| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадарчын Сайханцэцэг |
| Хэргийн индекс | 182/2017/03173/И |
| Дугаар | 182/ШШ2018/00242 |
| Огноо | 2018-02-05 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2018/00242
| 2018 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 182/ШШ2017/01946 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сайханцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Б /РД:/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ТОСК-ийн ТӨҮГ-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: ТОСК-ийн ерөнхий захирлын 2017 оны 11 сарын 24-ний өдрийн Б/87 тоот тушаалаар М.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсаныг хүчингүй болгох, эрхэлж байсан ажил албан тушаалд буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааг ажилласан жилд нөхөн тооцуулах, цалин, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, Б.У, гэрч Б.Ц нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.М хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ТОСК ТӨҮГ-ын ерөнхий захирал А.Г-ын 2016.09.26-ны өдрийн Б/114 тоот тушаалаар Хөрөнгө оруулалт, санхүү удирдлагын газрын даргаар томилогдсон. 2016.11.11-ний өдөр ТОСК ТӨҮГ-ын ерөнхий захирал Ж.Х-н Б/145 тоот тушаалаар Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргын албан тушаалд томилогдон 2017.11.24-ний өдрийг хүртэл ажиллажээ.
"ТОСК " Төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлын 2017.11.24-ний өдрийн Б/87 тоот тушаалаар Хөдөлмөрийн гэрээний 10.2.3-р заалт /Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үргэлжилсэн нэг сарын дотор 24 буюу түүнээс дээш цаг ажлаас хоцорч, эсхүл ажлын цагаар удирдлагын зөвшөөрөлгүй ажлын байраа орхисон, ажил тасалсан бол Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох буюу цуцлах/-ыг үндэслэн 2017.11.13-11.22-ны өдрүүдэд ажил тасалсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
Тэрээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын нутагшил суурьшлын байгууллага /UN-Habitat/, Бүгд найрамдах Солонгос Улсын Гангвон мужийн захиргаа болон Солонгос Улсын Олон улсын хот байгуулалтын сургалтын төв /IUTС/-ийн урилгаар, Солонгос Улсад зохион байгуулагдсан "Ази тивийн хотуудад Тогтвортой хөгжлийн зорилтуудыг нутагшуулах нь: Гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх, хэрэгжүүлэх" сэдэвт сургалтанд 2017.11.13-11.21-ний хооронд хамрагджээ.
"Олон улсын хот байгуулалтын сургалтын төв" /IUTС/-өөс зохион байгуулсан энэхүү сургалт нь Ази тивийн улс, орнуудын хот тосгодын санхүүгийн чадавхийг бэхжүүлэх, хот байгуулалтын тогтвортой хөгжлийг хангах арга хэмжээг зохион байгуулах, бодлого, стратеги, хөтөлбөрүүд боловсруулах арга барилаас суралцах, хотын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, гэр хорооллыг шинэчлэн сайжруулах, амьдралын нөхцлийг дээшлуүлэх, хот суурин газрын нөхөн сэргээлт хийх тухай Солонгос болон бусад улс орнуудын туршлагаас суралцах, Энэтхэг, Филилин, Вьетнам, Индонези, Бутан, Непал, Кампучи, Шриланк гэх мэтчилэн Ази тивийн бусад улсуудын төрийн байгууллага, яам, агентлаг, орон сууцны корпорацийн удирдлагууд, экспертүүдтэй уулзаж, харилцан өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцах зэрэг асуудлуудыг хэлэлцсэн байна.
2017.10.13: ТОСК-ын ерөнхий захиралд уг емайл, урилгыг танилцуулсны дагуу намайг уг сургалтанд хамрагдахыг зөвшөөрч буй тухай 2017.10.13-ны өдрийн 1/978 тоот албан бичгийг ерөнхий захирал Ж.Хичээнгүй өөрийн гарын үсэг, байгууллагын тамгаар албажуулан гаргуулж UN-Habitat, "Олон улсын хот байгуулалтын сургалтын төв"-д е мэйлаар илгээсэн. /Хавсралт үзнэ үү: Албан бичиг/
2017.10.16: UN-Habitat, "Олон улсын хот байгуулалтын сургалтын төв"-өөс сургалтанд оролцуулах албан ёсны урилга, Солонгос улсын виз авахад шаардагдах материалууд ирүүлснээс гадна сургалттай холбогдон гарах бүх зардал /Солонгос очих, ирэх онгоцны тийз, тээврийн зардал, Солонгос улсад байрлах байр, хоолны зардал/-ыг UN-Habitat бүрэн хариуцах тухай мэдэгдсэн. /Хавсралт үзнэ үү: Урилга/
2017.10.30: Би Солонгос Улсын Элчин сайдын яамнаас виз хүлээн авсан. /Хавсралт үзнэ үү/ 2017.11.06: ТОСК-ын ерөнхий захиралд Солонгос улсын виз гарч, явах болсон тухай мэдэгдсэн ба Солонгост сургалтанд хамрагдах зөвшөөрөл хүссэн бичгийн төслийг бусад 2 бичгийн төслийн хамт /УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд: Хамтран ажиллах тухай, ТӨБЗГазарт: Барьцаа хөрөнгө солих тухай/ ерөнхий захирлаар хянуулж албажуулахаар Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын зүгээс захирлын туслах Сувд-Эрдэнэд хүлээлгэн өгсөн. 11.7-нд Б.Энх-Амгалан гишүүнд явуулах бичиг албажин гарч ирсний дараа Ерөнхий захиралтай байгууллагын коридорт тааралдахад ерөнхий захирал ТӨБЗГ-т явуулах бичгийг хойшлуулах саналтай байна гэсэн. Би Солонгост сургалтанд хамрагдах зөвшөөрлийн тухай асуухад: Би мэдэж байгаа, одоо завгүй байна, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт очоод ирнэ гээд гараад явсан болно. /Хавсралт үзнэ үү/
2017.11.13-11.21 Солонгос Улсад "Ази тивийн хотуудад Тогтвортой хөгжлийн зорилтуудыг нутагшуулах нь: Гэр хорооллыг орон сүуцжүулах, дахин төлөвлөх, хэрэгжүүлэх" сэдэвт сургалтанд оролцоод, 11.21-ны 16:05 цагт Улаанбаатар хотод ирж, 11.22-ны өдөр ажилдаа орсон болно.
ТОСК ТӨҮГ-ын ерөнхий захирал нь 2017.10.13-ны өдрийн 1/978 албан тоотоор Солонгос улсад сургалтанд оролцохыг зөвшөөрч UN-Habitat, "Олон улсын хот байгуулалтын сургалтын төв"- д илгээсэн атлаа, сургалтанд оролцоод ирсэний дараа тус хугацааг ажил тасалсан хэмээн үзэж ажлаас халах тушаал гаргах нь үндэслэлтэй эсэх;
"ТОСК" шалтгаангүйгээр ажил тасалсан гэх үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй байна. Учир нь ерөнхий захирлаас албажуулсан албан тоотын дагуу, НҮБ-ын ажлын албанаас Балж, гаргасан төсөв, зардлын хүрээнд Монгол Улсаа төлөөлөн оролцоод ирсэнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжтой гэж ойлгож байна.
"ТОСК" Төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлын 2017.11.24-ны өдрийн Б/87 тоот тушаалаар миний хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсаныг хүчингүй болгон, эрхэлж байсан албан тушаалд: томилуулах, ажилгүй байсан хугацааг ажилсан жилд нөхөн тооцуулах, цалин, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлуүлэх шаардлага гаргасан.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч М.Б нь ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 04 дүгээр сарын 10-наас 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 4 хоног, 2017 оны 8 дугаар сарын сүүлээр 3 хоног тус тус байгууллагын удирдлагаас зохих журмын дагуу чөлөө авалгүйгээр нийт 7 хоног ажил тасалж гадаад улсад зорчиж байсан.
