Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 05

 

                                                  О.П-д холбогдох эрүүгийн

                   хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолтой, О.П-д холбогдох, 2035001100144 дугаартай эрүүгийн 1 хавтас хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, прокурор А.Анхбаяр нар оролцов.

Монгол Улсын иргэн, ..... оны ..... дүгээр сарын ...-ны өдөр Увс аймгийн ....... суманд төрсөн, ..... настай, эмэгтэй, .......... боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл ..., .... хамт ........оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй,  Х ургийн овогт О-ын П /Регистрийн дугаар: ................./

Шүүгдэгч О.П нь Увс аймгийн Тариалан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хужирт” гэх газарт 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр иргэн С.Б-ийн эзэмшлийн ......улсын дугаартай “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгсэл жолоодож иргэн Д.Б-ын гэрийн гаднаас хөдлөхдөө авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасныг зөрчиж, 1 нас 4 сартай Б.С-г дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдсон байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Х ургийн овогт О-ийн П-д холбогдох хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 161 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч О.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг 4 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О.П-д тэнсэгдсэн хугацаанд оршин суух газраа өөрчилбөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Х ургийн овогт О-ийн П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч О.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг 4 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж шийдвэрлэхдээ улсын яллагчаас санал болгосон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын саналыг шийдвэрлээгүй байна.

Анхан шатны шүүхээс  “Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг төлсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан хорих болон эрх хасах ялыг оногдуулахыг тэнсэх нь зүйтэй “ гэсэн дүгнэлт хийсэн нь  хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Учир нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх зохицуулалт болохоос нэмэгдэл ялыг хөнгөрүүлдэг, ялаас чөлөөлдөг зохицуулалт биш юм.

Мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрх хасах ялыг үндсэн ялтай заавал хэрэглэхээр хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Энэ зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан нь шүүхээс эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан ял оногдуулахыг тэнсэж байгаа тохиолдолд тэр үеэс эрх хасах нэмэгдэл ялыг тоолохоор  зохицуулсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/161 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.П-д  холбогдох,  2035001100144 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Увс аймгийн Прокурорын газраас О.П-г 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Тариалан сумын 2 дугаар багийн нутаг “Хужирт “ гэх газарт  иргэн С.Б-ийн эзэмшлийн .......... улсын дугаартай “Тоёота приус-30 “ загварын тээврийн хэрэгсэл жолоодохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан заалтыг  зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, 1 нас 4 сартай Б.С-г дайрч амь насыг хохироосон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн,  шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх О.П-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж,    эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял” гэж тодорхойлон зааж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөлд хамааруулж, нэмэгдэл ялын шинжтэй хэрэглэхээр, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулахаар тус тус Эрүүгийн хуульд зохицуулжээ. 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байх ба энэ төрлийн буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хувьд авто тээврийн хэрэгслийн жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, тухайлбал Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөнөөр үйлдэгддэг онцлогтой тул гэм буруутай этгээдэд ял оногдуулахдаа тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг үндсэн ял дээр нэмж заавал хэрэглэхээр тогтоожээ.  Өөрөөр хэлбэл, энэ зүйл , хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж гэж заасан нь шүүх хуульд заасан хэмжээ / хугацаа/-ний дотор заавал хэрэглэх зохицуулалт гэж ойлгоно.  

Гэтэл шүүхээс шүүгдэгч О.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг 4 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэхдээ эрх хасах ялыг тэнссэн гэж дүгнэн, нэмэгдэл ял болох тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хэрэглээгүй нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна.        

Нөгөөтээгүүр, хууль тогтоогч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх журмыг зохицуулсан байх боловч энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид  заавал оногдуулахаар заасан нэмэгдэл ял буюу эрх хасах ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх, тэнсэх зохицуулалт биш юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.П-д холбогдох 2035001100144 дугаартай эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол О.П-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                       Д.ЖАМБАЛСҮРЭН   

                                ШҮҮГЧИД                                           Л.АЛТАН

                                                                                  Н.МӨНХЖАРГАЛ