Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/316

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек,

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.Ти,

шүүгдэгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Пгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Тын Ст холбогдох эрүүгийн 00000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш овогт Тын С, 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б аймгийн Б суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт амьдардаг, Б аймгийн Б сумын 01 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:0000000.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.С нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн орчимд Б аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, тус аймгийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дөрвөн замын уулзварын хойд талд насанд хүрээгүй хохирогч Т.Хгийн гараас барьж ноцолдож, түүний халаасанд байсан “Iphone 11 pro” загварын гар утсыг хүч хэрэглэж хууль бусаар авч, 1,510,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.Шүүгдэгч Т.С мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

2. Эрүүгийн 00000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: иргэн Б.Пээс 2022 оны 05 дугаар сарын 03-ны шөнө 23 цаг 20 минутад гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 05-07 дахь тал/, “Iphone 11 pro” загварын гар утсыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-12 дахь тал/, “Iphone 11 pro” загварын гар утаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-16 дахь тал/, “Iphone 11 pro” загварын гар утсыг иргэн Б.Пд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дахь тал/, насанд хүрээгүй хохирогч Т.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31, 33 дахь тал/, гэрч Х.Тий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/, шинжээч Б аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч ажилтай К.Хын 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 393 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/, шинжээч “А” ХХК-ны 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0000000000  дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 47-51 дэх тал/, яллагдагч Т.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дахь тал/, Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/240 дугаартай захирамж /хавтаст хэргийн 132-135 дахь тал/, Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ЦХШЗ/57 дугаартай захирамж /хавтаст хэргийн 199-201 дэх тал/, шинжээч Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 619 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 213-217 дахь тал/, Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ЦХШЗ/116 дугаартай захирамж /хавтаст хэргийн 223-224 дэх тал/, шүүгдэгч Т.Сын хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлав.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Сын  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

4. Хэргийн үйл баримт

Шүүгдэгч Т.С нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн орчимд Б аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, тус аймгийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дөрвөн замын уулзварын хойд талд насанд хүрээгүй хохирогч Т.Хгийн гараас барьж ноцолдож, түүний халаасанд байсан “Iphone 11 pro” загварын гар утсыг хүч хэрэглэж хууль бусаар авч, 1,510,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

4.1. Иргэн Б.Пээс 2022 оны 05 дугаар сарын 03-ны шөнө 23 цаг 20 минутад гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/,

4.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 05-07 дахь тал/,

4.3. “Iphone 11 pro” загварын гар утсыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

4.4. “Iphone 11 pro” загварын гар утаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-16 дахь тал/,

4.5. “Iphone 11 pro” загварын гар утсыг иргэн Б.Пд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дахь тал/,

4.6. Насанд хүрээгүй хохирогч Т.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр найз Агийн төрсөн өдөр болж түүний төрсөн өдөрт очоод буцаж 22 цаг 55 минутын үед гэрлүүгээ ирж байх замд буюу Ө сумын 11 дүгээр багт "Ж" өрхийн эмнэлгийн хажууд авто замаар ирж байхад миний урдаас үл таних, гадуураа ногоон өнгийн, урдаа цахилгаантай цамц өмссөн эрэгтэй хүн ирээд надад “Сайн уу, хөөрхөн охин” гэж хэлэхэд би сандарч түүнд “Цагдаа дуудлаа шүү” гэж хэлэхэд тэрээр “Цагдаагаа дууд л даа” гэж миний баруун гараас барьж авсан. Тэр үед би түүний хөл рүү нь өшиглөх үед тэрээр миний өмсөж явсан гадуур хувцасны зүүн талын ташаа хэсгийн халааснаас барьж авч ноцолдож, улмаар миний халаасанд байсан “Iphone 11 pro” загварын гар утсыг авч зугтах гэхэд нь би түүний гараас нь барьж авч гар утсаа авах гэж ноцолдох үед намайг түлхчхээд аймгийн төрөх эмнэлэг тийшээ зугтаад яваад өгсөн. Үүний дараа би гэрт очиж болсон үйл явдлыг аав, ээждээ хэлээд, аав, ээж бид гурав дээрх хүнийг хайхаар гарсан. Бид цагдаагийн газарт дуудлага өгчхөөд, өөрсдөө миний дээрх “Iphone 11 pro” загварын гар утсыг байгаа байршлаар нь хайхад Б суманд байсан ба байршлаар нь хайж явахад миний гар утсыг дээрэмдэж авсан эрэгтэй хүн бидний урдаас гарч ирсэн. Тэгээд аав Х.Т уг эрэгтэй хүнд миний гар утсыг гаргаад өг гэхэд тэрээр өгөхгүй байхаар нь аав түүний халаасыг нэгжиж, миний гар утсыг гаргаж ирсэн.

