Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 309

 

Г.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 75 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 343 дугаар магадлалтай, 201725010427 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхжаргал, шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1967 оны 4 дүгээр сарын 17-нд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Г.Ц нь 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Ц-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Г.Ц-аас 5.420.655 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхжаргалд олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ц-д 8 жил хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ц-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхжаргал гаргасан гомдолдоо: “... Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн ял шийтгэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн. Г.Ц нь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэлгүй цаг хугацаа алдаж хайхрамжгүй хандсанд туйлын гомдолтой байна. Г.Ц нь хүний амь нас хохироочихоод одоог хүртэл хийсэн хэрэгтээ гэмшихгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн гэм хорын хохирлыг барагдуулаагүй. Нотлох баримтгүйгээр худал мэдүүлэг өгсөөр байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Г.Ц гаргасан гомдолдоо: ...Миний хамтран амьдрагч Баасандорж урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан гэж ярьдаг байсан учраас Баасандоржийн гуйсны дагуу тэр өдөр хохирогч Мөнхбатыг би өөрөө төмрөөр цохьсон гэж худал мэдүүлсэн юм. Хохирогч Мөнхбат эмнэлэгт хүргэгдэн очиж 6 хоног амьд байсан болохоор үхчихнэ гэж бодоогүй. Гэрч Нямцэцэг, Отгоо нар тухайн үеийн байдлыг үнэнээр нь мэдүүлээгүй. Баасандорж урьд гэмт хэрэгт холбогдож байсан болохоор надаас хохирогчийг цохьсон гээд хэлчих гэж эхлээд гуйж, дараа нь намайг загнаж, зодож дарамталсан. 2018 оны 2 дугаар сарын 1-ний 19 цагт би түргэн дуудсан. Өдөржин цуг байхдаа хохирогчийн бие муу байгааг Баасандорж мэдсээр байж тоогоогүй. Анх ирсэн түргэний эмч нараас хохирогчийн биеийн байдал ямар байдалтай байсан талаар мэдүүлэг аваагүй. 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баасандорж бид хоёр цагдаагийн хэлтэс дээр өнжсөн. Гэтэл Баасандоржийн хүү, хоёр дүү нь эхнэрүүдтэйгээ манай гэрийн үүдэнд байсан. Тэд нар гүтгэж худлаа мэдүүлэг өгсөн нь анхнаасаа зохион байгуулалттай бүх хэргийг надад тохох санаа байсан гэдгийг би одоо ойлгож байна. Иймд хэргийг хянаж, оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Г.Ц-ийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт гаргасан гомдолдоо: “Талийгаач нь эмнэлгийн байгууллагад эмчлүүлж, нас барах хүртлээ эмнэлгийн тусламж авч байсан. Энэ байдлаас харахад хохирогч нь хүнд гэмтлийн улмаас нас барсан байдал тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй. Гэрч Баасандоржийн мэдүүлэг нь агуулгын хувьд зөрүүтэй. Шинжээчийн дүгнэлтэд үхэлд хүргэсэн шалтгаан нь тархины цусан хураа гэсэн байдаг. Гэтэл цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн биед шарх зулгаралт харагддаг. Шинжээчийг байцаасан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт нь эргэлзээ бүхий байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасныг зөрчсөн  гэж үзэж байна. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт хэлсэн саналдаа: “Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэсэн гомдлоосоо татгалзаж байна. Бусад үндэслэлээр гаргасан гомдлоо дэмжиж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Ц нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд ял шийтгэлийг хөнгөрүүлсэн нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна. Иймд шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э, шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.Ц-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Г.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсэг, 15-814 тоот гэртээ амь хохирогч М.Мөнхбаттай “гэрт угаадас цацлаа” гэх шалтгаанаар маргалдан түүний толгой руу галын дэгээ төмрөөр цохиж, биед нь гавал тархины битүү гэмтэл учруулж алсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх Г.Ц-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх гэмт хэрэг гарахад амь хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлснийг харгалзан оногдуулсан хорих ялыг 8 жил болгож хөнгөрүүлэн өөрчилсөн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсныг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул Г.Ц-д оногдуулсан 10 жил хорих ялыг хэвээр үлдээлгэхээр гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Ц нь амь хохирогч М.Мөнхбатыг галын дэгээ төмрөөр цохиж санаатай алсан үйл баримтыг няцаан үгүйсгэсэн, гэрч Т.Баасандорж нь М.Мөнхбатыг алсан гэх нөхцөл байдал, сэжиг таамаг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуульчлагдаагүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоогоогүй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 75 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 343 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э, шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Б.Б нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                              

                        ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР       

                                                                                              Б.БАТЦЭРЭН

                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН