| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2020/01951/И |
| Дугаар | 155/ШШ2021/00374 |
| Огноо | 2021-03-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 155/ШШ2021/00374
| 2021 оны 03 сарын 19 өдөр | Дугаар 155/ШШ2021/00374 | Хөвсгөл аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.Б-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Б нь нөхөр А.Бтой 2006 онд Г суманд танилцаж, дотносон гэр бүл болж, 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2007 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хүү Б.Э, 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр охин Б.М, 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүү Б.Г нарыг төрүүлсэн. Бид хамтын амьдралын эхний жилүүдэд эвтэй найртай амьдарч байсан боловч 2015 оны 5 дугаар сараас эхлэн нөхрийн зан ааш нь хувирч, гэртээ ирэхээ больж, жолоонд сууж байгаа нэрээр сумын төв дээр өөр эмэгтэйтэй дотно харилцаа үүсгэсэн байсан. 2015 оны 8 дугаар сард Д гэх хүүхэн нь бидэнтэй хамт самарт явсан ба модон дотор тэр 2 майханд ярьж сууж байгаад намайг зайлаач гэж хөөж, үстэй толгойг нь ах дүү нарт нь хүргэж өгнө гээд намайг зодсон. Ингээд би М сум руу ахынх руугаа явсан. Би 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж, бид эвлэрсэн боловч Галт суманд очоод нөхөр намайг дахин зодож, би эмнэлэгт хэвтэж, гэмтлийн зэрэг тогтоолгон, цагдаад өргөдөл гарган, эрүүгийн хэрэг үүсгүүлсэн.Улмаар би дахин Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны үеэр нөхөр А.Б нь цаашид алдаа гаргахгүй, нэгэнт босгосон гал голомтоо нураахгүй, үр хүүхдийнхээ цаашдын ирээдүйн төлөө эвлэрье гээд гуйгаад байхаар нь би үр хүүхдүүдээ бодоод дахин нэг удаа уучилж нэхэмжлэлээсээ татгалзсан. Ингээд 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс хойш бид 01 жил гаруй хугацаанд хамт амьдарсан ба би жирэмсэн болж, 2018 оны 01 дүгээр сард хүү Б.Гыг төрүүлсэн. Гэтэл нөхөр А.Б 2018 оны 11 дүгээр сард хувцсаа боож аваад, би чамтай амьдарч чадахгүй, амьдрал, амьдралаа бодъё гээд явсан.Тэр хүртэл хугацаанд мөн гэр орондоо тогтуун байдаггүй, ирэн очин байдаг байсан. Мөн мал ахуйгаа нууцаар зарчихдаг, зарсан мөнгөө нөгөө хүүхэндээ зарцуулдаг байсан.Нөхрийг хаяад явахаар нь би 3 хүүхдээ аваад евлийн хүйтэнд ахынх руугаа нүүсэн.Нөхөр хамт байх хугацаандаа намайг байнга харааж, доромжилдог, хүүхдүүдээ байнга загнадаг байсан.Ийм байдал хүүхдүүдийн маань хүмүүжилд сөргөөр нөлөөлж, аавыгаа гэртээ ирэхэд нь байнгын айдастай, түгшүүртэй байдаг. Салаад явснаасаа хойш хүүхдүүдээ зорьж ирж байгаагүй, утсаар ярьдаггүй. Өнгөрсөн жил би өөрөө гэр худалдаж аваад, нөхөрт өөрийнх нь гэрийг аваачиж өгсөн. Ачааны машин мотоциклио мөн үхэр, адуу зэргийг бүгдийг нь нөхөр өөрөө авч, зараад байхгүй болсон. Надад хэдэн цөөхөн тооны бог мал үлдээсэн. А.Б нь одоо Галт сумын төвд өөр эмэгтэйтэй хамт амьдардаг.Бид цаашдаа хамт амьдрах ямар ч боломжгүй болсон тул Аюурбуниагийн А.Б, Дагвалочингийн Д.Б бидний гэрлэлтийг цуцалж, хүү А.Бын Б.Э, охин А.Бын Б.М, хүү А.Бын Б.Г нарыг миний асрамжид үлдээж, эцэг А.Боос хүүхэд тус бүр дээр тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Харцага овогт Давгалочингийн Д.Бгийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч А.Б би бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид 2 дундаасаа 3 хүүхэдтэй, бага хүүхэд маань 3 настай, 2016 оноос хойш би эхнэртээ нэг ч удаа гар хүрч зодож нүдэж байгаагүй, намайг эхнэртээ гар хүрдэг, зоддог гэж ах эгч нар нь ярьж явдаг юм. Би бол тухайн үед зодож нүдээгүй, би эмэгтэй хүнд гар хүрч байгаагүй, тийм ч хүмүүжилтэй хүн биш, хэрэв гар хүрч янз бүрийн юм болох юм бол ах эгч нар болон ойр дотны хүмүүс нь намайг зүгээр байлгахааргүй. Амьдралд маань оролцож байдаг хүмүүс юм.Бид 2-н дундаас гарсан хүүхдүүд маань аав надад сайн, одоо ч манай аав ээж дээр өсөж торниж ирж, очиж байгаа юм. Ах дүү нар нь бидний амьдралд хэт их орж бид 2-ын хооронд эвдрэл, хагарал үүсгэж байдаг. Намайг очих үед тэднийхэн олуулаа болохоор хөөж тууж, гэрээс чирж гаргаж, зодож нүдэж л байсан.Би тухай бүрд нь тоолгүй гэр бүлээ гэсэн сэтгэлээр өдий хүрч байна. Миний гэр бүлийн хүн Д.Бг энэхүү нэхэмжлэлийг гаргуулж надтай холбоо бариулахгүй байгаа хүмүүсийг бол би гадарласан, хэрэв эхнэр хүүхдүүдтэйгээ уулзаж чадвал учраа олж чадах бөгөөд ах дүү нар нь бидний амьдралд гай болж үр хүүхдүүдийг өнчрүүлэх нэхэмжлэл гаргуулсан тул зөвшөөрөхгүй, эхнэр болон үр хүүхдээ хагацал өнчрөл үзүүлэхгүй цаашид гэр бүлийн амьдралаараа амьдрах тул уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Амьдралд хань ижил болон амьдарч байгаа бид 2-т хэрэлдэх маргалдах, янз бүр болох асуудал байлгүй л яахав, бүхнийг тэвчиж босгосон амьдралаа хүмүүсийн идэш, ууш болгож нураалгүй, хүүхдүүдээ хүний гар харуулалгүй өөрсдийн хүч хөдөлмөрөөр өсгөж хүмүүжүүлж амьдралд нь хүргэмээр байна.Энэ нэхэмжлэлд бичигдсэн зүйлүүд бүгд худал ба үүнийг бол ах дүү нар нь л бичүүлсэн байх, би өөрийн 3 хүүхдийн өмч хөрөнгөнд юу гэж халдаад зарж үрэгдүүлээд байх вэ дээ.Харин ах дүү нар нь намайг ад шоо үзэж элдвээр хэлж зодож нүдэж хөөж явуулж миний эд хөрөнгөөр тоглож байж магадгүй л гэж бодож байна. Би энэ хариу тайлбарыг хүргүүлсний дараа эхнэр маань зөвөөр ойлгож надтай эв зүйгээ олохгүй бол би шүүхэд болон цагдаад хүсэлт гомдол гаргаж, миний эд хөрөнгийг ах дүү нар нь хэрхэн галдан шатаасан, зарж үрэгдүүлсэн талаар зохих хууль журмын дагуу өргөдөл гомдол гаргах болно. Би эхнэр хүүхэдтэйгээ хамт эв зүйтэй, сайхан аж төрөхийг хүсэж байгаа ба эхнэр болон ах дүү нартай нь хууль цагдаагаар хэрэлдээд маргалдаад явахыг үнэхээр хүсэхгүй байна. Эхнэр Д. Д.Б энэ тайлбарыг аваад надтай холбогдож, уулзаж энэхүү маргаанаа үргэлжлүүлэх үү, эсвэл ах дүү нараараа бүгдээрээ манай гэр бүлтэй цагдаа шүүх дамналдуулаад хэрэлдээд явах уу гэдгээ эцэслэн шийдэх байх гэж хариуцагч би бодож байна.Хэрэв миний 3-н хүүхэд төрсөн эцгээсээ холдвол цаашид хэрхэн амьдрах, хэрхэн сурч хүмүүжих зэрэг нь миний санааг зовоож, сэтгэл түгшээж байх тул би эцэг хүний үүргээ биелүүлж төлөв, төвшин сайхан амьдрах болно гэжээ.
Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан: Бид 2006 онд танилцаад хамт амьдарч эхэлсэн. 2007 онд том хүү Б.Э, 2011 онд охин Б.М, 2018 онд бага хүү Б.Г нар төрсөн.Бага хүүгээ төрснөөс хойш буюу 2018 оноос хойш тусдаа амьдарч байна. А.Б гэр бүлээс гадуур харилцаа үүсгээд хүүхэдтэй болсон учраас тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдрах хугацаанд хүүхдүүд маань миний асрамжид байсан.Одоо шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, 3 хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Гэвч бид салахдаа тодорхой хэмжээний малаа би авч үлдсэн нь үнэн тул бага хүү Б.Гын тэтгэлгийг нэхэмжлэхээс татгалзаж байна.Бусад шаардлагаа дэмжиж байгаа бөгөөд шүүхээс эвлэрэх хугацаа өгсөн боловч эвлэрээгүй тул гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй гэв.
Хариуцагч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2005 онд танилцаад 2006 онд айл болсон. Хамт амьдах хугацаандаа гурван хүүхэдтэй болсон бөгөөд 2007 он том хүү Б.Э, 2011 онд охин Б.М, 2018 онд бага хүү Б.Г төрсөн. Намайг 2018 оны 12 дугаар сард Орос улс руу явсан хойгуур ах дүү нар нь Д.Бг нүүлгээд аваад явсан байсан. Тэгээд 2019 оны 1 дүгээр сард араас нь очиход ах дүү нар нь дүүгээ салгаж авна гээд намайг хөөсөн.Түүнээс хойш хоёр удаа очсон.Хүлээж аваагүй учраас тусдаа амьдарсан. Дараа нь 2020 оны 4 дүгээр сард очиж 1 сар хамт амьдарсан. Мөн ах дүү нар нь дүүгээ салгаж авна гээд намайг зодож хөөгөөд байхаар нь явсан. Одоо гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна.Хүүхдийн асрамжийн хувьд охин Б.Мын өөрийн асрамжид авах саналтай байна.Хүүхдийн тэтгэлгийн хувьд хамтран амьдарч байх хугацаанд бий болсон малаа эхнэр Д.Б авсан тул уг малнаас өөрт ногдох хэсгийг хүүхдийнхээ тэтгэлэгт тооцуулах саналтай байна.
...Надад ногдох малыг хүү Б.Гын тэтгэлэгт тооцож, нэхэмжлэхгүй гэсэн нэхэмжлэгчийн саналыг зөвшөөрч байна.Эд хөрөнгийн өөр маргаан байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч А.Бод холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид нь 2006 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсон болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүсжээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлтийг цуцлахгүй байх үндэслэл тогтоогдохгүй.
Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах талаар харилцан зөвшөөрч тайлбар гаргасан, шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг авсан боловч шүүгчийн захирамжид заасан хугацаанд эвлэрээгүй зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Иймд шүүх нэхэмжлэгч Д.Б, хариуцагч А.Б нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2007 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүү Цартуул овогт А.Бын Б.Э, 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр охин Цартуул овогт А.Бын Б.М, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүү Цартуул овогт А.Бын Б.Г нар төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Нэхэмжлэгч Д.Б нь хүү Б.Э, охин Б.М, хүү Б.Г нарыг өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч А.Б үл зөвшөөрч, охин Б.Мыг өөрийн асрамжид авна хэмээн маргаж байх боловч хүүхдүүдийн одоогийн өсч байгаа болон ээнэгшин дассан орчинг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул хүү Б.Э, охин Б.М, хүү Б.Г нарыг төрсөн эх Д.Бгийн асрамжид үлдээж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Д.Б нь хүү Б.Гад хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхээс татгалзсан учир хүү Б.Э, охин Б.М нарт эцэг А.Боос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлж байхаар шийдвэрлэлээ.
Мөн хүү Б.Э, охин Б.М, хүү Б.Г нарыг эх Д.Бгийн асрамжид үлдээж байгаа нь хүүхэд эхийн оршин суугаа газрын харьяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг А.Б, эх Д.Б нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ба зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдлаа.
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Д.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193.130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг, мөн Гэр бүлийн тухай хуульд хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2007 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Цартуул овогт А.Бын Б.Эыг тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 100 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол,
2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Цартуул овогт А.Бын Б.Мыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 100 хувиар олгох тэтгэлгийг сар бүр А.Б төлөх бөгөөд
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Б.Эт сар бүр төлөх тэтгэлэг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2.472.000 төгрөг, охин Б.Мд сар бүр төлөх тэтгэлэг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.236.000 төгрөг, тус тус болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 88.716 төгрөг, нийт 158.916 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Д.Б, А.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2007 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Цартуул овогт А.Бын Б.Э, 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Цартуул овогт А.Бын Б.М, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Цартуул овогт А.Бын Б.Г нарыг төрсөн эх Д.Бгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2007 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Цартуул овогт А.Бын Б.Эыг тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 100 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол, 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Цартуул овогт А.Бын Б.Мыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 100 хувиар олгох тэтгэлгийг сар бүр А.Боос гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг А.Б, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.Б нарт тус тус даалгасугай.
5.Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193.130 /нэг зуун ерэн гурван мянга нэг зуун гуч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 158.916 /нэг зуун тавин найман мянга есэн зуун арван зургаа/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Өлзийбуянд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