Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,                     

              Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гантөмөр,

              Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-д холбогдох эрүүгийн ****** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

              Монгол Улсын иргэн, .....

              Холбогдсон хэргийн талаар:

              Шүүгдэгч Л.Б нь Хөвсгөл аймгийн Б.Х сумын ***** дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үл ялих зүйлээр шалтаглан Д.Сгийн нүүрэн тус газарт нь цохиж, зүүн дээд 4 дүгээр шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн *******дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

              Шүүгдэгч Л.Б нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Б.Х сумын ***** дугаар багийн нутаг дэвсгэрт Д.Стэй үл ялих зүйлээр шалтаглан Д.Сгийн нүүрэн тус газарт нь цохиж, биед нь зүүн дээд 4 дүгээр шүдний булгарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

   Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Бын өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байга...” гэх мэдүүлэг,

           Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Сгийн өгсөн: “...2023 оны 12 дугаар 06-ны орой 18 цагийн үед Мөрөн сумаас гэр лүүгээ явж байгаад машин эвдрээд Б.Х сумын ***** дугаар багийн нутаг “****” гэх газар зогсож байтал *********улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй үл таних залуу ирээд би наад машиныг чинь асаагаад өгье гээд миний тээврийн хэрэгслийн гал хамгаалагчийг ингэж холбодог юм та нар чадахгүй байна гээд холбоод би машинаа асаасан. Тэр залуу .. буцаж ирээд чамайг бас зоддог хүн байдаг юм шүү гээд миний машины цонхоор миний нүүр хэсэгт олон удаа цохисон, манай эхнэр тэр залуугийн хойноос нь татаад хүчрээгүй. .. Би өөрийн эзэмшлийн супер портертой явсан миний машины эд зүйл эвдэрч гэмтээгүй. Бид хоёрын хажууд манай гэр бүлийн хүн болох Өлзийсайхан болон манай бага насны хүүхдүүд байсан, манай хадам ээж болох Ц.Ш цуг явсан.  Одоо зовиур байхгүй тухайн үедээ зовиуртай байсан зүүн талын эрүүнээс нэг шүд булгарч унасан байсан нүүр хавдаад хүн аймаар болсон байсан.  Одоо зүгээр болсон. Би шүдээ янзлуулж авмаар байна зүгээр байсан шүдийг маань булга  цохиод унагаасан болохоор би гомдолтой байна. Шүд эмчлүүлсэн болон наашаа цаашаа явсан шатахууны зардал гээд их зүйл байна. .. Би намайг цохисон буруутай этгээдээс 3.600.000 төгрөг нэхэмжилж байна. Учир нь би авагддаггүй шүд хийлгэсэн. Тэр мөнгөө нэхэмжилж байна. Цаашид хэрэг шалгагдах явцад баримт гаргаж өгнө.. ” гэх мэдүүлэг /хх-ийн 28, 30 тал/,

            Иргэний нэхэмжлэгч Г.А өгсөн “..********дугаартай хэргийн хохирогч  Д.С нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 90.000 төгрөгний тусламж үйлчилгээний зардал гаргуулан авсан байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ..” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

              Гэрч О.А-ын өгсөн: “...Би цагдаа намайг дуудаж машинаа ав гэхэд мэдсэн  машиныг унаж явсан талаар тодруулаад зодоон болсон талаар хэлсэн би тэгж л мэдсэн... Б.Р нь 2023  оны 12 дугаар сарын 06-ны өдөр утсаар яриад би голын шугуй гарч найзуудаа хүргэж өгөх гээд явж байхад нэг машин эвдэрсэн байхаар нь яваад очтол бага насны 2 хүүхэдтэй эхнэр, нөхөр бололтой согтуу 2 хүн бас настайвтар эмэгтэй хүмүүс байсан. Тэгээд би машиныг янзалж өгөөд 2 хүүхдийг нь гэрт аваачиж өгөөд буцаад найзуудыгаа гэрт нь буулгаж өгөөд буцаад явж байсан чинь нөгөө машины хүмүүс дахин таараад хажуугаар нь өнгөрөх гэсэн чинь нэг эрэгтэй нь хажуугаар зогсохгүй өнгөрөх гэлээ гээд чулуу бариад ирэхээр нь зогстол миний машины урд, хойд талд хэвтчихээд дайраад гараад яв гээд намайг явуулахгүй байна гэж ярьж байсан. Тэгээд 2024 оны 12 дугаар сарын 06-ны орой 18 цагийн үед  Б.Р нь над руу залгаад энэ хүмүүс намайг бүр явуулахгүй байна. Машинаа орхиод явах гэхээр машины чинь цонхыг хагална гээд чулуу бариад дайраад байна гэж ярьж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34, 36-37 тал/,

