| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2017/03537/И |
| Дугаар | 181/ШШ2019/01132 |
| Огноо | 2019-05-13 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 181/ШШ2019/01132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Н;
Хариуцагч: М.А ХХК нарт холбогдох,
Талуудын хооронд 2010 оны 03 сарын 01-ний өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ-г цуцлах, хамтын ажиллагаанаас 17,605,821 төгрөг олсон болохыг тогтоолгох, түүний 50 хувь болох 8,802,910.5 төгрөгийг гаргуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 82,862,079 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Б.Батмөнх, Л.Мөнхтөр, хариуцагч *******ийн төлөөлөгч Ц.Тунгалаг, хариуцагч *******-ийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*******-ийн захирал иргэн ******* болон иргэн ******* нарын хооронд Хүлэмжийн аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах тухай гэрээг 2010 оны 03 сарын 01-ний өдөр байгуулсан бөгөөд тус гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу иргэн *******ээс хамтын үйл ажиллагаанд хөрөнгө оруулж, хувь нийлүүлсэн.
Гэтэл хамтын үйл ажиллагааны хүрээнд эрхэлсэн хүлэмжийн аж ахуйгаас олсон орлого болон бүтээн байгуулсан эд хөрөнгийг талууд хооронд байгуулагдсан гэрээний дагуу зохих хувийг иргэн *******т хүртээгээгүй тул талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг цуцалж, тус гэрээний дагуу хүлэмжийн аж ахуйд хувь нийлүүлж иргэн *******ээс газрын төлбөрт төлсөн болон өвлийн хүлэмжид оруулсан 28,178,989 төгрөгийн хөрөнгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд хамтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилсэн тул хүлэмжийн аж ахуй дараах орлогыг олсоныг тогтоолгож, талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу тус орлогын 50 хувийг гаргуулахаар шаардаж байна. Үүнд:
а/. Хөдөө аж ахуйн зориулалттай трактор 10,911,991 төгрөгийн;
б/. *******-ийн хашаанд барьсан өвөл, зуны хүлэмжийг газрын хамт 2012 онд түрээслүүлснээс олсон орлогын 4,500,000 төгрөгийн;
в/. Ногоо тарьж борлуулснаас олсон орлогын 2,193,830 төгрөгийн.
Иймд талуудын хооронд 2010 оны 03 сарын 01-ний өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээг цуцалж, тус гэрээг цуцлах хүртэл хугацаанд хамтын үйл ажиллагаанаас 17,605,821 төгрөг олсныг тогтоолгон, тус орлогоос 8,802,910.5 төгрөгийг гаргуулж, хамтран ажиллах гэрээний дагуу иргэн *******ээс оруулсан хөрөнгө оруулалтын 82,862,079 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* болон ******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэг. Талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлах тухай шаардлагад:
Гэрээ 2010, 2011 онд хэрэгжээд дууссан. 8 жил өнгөрч байна. Гэрээ хэрэгжээд дууссан гэдгийг нэхэмжлэгч 3 шатны шүүхэд мэдүүлсээр ирсэн. Иргэний хуулийн 480.1.1-д зааснаар гэрээ дуусгавар болсон, Иргэний хуулийн 75.2.1-д зааснаар энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
Хоёр. Газрын төлбөр, өвлийн хүлэмжинд 28,0 сая төгрөг оруулсан тул буцаан гаргуулах тухай шаардлагад:
******* газрын төлбөрөө өөрөө хариуцаж төлж байсан. Нэг 2 удаа л завгүй гадаадад зорчсон байх хугацаанд ч юм уу Баасанцэцэгт бэлэн мөнгө өгөөд, манай компанийн өмнөөс банкинд очиж төлбөр хийж байсныг үгүйсгэхгүй. Түүнээс биш Баасанцэцэг нь манай компанийн газрын төлбөрийг төлөх ямар ч үндэслэлгүй юм.
Гурав. Хамтын үйл ажиллагаанаас олсон 17,0 сая төгрөгийн 50 хувийг гаргуулах тухай шаардлагад:
Трактор 10,0 сая төгрөгийн үнэтэй гэжээ. Уг тракторыг ХАА-н хөтөлбөрөөс ногоо тарих үйл ажиллагааг дэмжиж үнэгүй олгосон. Энэ нь жижиг оврын трактор бөгөөд харамсалтай нь 2 жилийн хугацаанд эвдэрч дахин ашиглах боломжгүй болсон. Тэгээд ч хамтын ажиллагааны үр дүнд бий болсон хөрөнгө биш юм. Гэтэл яагаад 10,0 сая төгрөгөөр үнэлээд 50 хувийг нь нэхээд байгааг ойлгохгүй байна. 2012 онд газар түрээсэлж 4,5 сая төгрөг олсон гэжээ. Үйл ажиллагаа дууссаны дараа жил буюу 2012 онд Баасанцэцэг нь надад мэдэгдэлгүйгээр манай хүлэмжийг бусдад түрээслэсэн гээд надад 1,9 сая төгрөг өгч байсныг санаж байна. Мөн түрээслүүлсэн хүмүүс нь хорт бодис хэрэглэж хөрс бохирдуулж байгааг нь мэдээд хөөн гаргасан болно. Одоо яагаад мөнгө авах гээд байгааг гайхаад барахгүй.
Дөрөв. 82 сая төгрөгийн хөрөнгө оруулсныг буцаан гаргуулах шаардлагын тухайд:
Хамтран ажилласнаар бидний дунд дундын ямар ч хөрөнгө бий болоогүй. Баасанцэцэгээс оруулсан ширхэг ч төдий хөрөнгө байхгүй. Хөрөнгө оруулсан гээд байгаа бол үүнийгээ нотлох үүрэгтэй. Сонгинохайрхан дүүргийн 2017.01.23 оны 200 тоот иргэний хэрэгт нэхэмжлэгч нь анх газар, хөрөнгийн 50 хувийн эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Дараа нь 107,800,006 төгрөгийн хөрөнгө оруулсан гэж шаардлагаа нэмэгдүүлж, дараа нь шүүхийн явцад 50,0 сая болсон байсан. Өнөөдөр 82,0 сая төгрөг шаардаад л байж байна. Ер нь энэ 4 жилийн хугацаанд маш их цаас бүрдүүлж иргэний хэрэг маргаан зохион бичиж хуулийн байгууллага, бидний цаг завыг үрж байгааг тоочоод баршгүй.
Тав. Хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгө оруулалтын 82,872,079 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, буцаан гаргуулахаар шаардаж байна гэж нэхэмжлэлээ тодотгожээ. Гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагынхаа хүрээнд л асуудлаа шийдүүлэх бус уу. 2010, 2011 оны хавар 3 ширхэг зуны хүлэмжинд нарийн ногоо тариад 2,193,850 төгрөгийн орлого, газраа түрээслээд 1,900,000 төгрөгийн орлого олсныг үндэслэлгүй хөрөнгөжсөн гээд байгаа юм уу, гэсэн атлаа энэ дүнгийнхээ 50 хувийг нэхэмжлээд байгаа юм уу.
******* нь хууль зүйн ямар ч үндэслэл, нотолгоогүй, бусдын хөрөнгө рүү улайран дайрч, 3 шатны шүүхээр 3 жил заргалдсан, хэрэг маргааны явцад Сонгинохайрхан дүүргийн шүүхэд гаргаж байсан тайлбараа хавсаргах нь зүйтэй гэж үзлээ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* болон *******-д холбогдуулан, хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгө оруулалтын 54,683,090 төгрөг, хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон хөрөнгийн хувь 40,044,262 төгрөг, нийт 94,727,352 төгрөг гаргуулах тухай шаардлагыг анх шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулж, хариуцагч *******т холбогдуулан талуудын хооронд 2010 оны 03 сарын 01-ний өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ-г цуцлах, хамтын ажиллагаанаас 17,605,821 төгрөг олсон болохыг тогтоолгох, түүний 50% болох 8,802,910.5 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг, хариуцагч *******-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 82,862,079 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлагыг тус тус гаргасан. /хх3-71-73х, 158х/
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Шүүх талуудын хооронд үүссэн тус маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 сарын 29-ний өдрийн 001/ХТ2017/00920 дугаар тогтоолд дүгнэгдсэн үйл баримтыг үндэслэсэн бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэсэн зохицуулалтад нийцнэ гэж үзсэн болно. /хх1-7-21х/
Нэг. Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд.
Талуудын хооронд өмнө нь үүсэж, шийдвэрлэгдсэн маргаан нь хамтын үйл ажиллагаанаас бий болсон хөрөнгийн хамтран өмчлөгч мөн эсэх тухай маргаан байсан.
Харин тус маргаан нь хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон ашиг, алдагдал, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхтэй холбоотой маргаан байх тул талуудын хооронд өмнө үүсэж, шийдвэрлэгдсэн маргаанд хамаарахгүй, улмаар шүүх шийдвэрлэх маргаан байна.
Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 сарын 29-ний өдрийн 001/ХТ2017/00920 дугаар тогтоолд Хамтын үйл ажиллагаа, уг үйл ажиллагааны үр дүнд бий болох ашиг эсхүл алдагдал нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй..., ...хамтран ажиллах гэрээг дүгнэх, гэрээний нэг тал нь оруулсан хөрөнгөө буцааж авах эсэх, ашиг хувиарлах, алдагдлыг дангаар хариуцсанаас уг зардлыг шаардах эсэх талаар дүгнэх боломжгүй бөгөөд энэ асуудлаар нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр нөлөөлөхгүй... хэмээн тус тус дүгнэснийг дурдах нь зүйтэй. /хх1-7-21х/
Хоёр. Талуудын хооронд 2010 оны 03 сарын 01-ний өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ-г цуцлах шаардлагын тухайд.
Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 сарын 29-ний өдрийн 001/ХТ2017/00920 дугаар тогтоолд Зохигчдын тайлбар, гэрчээр асуугдсан нэхэмжлэгчийн нөхөр Н.Батхуягийн мэдүүлгээс үзэхэд зохигчид нь 2010 оны 03 сарын 01-ний өдөр гэрээ байгуулснаас хойш 2012 оны 10 сар хүртэл хугацаанд хүлэмжийн аж ахуй эрхлэх хамтын ажиллагааг явуулсан, үүнээс хойш аж ахуйгаа 1 удаа бусдад түрээслэсэн, улмаар аж ахуйн үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогджээ хэмээн дүгнэжээ. /хх1-7-21х/
Иймд нэгэнт хэрэгжээд дуусчихсан гэрээг цуцлах боломжгүй учир нэхэмжлэгчийн уг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Гурав. Хамтын үйл ажиллагаанаас 17,605,821 төгрөг олсон болохыг тогтоолгох, түүний 50 хувь болох 8,802,910 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд.
а/. Хэрэгт авагдсан 2012 оны 05 сарын 07-ны өдрийн Түрээсийн гэрээ /хх3-115-116х/, асуулт хариултын үе шатанд Тийм. 4,500,00 төгрөгөөр түрээслээд 1,900,000 төгрөгийг надад өгсөн гэсэн хариуцагч талын тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе шатанд ногоо тарьж борлуулсан 2,0 сая төгрөгийн ашиг олохын тулд тийм их мөнгө оруулах уу гэсэн хариуцагч талын тайлбар зэргээр хамтын үйл ажиллагааны үр дүнд 4,500,000 төгрөгийн түрээсийн орлого олсон, ногоо тарьж борлуулан 2,193,830 төгрөгийн орлого олсон гэсэн нэхэмжлэгч талын тайлбарыг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэсэн хэдий ч Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3.5-д заасан ашиг гэх ойлголт нь нийт орлогоос нийт зардлыг хасаад гарах дүн буюу орлого, зардлын зөрүүгээр тодорхойлогдох дүн учир олсон орлогын 50 хувийг гаргуулах шаардлага үндэслэлгүй байна.
б/. Өмнө дурдсанчлан, талуудын хамтын үйл ажиллагаа 2012 оны 10 сар хүртэл үргэлжилсэн, түүнээс хойш аж ахуйн үйл ажиллагаа явуулаагүй учир шаардах эрх үүссэн үе буюу 2012 оны 10 сараас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гурван жилийн хугацааг тоолоход 2015 оны 10 сард хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.
Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан шаардлага гаргах эрхгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Дөрөв. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 82,862,079 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагын тухайд.
а/. Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 сарын 29-ний өдрийн 001/ХТ2017/00920 дугаар тогтоолд ...2011 оны 09 сарын 14-ний өдрийн гэрээ *******, *******-ийн хооронд байгуулагдаагүй гэж үзнэ. Хэлцлийн гол нөхцлийг талууд тохирсон, хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж, гарын үсэг зурсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хэлцэл хийсэн гэж үзэхгүй хэмээн дүгнэжээ. /хх1-7-21х/
Дээр дурдсанаас үзэхэд ******* болон ******* нарын хооронд гэрээ байгуулагдаагүй, хэлцэл хийгдээгүй байх тул талуудын хооронд үүрэг үүсэхгүй юм.
Иймд нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-ийн өмнөөс аливаа төлбөр тооцоо хийх үүрэг хүлээхгүй бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар уг төлбөр тооцооны дүнгээр ******* нь бусдын өмнө хүлээх үүргээсээ чөлөөлөгдөж байгаа тул түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь өөрийн шаардлага болох 82,862,079 төгрөгийн задаргааг зээлийн төлбөрт төлсөн 28,403,525 төгрөг, газрын төлбөрт төлсөн 7,115,532 төгрөг, халаалттай хүлэмж барихад зарцуулсан 28,381,380 төгрөг, манаачийн цалинд өгсөн 5,950,000 төгрөг, БНХАУ-ын мэргэжилтэн Сүн Бо Лин-ий байрны түрээс, ашиглалтын зардал, интернетийн төлбөрт төлсөн 5,173,642 төгрөг, түүний нөхөр Н.Батхуягаас авсан 7,000,000 төгрөг, цахилгааны төлбөрт төлсөн 838,000 төгрөг гэж тайлбарладаг.
б/. Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 сарын 29-ний өдрийн 001/ХТ2017/00920 дугаар тогтоолд ...зохигчид нь 2010 оны 03 сарын 01-ний өдөр гэрээ байгуулснаас хойш 2012 оны 10 сар хүртэл хугацаанд хүлэмжийн аж ахуй эрхлэх хамтын ажиллагааг явуулсан, ...*******, ******* нарын байгуулсан 2010 оны 03 сарын 01-ний өдрийн гэрээнд заасан халаалттай өвлийн хүлэмж барих зорилго биелэгдээгүй... хэмээн тус тус дүгнэжээ.
Иймд нэхэмжлэгч *******ийн зүгээс төлсөн гэх халаалттай хүлэмж барих зардал, манаачийн цалингийн зардал, БНХАУ-ын мэргэжилтний байрны түрээс, ашиглалт, интернетийн төлбөр болон түүний нөхрөөс авсан гэх мөнгийг, нэгдүгээрт *******-ийн өмнөөс төлбөр гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй, хоёрдугаарт ******* болон ******* нарын хооронд үүссэн хамтын үйл ажиллагаанд зарцуулсан зардлаас ялгаж салгах боломжгүй байх тул хариуцагч *******-иас гаргуулах үндэслэлгүй байна.
Түүнчлэн, хэрэгт авагдсан зарлагын баримтуудаар халаалттай хүлэмж барихад 28,381,380 төгрөг зарцуулагдсан үйл баримт тогтоогдохгүй болохыг дурдах нь зүйтэй. /хх2-1-106х/
в/. Харин хэрэгт авагдсан Зээлийн гэрээ /хх1-47-48х/, Зээлийн дансны хуулга /хх1-51-54х/, Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан /хх1-125х г.м/, УБЦТС ХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт /хх1-126х г.м/, Хүлэмжийн аж ахуй байгуулах зориулалтаар газар ашиглуулах гэрээ /хх1-229-230х/, Газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх1-231х/ зэрэг баримтаар хариуцагч ******* нь Голомт банкнаас зээл авсан, ******* нь цахилгаан хэрэглэгчээр бүртгүүлсэн, ******* нь Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшдэг зэрэг үйл баримт тогтоогдож байх тул *******ийн зүгээс төлсөн банкны зээл, цахилгааны төлбөр, газрын төлбөр зэргийг хариуцагч *******-иас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч тал нь завгүй үедээ банкны зээл, цахилгааны төлбөр, газрын төлбөр зэргийг *******т мөнгө бэлнээр өгч тухай бүр төлүүлдэг байсан гэж тайлбарлаж байх боловч ******* нь *******-д ажилладаггүй, *******-иас цалин хөлс авч байгаагүй, *******-ийн зүгээс *******т банкны зээл, цахилгааны төлбөр, газрын төлбөр төлөх зориулалтаар бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн баримтгүй байх тул хариуцагч талын уг тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.
г/. *******-ийн өмнөөс зээлийн гэрээний үүрэгт *******ээс төлсөн зээл, зээлийн хүүгийн талаархи Голомт банкны Орлогын мэдүүлэг-үүд нь олон дахин давхардсан байх тул шүүхийн зүгээс хавтаст хэрэг 1-ийн 57-75-р хуудаст авагдсан банкны Орлогын мэдүүлэг-ийг шүүн үзээд 2011 оны 07 сарын 08-ны өдрөөс 2013 оны 05 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 22 удаагийн төлөлтөөр бүгд 21,481,430.9 төгрөг төлсөн байна гэж үзэв.
д/. *******-ийн өмнөөс цахилгааны төлбөрт *******ийн нөхөр Н.Батхуягаас төлсөн төлбөрийн талаархи хавтаст хэрэг 1-ийн 123-136-р хуудаст авагдсан Н.Батхуягийн гарын үсэг бүхий баримтуудаас үзэхэд 2011 оны 06 сарын 09-ний өдрөөс 2014 оны 02 сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 14 удаагийн төлөлтөөр бүгд 758,950 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.
Н.Батхуяг нь түүний төлсөн гэх цахилгааны төлбөр болон бусад төлбөрийг эхнэр ******* нь түүний өмнөөс шаардах эрхтэй гэсэн тайлбарыг гэрчийн мэдүүлэг өгөх үедээ шүүхэд илэрхийлсэн болно. /хх3-68-70х/
е/. *******ээс төлсөн гэх газрын төлбөрийн тухайд хавтаст хэрэг 1-ийн 137-р хуудаст авагдсан нэхэмжлэгч талын тооцоолол нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 7,115,532 гэсэн дүнгээс зөрүүтэй, мөн газрын төлбөр төлсөн тухай банкны орлогын ордерт дурдагдсан дүнгүүдээс зөрүүтэй байна.
Банкны зээлийн хөрөнгөөр төлсөн, ногоо борлуулсан орлогоос төлсөн, хүлэмж болон талбай түрээслэсэн орлогоос төлсөн гэх төлбөрийг *******ээс төлсөн төлбөр гэж үзэхгүй учир 2011 оны 09 сарын 28-ны өдөр төлсөн 113,335 төгрөгийг, 2013 оны 02 сарын 25-ны өдөр төлсөн 3,000,000 төгрөгөөс 2,750,000 төгрөгийг /иргэн Л.Цэнгэлмаагаас хувьдаа авсан зээлийн хөрөнгөөр төлсөн дүн/, 2013 оны 08 сарын 30-ны өдөр төлсөн 1,321,000 төгрөгийг, 2013 оны 09 сарын 24-ний өдөр төлсөн 1,300,000 төгрөгийг, 2013 оны 10 сарын 08-ны өдөр төлсөн 1,321,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч *******ээс төлсөн төлбөр хэмээн дүгнэж эдгээр төлбөрийн 50 хувь болох 3,411,068 төгрөгийг хариуцагч *******-иас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Учир нь, нэхэмжлэгч *******ийн өөрийнх нь гаргасан тооцооллоос үзэхэд ******* болон ******* нар нь газрын төлбөрийг 50:50 хувиар хариуцан төлж байсан болох нь тогтоогдож байх тул *******ээс төлсөн гэж үзсэн газрын төлбөрийн 50 хувийг *******т өөрт нь хариуцуулах үндэслэлтэй гэж үзсэн болно. /хх1-137х/
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч *******-иас үндэслэлгүй хөрөнгөжсөн 21,481,430.9 + 758,950 + 3,411,068 = 25,651,448.9 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, үлдэх 57,210,630.1 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Тав. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 82,862,079 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагын хөөн хэлэлцэх хугацааны тухайд.
Өмнө дурдсанчлан, ******* болон ******* нарын хооронд гэрээ байгуулагдаагүй, хэлцэл хийгдээгүй учир үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэх тухай шаардлагад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа буюу арван жилийн хугацаа үйлчлэхээр байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3-т зааснаар нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******т холбогдуулан гаргасан талуудын хооронд 2010 оны 03 сарын 01-ний өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ-г цуцлах, хамтын ажиллагаанаас 17,605,821 төгрөг олсон болохыг тогтоолгох, түүний 50% болох 8,802,910.5 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******-иас 25,651,448.9 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, үлдэх 57,210,630.1 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 631,587 төгрөг, 227,448 төгрөг, 73,419 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 245,979 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 286,207 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч *******т буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР