Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 124/ШШ/2022/45

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг би Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б-ийн Увс аймгийн Өндөрхангай сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А-ын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 0045332 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлттэй Өндөрхангай сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Аод холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор С.Б шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Увс аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх С.Б би, Өндөрхангай сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А нь "иргэн С.Т нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр сумын иргэдийн хурлын 4/04 журам зөрчиж, Увс аймгийн Өндөрхангай сумын Цагаан нуур багийн нутаг Улаан үзүүрт нутаг түрэн намаржаа, хаваржааны буудал дээр буусан" гэх зөрчилд хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч С.Т-т 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 0045332 дугаартай шийтгэлийн хуудсаар Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг зуун мянган төгрөгөөр шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Материалыг хянахад иргэн С.Т нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр сумын иргэдийн хурлын 4/04 журам зөрчиж, Увс аймгийн Өндөрхангай сумын Цагаан нуур багийн нутаг Улаан үзүүрт нутаг түрэн намаржаа, хаваржааны буудал дээр буусан байхад улсын байцаагч Б.А нь Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж, С.Т-ийн үйлдсэн зөрчлөөс өөр зүйл ангиар буюу Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хулгайлах" зөрчлөөр арга хэмжээ авсан байна.

Иймд С.Т-т Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ авсан 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 0045332 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Увс аймгийн Прокурорын газрын прокурор С.Б-ийн 45 дугаартай 2022 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн дүгнэлттэй танилцав. Завхан аймгийн Ургамал сумын 3-р багийн малчин С.Т-т тавигдсан 0045332 дугаартай шийтгэврийн хуудсан дээр бичигдсэн Зөрчлийн тухай хуулийн 8.1.6 дахь заалтыг 8.6.1 гэж андууран бичсэн алдаа гаргасан тул прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б нь Увс аймгийн Өндөрхангай сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Аод холбогдуулан Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж, зөрчил гаргагч С.Т-ийн үйлдсэн зөрчлөөс өөр зүйл ангиар буюу Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хулгайлах" зөрчлөөр арга хэмжээ авсан гэж үзэн С.Т-т арга хэмжээ авсан 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 0045332 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг гаргажээ.

 Эрх бүхий албан тушаалтан болох Увс аймгийн Өндөрхангай сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 0045332 дугаар шийтгэлийн хуудсаар иргэн С.Т-т бэлчээр ашиглалтын журмыг зөрчсөн зөрчил гаргасан гэж дүгнэсэн боловч Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хулгайлах гэмт хэрэгт холбогдох хуулийн зүйл заалтыг үндэслэн 100.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна.

Хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас 0045332 дугаартай шийтгэврийн хуудас дээр Зөрчлийн тухай хуулийн 8.1.6 дахь заалтыг 8.6.1 гэж андууран бичсэн алдаа гаргасан тул прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа талаар хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагчаас прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Прокурорын дүгнэлт нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б-ээс ирүүлсэн Увс аймгийн Өндөрхангай сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А-ын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 0045332 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч эрх бүхий албан тушаалтан Б.А бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох 124/2022/0032/з индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгүүдэд зааснаар прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар прокурорын дүгнэлтэд дурдсан асуудлаар шүүхэд дахин дүгнэлт гаргах болон хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                  Д.АЛТАНЦЭЦЭГ