Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 303

 

     "А.банк" ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2018/03136 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч "А.банк" ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ч, Д.Д, Б.А нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 70 607 968.14 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,   Н.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

            Нэхэмжлэгч "А.банк" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баасанбат, Н.Хэрлэн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк нь зээлдэгч Н.Ч, Д.Д, Б.А нартай 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 15/01-24 тоот зээл, барьцааны гэрээ байгуулан, 50.000.000 төгрөгийн зээлийг жилийн 33 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатайгаар олгосон. Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, зээл зээлийн хүүний төлбөрийн хуваарийг зөрчсөөр 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш зээлийн төлөлт огт хийгдээгүй байна. Зээлийг хүүг 2016 оны 11дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн бодсон байгаа. 2016 онд 33 хоног байна. Энэ нь 2016 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 31 хүртэл, 2017 онд 365 хоног, 2018 онд 295 хоног. Нийт 693 хоногийн хугацаа хэтэрсэн. Өнөөдрийн байдлаар зээлдэгч Н.Ч, Д.Д, Б.А нар нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 42.131.585,85 төгрөг, зээлийн хүү 27.401.323,92, нэмэгдүүлсэн хүү 1.075.058,37, нийт 70.607.968,14 төгрөгийн өртэй болоод байна. Иймд иргэн Н.Ч, Д.Д, Б.А нараас Бичил хөрөнгө оруулалтын зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, гэрээний үүрэгт 70.607.968,14 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зээлдэгч "А.банк" ХХК зээл авах хүсэл сонирхолгүй Д.Д, Б.А нарыг тодорхой шалтгаангүйгээр зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр татан оролцуулж эрх үүргийн харилцаа үүсгэсэн нь Иргэний хуулийн 451,  453-тай нийцэхгүй байнаА.банк зээл олгохдоо зээлдэгч Н.Ч-д зээлийн гэрээний хүүг ойлгомжгүй байдлаар тайлбарласны улмаас Н.Ч 60 сарын 66 хувийн хүүтэй зээл авч байгаагаа үл ойлгон 60 сарын 33 хувийн зээл авч байгаа гэсэн ойлголтоор хэлцэл хийсэн байна. Д.Д, Б.А нараас үүргийн гүйцэтгэл шаардаж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Н.Ч-оос зээлийн хүүд 27.420.000 төгрөг шаардаж байгаагийн 15.720.000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 42.131.585 төгрөг, зээлийн хүү 15.681.323 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.075.058 төгрөгийг, нийт 56.837.968 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Б.Бумдэлгэр, Б.А нарын олгосон итгэмжлэлээр Н.Ч Б.Б нарын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх байтал Н.Ч гуравдагч этгээдтэй шууд нэрийн өмнөөс хэлцэл хийсэн байна. Ингэж хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцогдох тул Б.Б,Б.А нарын өмчийг үүргийн гүйцэтгэл хангах зориулалт бүхий барьцааны зүйл хэмээн үзэхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Чагнаадорж, Б.Амарзаяа, Д.Долзодмаа нараас нийт 70.607.968,14 төгрөг төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "А.банк" ХХК-д олгож, Иргэний Хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Н.Ч, Б.А, Д.Д нарыг нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Д.Д-гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо, Москва хороолол, Москва гудамж, 126 тоотод байрлах 216 м.кв талбайтай, авто угаалгын зориулалтай Ү-2201041273 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах үйлчилгээний зориулалт бүхий 538 м.кв талбай бүхий 0392991 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, Б.А-ын эзэмшилийн Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, халуун усны хойно байрлах 0385237 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, Б.Б-ийн эзэмшилийн Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, халуун усны хойно байрлах 0385238 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй газар зэргийг албадан дуудлага худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 510.990+70.200=581.190 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 581.190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Аригбанк" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: "А.банк" ХХК зээлийн хүүг бүхэлд нь 53.559.041 төгрөг хэмээн тодорхойлж үүнээс хариуцагч 26.868.414 төлсөн, үлдэгдэл хүүг 27.401.323 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн. Гэтэл тооцож үзэхэд 53.559.041 биш 45.359.041 төгрөг байна. 45.359.041 - 26.868.114=18.490.927 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасан тооцох ёстой. 70.607.968 - 18.490.927=62.117.968 төгрөг болно. Иймд анхан шатны шийдвэрлэсэн 70.607.968 төгрөгөөс 8.200.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй тул давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний талаар болон найруулгын өөрчлөлт оруулах шаардлагатай.