            Гэрч Н.Ц өгсөн: “...Манай охин нөхөр хүүхдийн хамт 10 дугаар багийн нутаг *********гэх газар манайд ирээд буцаж явж байгаад Б.О гэх залуутай тараад манай хүргэний машиныг асааж өгөөд Б.о намайг зээгийн минь хамт айлд хүргэж өгсөн. Манай хүргэний машин гармаар гарч чадахгүй болохоор нь буцаад Х.Т-ын гүүрээр гарч  явахад Б.О  араас ирээд манай хүргэнийг зодсон би Б.Д хандаж та 2 битгий зодолдоод  бай  одоо яв гэж хэлсэн. Удалгүй Б.О машинаа орхиод зугтаад явсан.  Бид нар ******сум руу орж ирж  эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/,

            Гэрч Н.Ө өгсөн: “...Нөхөр хүүхдийн хамт ******гэх газар ээж дээрээ очоод ээжийг аваад гэр лүүгээ явж байтал машин унтраад асахаа байсан манай нөхөр янзлах гэж  байтал нэг машинтай хүн ирээд ингэж янзалдаггүй юм гээд манай нөхрийг хойшоо бол би янзлаад өгье гээд хоорондоо маргалдах янзтай байсан. Тэр машинтай хүн голын нөгөө талд байгаа айлд манай ээж хүүхэд хоёрыг хүргэж өгсөн тэгээд манай  машин асаад  ээжийг явъя гэж дуудсан чинь ээж ирээд бид нар буцаж гүүрээр гарах гээд явж байтал  нөгөө машинтай хүн араас гүйцэж ирээд хажууд зогссон тэгээд манай нөхөр машины цонхыг онгойлготол нөгөө хүн машинаасаа бууж ирээд манай машины цонхоор манай нөхрийг цохиод байсан тэгээд ээж бид хоёр буугаад салгах гэсэн боловч хүчрээгүй олон удаа нүүрэнд нь цохисон болохоор манай нөхрийн нэг шүд унасан зүүн талын шанаа нь нэлээн хавдартай, эрүү нь хавдаад хоол унд идэж болохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/,

            Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 26/247 дугаартай албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа /хх-ийн 21-22 тал/,

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 156 дугаартай: “...Д.Сгийн биед зүүн дээд 4 дүгээр шүдний булгарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Д.Сгийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5%-иар тогтонги алдагдана...” гэх дүгнэлт  /хх-ийн 51 тал/,

          2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн: “..Д.С нь гэмтлийн улмаас хөдөлсөн шүдээ авахуулсан болно..” гэх эмчлэгч эмчийн тодорхойлолт /хх-ийн 52 тал/,

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 тал/,

            Д.Сгийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 13 тал/,

          Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн  үзүүлэлт /хх-ийн 15-17 тал/,.

            Шүүгдэгч Л.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 06-ны орой би хүн хүргэж өгчхөөд буцаад Мөрөн сум руу явж байтал “*******”  гэдэг газарт нэг портер машин эвдэрчихсэн зогсож байхаар нь би даарчих байх  гэж бодоод өөрийн машинаар айлд хүргэж өгөөд  буцаад *********гараад явж байхад  нөгөө  машиныг нь  асааж өгсөн залуу  гэнэт миний урдуур машинтайгаа орж ирж  зогссоноо гол гарч чадахгүй байхад хаяад явлаа гээд байхаар нь машиныг чинь  асааж өглөө, бас хүүхэд настай ээжийг чинь айлд хүргэж өглөө одоо яах гээд тухайн залууг нэг цохисон. Би тэр залууг цохих шаардлагагүй байсан. Тэгтэл тэр залуу өвлийн хүйтэнд машинаа асааж чадахгүй байхад нь машиныг асааж өгөөд бас хүүхдүүд, өндөр настай ээжийг нь айлд өөрийн машинаар аваачиж өгөөд буцаад явж байхад зам хааж зогсоод над руу агсраад байхаар нь би хүний тус мэддэггүй сонин хүн бэ  гэж бодоод нэг цохисон. Би бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 59 тал/ зэргийг шинжлэн судалснаар  нотлогдон тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч Э.Гэрэлтуяа гаргасан санал дүгнэлтдээ: “..Шүүгдэгч Л.Б нь Хөвсгөл аймгийн Б.Х сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үл ялих зүйлээр шалтаглан Д.С-гийн нүүрэн тус газарт цохиж зүүн дээд 4 дүгээр шүдний булгарал бүхий хөнгөн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Д.С өгсөн мэдүүлэг, гэрч О.А, Н.Ц, Н.Ө нарын мэдүүлэг, шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 156 дугаартай дүгнэлт, иргэний нэхэмжлэгч Г.А мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Л.Бын үйлдсэн гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна..” гэсэн санал дүгнэлт,