... “Iphone 11 pro” загварын гар утас маань хар саарал өнгийн АНУ-д үйлдвэрлэгдсэн, 64 GB багтаамжтай гар утас байсан. Гадна талд нь улаан алаг өнгийн резинэн кейстэй байсан. Манай аав миний уг гар утсыг дээрэмдэж авсан дээрх хүнээс гар утсыг минь авахад кейс нь доод хэсгээр буюу цэнэглэгчийн оролт хэсгээр урагдсан байсан. Гар утсанд өөр үүссэн гэмтэл байхгүй, бүрэн бүтэн байсан

...тухайн үед гадаа харанхуй байсан, тухайн үйл явцыг харсан хүн байхгүй гэж бодож байна. Надад хүн харагдаагүй. Би гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан, харин гар утасныхаа гадна гэрийн мөнгө төгрөгийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31, 33 дахь тал/,

4.7. Гэрч Х.Тий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...манай охин Т.Х нь найзынхаа төрсөн өдөрт очихоор явсан байна лээ. Тэрээр гэрт 23 цагийн орчимд ирээд “зам дээр үл таних хүн миний гар утсыг дээрэмдээд аваад явлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь эхнэр бид хоёр охин Т.Хг дагуулж гадаа гарч тэр хавиар хайсан боловч Т.Хгийн гар утсыг дээрэмдсэн гэх хүнийг олоогүй. Тэгээд Т.Хгийн дээрэмдүүлсэн “Iphone 11 pro” загварын гар утсыг байршлаар нь хайхад уг гар утас Б сумын орчимд Ховд голын эрэгт байх айлуудын хажууд байхыг нь тогтоож, уг газарт очоод хайгаад явж байтал гар утсыг дээрэмдсэн гэх залуу гудамжаар явж байхад нь Т.Х таньсан ба би түүнд “манай охины гар утсыг дээрэмдээд авч явсан юм биш шүү, гар утсыг нь гараад өг” гэхэд тэрээр юм хэлэхгүй байхаар нь би түүний өмсөж явсан гадуур цамцны халаасыг нэгжиж үзэхэд манай охин Т.Хгийн “Iphone 11 pro” загварын утас гарч ирсэн. Тэгээд би Т.Хгийн гар утсыг түүнээс аваад, дараа нь цагдаагийн газарт энэ талаар мэдэгдсэн. Уг залуу гадуураа ногоон өнгийн урдаа цахилгаантай цамц өмсөж явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

4.8. Шинжээч Б аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч ажилтай К.Хын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 393 дугаартай “... Т.Хгийн биед гэмтэл тогтоогдоогүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

4.9. Шинжээч “А” ХХК-ны 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0000000000  дугаартай “2022 оны 05 дугаар сарын байдлаар “Iphone 11 pro” загварын 2019 онд АНУ-д үйлдвэрлэсэн, ашиглаж байсан шинэвтэр гар утас нь 1,510,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 47-51 дэх тал/,

4.10. Яллагдагч Т.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...өдрийг нь Сгүй байна, шөнө байсан, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дээд талд ганцаараа явж байсан эмэгтэй хүүхэд гар утсаар яриад явж байхаар нь утсыг нь авмаар санагдаад авчихсан. Тэр охин утсаа өгөхгүй байсан, хүчээр булааж аваад зугтаад явчихсан. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй хүүхэд миний араас нэг нүдний шилтэй эрэгтэй хүнийг дагуулж ирээд тэр намайг загнаад яагаад утсыг авсан бэ гэхээр нь тэр хүнд гар утсыг өгчихсөн. Дараа нь цагдаа ирсэн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

5. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Т.Сын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан байх ба шүүгдэгч Т.Саас “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг гаргаж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

6. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Эрх зүйн дүгнэлт.

7. “Дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэж заасан байх ба мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон...” гэх хүндрүүлэх шинжийг тодорхойлж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахдаа саад болж байгаа аливаа этгээд рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон идэвхтэй үйлдлийг хамруулж үзнэ.

8. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна.

9. Шүүгдэгч Т.С нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн орчимд Б аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, тус аймгийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дөрвөн замын уулзварын хойд талд насанд хүрээгүй хохирогч Т.Хгийн гараас барьж ноцолдож, түүний халаасанд байсан “Iphone 11 pro” загварын гар утсыг хүч хэрэглэж хууль бусаар авч, 1,510,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж “Дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг агуулж байна.

10. Иймд улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй тул хүлээн авч, шүүгдэгч Т.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

11. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Т.Сын амар хялбар аргаар хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт нь нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

13. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн  510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.

14. Шүүгдэгч Т.Сын гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Т.Хд 1,510,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон байх ба насанд хүрээгүй хохирогч Т.Х, түүний хууль ёсны төлөөлөгч Б.П нар нь мөрдөн шалгах ажиллагааны үед “I phone 11 pro” загварын гар утсаа шүүгдэгч Т.Саас бүрэн бүтэн хүлээж авсан, хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Т.Сыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

15. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Т.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 15 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Уг хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүний Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан 746 хоногийг эдлэх ялаас хасах саналыг гаргаж байна. Уг 746 хоногийг жил, хоногт хуваахад 2 жил 15 хоног болж байгаа. Ингээд түүний уг хэвтэн эмчлүүлсэн хоногийг хорих ялд шилжүүлж хасах” дүгнэлтийг,

16. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь 2-8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санкцтай байгаа. Улсын яллагчийн шүүгдэгчийг 2 жил 15 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хэвтэн эмчлүүлсэн хоногоос нь хасаж тооцох дүгнэлтийг нь дэмжиж байна, тиймээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр дээрх заалтуудыг харгалзах” дүгнэлтийг тус тус гаргасан байна.

17. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.Сын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг гэж заасныг тус тус удирдлага болгов.

18. Шүүгдэгч Т.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

19. Шүүгдэгч Т.Сын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь 1990 онд төрсөн, ам бүл 2, эцгийн хамт амьдардаг байна.

20.  Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

21. Шүүгдэгч Т.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сыг 2 жил 15 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

22. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасан байх ба шүүхээс шүүгдэгч Т.Сын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт өгсний үндсэн дээр шүүгдэгч Т.Ст оногдуулсан 2 жил 15 хоногийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

23. Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/240 дугаартай захирамжаар яллагдагч Т.Сыг прокурорын саналыг үндэслэн хэрэг хариуцах чадваргүй тул Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх, сэтгэцийн эмгэг судлалын тасагт 2 жилийн хугацаагаар эмчлүүлэхээр шийдвэрлэсэн байх ба Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 619 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Т.С нь хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоож, мөн төвийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2-2/515 дугаартай албан бичгээр шүүгдэгч Т.С нь 746 хоног хэвтэн эмчлүүлсэн байна.

24. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 5. “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүн хөөн хэлэлцэх хугацаанд эмчлэгдсэн, хэрэг хариуцах чадваргүй байдал нь арилсан бол шүүхээс түүнд оногдуулсан ялаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хасаж үлдсэн ялыг эдлүүлнэ.” гэж заасан тул шүүгдэгч Т.Сын эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 746 хоногийн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.

25. Шүүгдэгч Т.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.

26. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Тын Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сыг 2 жил 15 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ст оногдуулсан 2 жил 15 хоногийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ст эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 746 хоногийн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож эдлэх хорих ялаас хасаж тооцсугай. 

5. Шүүгдэгч Т.С энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Т.Санатх урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Т.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

       

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.Т