Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 124/ШШ2022/0042

 

                                           Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл би Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б-ийн Увс аймгийн Өндөрхангай сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А-ын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 0045333 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” дүгнэлттэй Өндөрхангай сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А-д холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор С.Б шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Увс аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх С.Б би, Өндөрхангай сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А нь "иргэн Т.Х нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр сумын иргэдийн хурлын 4/04 журам зөрчиж, Увс аймгийн Өндөрхангай сумын Цагаан нуур багийн Түнгэ хаялагад намаржааны бүс нутагт буусан" гэх зөрчилд хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Т.Х-т 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 0045333 дугаартай шийтгэлийн хуудсаар Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг зуун мянган төгрөгөөр шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Материалыг хянахад иргэн Т.Х нь 2022 оны 05 дугаар сарын 24- ний өдөр сумын иргэдийн хурлын 4/04 журам зөрчиж, Увс аймгийн Өндөрхангай сумын Цагаан нуур багийн Түнгэ хаялагад намаржааны бүс нутагт буусан байхад улсын байцаагч Б.А нь Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж, Т.Х-ын үйлдсэн зөрчлөөс өөр зүйл ангиар буюу Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хулгайлах" зөрчлөөр арга хэмжээ авсан байна.

Иймд Т.Х-т Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ авсан 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 0045333 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Увс аймгийн
Прокурорын газрын прокурор С.Бийн 44 дугаартай 2022 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн дүгнэлттэй танилцав. Завхан аймгийн Ургамал сумын 3-р багийн малчин Т.Х-т тавигдсан 0045333 дугаартай шийтгэврийн хуудсан дээр бичигдсэн Зөрчлийн тухай хуулийн 8.1.6 дахь заалтыг 8.6.1 гэж андууран бичсэн алдаа гаргасан тул прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.
 

Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б нь Увс аймгийн Өндөрхангай сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж, Т.Х-ын үйлдсэн зөрчлөөс өөр зүйл ангиар буюу Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хулгайлах" зөрчлөөр арга хэмжээ авсан гэж үзэн Т.Хт арга хэмжээ авсан 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 0045333 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг гаргажээ.

Маргаан бүхий захиргааны акт буюу Увс аймгийн Өндөрхангай сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А-ын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 0045333 дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Т.Х-т Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна.

Хариуцагчаас Завхан аймгийн Ургамал сумын 3-р багийн малчин Т.Хт тавигдсан 0045333 дугаартай шийтгэврийн хуудсан дээр бичигдсэн Зөрчлийн тухай хуулийн 8.1.6 дахь заалтыг 8.6.1 гэж андууран бичсэн алдаа гаргасан тул прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа талаар хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагчаас прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэн, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б-ээс ирүүлсэн Увс аймгийн Өндөрхангай сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А-ын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 0045333 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” прокурорын дүгнэлтийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б-ийн дүгнэлттэй, Увс аймгийн Өндөрхангай сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А-д холбогдох 124/2022/0027/ индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ОЮУНГЭРЭЛ