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гантөмөр гаргасан санал дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.Б өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа хохирлоо бүрэн төлсөн. Эрүүл мэндийн даатгалын сан мөн сэтгэл санааны хохирол 3,500,000 төгрөг, 1,500,000 төгрөг, тулгалтай үхэр өгсөн...” гэсэн санал дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч  Л.Б болон түүний өмгөөлөгч Б.Гантөмөр нар нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.С,  иргэний нэхэмжлэгч Г.А,  гэрч О.А,  Н.Ц,  Н.Ө нарын өгсөн мэдүүлэг, мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн  үзүүлэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 156 дугаартай дүгнэлт, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн эмчлэгч эмчийн тодорхойлолт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Л.Бын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад  шүүгдэгч Л.Б нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Б.Х сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Д.Стэй үл ялих зүйлээр шалтаглан Д.С-гийн нүүрэн тус газарт нь цохиж, биед нь зүүн дээд 4 дүгээр шүдний булгарал бүхий гэмтэл учруулан,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүгдэгч Л.Б-ын хохирогч  Д.С-гийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Б нь хохирогч Д.Сгийн  нүүрэн тус газарт нь цохиж, бие эрх чөлөөнд нь халдаж, биед нь зүүн дээд 4 дүгээр шүдний булгарал бүхий гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдаж шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 156 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Л.Бын үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Л.Бын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Л.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Сгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.С, шүүгдэгч Л.Б нарын хооронд байгуулсан: “... Л.Б нь Д.Сгийн эрүүл мэнд, сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд нийт 3.000.000 төгрийг төлөхөөр тохиролцов. Уг тохиролцсон мөнгөний 1.500.000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Д.Сгийн Хаан банкны данс болох ****** дугаартай данс руу шилжүүлсэн, үлдсэн 1.500.000 төгрөгт 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр нас гүйцсэн бүдүүн Монголын тугалтай үнээг хүлээлгэн өгөхөөр тус тус эвлэрч эвлэрлийн гэрээ байгууллаа... гэх эвлэрлийн баримт, шүүгдэгч Л.Б нь 1.500.000 төгрөгийг төлсөн  2025 оны 01 дүгээр сарын  09-ний өдөр хохирогчид төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг тус тус гаргаж өгсөн байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр  Г.А тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

  Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 90.000 төгрөгийг шүүгдэгч Л.Баас нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Л.Б нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 90.000 төгрөгийг  2025 оны 01 дүгээр сарын  07-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг ирүүлсэн байна. Иймд шүүгдэгч Л.Б-ыг энэ шийтгэх тогтоолоор хохирогч  Д.С болон иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст  төлөх төлбөргүй гэж үзлээ.

   Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Бын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Э.Гэрэлтуяа гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй гэмт хэргийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.2-т заасан хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурдаж, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт хохирол нөхөн төлсөн бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна..” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гантөмөр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450.000 төгрөгөөр  торгож өгнө үү ...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Л.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндийн байдал/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас шүүгдэгч  Л.Бын хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Л.Быг  таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох  ял оногдуулж шийдвэрлэв.

            Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг  90 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, шүүгдэгч  Л.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Бт тайлбарлаж, түүний торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1.  Шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 90 (ер) хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

    5. Шүүгдэгч Л.Бт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

    6. Энэ хэрэгт шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

    7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН