Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2016/0695

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга оролцуулан Н.Батзориг, нэхэмжлэгч Х.Оюунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандаг нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 599 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандагийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Х.Оюунболдын нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Х.Оюунболд 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/604 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 599 дүгээр шийдвэрээр:

“...Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Оюунболдын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/604 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Х.Оюунболдыг урьд эрхэлж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын Нэгдсэн тоо бүртгэлийн тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоон, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг тус тус баримтлан түүнд ажилгүй байсан 3 сар 6 хоногийн хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.735.170 төгрөгөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандаг дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасан шаардлагад нийцээгүй шийдвэр гаргасан.

Дэд хурандаа Х.Оюунболдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн б/604 дүгээр тушаалаар Тогтоол гүйцэтгэх газрын Нэгдсэн тоо бүртгэлийн тасгийн даргаас Хорих 433 дугаар ангийн Дотоод ажлын хэлтсийн даргаар шилжүүлэн томилсон. Уг тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д “албан хаагчийг албан тушаалд томилох”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтныг албан тушаалд томилох” бүрэн эрхтэй гэж заасныг үндэслэсэн.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга хуулиар өөрт олгосон бүрэн эрхийн хүрээнд тушаалаа гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д “Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч... төрийн тусгай албан тушаалд”, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “төрийн тусгай албан тушаал нь төрийн жинхэнэ албан тушаалд тус тус хамаарна” гэж заасан.

Х.Оюунболд нь цэргийн дэд хурандаа цолтой, цэргийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тангараг өргөсөн цэргийн албан хаагч бөгөөд төрийн тусгай албан тушаал эрхэлж байгаа болно. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчтай холбоотой аливаа харилцаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай, Төрийн албаны тухай хуулийг тус тус баримтална.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар байгууллагын боловсон хүчний бодлого боловсруулах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын чиг үүрэгт хамаардаг.

Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Цэргийн болон бэлтгэл алба цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын талаарх хууль тогтоомж, хуулиар олгосон бүрэн эрх бүхий төрийн байгууллагын гаргасан эрх зүйн бусад актаар тогтоосон журмыг байгууллага, иргэн, цэргийн албан хаагчаас сахин биелүүлэхийг Монгол Улсын иргэний цэргийн үүрэгт тооцно..., тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Цэргийн алба нь төрийн албаны онцлог төрөл...” гэж тус тус цэргийн албан хаагчийн үүрэг болон байгууллагын онцлогийг тусгайлан зохицуулсан байдаг.

Цэргийн байгууллагын чиг үүрэг нь бусад байгууллагаас онцлогтой тушаал, шийдвэрээр шуурхай зарчимд үндэслэн боловсон хүчний бодлого хэрэгждэг бөгөөд тус Хүний нөөцийн тасгийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Э.Наранхүү 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр түүнтэй ярилцсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдыг сэлгэн ажиллуулах журмын 1 дүгээр зүйлийн 1.2-т “Тухайн ажил, албан тушаалд 3-аас дээш жил ажилласан офицер, ахлагчийг сэлгэн ажиллуулна” гэж заасан, мөн байгууллага дотроо шилжүүлэн ажиллаж байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан албан хаагчтай тохиролцож шилжүүлэх заалтыг тушаалд хэрэглэх шаардлагагүй юм.

Харин ч тушаал шийдвэрийг хэрэгжүүлээгүйгээс Хорих 433 дугаар ангийн үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Гүйцэтгэх ажлын тухай хууль, эрх зүйн бусад актаар тогтоосон дүрэм журмыг хэрэгжүүлэх, ялтан, хоригдогчдын дундаас гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажил цалгардаж харуул хамгаалалтын болон гүйцэтгэх ажил доголдсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн б/604 дугаар тушаал нь хуулиар өөрт олгогдсон бүрэн эрх, байгууллагын боловсон хүчний бодлогын хүрээнд гарсан бөгөөд дэд хурандаа Х.Оюунболдын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Иймд байгууллагын онцлог, цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын зарим хязгаарлалтыг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 599 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн б/604 дүгээр тушаалыг хэвээр үлдээж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн б/847 дугаар тушаалаар тус газрын Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн тоо бүртгэлийн тасгийн даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч Х.Оюунболдыг Ховд аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны харуул хамгаалалт, гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар шилжүүлэн томилсон боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 837 дугаар шийдвэрээр Х.Оюунболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, энэхүү тушаалыг хүчингүй болгож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор хариуцагчаас 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн б/571 дүгээр тушаал гарган “...Дэд хурандаа Х.Оюунболдод ажил хүлээлгэн өгч шүүхийн шийдвэрийг биелүүлэн ажиллахыг Тогтоол гүйцэтгэх газрын дарга хурандаа П.Хосбаярт даалгаж, мөн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн б/570 дугаар тушаалаар Х.Оюунболдын эрхэлж байсан албан тушаалд томилогдон ажиллаж байсан дэд хурандаа О.Билгүүнийг Хорих 429 дүгээр ангийн дотоод ажлын хэлтсийн даргаар шилжүүлэн томилсон байна.

Гэвч Х.Оюунболдыг ийнхүү эрхэлж байсан албан тушаалд нь ажиллуулснаас хойш 4 хоногийн дараа буюу 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчаас дахин б/604 дүгээр тушаал гарган түүнийг албан тушаалаас нь чөлөөлж, Хорих 433 ангийн дотоод ажлын хэлтсийн даргаар шилжүүлэн томилсон байх бөгөөд уг тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хүчингүй болгох үндэслэлгүй.

Хуулийн хүчин төгөлдөр өмнөх шүүхийн шийдвэрт одоогийн гомдолд дурдсан үндэслэлүүдийг нэг бүрчлэн хууль зүйн үндэслэлтэйгээр няцаасан, тухайн үед хариуцагчаас тэрхүү шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй атлаа шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий буюу 4 хоногийн хугацаатайгаар биелүүлж, дахин маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа өмнөх зөрчлөө дахин давтсан гэж дүгнэхээр байна.

Шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон 2015 оны б/847 дугаар тушаалыг гаргахдаа мөн л одоогийн маргаан бүхий актын үндэслэл болгосон Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-ыг үндэслэсэн, гэвч албан хаагчийг албан тушаалд томилох тухай хуулийн эдгээр зохицуулалтыг шүүхээс огтхон ч үгүйсгээгүй, өөрөөр хэлбэл Х.Оюунболдыг өөр ажилд шилжүүлэн томилох эрхгүй гэж хариуцагчийг буруутгаагүй, гагцхүү энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу “түүнтэй тохиролцох” шаардлагыг биелүүлээгүй байна гэж дүгнэсэн байдаг.

Гэвч Хүний нөөцийн тасгийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Э.Наранхүүгийн нэхэмжлэгч Х.Оюунболдтой хийсэн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ярилцлагын тэмдэглэлээс үзэхэд түүнтэй тохиролцсон гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл Хорих 433 ангийн дотоод ажлын хэлтсийн даргын албан тушаалд шилжин ажиллах боломжгүй гэдгээ нэхэмжлэгч илэрхийлсэн байна.

Байгууллага дотроо шилжин ажиллах тохиолдолд хуулийн дээрх заалтыг баримтлах шаардлагатай эсэхэд анхан шатны шүүхээс удаа дараа хангалттай дүгнэсэн, “...Х.Оюунболд нь цэргийн дэд хурандаа цолтой, цэргийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тангараг өргөсөн цэргийн албан хаагч бөгөөд төрийн тусгай албан тушаал эрхэлж байгаа... иймд тушаалыг биелүүлэх үүрэгтэй...” гэж маргадагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хорих ангийн албан хаагчийг шилжүүлэн томилох талаар өөр зохицуулалт байхгүй, мөн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлд “цэргийн албан хаагчийн эрх зүйн байдалд хамаарах хүмүүс”-ийг тусгайлан зааснаас үзэхэд тус хуулийн дагуух эрх зүйн зарим хязгаарлалтыг “цэргийн цол, дүрэмт хувцас хэрэглэдэг” гэдгээр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтанд хамаатуулан ойлгох нь үндэслэлгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 599 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                                   ШҮҮГЧ                                                                         Д.БААТАРХҮҮ

                                   ШҮҮГЧ                                                                         Д.БАТБААТАР

                                   ШҮҮГЧ                                                                         Э.ЛХАГВАСҮРЭН