Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 305

 

Б.Н-ын нэхэмжлэлтэй  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/02339 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Б.Н-ын нэхэмжлэлтэй, хариуцагч "М" ХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

            Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н би “М” ТӨХК-ий гүйцэтгэх захирлын 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/626 тоот тушаалаар түр хугацаагаар гадаад өглөгийн нягтлан бодогчийн үүрэгт ажилд томилогдон ажиллаж байгаад, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б/328 тоот тушаалаар үндсэн хөрөнгө, бараа материалын нягтлан бодогчийн ажилд түр хугацаагаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/159 тоот тушаалаар ачаа шуудангийн агентын борлуулалтын нягтлан бодогчоор үндсэн ажилтнаар томилогдон ажиллах болсон. Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/477 тоот тушаалаар 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. БНЧУ-ын “Travel Service A.S” компанитай байгуулсан гэрээний дагуу 2017 оны 9 дүгээр сард үйлдэгдсэн 15 хоногийн нислэгийн төлбөрийг дутуу тооцоолж, цаг тухайд нь нэхэмжилж аваагүй, гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй, анхан шатны баримтын бүрдэлгүй өглөгийн ваучер бичсэн гэх үндэслэлээр ажлаас халах үндэслэл болгосон. "Travel Service A.S" компанитай хийсэн гэрээ нь 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хэрэгжих заалттай бөгөөд энэхүү гэрээг дуусгавар болохоос өмнө тодорхой шалтгаангүйгээр хариуцан ажиллаж байсан нягтлан бодогчоос шилжүүлэн авч, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Ачаа, шуудангийн борлуулалтын нягтлан бодогч миний ажлын байрны тодорхойлолтын 4 дүгээр заалтыг засварлан 14 дүгээр зүйлийг оруулж нойтон түрээсийн ажлыг надад давхар гүйцэтгүүлж байсан болно. Б.Н би анх ажилд орсон өдрөөс эхлэн ажиллах хугацаандаа ажлын байрны гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ зөрчиж алдаа гаргаж байсан удаа үгүй болно. Мөн “М” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/427 тоот тушаалаар “М” ТӨХК-ийг 2017 оны Санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтээр “Зөрчилгүй” дүгнэлт гаргахад идэвх зүтгэл гарган ажилласан Санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн хавсралтад нэр дурьдсан ажилтнуудыг 1 сарын үндсэн цалинтай тэнцүү хэмжээний мөнгөн урамшуулал олгох тушаал гаргахдаа надад сануулж мэдэгдэлгүйгээр намайг зөрчил гаргасан хэмээн тооцож урамшуулалд хамруулаагүй нь захиргаанаас авсан арга хэмжээ гэж үзэж байгаа. Гэтэл ахин халах тушаал гаргасан нь давхардуулсан арга хэмжээ болж байна. Миний бие М ХК-нд 2013 оноос эхлэн ажиллаж байгаа, 2016 оноос ачаа шуудангийн агентын борлуулалтын нягтлан бодогчоор ажиллаж байсан. Гэтэл хөдөлмөрийн гэрээг сахилгын зөрчил гаргасан гэж ажлаас халсан. Үүнийг зөвшөөрөхгүй, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр аудитаас зөрүүтэй бөглөснийг мэдсэн, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тулган баталгаажуулалт хийсэн, мөнгийг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн. Дотоод аудитын зөвлөмж гарахад зөрчил арилсан байсан боловч надад арга хэмжээ авч ажлаас халсан. Миний бие хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, ажлын байрны тодорхойлолтын дагуу ажиллаж байсан, зөрчил дутагдал гаргаж байгаагүй, гэтэл ажлаас халсанд гомдолтой байна, ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гүйцэтгэх захирлын 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/626 тоот тушаалаар Б.Н-ыг Санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтэст нягтлан бодогчоор түр томилон хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан ба Гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/159 тоот тушаалаар тус хэлтсийн Ачаа, шуудангийн агентын борлуулалтын нягтлан бодогчоор жинхэлсэн байдаг. “М” ТӨХК нь БНЧУ-ын “Travel Service A.S” компанитай 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл агаарын хөлгийн нойтон түрээсийн 17/022 дугаартай гэрээ байгуулан ажиллаж байсан. Нэхэмжлэгч Б.Н нь ажлын байрны тодорхойлолтын дагуу нойтон түрээсийн санхүүгийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг байсан бөгөөд 2017 оны 10 сард “Travel Service A.S” компаниас нойтон түрээсийн төлбөрийг нэхэмжлэхдээ тооцооллын алдаа гаргасны улмаас 552,143 ам.долларыг дутуу дүнгээр нэхэмжилсэн байдаг. Энэхүү төлбөр нь 2017 оны 9 сарын сүүлийн 15 хоногийн нислэгийн блок цагийн төлбөр байсан бөгөөд төлбөрийг нэхэмжилж аваагүй, гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй, талууд хооронд өглөг авлагын тооцоо нийлж баталгаажуулаагүй байхад 122.410 ам.долларын барьцаа төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр буцаан олгосон ноцтой зөрчил гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ өөрөө алдаа зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн ба холбогдох баримтуудаар нотлогдож байна. Тухайн үед удирдлагын зүгээс хариуцлагатай ажиллах талаар анхааруулсан байдаг. Нэхэмжлэгчийн дээрх хариуцсан ажилдаа хайнга хандсан үйлдэл нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.4.1-т заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах “Санхүүгийн данс бүртгэл будлиантуулсан, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан эсхүл нөхцөл боломжийг бий болгосон” ноцтой зөрчил юм. Б.Н нь 2016 оны 3 дугаар сарын 22-ноос ачаа шуудангийн борлуулалтын нягтлан бодогчоор нойтон түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэтэл ажлын байрны тодорхойлолтод заагдсан 2017 оны 9 дүгээр сарын нислэгийн блок цагийн төлбөрийг нэхэмжлээгүй, 2017 оны 11 дүгээр сарын 29-нд тооцоо нийлсэн акт үйлдээгүй байхад барьцаа төлбөр 112 410 ам.долларыг буцаан олгосон зөрчил гаргасан. Нойтон түрээсийн гэрээний 14.13-т зааснаар төлбөрийн нэхэмжлэл явуулах нь М ХК-ийн үүрэг байсан. 2018 оны 3 дугаар сарын 21-нд шалгалтаар тооцооллын алдаа гарсан, дутуу нэхэмжилсэн гэдгийг дурдсан. 2017 оны 11 сард Б.Н-д сахилгын арга хэмжээ авна гэж анхааруулсан. Мөн байгууллагатай байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 2.1.5-д зааснаар актаар баталгаажуулах, ажлын байрны тодорхойлолтын 14, 16, 18, 38, өөрөө хариуцан барагдуулах үүргээ биелүүлээгүй 2017 оны 10 сард авах байсан авлагыг 2018 оны 3 сард авсан. Иймд хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан явдал нь хуулинд нийцэж буй тул Б.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Абшигад овогт Б.Н-ыг “М” ХК-ийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлстийн ачаа, шуудангийн агентын борлуулалтын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “М” ХК-иас нэхэмжлэгч Б.Н-ын урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8.656.122 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Б.Н-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “М” ХК-д даалгаж, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Н нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “М” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 153.447 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Б.Н нь ажлын байрны тодорхойлолтын дагуу нойтон түрээсийн санхүүгийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг байсан бөгөөд 2017 оны 10 сард Тгаvеl sегviсе компаниас нойтон түрээсийн төлбөрийг нэхэмжлэхдээ тооцооллын алдаа гаргасны улмаас 552.143 ам.долларыг дутуу дүнгээр нэхэмжилсэн байдаг. Энэхүү төлбөр нь 2017 оны 9 дүгээр сарын сүүлийн 15 хоногийн нислэгийн блок цагийн төлбөр байсан бөгөөд төлбөрийг нэхэмжилж аваагүй, гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй. Талууд хооронд өглөг авлагын тооцоо нийлж баталгаажуулаагүй байхад 122.410 ам.долларын барьцаа төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр буцаасан олгосон ноцтой зөрчил гаргасан. Нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр үндсэн үүргийн 14, 16. 18. 38 зэрэг гүйцэтгэх ажлуудыг биелүүлээгүй, түүнчлэн нэхэмжлэгчтэй байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 2.1.5-д заасан "Санхүүгийн тайлангийн хугацаанд авлага, өглөгийн тооцоог харилцагч байгууллагуудтай тухай бүр хийж. актаар баталгаажуулах, өр төлбөрийг тухай бүр өөрөө хариуцан барагдуулах...." үүргээ биелүүлээгүй гэж тодорхой тайлбарласан байхад ганц нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс шалтгаалсан гэж дүгнэх боломжгүй гэж шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй. Учир нь нзхзмжпэгчийн ажлын байрны тодорхойлолт болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагьн гэрээнд тодорхой заасан байхад шүүх үнэлээгүй. /ХХ-14-19 хуудас/ Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээ дүгнэсэн актыг үйлдэх эрхтэй этгээд биш гэж үзсэн мөртлөө төлбөрийг дутуу нэхэмжилсэн, холбогдох санхүү баримт, гэрээний хэрэгжилтийг хянаж, нягтлаагүй барьцаа төлбөрийг буцаан олгосон, дээд шатны удирдлагаа мэдээллээр хангаагүй, өглөг авлагын тооцоо нийлсэн акт үйлдээгүй талаар дурьдаагүй нь хэт нэг тап барьсан гэж үзэж байна. “МИАТ” ХК нь 2017 оны 10 дугаар сард нэхэмжилж авах байсан 552.143 ам.долларыг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр буцаан авсан ч мөнгөн хөрөнгийн бүрэн байдал дээрх хугацааны хооронд алдагдсан, тийм нөхцөл боломж бий болсон. Түүнчлэн компанийн авах байсан дутуу төлбөр шалгалтаар илрээгүй бол мөнгөн хөрөнгө алдагдах нөхцөл байдал бий болох боломжтой байсан. Иймд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 9.4.1, Компанийн дүрмийн 8.8.9, 8.8.11, Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.1.В дэх хэсэг, "М” ХК-ийн Санхүүгийн дотоод хяналтын аудиторын 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн зөвлөмжийг тус тус үндэслэсэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан явдал нь хуулинд нийцэж буй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна. Анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч “М” ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч “М” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №Б/159 дүгээр тушаалаар Б.Номинзул нь тус компанийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн ачаа, шуудангийн агентын борлуулалтын нягтлан бодогчоор томилогдож, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 05/53 дугаартай  хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирлын №Б/477 дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч  Б.Н-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн дүрмийн 8.8.11, Хөдөлмөрийн гэрээний 9.4.1, Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.1в, Санхүүгийн дотоод хяналтын аудиторын 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн зөвлөмжийг тус тус үндэслэн БНЧУ-ын “Travel Service A.S” компанитай байгуулсан гэрээний дагуу 2017 оны 9 дүгээр сард үйлдэгдсэн 15 хоногийн нислэгийн төлбөрийг дутуу тооцоолж, цаг тухайд нь нэхэмжилж аваагүй, гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй, анхан шатны баримтын бүрдэлгүй өглөгийн ваучер бичсэн зэрэг хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн ажил, үүргээ биелүүлээгүйгээс мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдал алдагдах нөхцөл боломжийг удаа дараа бий болгосон, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас нь чөлөөлж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгожээ. /хх-ийн 10, 12, 25-30/