Нэхэмжлэгч "А.банк" ХХК нь хариуцагч Н.Ч, Б.А, Д.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 70 607 968,14 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 15/01-24 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч Н.Ч, Б.А, Д.Д нар нь "А.банк" ХХК-аас  50 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 33 хувь, сарын 2.75 хувийн хүүтэй, бичил хөрөнгө оруулалтын зориулалтаар авсан болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогджээ. / хх-7, 8, 79, 80 /

Зээлдүүлэгч “А.банк” ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн дансанд  шилжүүлснээр Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар зохигчдын хооронд мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн зохигчид дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 15/01-24 дүгээр барьцааны гэрээгээр хариуцагч Д.Д-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201041273 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо, Москва хороолол, Москва гудамж, 126 тоот хаягт байрлах 216 м.кв талбайтай, авто угаалгын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, 30/5038 дугаарт бүртгэлтэй, мөн тус хаягт байрлах үйлчилгээний зориулалт бүхий 538 м.кв талбайтай Д.Долзодмаагийн нэр дээрх газар эзэмших эрх, нэгж талбарын 18635316075552 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, халуун усны хойно байрлах амины хашааны зориулалт бүхий 700 м.кв талбайтай Б.А-ын  нэр дээрх газар эзэмших эрх, нэгж талбарын 18635316102529 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, халуун усны хойно байрлах амины хашааны зориулалт бүхий 700 м.кв талбайтай Б.Б-ийн нэр дээрх газар эзэмших эрх зэргийг тус тус барьцаалсан барьцааны гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан хэлбэрийн шаардлагад нийцсэн байна. / хх-9-13, 46-49/

Талуудын хооронд хийгдсэн дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд заасан бичгээр байгуулах, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.

Хариуцагч нар нь үндсэн зээлд 7 868 414.15 төгрөг, зээлийн хүүд 26 119 625.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4 010.27 төгрөг тус тус төлсөн боловч зээлийн гэрээний  2.2.2-т зааснаар гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу үндсэн зээл, түүний хүүг төлөх үүргээ 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс биелүүлээгүй зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээл, хүүгийн тооцооллын баримт /хх-ийн 69/ -аар тогтоогджээ.

 

Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 4.2.3-т заасны дагуу гэрээг хугацаанаас өмнө цуцалж гэрээний үндсэн төлбөр 42 131 585.85 төгрөг, хүү 27 401 323.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 075 058.37 төгрөг, нийт 70 607 968.14 төгрөгийг хариуцагч нараас шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус нийцсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр  хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч "А.банк" ХХК нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан бөгөөд дээр дурдсанаар зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан тул барьцааны зүйл болох дээр дурдсан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлээр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...зээлийн хүүд 27 420 000 төгрөг шаардаж байгаагийн 15 720 000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тайлбар гаргаж байгаа боловч ийнхүү тооцсон хүүгийн тооцооллыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, эргэн төлөлтийн хуваарь болон нэхэмжлэгчийн зээл, хүүгийн тооцооллыг баримтаар няцааж чадаагүй байна.

Түүнчлэн талууд зээлийн гэрээний 1.11-д зээл, хүүг хэсэгчлэн буюу бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд зээлийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт нийцсэн.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Харин анхан шатны шүүх зээлийн гэрээг цуцалсан гэж зөв дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь оновчтой болоогүй тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй, түүнчлэн дуудлага худалдаа явуулах этгээдийг заагаагүй,  газар эзэмших эрх барьцаалагдсан байхад барьцааны зүйлийг буруу заасан тул 2 дах заалтад  найруулгын өөрчлөлт тус тус оруулж залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2018/03136 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...453 дугаар зүйлийн 453.1...” гэснийг “...452 дугаар зүйлийн 452.2...” гэж, 2 дах заалтын “ ... 0385237 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй газар...” гэснийг “...0385237 тоот гэрчилгээтэй газар эзэмших эрхийг...” гэж , “...0385238 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй газар...” гэснийг “...0385238тоот гэрчилгээтэй газар эзэмших эрхийг...” гэж, “...албадан дуудлага худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай” гэснийг “...албадан дуудлага худалдаанд оруулж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай...” гэж тус тус  өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ын төлсөн  150 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.НАРАНЦЭЦЭГ

                                        ШҮҮГЧИД                                        Э.ЗОЛЗАЯА

                                                                                                Н.БАТЗОРИГ