| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0082/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/269 |
| Огноо | 2024-12-16 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/269
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Уламбаяр,
Нарийн бичгийн дарга: Б.Ариунболд,
Хохирогч: *******, түүний өмгөөлөгч Л.Бор,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000000084 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн ******* /РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөрт шилжих шөнийн 1 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Орд” нэртэй караокены гадна зүүн урд талд өөрийнх нь биед халдсан шалтгаанаар Б.******* нүүр хэсэгт гараараа халдсаны улмаас түүний эрүүл мэндэд гайморын хөндийн цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2024 оны 02 дугаар сарын 25-наас 26-ний өдөр болсон үйл явдлын талаар гэрчээр өмнө мэдүүлэг өгсөн. 2024 оны 03 дугаар сарын 13-ний өдөр гарсан Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний шинжээч эмчийн дүгнэлт надад санал нийлж байна. хүмүүстэй маргалдаад байж байхаар нь би салгах гээд очсон чинь намайг цохиод авсан тэгэхээр нь би нэг удаа алгадсан. Би тухайн үед Дамдинрагчаа гэдэг найзтайгаа хамт явж байсан өөр хүн байгаагүй. Би 160 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан, санал нийлж байна. гэх хүнтэй холбогдсон хохирол барагдуулаагүй байгаа. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Миний урьд өгсөн мэдүүлэг бүгд үнэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа одоо дахиж мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 22 цагийн үед найзууд болох овогтой , овогтой нартай уулзаж, Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Орд” караокед орцгоосон..Ороод Сэнгүр гэх нэртэй 0.5 литрийн хэмжээтэй пивоноос 6 ширхгийг авч хувааж уугаад гарцгаасан. Тэр үед уус шөнийн 01 цаг болж байсан. Би хоёр найзаасаа холдоод тамхи татаад зогсож байтал манай найз үл таних хоёр хүнтэй муудалцаад, зодолдоод эхлэхээр нь би очиж салгасан. Намайг салгаж байхад Орд караокед ажилладаг манай найз ирээд намайг аваад караоке руу орох гээд алхаж байтал нэг үл таних залуу ирээд баруун гараараа миний зүүн нүд рүү нэг удаа цохисон. Тэр залуу , нартай караокеноос гарч ирэхэд урдуур гараад баруун тийшээ 2 залуутай хамт алхаж байсан. Тэгээд залууг яагаад буцаж ирээд намайг цохисныг мэдэхгүй байна. Цохиулсны дараа миний нүд хэсгээр халуун оргиод байсан, өөр шинж тэмдэг мэдэгдээгүй. Тийм болохоор цагдаагаар шалгуулах талаар бодоогүй. 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр нүдний хавдар бүрэн арилчихаар нь нүүрээ анзаарч үзтэл хацрын яс цөмөрсөн юм шиг болчихсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж байна. хар куртиктэй, бор өнгийн годон гуталтай, хар саравчтай малгайтай, Даваадагва хар савхин куртиктэй, хромон гуталтай, олон халаастай, хар цоохор өнгийн өмдтэй, намайг цохидог залуу хөр өнгийн куртиктэй, бор өнгийн цамцтай, тамирын өмдтэй, түүнтэй хамт явсан нэг залуу нь хар куртиктэй, саарал малгайтай цамцтай, нөгөө залууг нь анзаарч хараагүй. Намайг ******* зодсон би хүний биед халдаагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Намайг цохисон залууг харвал танина. Хамт явсан хоёр хүнийг анзаарч сайн харж чадаагүй учраас танихгүй......гэх мэдүүлэг / хх-ийн 18 /,
