Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2019/02093

 

 

 

 

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2019/02093

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
       

Нэхэмжлэгч:  Л ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  М ХХК -д холбогдох

даатгалын нөхөн төлбөрт 44.736.300 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л ХХК-ийн захирал Д.Д нь М ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр ачаа тээврийн даатгалын гэрээ байгуулан 51-59 ДГО, 70-77 БЧ улсын дугаартай том оврын авто машинаа даатгуулсан билээ.

Гэвч 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгаас 175 км зайд буюу Мандах сумын нутаг дэвсгэрт тээвэрт явж байх үед тухайн машинд гал гарсан.

Тус чиргүүл нь дотроо 3 тасалгаатай бөгөөд үүний хамгийн арын хэсгийн 23530 литр түлш шатаж, чиргүүлийг ашиглах боломжгүй болж иргэн надад 150.000.000 төгрөгийн хохирол учирсан.

Ингээд би 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр М ХХК-д өргөдөл гаргасан.

Өргөдлийн хариу 06/43 тоот албан бичигт Гэрээний 4.1-д Энэхүү гэрээ нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 00.00 цагаас 2018 оны 11 дүгээр сарын 12-ны 00.00 цагийг дуустал хүчин төгөлдөр байна

Мөн гэрээний 4.2.1-д хууль болон даатгалын гэрээгээр тогтоосон хугацаа дууссан бол даатгалын гэрээ дуусгавар болно.

Иргэний хуулийн 434-р зүйлийн 434.2.1-д хууль, гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон бол даатгалын гэрээ дуусгавар болно гэж хуульчилсан, гэсэн тус тус үндэслэлээр нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариу өгсөн.

Даатгуулагч би гэрээнд заасан үүргээ биелүүлж даатгалын компанид даатгуулсан гэж үзэж байгаа бөгөөд даатгалын компани нь хууль болоод гэрээнд заасан үүргээ биелүүлэхээс хууль бусаар татгалзаж байгаад гомдолтой байна.

Гэрээ цуцлах тухай саналыг ирүүлж байгаагүй бөгөөд бидний хооронд байгуулсан гэрээний 4.3.-т заасны дагуу гэрээ цуцлах санал гаргаагүй тул гэрээг мөн хугацаагаар сунгагдсан гэж үзэж байна.

Мөн гэрээний 11.4-т заасны дагуу гэрээний нэг тал гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тохиолдолд гэрээнээс татгалзах тухайгаа 1-ээс доошгүй сарын өмнө нөгөө талдаа мэдэгдэх байсан.

Автомашинд гал гарсны улмаас хохирол учирсан. Уг хохирлыг даатгалын компани төлөх үүрэгтэй бөгөөд шатсан 23530 литр бензиныг тухайн үеийн нэг литр бензины үнэ болох 1750 төгрөгөөр тооцож 44.736.300 төгрөгийг нэхэмжилж байгаа юм.

Иймд М ХХК-тай байгуулсан ачаа тээврийн даатгалын гэрээний дагуу даатгалын гэрээний үүрэгт нийт 44.736.300 төгрөгийг М компаниас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 06С1720000442 тоот гэрээг М ХХК-тай байгуулж North Benz маркийн 51-59 ДГО, 70-77 БЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг 1 жилийн хугацаатай даатгуулсан.

Даатгуулагч нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт явж байх үед даатгалын зүйл болох 51-59 ДГО автомашинд гал гарч хохирол учиран даатгалын тохиолдол болсон хэмээн нөхөн төлбөрийн материал бүрдүүлэн өгсөн.

Даатгалын нөхөн төлбөрийг шийдвэрлэх явцад Л ХХК-тай байгуулсан даатгалын гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 12-ний дуусгавар болсон нь тогтоогдсон бөгөөд тус гэрээний хугацаа дуусгавар болоход талуудын гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг мөн дуусгавар болох тул даатгагч нь Иргэний хуулийн 434 дүгээр зүйлийн 434.2.1, даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хууль, гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон бол даатгалын гэрээ дуусгавар болно, даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэхүү гэрээ нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 00:00 цагаас 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 00:00 цагийг дуустал хүчин төгөлдөр байна хэмээн тус тус заасны дагуу нөхөн төлбөр төлөх үүрэг хүлээхгүй юм.

Гэрээний хугацаа дууссан байхад 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш гэрээ сунгагдаагүй, гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр даатгалын тохиолдол үүссэн.

Л ХХК нь гэрээний зохицуулалтыг маш сайн мэдэж байгаа, учир нь манай байгууллагатай 2012 оноос хойш хамтран ажиллаж байгаа туршлагатай сайн даатгуулагч юм. Иргэний хуулийн 189.1.-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу талууд хугацаагаа өөрсдөө тогтоосон.

Нэхэмжлэгч нь 44.736.300 төгрөгөөр хохирсон гэж байгаа боловч энэ үнэлгээг хэрхэн гаргасан нь тодорхойгүй, эрх бүхий байгуулагаар үнэлүүлээгүй байгааг анхаарч өгнө үү. Даатгуулагч нь 2017 оны 11 дүгээр сарын 15, 2017 оны 12 дугаар сарын 02, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд нийт 2.368.092 төгрөгийг төлсөн бөгөөд энэ дотор нь жолоочийн хариуцлагын даатгал нь хамт орсон байдаг.

Л ХХК-д нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр нь үндэслэлтэй тул нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Л ХХК нь М ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 44.736.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч М ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Л ХХК нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий М ХХК-д даатгалын хураамжид 2.368.692 төгрөгийг төлж, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 00 цагаас 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 00 цагийг дуустал хугацаатайгаар 51-59 ДГО, 70-77 БЧ улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг даатгаж 1720000442 дугаартай даатгалын гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ./хх-ийн 13-20-р хуудас/

Дээрх гэрээгээр даатгуулагч Л ХХК- нь /захирал Д.Д / North Benz маркийн 51-59 ДГО, 70-77 БЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулж, 2.368.692 төгрөгийн хураамж төлсөн, зохигч гэрээнд заасан эрх эдэлж, үүрэг хүлээсэн талаар талууд маргаагүй болно.

Даатгуулагч Л ХХК-ийн захирал Д.Д нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар даатгалын нөхөн олговорыг олгохгүй байгаа тухай гомдлыг Санхүүгийн зохицуулах хороонд гаргаж ... даатгалын тохиолдол нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр болсон байх тул Иргэний хуулийн 434 дүгээр зүйлийн 434.2.1. дэх хэсэг, даатгалын гэрээний 4.2.1.-д заасны дагуу даатгалын гэрээний хугацаа дуусгавар болсон үед даатгалын зүйлд хохирол учирсан гэж даатгагчийн зүгээс нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй гэсэн хариуг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 9/2675 дугаартай албан бичгээр авч улмаар 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд хандсан байна. /хх-ийн 1-2, 12-р хуудас/

Талуудын хооронд байгуулагдсан тээврийн хэрэгслийн Даатгалын гэрээний

 

4.1-т Энэхүү гэрээ нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 00 цагаас 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 00 цагийг дуустал хүчин төгөлдөр байна гэж,

 

4.2.1.-т Хууль болон даатгалын гэрээгээр тогтоосон хугацаа дууссан бол Даатгалын гэрээ дуусгавар болно гэж талууд харилцан тохиролцсон байна. /хх-ийн 13-р хуудасны ар тал/

Иргэний хуулийн 434 дүгээр зүйлийн 434.1.Даатгалын гэрээний хугацааг даатгагч, даатгуулагч харилцан тохиролцож тогтооно гэж,

434.2.1.-т ... гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон тохиолдолд Даатгалын гэрээ дуусгавар болно гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Л ХХК-ийн хариуцагч М ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан №1720000442 дугаартай Даатгалын гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 00 цагт дууссаны дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр даатгалын зүйл болох 51-59 ДГО автомашин нь Дорноговь аймгийн Мандах сумын 3 дугаар баг Сайншанд Өмнөговь чиглэлд явж байх үед уг автомашинд гал гарч даатгалын тохиолдол буй болсон болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 8, 9, 11, 12,19-22, 59 - р хуудас/

Мөн 44.736.300 төгрөгийн хохирол тооцон гаргасан / шатсан 23530 литр бензиныг тухайн үеийн нэг литр бензины үнэ болох 1750 төгрөгөөр тооцож 44.736.300 төгрөг/ нэхэмжлэгчийн тайлбарыг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигч эрх бүхий байгуулагаар хийлгэсэн үнэлгээ гэж үзэх үндэсгүй байна.

Өөрөөр хэлбэл даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлыг үнэлсэн Хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, материал гэж үзэх үндэсгүй юм.

 

Талуудын хооронд байгуулсан тээврийн хэрэгслийн Даатгалын гэрээний 4.3.-т Гэрээний хугацаа дуусмагц талууд гэрээг цуцлах санал тавиагүй бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсээр байгаа бол энэхүү гэрээг гэрээний үндсэн хугацаагаар сунгагдсанд тооцно гэж харилцан тохиролцсон байх боловч уг гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 00 цагаас хойш даатгуулагч даатгалын хураамж төлөөгүй байх тул гэрээг мөн хугацаагаар сунгагдсан гэж үзэхгүй юм.

Дээрх бүхнээс дүгнэхэд: 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр даатгалын зүйл болох 51-59 ДГО автомашин нь Дорноговь аймгийн Мандах сумын 3 дугаар баг Сайншанд Өмнөговь чиглэлд явж байх үед уг автомашинд гал гарч даатгалын тохиолдол үүссэн нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №1720000442 дугаартай Даатгалын гэрээнд хамрагдахгүй байна. Өөрөөр хэлбэл Даатгалын гэрээний хугацаа дууссаны дараа даатгалын тохиолдол үүссэн гэж үзнэ.

Иймд М ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 44.736.300 төгрөг гаргуулах тухай Л ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөх 381631 төгрөгийг Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 0988 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т заасны дагуу шүүх хуралдаан болох хүртэл хугацаагаар хойшлуулсан боловч нэхэмжлэгч уг хураамжийг төлөөгүй байх тул нөхөж төлүүлэх нь зүйтэй

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.-т заасныг баримтлан М ХХК-иас 44.736.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 381.631 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

                            ДАРГАЛАГЧ   Ч.ИЧИНХОРЛОО