| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбуянгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 107/2025/0010/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/09 |
| Огноо | 2025-01-14 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/09
2025 01 14 2025/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга Наранжаргал,
улсын яллагч Баттуяа,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ..................... дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ........... оны ........... дугаар сарын.............-ны өдөр ............ хотод төрсөн, ........... настай, ..........., ............. боловсролтой, ............ мэргэжилтэй, ...........аймгийн .............. суманд үйл ажиллагаа явуулдаг “...........” ХХК-нд .......... ажилтай, ам бүл ........., ............ хамт Багануур дүүргийн...... дүгээр хороо, ........... дугаар байрны ............. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/501 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* ******* (РД:*******),
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ЗШ/333 дугаартай шийтгэврээр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 30 минутын орчимд Багануур дүүргийн ........ дүгээр хороо, ..........дугаар байрны арын замд ............... улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 0.69 хувийн согтолттойгоор жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 10 цагийн үед өөрийн эзэмшлийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс орох ажилтай явж байгаа цагдаагийн хэлтсийн гадна ирээд цагдаад журамлуулаад драйгер багаж үлээсэн бөгөөд 0,69 хувийн согтолттой гэж гарсан. Учир нь би өмнөх орой нь найзуудтайгаа хамт архи пиво уусан байсан. Би тухайн үед эхнэр хамт явж байсан бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр жолооны эрхээ хасуулсан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22-23, 33-34, шүүх хуралдааны тэмдэглэлээс),
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 10 цагийн үед найз залуу *******ын хамт Багануур дүүргийн ....... дүгээр хороо, ........ дугаар байрны ......... тоот гэрээсээ гараад цагдаагийн хэлтэс орохоор найз залуу ******* өөрийн эзэмшлийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод цагдаагийн хэлтсийн ойролцоо явж байгаад цагдаад саатуулагдсан. Тэгээд драйгер багаж үлээсэн бөгөөд 0,69 хувийн согтолттой гарсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17),
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “*******ын согтуурлыг багажаар шалгахад 0,69 хувийн согтолттой” гэжээ (хх-ийн 3-5),
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 67),
Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаагаар “******* овогт ******* ******* (РД:*******)-ын үнэмлэхийн хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2029 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр, жолооны үнэмлэхийн төлөв-эрх хасагдсан” гэжээ (хх-ийн 2),
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 333 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 14-15),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 53-55),
Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 1 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 40, 43-50) зэрэг нотлох баримтыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ЗШ/333 дугаартай шийтгэврээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 30 минутын орчимд Багануур дүүргийн ........... дүгээр хороо, ........ дугаар байрны арын замд .......... улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 0.69 хувийн согтолттойгоор жолоодсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй” гэсэн мэдүүлэг, гэрч “2024 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 10 цагийн үед найз залуу *******ын хамт Багануур дүүргийн ........ дүгээр хороо, ......... дугаар байрны ....... тоот гэрээсээ гараад цагдаагийн хэлтэс орохоор найз залуу ******* өөрийн эзэмшлийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод цагдаагийн хэлтсийн ойролцоо явж байгаад цагдаад саатуулагдсан. Тэгээд драгер багаж үлээсэ бөгөөд 0,69 хувийн согтолттой гарсан” гэсэн мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 333 дугаартай шийтгэврийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор, “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртын агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгохоор тус тус хуульчилсан.
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан” хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.
Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр шүүгдэгч *******ын согтуурлыг драйгер багажаар шалгахад 0,69 хувийн согтолттой буюу амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль /хувь/-ээс дээш байсан тул түүнийг согтуурсан гэж үзнэ.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 333 дугаартай шийтгэврээр тогтоогдож байх бөгөөд уг хугацаа дуусаагүй байх үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, “Аяс” караокены арын зам дээр “Тоёота Приус” маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 5 сарын хугацаагаар хасаж, 4,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс улсын яллагчийн ялын саналтай маргаагүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгч *******ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг хуульд зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ МӨНХ-ЭРДЭНЭ