Нэхэмжлэгч Б.Н нь ажлаас буруу халсан тухай гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гаргасан гэж  үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй ба энэ талаар талууд маргаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар заажээ.

Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заагдсан 2017 оны 9 дүгээр сарын нислэгийн блок цагийн төлбөрийг нэхэмжлээгүй, 2017 оны 11 дүгээр сарын 29-нд тооцоо нийлсэн акт үйлдээгүй байхад барьцаа төлбөр 112 410 ам.долларыг буцаан олгосон зэрэг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзжээ. Дутуу нэхэмжилсэн төлбөр нь /хх-ийн 114, 23-24 / буцаан төлөгдсөн болох нь /хх-ийн 99-100/ тогтоогдож байх бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй болно.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний 9.4.1-д заасан мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах эсхүл тийм нөхцөл боломжийг бий болгосон ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй, хариуцагчийн мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдал алдагдсан гэж үзэх боломжгүй, дутуу нэхэмжилсэн төлбөр нь буцаан төлөгдсөн болох нь тогтоогдож байхаас гадна  ажил олгогч ажилтны гаргасан гэх зөрчлийг Санхүүгийн дотоод хяналтын аудиторын 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №08 тоот “Travel Service A.S”-тай байгуулсан гэрээний төлбөр тооцоог шалгасан тухай“ зөвлөмжөөр илрүүлсэн атлаа \хх-ийн 84-87\ ажлаас халах сахилгын шийтгэлийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах тухай шаардлагыг зөрчжээ.

Түүнчлэн 2017 оны 9 дүгээр сарын нислэгийн блок цагийн төлбөрийг нэхэмжлээгүй, 2017 оны 11 дүгээр сарын 29-нд тооцоо нийлсэн акт үйлдээгүй байхад барьцаа төлбөр 112 410 ам.долларыг буцаан олгосон гэх үеэс тооцоход сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан  сарын хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэхээр байна.

Ажил олгогч сахилгын зөрчлийг илрүүлсэнээс хойш хуульд заасан хугацаа өнгөрсөн байхад ажлаас халах тушаал гаргасан тул нэхэжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан “сахилгын ноцтой зөрчил  гаргасан” гэх үндэслэлээр цуцалсныг хууль бус гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Иймд нэхэмжлэгч  Б.Н-ыг ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр хууль зөрчсөн  гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан шаардлагад нийцсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/02339 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг  хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн  төлсөн 154 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.НАРАНЦЭЦЭГ

                                         ШҮҮГЧИД                                       Э.ЗОЛЗАЯА

                                                                                                Н.БАТЗОРИГ