Тухайн үед байгууллагын удирдлагын зүгээс нэхэмжлэгч М.Бад хүндэтгэлтэй хандан аман байдлаар анхааруулж, ямар нэг сахилгын шийтгэл ногдуулалгүй өнгөрүүлсэн байдаг.
Гэтэл нэхэмжлэгч М.Б нь тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг /хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 6-д тус тус заасныг үндэслэн гаргасан тус газрын Ерөнхий захирлын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/109 тоот /тушаалаар Балсан хөдөлмөрийн дотоод журмын 10.2,-т Ажилтан нь албан үүргээ гүйцэтгэхдээ удирдлагын зөвшөөрөлгүйгээр аж ахуй нэгж, иргэн, түүний дотор "гадаадын байгууллага, иргэний зардлаар гадаад, дотоодод зорчихыг хориглоно ноцтой зөрчин, дур мэдэн, байгууллагын удирдлагаас чөлөө авалгүйгээр дахин 2017 оны 11 дүгээр сарын 13-наас 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд буюу нийт 8 өдрийн ажил таслан, гадаадад сургалтанд явсан байдаг.
Ажилтан М.Бын энэхүү биеэ тоосон, холбогдох хууль, журмыг үл ойшоосон байдал нь удаа дараа давтагдаж, тус байгууллагын удирдах, удирдуулах ёсыг алдагдуулсан, нийт ажилтан албан хаагчдад хууль бус муу үлгэр дууриалал үзүүлсэн, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2,-т Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй гэснийг, мөн тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.2, тус газраас ажилтан М.Бтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 10.2.3. дахь заалтыг тус тус зөрчсөн тул цаашид хамтарч ажиллах боломжгүй гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.3, Хөдөлмөрийн гэрээний 3.2,-т тус тус заасны дагуу ТОСК ТӨААҮГ-ын Ерөнхий захирлын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/87 дугаар тушаалаар нэхэмжлэгч М.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно.
М.Б нь Солонгос Улсын Олон Улсын хот байгуулалтын сургалтын төв-д уг сургалтанд хамрагдахыг зөвшөөрч буй тухай тус газраас 1/978 тоот албан бичгийг хүргүүлсэн тухай дурьдсан байна.
Дээрх албан бичгийг цаг хугацааны хувьд 2017 оны 10 дугаар сарын 13-нд Солонгос Улсын Олон улсын хот байгуулалтын сургалтын төв-д хүргүүлсэн байдаг.
Гэтэл тус байгууллагад Үндэсний аудитын газраас үйл ажиллагааны хяналт шалгалт орсон бөгөөд хяналт шалгалтын ажлын хэсэгт Хөрөнгө оруулалт, зөвлөлтийн газраас холбогдох танилцуулга, тайлан материал гаргаж өгөх, тайлагнах шаардлага үүссэн түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн уралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийхтэй холбогдуулан ТОСК ТӨААҮГ-аас Орон сууцны хангамж, ипотекийн зээл олголт болон Түрээсийн орон сууц хөтөлбөрийн талаар танилцуулга бэлтгэх, Ерөнхий сайд болон Барилга, хот байгуулалтын сайдад танилцуулах зэрэг цаг үеийн нэн шаардлагатай ажил гарсантай холбогдуулан тус газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын дарга зайлшгүй байх шаардлага гарсан бөгөөд иймд уг сургалтанд гадаадад явуулах боломжгүй байгаа тухай өөрт нь анхааруулсан гэсэн байна.
Шүүх хуралдаанаар талуудын тайлбар түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхэд нэхэмжлэгч М.Б-ын хариуцагч ТОСК ТӨҮГ-т холбогдуулан ТОСК-ийн ерөнхий захирлын 2017 оны 11 сарын 24-ний өдрийн Б/87 тоот тушаалаар М.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсаныг хүчингүй болгох, эрхэлж байсан ажил албан тушаалд буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааг ажилласан жилд нөхөн тооцуулах, цалин, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргажээ.
Тэрээр шүүх хуралдаанд ... ажилгүй байсан хугацааг ажилласан жилд нөхөн тооцуулах тухай шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа Хөрөнгө оруулалт, санхүү удирдлагын газрын даргаар буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 8.263.191 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийлгүүлэхийг даалгуулах гэж тодруулсан шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан харьяалал зөрчөөгүй.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд нэхэмжлэгч нь ажлаас буруу халсан тухай гомдлоо шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч М.Б нь "ТОСК" Төрийн өмчит үйлдвэрийн газар /цаашид ТОСК гэх/-т 2016 оны 11 дүгээр сарын 11 ны өдөр Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргаар ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар саын 31 ны өдөр дуусгавар болохоор 2 тал тохирсон байх боловч хэн алин нь цуцлах хүсэлт гаргаагүй нь гэрээний хугацаа дуусаагүй гэж үзэхээр байна. Үүнд зохигчид маргаагүй.
Хариуцагч "ТОСК" Төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлын 2017.11.24-ний өдрийн Б/87 тоот тушаалаар тус газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын дарга М.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 13 наас 22 ны өдрүүдэд ажил тасалсан үндэслэлээр цуцалсан байна.
Уг тушаал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Монгол Улсын Засгийн Газрын Сахилга хариуцалага, дэг журмыг чангатгах тухай 2017 оны 10 дугаар сарын 26 ны өдрийн 01 дүгээр албан даалгавар, Хөдөлмөрийн гэрээний 10.2.3 дахь заалтад үндэслэгджээ.
Зохигч нараас ирүүлсэн баримтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэл тогтоогдсон гэж үзэхээргүй байна.
Энэ нь ажилтан М.Б БНСУ-ын Олон Улсын Хот Байгуулалтын сургалтын төвд "Ази тивийн хотуудад Тогтвортой хөгжлийн зорилтуудыг нутагшуулах нь: Гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх, хэрэгжүүлэх" сэдэвт сургалтанд 2017 оны 11 дүгээр сарын 13 ны өдрөөс 11 дүгээр сарын 21-ний өдрүүдэд оролцжээ. Үүнд хариуцагч маргаагүй.
Нэхэмжлэгч М.Б сургалтанд оролцсон шалтгаанаа БНСУ-ын Олон Улсын Хот Байгуулалтын сургалтын төвд "Ази тивийн хотуудад Тогтвортой хөгжлийн зорилтуудыг нутагшуулах нь: Гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх, хэрэгжүүлэх" сэдэвт сургалтанд оролцох хүсэлтийг ТОСК-ийн захирал 2017 оны 11 дугаар сарын 13 ны өдрийн 1/978 дугаартай албан бичгээр дэмжсэн учраас оролцсон гэж тайлбарласан.
Үүнийг хариуцагч ТОСК-иас чөлөө өгөх боломжгүй, аудитын газраас шалгалт ирнэ төсөл хөтөлбөрийн төлөвлөгөөг танилцуулах ёстой гэдгийг ерөнхий захирал нэхэмжлэгч М.Б-ад амаар хэлсэн боловч ажлаа таслаад явсан гэж маргасан бөгөөд нэхэмжлэгч үгүйсгэсэн. Хариуцагч үүнийг баримтаар нотлоогүй.
Нэхэмжлэгч М.Б шүүх хуралдаанд сургалтанд оролцохоор явахын өмнө гадаад сургалтанд оролцуулах шийдвэр гаргуулах хүсэлтийг өргөдлийг холбогдох баримтын хамт ТОСК-ийн захиралд гаргасан гэсэн тайлбар гаргасан бөгөөд үүнийг хариуцагч үгүйсгээгүй. Мөн гэрч Б.Цээпилдорж отолсон болно.
Хариуцагч ТОСК-иас чөлөө өгөх боломжгүй, аудитын газраас шалгалт ирнэ төсөл хөтөлбөрийн төлөвлөгөөг танилцуулах ёстой гэдгийг ерөнхий захирал нэхэмжлэгч М.Б-ад амаар хэлсэн боловч ажлаа таслаад явсан гэсэн тайлбар гаргасныг нэхэмжлэгч үүнийг үгүйсгэсэн бөгөөд хариуцагч баримтаар нотлоогүй.
Нөгөөтэйгүүр хариуцагч ТОСК ТӨҮГ-ын дүрмийн 6.1.8, мөн Хөдөлмөрийн дотоод журмын зааснаар ерөнхий захирал хууль тогтоомжид зааснаар тушаал шийдвэр гаргаж, үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах бөгөөд ажилтнаас гаргасан хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэх үүрэгтэй байна.
Үүнд ажил олгогч ТОСК үүргээ биелүүлээгүй нь ажилтан М.Б-ыг буруутгах үндэслэл болохгүй.
Тухайлбал нэхэмжлэгчийн БНСУ-д сургалтанд оролцсон ажлын 8 өдрийг ажил тасалсан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь буруу бөгөөд хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.2-т заасан ноцтой зөрчил болохгүй юм.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардллагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ нэхэмжлэгч урьд нь удаа дараа байгууллагын захиргааны шийдвэргүйгээр удаа дараа гадаад явж байсан, ерөнхий захирлын зохих зөвшөөрөлгүй гадаад сургалтанд оролцсон, ерөнхий захирлын бусдад сургалтанд оролцох зөвшөөрөл олгосон, цахим хаягт хийсэн үзлэг болон холбогдох баримтууд шүүхэд гаргасан боловч шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй байна.
Ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон Б/87 тоот тушаал нь Хөдөлмөрийн хуульд заасан шаардлагыг хангахад ажилтанг ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт ажилтны гаргасан зөрчил үндэслэлтэй тохирч байж уг хуулийн шаардлагад нийцэх юм.
Нэхэмжлэгч М.Б-ыг ажлаас халсан тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зөрчлийн аль зөрчилд хамааруулан хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа талаар дурдаагүй байгаа боловч тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй бөгөөд нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл гэж үзлээ.
Иймд Нэхэмжлэгч М.Б-ын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй тул түүнийг "ТОСК" Төрийн өмчит үйлдвэрийн Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоов.
Мөн нэхэмжлэгч М.Б ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 8.263.191 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагчаас ажилтан М.Б-ад хөдөлмөрийн гэрээнд зааснаар 2,8 сая төгрөгийн үндсэн цалин, хоол унааны зардалд тус бүр 10.000 төгрөгөөр тооцож олгодог талаар тайлбар гаргасан бөгөөд үүнд нэхэмжлэгч маргаагүй.
Иймд Цалинтай тэнцэх нөхөх олговорыг гаргуулахдаа Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалд зааснаар нэхэмжлэгч М.Б-ын сарын дундаж цалин 3,2 сая төгрөг,нэг өдрийн цалин 148.837 төгрөг байна.
Нэхэмжлэгч М.Б-ын ажилгүй байсан 2017 оны 11 дугаар сарын 24 ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 05 ныг хүртэл хугацааны 7.919.535 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгон нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн итгэмжлэлээр хариуцагч ТОСК төлөөлөх эрхийг Д.Ууганбаярт, 2018 оны 01 дүгээр сарын 17 ны өдрийн 1/77 тоотоор Р.Брагчаад тус тус олгосон нь хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ТОСК 141.663 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар "ТОСК" ТӨҮГ-ын Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргын ажилд М.Б-ыг эгүүлэн томилсугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар "ТОСК" ТӨҮГ-аас 7.919.535 төгрөгийг гаруулж М.Б-ад олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар М.Б-ын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг "ТОСК" ТӨҮГ-т үүрэг болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар М.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, "ТОСК" ТӨҮГ-аас 141.663 төгрөгийг гаргуулж Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 2611199651 тоот дансанд оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.САЙХАНЦЭЦЭГ