..... Би тэр үед 2 найзтайгаа 6 шил пиво хувааж уусан учир бага зэргийн согтолттой байсан. Тухайн үед болсон үйл явдлыг сайн санаж байна. Орд караокены зүүн урд талд манай найз 2 хүнтэй маргалдаж байхаар нь би очоод салгаж байхад манай эмэгтэй найз ирээд намайг аваад, караоке руу буцаад явж байхад араас нэг үл таних махлаг эрэгтэй хүн ирээд намайг цохисон. Тэр хүнээс өөр хүн намайг цохиж, зодсон зүйл байхгүй. Тэр хүн намайг цохисны улмаас миний биед одоо учирсан байгаа гэмтэл үүссэн. Намайг цохисон хүн бид нарыг караокеноос гарахад караокены урдуур гараад 2 хүнтэй хамт алхаж байсан. Нэг мэдэхэд бид нарын дэргэд ирчихсэн, намайг цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 19 /,
....Би зодуулсан өдрөөс хойш Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт томографикийн зураг авахуулаад Улаанбаатар хот руу явж хагалгаанд ор гэхээр нь явж Улаанбаатар хотод байх 1 дүгээр эмнэлэгт зүүн хацар ясны хагалгаанд орсон. Миний зүүн хацар яс цөмөрч орсон байсныг гаргаж дүүргэлт хийлгэж хадуулсан. Намайг хагалгаанд ороход эрүүл мэндийн даатгалаас хагалгааны зардал гарсан харин бусад эмчилгээ үйлчилгээнд гарсан зардлыг би нэгтгэж байгаад гаргаж өгнө. Тухайн гэмтлээс болж ажилгүй байгаагийн цалин болон эмчилгээ хийлгэсэн баримтуудаа гаргаж өгнө...гэх мэдүүлэг /хх-ийн 193/,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Мөнх-эрдэнэ мэдүүлэхдээ: 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 22 цагийн үед 2 найзтайгаа “Орд” нэртэй караоке орж 6 пиво аваад хэсэг суусан. Шөнө 01 цаг өнгөрөөгөөд караокеноос манай 2 найз түрүүлээд гараад явсан байсан. Би араас нь гарч ирээд тамхи татаад зогсож байхад манай 2 найз хүнтэй уулзаад зогсож байсан. Манай 2 найз хүнтэй зодоон хийгээд маргалдаад байхаар нь би очиж салгасан. Орд караокед ажилладаг н. буюу манай найз охин ирээд намайг хөтлөөд алхаж байсан. Тэгсэн урдаас нэг хүн цохисон. Тэгээд би доошоо нүүрээ дараад суусан. Сууж байтал цагдаа хүрээд ирсэн. Цагдаа дээр очоод тухайн үед нүд л хавдсан байх гэж бодоод гомдолгүй гээд явсан. 2024 оны 03 дугаар сарын 06-нд нүүрний хавдар буухад нүүрний шанааны яс цаашаа цөмөрсөн байсан. Тухайн үед гэрийнхэн хөдөө явсан, би ганцаараа байдаг байсан. Гэрийнхэн хөдөөгөөс ирээд шанааны яс чинь цаашаа цөмрөөд орсон байна, эмнэлэгт үзүүлье гэж хэлсэн. Тэгээд анхнаасаа болсон бүх үнэнээ хэлээд үзүүлээд рентгенд ороод Томографын зураг авхуулчхаад тэгээд Улаанбаатар хот руу явж хагалгаанд орсон. 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт очиж 2024 оны 03 дугаар сарын 27-нд хагалгаанд ороод нүүрний зүүн шанааны ясыг хадуулаад хадаасаа 6 сарын дараа авхуулаарай гэж хэлсэн. Би одоо хүртэл авхуулж амжаагүй байгаа. Хагалгаанд орсны дараагаар эмч зөвлөхдөө хадаасаа авхуултлаа биеийн байдлаа сайн сахиад хүнд ажил хийж болохгүй гэж хэлсэн. Хүнд машин механизм чинь, машин техникийн засвар үйлчилгээг өөрөө янзалдаг юм. Тийм байдаг болохоор эрсдэлтэй байдаг. 2024 оны 03 сараас хойш 10 сар хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин буюу 28,000,000 төгрөг нэхэмжилж байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч *******оос Улаанбаатар хот руу явсан шатахууны үнэ, рентген зураг авхуулсны зардал, эмчилгээ хийлгэсний тээврийн хэрэгслээр үйлчлүүлсний зардал, сэтгэцэд учирсан хохирол гээд нийт 3,265,000 төгрөгийн хохирлыг төлж барагдууллаа гэв.
5. Иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:... Би ******* Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдсан 3,363,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 196/,
6. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... .2024 оны 02 дугаар сарын 25-ны орой 23 цаг өнгөрч байхад манай найз ******* өөрийн найз болох бас нэг залуутай хамт манай караокед орж ирсэн. Тэгээд манай караокед байж байгаад 01 цагийн үед гараад явцгаасан. Би араас 10 орчим минутын дараа гарахад манай караокеноос зүүн урд байдаг. Од хоолны газрын өмнө тэй хамт явсан 2 найз нь Буяндэлгэр, Бат-Эрдэнэ хоёртой зодоон хийгээд , бас нэг танихгүй хүн зодооныг салгах гээд бужигнаад байж байсан. Тэгэхээр нь би Мөнх-Эрдэнийг аваад ажил руугаа авч орох гээд явж байтал араас зодооныг салгах гээд байж байсан нэг том биетэй ах ирээд Мөнх-Эрдэнийг баруун гараараа нүүр рүү нэг удаа алгадсан. Тэгсэн чинь доошоо суугаад нүүрээ дарсан. Би Мөнх-Эрдэнийг цохисон хүнийг яагаад цохисныг асуухад наад хүн чинь өөрөө эхэлж цохисон шүү дээ гээд байсан. Тэр үед ******* нүүр бүтнээрээ хавдчихсан байсан. Манайх гадна нэг ширхэг хяналтын камертай, тэр нь зөвхөн урд талын зогсоолоор тусгал нь хязгаарлагддаг учраас ******* цохисон газар рүү харсан хяналтын камер байхгүй.....гэх мэдүүлэг /хх-ийн 28 /,
7. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....2024 оны 02 дугаар сарын 26-ны шөнийн 00:50 минутын үед Түмэннасанг гэрт нь үлдээгээд манай байрны машины зогсоол рүү явсан. Тэгээд бид 2 шөнийн 01 цагийн үед We club баар рүү орж тус тусдаа 2 шил пиво уугаад гараад явж байтал We club-н урд 5, 6 залуу хоорондоо зодолдож байсан. Тэгээд *******ын хамт тухайн зодооныг салгах гэж очсон. Тэгээд би шууд өөрийн 88442211 дугаараар цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирэх хооронд тэнд зодолдож байсан хэдэн залууг салгаад *******ын байгаа газар руу очиход ******* 3 залууг мөн зодолдож байхад нь салгаад юм ярьж байсан. Тэр 3 залуугийн 1 нь *******ыг цохисон тэгэхээр нь ******* тухайн залууг 1 удаа алгадсан гэсэн. Би өөрөө бол яг нүдээрээ хараагүй. Нэг удаа алгадсан гэж надад хэлж байсан. Тухайн үед ******* зүүн нүд нь хавдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34 /,
8. Шинжээч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Хүний хамрын бүтэц нь дотор болон гадна яснаас бүрдэнэ. Үүний доторх ясыг гаймор гэдэг. Уг яс нь дотогш цөмөрсөн гэсэн үг. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсдэг. Хүн алгадах, цохих хоёрын аль алинд үүсэх боломжтой. Б.******* биед үүссэн гэмтэл нь 1-2 удаагийн хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой..гэх мэдүүлэг /хх-ийн 35/,
9. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 160 дугаартай:...1. *******-н биед гайморын хөндийн цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
З. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна
5. Дээрх гэмтлүүдийн гайморын хөндийн цөмөрсөн хугарал гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарна, дээрх зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй....гэх дүгнэлт / хх-ийн 39-40 /,
10. Өвөрхангай аймаг дахь Бүсийн Шүүх Шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 04 дугаартай:.....1. Б.******* сэтгэцэд хор уршиг учирсан байна.
2. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна.
3. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна...гэх дүгнэлт болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-14/, хохирлын баримт /хх-ийн 157/, хохирогч Б.******* депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 159/, Төв аймгийн “Бараат төгс конкрет” ХХК-ийн албан бичиг /хх-ийжн 160/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэв.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.******* “...Би 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 22 цагийн үед найзууд болох овогтой , овогтой нартай уулзаж, Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Орд” караокед орцгоосон..Ороод Сэнгүр гэх нэртэй 0.5 литрийн хэмжээтэй пивоноос 6 ширхгийг авч хувааж уугаад гарцгаасан. Тэр үед уус шөнийн 01 цаг болж байсан. Би хоёр найзаасаа холдоод тамхи татаад зогсож байтал манай найз үл таних хоёр хүнтэй муудалцаад, зодолдоод эхлэхээр нь би очиж салгасан. Намайг салгаж байхад Орд караокед ажилладаг манай найз ирээд намайг аваад караоке руу орох гээд алхаж байтал нэг үл таних залуу ирээд баруун гараараа миний зүүн нүд рүү нэг удаа цохисон. Тэр залуу , нартай караокеноос гарч ирэхэд урдуур гараад баруун тийшээ 2 залуутай хамт алхаж байсан. Тэгээд залууг яагаад буцаж ирээд намайг цохисныг мэдэхгүй байна. Цохиулсны дараа миний нүд хэсгээр халуун оргиод байсан, өөр шинж тэмдэг мэдэгдээгүй. Тийм болохоор цагдаагаар шалгуулах талаар бодоогүй. 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр нүдний хавдар бүрэн арилчихаар нь нүүрээ анзаарч үзтэл хацрын яс цөмөрсөн юм шиг болчихсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж байна......” гэх мэдүүлэг,
Гэрч ийн “....Од хоолны газрын өмнө тэй хамт явсан 2 найз нь Буяндэлгэр, Бат-Эрдэнэ хоёртой зодоон хийгээд , бас нэг танихгүй хүн зодооныг салгах гээд бужигнаад байж байсан. Тэгэхээр нь би Мөнх-Эрдэнийг аваад ажил руугаа авч орох гээд явж байтал араас зодооныг салгах гээд байж байсан нэг том биетэй ах ирээд Мөнх-Эрдэнийг баруун гараараа нүүр рүү нэг удаа алгадсан. Тэгсэн чинь доошоо суугаад нүүрээ дарсан. Би Мөнх-Эрдэнийг цохисон хүнийг яагаад цохисныг асуухад наад хүн чинь өөрөө эхэлж цохисон шүү дээ гээд байсан. Тэр үед ******* нүүр бүтнээрээ хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч *******гийн “....Тэр 3 залуугийн 1 нь *******ыг цохисон тэгэхээр нь ******* тухайн залууг 1 удаа алгадсан гэсэн. Би өөрөө бол яг нүдээрээ хараагүй. Нэг удаа алгадсан гэж надад хэлж байсан. Тухайн үед ******* зүүн нүд нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг,
Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 160 дугаартай:...1. *******-н биед гайморын хөндийн цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
З. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна
5. Дээрх гэмтлүүдийн гайморын хөндийн цөмөрсөн хугарал гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарна, дээрх зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар шүүгдэгч ******* нь 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөрт шилжих шөнийн 1 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Орд” нэртэй караокены гадна зүүн урд талд өөрийнх нь биед халдсан шалтгаанаар Б.******* нүүр хэсэгт гараараа халдсаны улмаас түүний эрүүл мэндэд гайморын хөндийн цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь нотлогдсон байна.
Энэ үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь тус тусдаа согтуурсан үедээ хохирогчийн зүй бус үйлдлээс болж маргалдаж улмаар шүүгдэгч ******* нь хохирогч Б.Мөнх-Эрдэнийг гараараа цохиж түүний хамрын доторх ясыг гайморыг дотогш цөмөрсөн хүндэвтэр гэмтэл санаатай учруулж гоо сайхныг алдагдуулсан байна гэж дүгнэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ******* 2024 оны 03 дугаар сарын 12-ноос 2024 оны 12 дугаар сар хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 28.000.000 төгрөг нэхэмжилж байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байна.
Хэрэгт хохирогч ******* нь Төв аймгийн Зуунмод сумын нутагт байрлах “Бараат төгс конкрет” ХХК-д 2023 оны 06 дугаар сарын 02-ний өдрөөс гэрээт ажилтнаар ажиллаж байгаа сарын цалин 3.200.000 гэсэн тодорхойлолтыг тус компанийн захирал С.Баянмөнх нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гаргаж хэрэгт хавсаргасан байна.
Шүүх уг нотлох баримтын хүрээнд цалинг аваагүй үеийн хохирлыг тооцож гаргах боломжгүй гэж үзлээ.
Учир нь хохирогч ******* нь сарын цалин 3.200.000 төгрөг гэж тодорхойлсон боловч түүнийг уг компанид ажилд авсан тушаал, түүний сарын цалинг олгосон цалингийн баримт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт болон хохирогч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 12-ноос хойш тус компаниас эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авсан, эсхүл чөлөөлөгдсөн зэрэг бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд хохирогч Б.Мөнх-Эрдэнийг цалин хөлс авч байсан, нийгмийн даатгал төлж байсан, цалинтай эсхүл цалингүй чөлөө авсан зэрэг нотлох баримт байхгүй тул түүний ажилгүй байсан үеийн цалин 28.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа дахин бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.
Харин хэрэгт хохирогч ******* нь эмчилгээний зардал 295.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгсөн тул шүүх уг 295.000 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж хохирогч *******д олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт хохирогч ******* нь шүүгдэгч *******т зодуулсны улмаас сэтгэцэд гэм хор учирсан талаар Өвөрхангай аймаг дахь Бүсийн Шүүх Шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн:.....1. Б.******* сэтгэцэд хор уршиг учирсан байна.
2. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна.
3. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна...” гэх дүгнэлт гарсан байна.
Шүүх хохирогчийн өөрт учирсан хохирлын талаар сэтгэл санааны хямрал үүссэн байдал, уг гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэгдүгээр зэрэглэлээр тогтоосон шинжээчийн дүгнэлтийг харгалзаж Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 12 дугаар тогтоолоор хөлсний доод хэмжээг 660.000 төгрөгөөр тогтоосоныг баримтлан хохирогч *******д сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг 4.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 2.970.000 төгрөгөөр тогтоож, 2.970.000 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж хохирогч *******д олгохоор шийдвэрлэв.
Шүүхээс хохирогч Б.******* сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг 2.970.000 төгрөгөөр , эмчилгээний зардлыг 295.000 төгрөгөөр төлөхөөр тус тус тогтоосоны дараа шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авах хүсэлт гаргаж шүүх хуралдааныг 5 минут завсарлуулсаны дараа шүүгдэгч *******оос хохирогч *******д сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 2.970.000 төгрөг, эмчилгээний зардал 295.000 төгрөг нийт 3.265.000 төгрөгийг нөхөн төлсөн талаар харилцан гарын үсэг зурсан нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч *******ыг хохирогч *******д төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.******* эмчилгээ үйлчилгээг эмнэлгийн байгууллагаар хийлгэсэн 3.363.000 төгрөгийг шүүгдэгч *******ын зүгээс нөхөн төлсөн мөнгөн шилжүүлгийн баримтыг хэрэгт хавсаргасан тул түүнийг эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “..учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Б.******* ажилгүй байсан үеийн цалин 28.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