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү Мөн би цалингийн зээлтэй байсан бөгөөд ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөнөөр цалингийн зээлээ төлж чадахгүй болсон бөгөөд цалингийн зээл, кредит карт, орон сууцны зээлийн төлөлт хугацаа хэтэрснээс үүдэн гарсан торгуулийн хүү болох 7.222.836 төгрөгийг Т банкны Хөвсгөл салбараас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Б нь хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Т банкны Хөвсгөл салбарын захирал н.Дашцэрэнгийн тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхүүдээр хэлэлцэгдэж 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ажилдаа буцаан томилогдсон. Ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс ажилдаа эргэн томилогдох хүртэл хугацааны цалин, мөн цалингийн зээлийн хүү, кредит карт, орон сууцны зээлийн хүү маань ажлаас чөлөөлөгдсөн өдрийн үлдэгдлээр нь торгуулийн хүүгээр нэмэгдсэн байгаа. Би яагаад үүнийг нэхэмжилж байгаа вэ гэхээр тухайн үед буруу шийдвэр гаргаагүй би ажлаа хийж байсан бол торгуулийн хүүнүүд үүсэх нөхцөл бүрдэхгүй, ийм маргаан гарахгүй, би зээлээ хэвийн төлөөд явах байсан. Зээлийн гэрээнүүдийн хуулбарыг нотариатчаар батлуулж өгсөн байгаа. Банк бүх зээл дээрээ гэрээ хийдэг. Ажлаас чөлөөлөгдсөн сард буюу 2019 оны 9 дүгээр сард миний цалингийн зээлийн үлдэгдэл маань 16,615,835 төгрөг байсан. Ажилд орох өдрөө тухайн үеийн зээлийн үлдэгдлээ харахад торгуулийн хүү нэмэгдээд нийт 19,519,000 төгрөг болсон байгаа юм. Ийм учраас энэхүү зээлийн торгуулийн хүүнүүдийг банкнаас нэхэмжилж байна. Сая шинээр гаргаж өгсөн гүйлгээний баримтаар энэ зээл маань яаж үндсэн зээл дээр нэмэгддэг юм бэ гэдэг харуулах гэж байгаа юм. Жишээ нь нэмэгдүүлсэн хүү 20,000 төгрөг төлөхөд 16,615,000 төгрөг дээр торгуулийн хүү шууд нэмэгдээд 19,335,000 төгрөг болж байгаа юм. Орон сууцны зээл мөн адилхан байдаг. Хэрэв тухайн үеийнхээ цалин хөлсийг аваад төлбөрөө төлөөд явж байсан бол 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш зээл хэвийн төлөгдөж байх байсан юм. Тиймээс нэмэгдүүлсэн хүүг банкнаас гаргуулах хүсэлт гаргасан. Кредит карт нь төлбөрийн хуваарь гэж байдаггүй. Тухайн сард ашигласан зээлийнхээ хамгийн багадаа 10 хувийг нь төлнө гэж заасан байдаг. Тухайн үед би 4,800,000 төгрөгийг нь ашигласан байсан. Тиймээс энэ картаас дахин зээл авах боломжгүй. Тухайн үедээ энэ мөнгөнийхөө 10 хувийг нь төлж байсан бол зээлийн гэрээнийхээ хугацаанд энэ зээл маань төлөгдчих байсан. Гэтэл энэ зээлийн маань гэрээний хугацаа нь 2020 оны 9 дүгээр сард дууссан. Энэ хугацаа дуусаад зээлийн төлбөр төлөгдөөгүй 90 хоногийн хугацаа хэтэрсэн бол банк яаралтай ямар нэгэн арга хэмжээ авах ёстой. Гэтэл энэ зээлийн хүү нь өдөр өдрөөр хуримтлагдаж байгаа. Энэ дээр арга хэмжээ авахгүй орхигдуулсан. Банкнаас олгодог 90 хоногийн хугацаа нь харилцагчдад боломж олгож байгаа гэх юм уу ийм хугацаа өгдөг. Түүнээс хойш хууль шүүхэд хандаж шат дараалсан арга хэмжээг авах ёстой байдаг. Хэрэв шүүхэд шилжүүлсэн байсан бол эдгээр хүүнүүд тооцогдохгүй зогсох байсан. Ажилгүй байсан хугацаа нь анх 296 хоног гэж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Сая дахин нягтлангаараа шүүлгэхэд 294 хоногийн цалин авахаар байсан. Иймд ажилгүй байсан хугацаагаа 294 хоног болгон багасгаж байна. Банк миний эрх ашгийг айхтар хохироож байгаа юм. Учир нь Монгол банкинд миний зээл муу гэсэн ангилалд орсон. Энэ торгуулийн хүүг заавал төлөх учиртай. Үүнийг төлснөөр миний зээлийн ангилал өөрчлөгдөх үндэслэлтэй болж байгаа. Тэрнээс гадна картын хувьд дахин зээлжих эрхтэй карт авах боломжгүй болсон. Энэ бас нилээн хэдэн жилийн дараа хэвийн байдалд орно. Ингэж бодохоор л надад маш их хохиролтой болж байгаа юм. Хэрэв би ажлаа хийгээд явж байсан бол ийм зүйл огт болохгүй. Албан тушаалтны буруу алдаатай шийдвэрээс болж би төлөх ёсгүй торгуулийн хүүг төлөх болчихоод байгаа юм. Одоогоор торгуулийн хүүнээс надад төлсөн зүйлгүй. Энэ нь зайлшгүй төлөгдөх зүйл болчихоод байгаа гэв.
Хариуцагч Л.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч М.Б тус салбарт ажиллаж байхдаа Хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтын дагуу шат дараалсан хяналтыг чанартай хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас хариуцсан нэгж болох Мөрөн-2 тооцооны төв дээр ноцтой зөрчил илэрсэн. Галт тооцооны төвийн захирал Т.Баяржаргал нь харилцагчтай санхүүгийн харилцаанд орсон хяналт тавьж ажиллаагүй, Хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давтан гаргасан зөрчил гаргасан үндэслэлээр 2019 оны 09 дүгээр сарны 11-ний өдрийн Б/186 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлснийг эс зөвшөөрч шүүхэд ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүх түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн юм. Хариуцагч Т банкны Хөвсгөл салбар нь хуульд заасан журмын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шүүхэд гомдол гаргаж улмаар 2 шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч М.Бат-Эрдэний ажилгүй байсан хугацааны цалин олговрыг Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан 292 хоногоор тооцож, олгоно. Харин нэхэмжлэгч М.Бийг ажил олгогч нь үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр шүүхээс түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил олгогч ажилгүй байсан хугацааны цалин олговрыг олгохоор хуульд зохицуулагдсан байдаг. Иймд түүний нэхэмжилж байгаа цалин болон бусад зээлийн хүү, торгуулийг хариуцах учиргүй юм. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байх тул шүүх хэргийг хуульд нийцүүлж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Хүрэлбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т банкны хуулийн хэлтсээс ирүүлсэн тайлбарыг хэрэгт хавсаргасан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтанд цалин хөлс, нийгмийн даатгалтай холбоотой төлбөрүүдийг шилжүүлж, олгож өгнө. Түүнээс баланс гадуурх хүүг нь төлөх боломжгүй. Өөрөөр хэлбэл 294 хоногийн цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлнө. Бусад зээл, кредит карт, орон сууцны зээлийн хугацаа хэтэрсэн хүү зэргийг төлөхгүй гэсэн тайлбарыг өгч байгаа юм. Балансаас гадуур бодогдсон торгуулийн хүү М.Бийн зээлэнд тооцогдсон. Дээрхи гурван зээлтэй нь үнэн. Энэ зээлүүдэд торгуулийн хүү бодогдсон байгаа. Торгуулийн хүүгийн бодогдсон мөнгөн дүн болон тооцогдсон хугацаатай маргахгүй. Энэ нь программаас харахад яг л нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн дансны хуулгаар харагдаж байгаа. Үүнийг М.Б нь зайлшгүй төлөх ёстой. Нэхэмжлэгчийн зээлийн ангилал муу ангилалд орсон гэсэн асуудал нь үнэн. Манайхаас 90 хоногийн дараа шүүхэд хандах учиртай боловч энэ хүнийг шүүхийн шийдвэрээр ажил төрөлд нь тогтоовол төлөх боломжтой болчихно гэж харсан учраас манайхаас өгөөгүй юм болов уу даа. Манай банкны хуулийн хэлтсээс ажилгүй байсан хугацааны цалин л олгохоос биш өөрөөр торгуулийн хүү төлөхгүй гэсэн учир дээрхи тайлбарыг би гаргаж байна гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Б нь Т банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 20.924.832 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг Т банк хязгаарлагдмал хариуцлагатай компаний Хөвсгөл салбараар нөхөн төлүүлэхийг даалгах, цалин барьцаалсан зээл болон кредит карт, орон сууцны зээлүүдийн хугацаа хэтэрснээс үүдэн гарсан торгуулийн хүүгээс өөрт учирсан хохирол болох 7.222.836 төгрөг, нийт 28.147.668 /хорин найман сая нэг зуун дөчин долоон мянга зургаан зуун жаран найм/ төгрөгийг гаргуулах, шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааг нягтлангаасаа тодруулж бодуулахад ажлын 294 хоног байсан тул ажилгүй байсан хугацааг уг хоногоор тооцож ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Хүрэлбаатар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 294 хоногоор тооцож олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар суутган төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг тус тус зөвшөөрч, харин цалин барьцаалсан зээл болон, кредит карт, орон сууцны зээлийн хугацаа хэтэрснээс үүдэн гарсан торгуулийн хүүг төлөхгүй гэж маргажээ.
Хавтаст хэрэгт нэхэмжлэгч нь иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 4 хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 155/ШШ2019/01011 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 5 хуудас, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 3 хуудас, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ХТ2020/00517 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 4 хуудас, Т банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбарын захирлын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/08 дугаар тушаалын хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар 1 хуудас, Т банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбарын 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/186 дугаар тушаалын хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар 1 хуудас, Т банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбарын захирлын 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 115 дугаар тушаалын хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар 1 хуудас, Хадгаламж банкны Хөвсгөл аймаг дахь салбарын захирлын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 239 дүгээр тушаалын хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар 1 хуудас, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Кредит карт эзэмших гэрээ, барьцааны зүйлийн жагсаалт, Орон сууцны зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 12 хуудас, балансын гадуурх дансны хуулга эх хувиар 6 хуудас, дансан дахь зээлийн үлдэгдэл балансын гадуурх хүү зэргийг тусгасан хэвлэмэл баримт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг хэвлэмэл баримтууд 14 хуудас, 20.000 төгрөгийн гүйлгээ хийснээр дансанд хэрхэн яаж тусгагдсаныг харуулсан зээлийн дансны хуулга эх хувиар 1 хуудас зэрэг баримтуудыг,
Хариуцагч талаас 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/1201 дугаар Т банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирлын тушаал, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Т банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн салбарын захирлын А/04 дүгээр эрх шилжүүлэх тухай тушаал зэргийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар 2 хуудас, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01/928 дугаар Т банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирлын Итгэмжлэл эх хувиар 1 хуудас зэрэг баримтыг тус тус шүүхэд нотлох баримтаар ирүүлжээ.
Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч М.Б нь Т банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбарын захирлын 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 115 дугаар тушаалаар Т банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбарын тооцооны төв хариуцсан менежерээр ажиллаж байсан бөгөөд, дээрх салбарын захирлын 2019 оны 9 дүгээр сарын 11-ний Б/186 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн ба Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 155/ШШ2019/01011 дугаар шийдвэрээр М.Бийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Т банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбараас гаргуулан олгож шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэрийг хариуцагч нь эс зөвшөөрч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхэд хандан гомдол гаргасныг дээрх шүүхүүд гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийг Т банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбарын захирлын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар урьд эрхэлж байсан буюу Т банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбарын тооцооны төв хариуцсан менежерийн ажилд томилсон үйл баримт тогтоогдож байх ба талууд үүнд маргаагүй.
Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 20.924.832 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг Т банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбараар нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох цалин барьцаалсан зээл болон кредит карт, орон сууцны зээлийн хугацаа хэтэрснээс үүдэн гарсан торгуулийн хүүгээс өөрт учирсан хохирол болох 7.222.836 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
1/ Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 20.924.832 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг Т банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбараар нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69. 1-т .Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно,
Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж тус тус заажээ.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч М.Бийг ажлаас үндэслэлгүй халсан учир эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж түүнийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Т банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбарын захирлын тушаалаар урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь томилсон байх тул нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Т банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбараас нэхэмжлэх эрхтэй ба тэрээр 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд би өмнө нь анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 2.615.604 төгрөгийг гаргуулан авсан учир 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнөх хэсгийг гаргуулан авсан гэж үзэж түүнээс хойшхи 294 хоногийн цалингаа нэхэмжилж байна гэж тайлбарласан. Үүнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй бөгөөд ажилгүй байсан нь 294 хоног байна гэжээ.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын НДД№А0155926 дугаар дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар нэхэмжлэгч нь 2019 оны 6-р сард 1.078.181 төгрөг, 2019 оны 7 дугаар сард 2.120.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сард 1.361.505 төгрөгийн цалин хөлсийг авч байжээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлоход нэг өдрийн цалин хөлс нь 70.692 төгрөг, ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдийг тооцоход 2019 оны 9 дүгээр сард 13 хоног, 2019 оны 10 дугаар сард 23 хоног, 2019 оны 11 дүгээр сарын 19 хоног, 2019 оны 12 дугаар сард 22 хоног, 2020 оны 01 дүгээр сард 22 хоног, 2020 оны 02 дугаар сард 17 хоног, 2020 оны 3 дугаар сард 22 хоног, 2020 оны 4 дүгээр сард 22 хоног, 2020 оны 5 дугаар сард 21 хоног, 2020 оны 6 дугаар сард 20 хоног, 2020 оны 7 дугаар сард 20 хоног, 2020 оны 8 дугаар сард 21 хоног, 2020 оны 9 дүгээр сард 22 хоног, 2020 оны 10 дугаар сард 21 хоног, 2020 оны 11 дүгээр сард 19 хоног, 2020 оны 12 дугаар сард 22 хоног, 2021 оны 01 дүгээр сард 5 хоног нийт ажлын 331 хоног байна.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20219 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 155/ШШ2019/00000 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.615.604 төгрөгийг Т банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбараас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн ба энэ нь нийт ажлын 37 хоногийн цалинтай тэнцэж байх тул үлдэх 294 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговрыг Т банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбараас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй юм.
Иймд Т банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбараас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 294х70.692= 20.783.448 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Бд олгож шийдвэрлэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй гэж,
Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус заасан байна.
Иймд нэхэмжлэгч М.Бийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг Т банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбарт даалгах нь хуульд нийцнэ.
2/ Цалин барьцаалсан болон кредит карт, орон сууцны зээлийн хугацаа хэтэрснээс үүдэн гарсан торгуулийн хүүгээс өөрт учирсан хохирол болох 7.222.836 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч М.Б нь 2019 оны 9 дүгээр сараас эхлэн би ажилгүй болсон учир цалин хөлстэй холбоотойгоор төлөгддөг цалингийн болон кредит картны, орон сууцны зээлийг төлж чадахгүй байдалд хүрсэн. Эдгээрийг төлөөгүйгээс балансаас гадуур торгуулийн хүү хуримтлагдсаар дээрх зээлүүдийн нийт торгуулийн хүү 7.222.836 төгрөг болсон. Хэрэв намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөөгүй байсан бол би ажлаа хийгээд дээрхи зээлийн төлбөрүүдийг хугацаанд нь төлөх байсан учир надад ийм торгуулийн хүү төлөх үүрэг үүсэхгүй байсан. Иймд Т банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбарын захирлын буруутай шийдвэрээс болж ийм хэмжээний торгуулийн хүүг төлөх болсон учир нэхэмжилж байна, зээлийн ангилал ч муу зэрэглэлд хамрагдсан гэж,
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг л олгохоор зохицуулснаас биш түүнээс үүдэн гарсан гэх цалин барьцаалсан зээл болон кредит карт, орон сууцны зээлийн хугацаа хэтэрснээс үүссэн торгуулийн хүүг хариуцах учиргүй гэж маргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн зээлийн гэрээ, зээлийн үлдэгдэл төлбөр, төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс үүссэн торгуулийн хүүгийн хэмжээ зэрэгтэй маргаагүй бөгөөд энэ нь программаас шууд гарч ирэх учраас маргах зүйлгүй, нэхэмжлэгчийн зээлийн ангилал муу зэрэгт багтсан зэрэг нь үнэн бодитой боловч энэ нь хувь хүнээс өөрөөс шалтгаалах, түүнчлэн тус банкны хуулийн хэлтсээс нэхэмжлэлийн энэ шаардлагыг зөвшөөрөх үндэслэлгүй гэсэн учир энэхүү шаардлагыг зөвшөөрөхгүй юм гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө тус тус хуульчилжээ.
Т банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбарын захирал нэхэмжлэгч М.Бийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, нэхэмжлэгч М.Бтэй тухайн банкны салбар цалингийн болон ороны сууцны зээлийн гэрээг байгуулахдаа, мөн зээлжих эрхтэй /кредит/ карт олгохдоо тус тус түүний цалин хөлсийг барьцаалсан зэрэг байдлаас нэхэмжлэгчийн дээрхи зээлийн төлбөрүүдийг төлөөгүй нь түүний ажлаас чөлөөлөгдсөнтэй шалтгаант холбоотой гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгч М.Б нь Т банкны Хөвсгөл салбарын захирлын санаатай, болгоомжгүй үйлдлийн улмаас учирсан хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.
Хуулийн энэ зохицуулалтаар эд хөрөнгөд учруулсан бодит хохирол, олох ёстой байсан орлого гэж гэм хорыг арилгах хэмжээг тодорхойлсон ба үүнээс үзвэл бодит хохирол, олох ёстой байсан орлого гэдэг нь өнгөрсөн цагт бодитоор бий болсон, бий болох байсныг хохирол гэж үзэж нөхөн төлөх үүрэгтэй байхаар хуульчилжээ.
Гэтэл нэхэмжлэгч нь балансаас гадуур тусгагдсан, ирээдүйд өөрөөс нь заавал төлөгдөх торгуулийн хүү 7.222.836 төгрөгийг нэхэмжилсэн нь хуульд нийцэхгүй, түүнийг бодитоор учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй гэж байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тухайн торгуулийн хүүг огт төлөөгүй байгаа, ирээдүйд заавал төлөх ёстой зүйл гэж тайлбарласан зэргээс түүнд бодитоор учирсан хохирол гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн дээрхи шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд хариуцагч Т банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбараас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 20.783.448 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч М.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас цалин барьцаалсан болон кредит карт, орон сууцны зээлийн хугацаа хэтэрснээс үүдэн гарсан торгуулийн хүүгээс өөрт учирсан хохирол болох 7.222.836 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тус шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр томилогдсон П.Отгонжаргалд шүүх хуралдааны товыг мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд зохигч түүний эзгүйд шүүх хуралдаан явуулахыг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч М.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298.688 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбараас нэхэмжлэлийн хангагдсан дүн болох 20.783.448 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 261.867 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хариуцагч Т банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбараас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 20.783.448 /хорин сая долоон зуун наян гурван мянга дөрвөн зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч М.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.222.836 /долоон сая хоёр зуун хорин хоёр мянга найман зуун гучин зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч М.Бийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Т банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч М.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298.688 /хоёр зуун ерэн найман мянга зургаан зуун наян найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбараас 261.867 /хоёр зуун жаран нэгэн мянга найман зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА