| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2023/0185/Э/212/2025/0004 |
| Дугаар | 2024/ШЦТ/285 |
| Огноо | 2024-11-29 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/285
Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Д,
иргэний хариуцагчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Д,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Н.Н /цахимаар/, Я.С,
шүүгдэгч Ш.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Н прокурорын газрын хяналтын прокурор Ц.Хгаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Шын Хд холбогдох эрүүгийн 00000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ж овогт Шын Х, 1962 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б аймгийн Т суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гидро-инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суудаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, РД:0000000000.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Х нь Б аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр А/481 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж, нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл олгох” тухай захирамж гаргаж, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй “Ж” ХХК-нд тус аймгийн Ө сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт урсах Х голын дэргэд хайрга олборлох зөвшөөрөл олгон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс нараас гаргасан мэдүүлэг.
1.Шүүгдэгч Ш.Х мэдүүлэхдээ: “...тухайн шийдвэр гаргахад 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн Засаг даргын шийдвэр гарсан. Уг захирамж нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Уг ажлыг тухайн жилдээ багтааж дуусгах, мөн надад уг 10,4 км замыг барьж дуусгахыг үүрэг болгосон. Аймгийн төвд 1980-аад оны үед баригдсан, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд маш үүрэгтэй зам байсан. Миний хувьд аймгийн дэд бүтэц хариуцсан орлогч даргын албыг хашиж байсан. Энэ нь миний чиг үүргийн ажил байсан. Тухайн үед ард иргэд фэйсбүүкээр уг замыг барих хүсэлтийг маш ихээр тавьж байсан. Тиймээс уг замыг барих, шинэчлэх ажил эхэлсэн байдаг. 2016 оны үеэр төсөөлж бодоход олон ч аваар, осол гардаг, маш хүнд нөхцөлд байсан. Захирамж гаргахаас өмнө Б.К хэд хэдэн удаа “би замын худалдан авалтын тендерт ялсан байгаа. Надад уг замыг барихад шаардагдах түүхий эд, хайрга байхгүй байна. Тиймээс уг асуудлыг шийдэж өгөөрэй” гэж хүсэлт гаргаж байсан. Б.Кий аймгийн Засаг даргад 4, 5 удаа гаргасан хүсэлт нь байж байгаа. 27-ны өдөр “Ж” компанийн захирал Б.К ирж, Засаг дарга А.Гтай уулзсан байна. Тэр үед Засаг дарга А.Г намайг өрөөндөө дуудсан. Очиход зам барьж, 9 дүгээр сар хүртэл барьж дуусгах хэрэгтэй гэсэн. Тэгээд бид ярилцаж, Б сумын нутаг байгаа хуучин Барилга трестийн ашиглаж байсан, нөхөн сэргээлт хийгдээгүй, хайрганы карьерийг нөхөн сэргээж, илүү гарсан хайргыг ашиглуулах гэх шийдвэр гаргавал ямар вэ гэж надаас асуусан. Тэгэхээр нь би “та тэгж бодож байгаа бол, нөхөн сэргээлт хийгдээгүй бол нөхөн сэргээлт хийж болно” гэж хэлж бид хоёр зөвлөлдсөн. Тэгээд 27-ны өдөр аймгийн Засаг дарга А.Г Аийг дуудаж “нөхөн сэргээлт хийх” гэсэн захирамжийн утгатай захирамжийг төлөвлөж ир гэсэн. Тэгэхээр нь маргааш хүртэл бэлэн болгоорой гэж хэлээд Аийг явуулсан. Дараа нь аймгийн Засаг дарга А.Г Б.Кд маргааш гаргаж өгнө, та хоёр явж болно гэсэн. Тэгэхээр нь би өөрийн ажлын байр луугаа явсан.
Маргааш өглөө аймгийн Засаг дарга А.Г нь надад “би өвдөж байна, эмнэлэгт үзүүлж, гадуур байна, та аймгийн Засаг даргын ажлыг хариуцаарай” гэж үүрэг болгосон. Тухайн өдөр надад маш олон ажил давхцаж байсан. Тэгээд Б.К ирж “өчигдөр аймгийн Засаг дарга илүү гарсан хайргыг ашиглуулахаар захирамж гаргаж өгөхөөр болсон. Та мэдэж байгаа биз дээ” гэж хэлсэн. Тэгээд аймгийн Засаг дарга А.Г руу Б.К утасдаж, намайг шаардаж, би ажил эхэлмээр байна гэсэн. Тэгэхээр аймгийн Засаг дарга А.Гд утсаар залгахад “өвдөж эмнэлэгт үзүүлж, явж байна. Үдээс хойш очих болно” гэж хэлсэн. Тэгээд үдээс хойш дахин ирээгүй. Дараа нь үдээс хойш Б.К ирээд, захирамжийг гаргуулж өгнө үү гэсэн. Аймгийн Засаг даргад хэлэхэд Аийн өчигдөр төлөвлөсөн захирамжийн төсөл байгаа. Түүнийг гаргаж, гарын үсэг зурж өгчихгүй юу гэж хэлсэн. Тэгээд Атэй ярихад захирамжийн төслийг туслахуудад орхиод явсан байгаа гэж хэлсэн. Тэгээд туслахууд нь захирамжийн төслийг надад авч ирсэн. Уг захирамжийн төслийг уншиж танилцахад хайрга ашиглах гэхээр нь би дахин аймгийн Засаг дарга А.Гд залгаж “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд таарч байгаа юу” гэхэд “наадах чинь түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах биш, нөхөн сэргээлт хийх болно, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар 15 жилийн хугацаатай олгодог. Харин наад захирамж дээр чинь 7 хоног, нөхөн сэргээлт гэж заасан байгаа биз дээ. Гарын үсэг зураад өгөхгүй юу, нөхөн сэргээлт хийж, илүү гарсан хайргыг ашиглах болно. 7 хоногийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл олгоно гэж ямар юм байдаг вэ, хуульд 15 жил гэж байгаа биз дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гарын үсэг зураад явуулсан. Энэ үйлдэл маань зөрчил болсон байна” гэв.
2. Эрүүгийн 00000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: “Ж” ХХК-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /1 дэх хавтаст хэргийн 01 дэх тал/, Б аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 05 дахь тал/, шинжээч Х-Х голын Сав газрын захиргааны Газарзүйн мэдээллийн систем, усны мэдээллийн дэд сан хариуцсан мэргэжилтэн С.Зейнелханы 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 24-25 дахь тал/, Б аймгийн Засаг даргын орлогч Ш.Хын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/481 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж, нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл олгох тухай” захирамжийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 27, 33-34 дэх тал/, Б аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/284 дугаартай “...ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 28-30 дахь тал/, Б аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1-01/938 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 31 дэх тал/, Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/482 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал/, Б аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/436 дугаартай “Ш.Хыг аймгийн Засаг даргын орлогчоор томилох ...тухай” захирамжийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 74 дэх тал/, иргэн Ш.Х, түүний хамаарал бүхий иргэдийн арилжааны банкан дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 80-167 дахь тал/, хэргийн газрын үзлэг, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 20-22, 217-232 дахь тал/, шинжээч “Н” ХХК-ны захирал ажилтай А.Цийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1/84 дугаартай дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 45-73 дахь тал/, Б аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1-01/549 дугаартай албан бичиг, түүний хавсралт /4 дэх хавтаст хэргийн 61-76 дахь тал/, гэрч Х.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 6, 33 дахь тал/, гэрч С.Зейнелханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 07 дахь тал/, гэрч М.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 8, 207-209, 2 дахь хавтаст хэргийн 106 дахь тал/, гэрч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 13-14 дэх тал/, гэрч Б.Кий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 15, 184-185 дахь тал/, гэрч З.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 16 дахь тал/, гэрч Ш.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 17-18 дахь тал/, гэрч А.Гы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 19 дэх тал/, гэрч С.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 174-175 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шөгений мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 197-200 дахь тал/, гэрч Х.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 214-216 дахь тал/, Б аймгийн төвийн авто замын өргөтгөл, шинэчлэлт, 10,4 км барилга угсралтын ажлын төсөв /2 дахь хавтаст хэргийн 04-10 дахь тал/, Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/34 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргаж ирүүлсэн хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлт явуулахаар буцаах тухай” тогтоол /2 дахь хавтаст хэргийн 16 дахь тал/, иргэн Ш.Хын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан хүсэлт /2 дахь хавтаст хэргийн 18-22 дахь тал/, Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/94 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол /2 дахь хавтаст хэргийн 32 дахь тал/, мөрдөгчөөс иргэний хариуцагч “Ж” ХХК-ны Б аймгийн төвийн авто замын өргөтгөл, шинэчлэлт, 10,4 км замын тендер шалгаруулалтын мэдээллийн цахим хуудаст үзлэг хийсэн тэмдэглэл, СД бичлэг /2 дахь хавтаст хэргийн 78-104 дэх тал/, яллагдагч Ш.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 142-144 дэх тал/, яллагдагч Б.Кий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 156-157 дахь тал/, Б аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаартай “Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах тухай” тогтоол /2 дахь хавтаст хэргийн 209-210 дахь тал/, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.Кий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 08-09 дэх тал/, яллагдагч Ш.Х, түүний өмгөөлөгч Х.З нарын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгуулах тухай” хүсэлт /3 дахь хавтаст хэргийн 133-136 дахь тал/, Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 104 дугаартай албан бичиг, кадастр зураг /3 дахь хавтаст хэргийн 137-138 дахь тал/, яллагдагч Ш.Хаас 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улсын ерөнхий прокурорт гаргасан гомдол /3 дахь хавтаст хэргийн 160-163 дахь тал/, Б аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 4 дугаартай “Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах тухай” тогтоол /3 дахь хавтаст хэргийн 180-181 дэх тал/, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Х-Х голын сав газрын захиргааны 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 128 дугаартай албан бичиг /3 дахь хавтаст хэргийн 193 дахь тал/, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/430 дугаартай албан бичиг, кадастрын зураг /3 дахь хавтаст хэргийн 194-195 дахь тал/, Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01/106 дугаартай албан бичиг, нөхөн сэргээлт хийсэн газрыг хүлээн авсан тухай акт, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн кадастрын зураг /3 дахь хавтаст хэргийн 198-200 дахь тал/, Б аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 110 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол /4 дэх хавтаст хэргийн 21-23 дахь тал/, шинжээч А.Цийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 41-42 дахь тал/, гэрч Х.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 44-45 дахь тал/, гэрч Х.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 47 дахь тал/, гэрч Д.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 49 дэх тал/, гэрч Х.Жгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 51-52 дахь тал/, Н прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 91 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /4 дэх хавтаст хэргийн 77-79 дэх тал/, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 06/11415 дугаартай албан бичиг /5 дахь хавтаст хэргийн 192 дахь тал/, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.Сийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 48/С дугаартай “Яллагдагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай” хүсэлт /4 дэх хавтаст хэргийн 239-242 дахь тал/, яллагдагч Ш.Хын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Н прокурорын газрын Ерөнхий прокурорт гаргасан гомдол /4 дэх хавтаст хэргийн 246-248 дахь тал/, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.Сөөс 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Улсын ерөнхий прокурорт гаргасан “Яллагдагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай” гомдол /5 дахь хавтаст хэргийн 05-09 дэх тал/, “Ж” ХХК-ны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 36 дугаартай албан бичиг /5 дахь хавтаст хэргийн 56 дахь тал/, “Ж” ХХК-ны 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаартай албан бичиг /5 дахь хавтаст хэргийн 57 дахь тал/, “Ж” ХХК-ны 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 44 дугаартай албан бичиг /5 дахь хавтаст хэргийн 58 дахь тал/, Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Хайгуул хийлгэх тухай” 07 дугаартай тогтоолын хуулбар /5 дахь хавтаст хэргийн 59 дэх тал/, Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 05 дугаар 08-ны өдрийн 7/3571 дугаартай албан бичиг /5 дахь хавтаст хэргийн 62 дахь тал/, Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7/4199 дугаартай албан бичиг /5 дахь хавтаст хэргийн 63 дахь тал/, Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 7/4462 дугаартай албан бичиг /5 дахь хавтаст хэргийн 64 дэх тал/, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаартай “Авто зам, гүүрийн барилгын ажлыг эрчимжүүлэх тухай” албан даалгавар /5 дахь хавтаст хэргийн 65 дахь тал/, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01/3211 дугаартай албан бичиг /5 дахь хавтаст хэргийн 66 дахь тал/, шүүгдэгч Ш.Хын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлав.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч, өмгөөлөгч нараас гаргасан дүгнэлт.
3. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...шүүгдэгч Ш.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйл баримт буюу уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн. Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд шүүгдэгч нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 481 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж, нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл олгох тухай” захирамжийг Б аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байх хугацаандаа гаргаж, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон тусгай зөвшөөрөлгүй “Ж” ХХК-нд тус аймгийн буюу Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрээр урсан өнгөрөх Х голын усны сан бүхий газрын талбайн солбилцолд хайрга олгох зөвшөөрөл олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон байна.
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд төрийн албан тушаалын ангилал, төрлийг хуульчилж, уг ангиллаар мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараах албан тушаал хамаарна”, мөн хэсгийн 11.1.9-т “бүх шатны Засаг дарга болон аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын орлогч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер” гэж заасан. Хуулийн дээрх зохицуулалт болон шүүгдэгчийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/436 дугаартай захирамжаар тус аймгийн Засаг даргын орлогчоор ажилд томилсон тушаал, түүний ажлын байрны тодорхойлолт зэргээр түүнийг нийтийн албан тушаалтан гэж үзнэ.
Харин шүүгдэгч нь төрийн албаны үйл ажиллагааг явуулахдаа хууль тогтоомжоор заасан, мөн Б аймгийн Засаг даргад хүлээлгэсэн үүргийг хүлээж, эрхийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль зэргийг нэг мөр хэрэгжүүлэн ажиллах ёстой, хуульд тусгайлсан заасан хязгаарлалтыг зөрчиж, албаны эрх мэдлээ хэтрүүлэн хуульд нийцээгүй шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгосон болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал шүүгдэгч нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Энэ хуулийн 13.1-д заасан хуулийн этгээд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг аймаг, Н Засаг даргын баталсан маягтын дагуу аймаг, Н Засаг даргад гаргах бөгөөд түүнд доор дурдсан баримт бичгийг хавсаргана”, мөн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Төрийн захиргааны байгууллага аймаг, Н Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан магадлан шалгах ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр холбогдох дүгнэлтийг цахимаар хүргүүлнэ”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Энэ хуулийн 17.1, 17.2-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу аймаг, Н Засаг даргад гаргах бөгөөд түүнд доор дурдсан баримт бичгийг хавсаргана” гэж заасан. Үүнийг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-т “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж хуульд заасан дээрх процесс ажиллагааг явуулалгүйгээр түгээмэл тархацтай, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу гаргаагүй, төрийн захиргааны байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлгүй “Ж” ХХК-нд Х голын усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглахыг зөвшөөрсөн захирамж гаргасан нь албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлж, албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийсэн байна гэж үзэхээр байна.
Түүнчлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаас үзэхэд аймгийн Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэрт хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эрхийг эдлэх боловч нөгөө талаар Түгээмэл тархацтай, ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл шүүгдэгч нь дээрх эрх, үүргээ нэг мөр хэрэгжүүлэн ажиллаагүй байна гэж үзэхээр байна. Нийтийн албан тушаалтны хувьд өөрт олгогдсон бүрэн эрх, чиг үүрэг, хууль тогтоомжид заасан ч зөвшөөрснөөс бусад тохиолдолд эрх мэдэл нь хязгаарлагддаг болохыг дурдах нь зүйтэй. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “давуу байдал гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” гэж заасан. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл шүүгдэгчийн гаргасан дээрх захирамжаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл нь “Ж” ХХК нь Х голын усны сан бүхий газрын хамгаалалтын болон түгээмэл тархацтай ашигт малтмал хайх ашиглахыг зөвшөөрсөн нь түүнд давуу байдал болгосон үйлдэл болно. Дээрх тогтоосон нөхцөл байдал эрх зүйн дүгнэлтээс үзвэл шүүгдэгчийн захирамж гаргаж байгаа үйлдэл нь тухайн үйлдлээ бүрэн ухамсарласан, түүнийг хүсэж, энэ гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.
Харин түүний шүүх хуралдааны явцад гаргасан нийтийн албаны эрх ашгийн төлөө болон Засаг даргаас өгсөн үүргийн хүрээнд тухайн шийдвэрийг гаргасан гэж үзэх дүгнэлтүүд нь үндэслэлгүй байна. Нийтийн эрх, ашиг сонирхлын төлөө гаргасан гэж үзэж байгаа үндэслэл нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарахгүй бөгөөд харин түүний эрх зүйн байдлыг хөнгөрүүлж үзэх үндэслэлд хамаарч байна гэж прокурорын зүгээс үзэж байна.
Иймд уг хэргийн улмаас экологи, эдийн засагт буюу газарт 20,883,222 төгрөгийн хохирол учирсныг Байгал орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1-т заасны дагуу 2 дахин нэмэгдүүлснээр тэнцэх хэмжээгээр тооцож, уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулж Байгал орчин уур, амьсгалын санд оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Яагаад гэвэл тухайн захирамжаас үүдэлтэйгээр байгаль орчинд тухайн хохирол учруулсан байгаа тул шүүгдэгчээс уг хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг,
4. Иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөс: “…энэ хэрэгт яагаад “Ж” ХХК-ийг иргэний хариуцагчаар оролцуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Яагаад гэвэл “Ж” ХХК болон Б.Кд холбогдох үйл явдал өөрөө хэрэгсэхгүй болсон гэж нотлох баримт шинжлэн судлахад яригдсан. Гэмт хэргийн шинжгүй, гэмт хэрэг биш, харин зөрчил байна гэж үзэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаад өөрөөр хэлбэл шийтгэл оногдуулах боломжгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр дүгнэсэн байна. Ийнхүү зөрчил болоод явсан юман дээр яагаад энэ манай компани иргэний хариуцагч болсон юм бэ, үүнд ямар учир холбогдол байгаа юм бэ гэдэг нь өөрөө ойлгомжгүй. Зөрчил гээд дүгнэчихсэн тэгээд зөрчлийн процесс нь явагдаад дууссан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиараа Байгаль хамгаалах газар өөрөө хохирол учирлаа гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдүүлдэг байгаа. Өнөөдрийг хүртэл шүүхэд ирүүлсэн ямар нэгэн нэхэмжлэл ирээгүй байна. Улсын яллагчийн дүгнэлтэд дурдагдаад байгаа нийт 41 сая орчим төгрөгийн хохирол учирсан шинжээчийн дүгнэлтээр хоёр хувааж “Ж” ХХК-д 20,500,000 төгрөгийн хохирлыг төлүүлэхээр байна шүү дээ. Энэ нь өөрөө үндэслэлгүй юм. Яг үнэндээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ж” ХХК өөрөө тухайн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гээд хэрэг бүртгэлийн ажиллагаанд оролцуулсан. Компанийг гүйцэтгэх удирдлага нь итгэмжлэлгүйгээр төлөөлж, тэр харилцаанд оролцдог ийм хуультай. Гэтэл иргэнийг нь хэрэгсэхгүй болголоо. Харин компани нь иргэний хариуцагчаар үлдэнэ шүү гээд байгааг нь ойлгохгүй байгаа. Яагаад гэвэл компани өөрөө анхнаасаа явж байсан. Цаана Б.Кий нэр дурдагдаж байгаа боловч, тэрээр уг компанийн хүн байсан. Гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэчхээд танай компани хамааралтай юм байна гэж үзэж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй. Тиймээс “Ж” ХХК-д холбогдох иргэний хариуцагчид төлүүлэх гээд байгаа хохирол, мөнгийг төлөх боломжгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тиймээс иргэний хариуцагчид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн хүсэлтэй байгаа. Хяналтын прокурор 2022 онд хэрэгсэхгүй болгосон. Энэ үйл баримтынх нь дагуу зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа нь явагдсан үйл баримтууд байгаа.
Нэгдүгээрт нь гэмт хэрэг биш, нөгөөдөх нь зөрчил гээд үзчихсэн. Тэгэхээр яг ямар гэмт хэргийн нөхцөл байдал байгаад байгаа юм бэ гэдэг нь тодорхойгүй. Яагаад өөр хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн улмаас “Ж” ХХК ямар нэгэн хариулт хэлэх боломжгүй. Гэхдээ зөрчил гэж үзээд шалгаж шийдвэрлэсэн дээр хэдийгээр хариуцлага ногдуулах боломж бололцоотой байсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас боломжгүй болсон. Үүний дараа ямар процесс явагдах вэ гэхээр хуульд тодорхой заагаад өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл төрийн эрх бүхий байгууллага байгаль экологитой холбоотой байгаль хамгаалдаг байгууллагууд нь өөрөө нэхэмжлэлээ гаргаж тухайн 20 сая, 40 сая төгрөгийн хохирлоо нэхэмжлэх боломжтой. Зөрчил гэж шалгаж тэнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож явж байх нь бас зохимжгүй юм. Хуулийг ижил, төсөөтэй хэрэглэхийг хориглодог. Ялангуяа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг төсөөтэй хэрэглэж болдоггүй. Өөрөөр хэлбэл бусад нөхцөл байдалд хамруулж, эсхүл зөрчил гэж дүгнэчихсэн юмыг дахин дүгнэж болдоггүй. Тэгэхээр өмнө нь үзсэн нөхцөл байдлууд нь нэгэнт хэрэгсэхгүй болсон учраас яримааргүй байна. Яагаад гэвэл мэдээллийн дүгнэлтүүд, бусад холбогдох нотлох баримтууд, мэдүүлгийн нотлох баримтууд байна. Энэ бүх баримтуудаар энэ бол гэмт хэрэг биш гээд тогтоогдсон. Тэгээд яагаад энэ үйлдлийг буцаж сэргээгээд, тэгээд нэг хэсгийг нь зөрчил гэж үзээд л нэг хэсгийг нь гэмт хэрэг гэж үзээд л дахиж нөгөө зөрчил гэж гэж үзсэн хүмүүсээ эргэж иргэний хариуцагчаар оруулж ирээд байгаа юм бэ. Цаана нь хуулийн завхрал бий болох гээд байна. Ялангуяа гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой хуулийг ижил төсөөтэй байдлаар, янз бүрийн нөхцөл байдлаар эрх зүйн байдлыг нь дордуулах байдлаар хэрэглэж болдоггүй зарчимтай. Тиймээс бид энэ асуудалд хамааралгүй, асуудлаа шийдүүлсэн. Одоо төрийн эрх бүхий байгууллага л нэхэмжлэл гаргавал бид нар тэрнийх нь дагуу л Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний шүүхийн ажиллагаанд нь оролцоод, үүнд холбогдох шинжээчийн дүгнэлтээ тодруулаад л үнэхээр 20 сая төгрөгийг төлөх ёстой юм уу, үгүй юм уу гэх асуудлаа л яриад явах ийм л асуудал үлдсэн.
Эцэст нь хэлэхэд хоёр өмгөөлөгчийн шүүгдэгчийг цагаатгая гэх дүгнэлтийг хоёр гараа өргөж, дэмжиж байгаа. Яагаад гэвэл гэмт хэргийн шинжтэй эсэхэд нь их эргэлзэж байгаа. Түрүүн маш олон нотлох баримтууд дурдагдсан. Шинжээчийн дүгнэлтээс гадна тухайн газар луу геодези, зураг зүйн холбогдох нотлох баримтууд байж байна. Мөн өөр бусад мэдүүлгийн нотлох баримтууд дурдагдлаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бий болсон завхралуудыг ярилаа. М.М гэх хүнийг гэрчээр асуусан ч юм шиг эсхүл, иргэний хариуцагчаар татчихсан ч байх шиг ч гэдэг юм уу ингээд хоёр гурван эрх зүйн байдалтайгаар оролцуулчихсан гээд ингээд маш олон зүйлүүд яригдлаа. Тэгэхээр энэ чинь гэмт хэргийн шинжтэй үйлдэл яг мөн үү гэвэл бас хэцүү. Түрүүн дурдсан өмнөх юман дээрээ дурдлаа нэг талд нь зөрчил гээд дүгнэчихсэн бол нөгөө талд нь гэмт хэргийн зүйл боломжгүй шүү дээ. Тэгээд хэнд давуу байдал олгосон юм бэ, хэнтэй хамжсан, хэн үүрэг олгосон бэ гэх нөхцөл байдлыг хэд хэдэн удаа ажиллагаа явууллаа. Үүнийг тогтоож чадаагүй шүү дээ. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдаж байгаа нотлох баримтууд өөр хоорондоо маш их зөрчилдөөнтэй, процессын хуулийг дээд хэмжээгээр нь зөрччихсөн. Тэгэхээр шүүхээс хүсмээр байгаа юм маань хэдийгээр иргэний хариуцагчид эрх байхгүй ч гэсэн өөрөөр хэлбэл холбоотой гэж үзэж байгаа бол шүүгдэгч яг гэмт хэрэг үйлдсэн үү, үгүй юу гэдэг нь бас их эргэлзээтэй нөхцөл байдал бий болчихлоо. Өөрөөр хэлбэл хууль хэрэглээний талдаа ч тэр, бодит байгаа нотлох баримтуудынхаа талд ч тэр хавтаст хэрэгт авагдаад байгаа үйл баримтаараа ч тэр, аль ч талаараа тэр, үнэхээр гэмт хэрэг гэж үзэх объектив болон субъектив шинжийн талуудыг бүрэн хангаж чадсан уу, үгүй юу гэдгийг хэлэлцээд байгаа юм.
…Тиймээс “Ж” ХХК-д холбогдох иргэний хариуцагчтай холбоотой хэсгийг шүүхээс хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг,
5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сээс: “…тэгэхээр энэ бас онцлох хэрэг орж ирж байна. Өргөн утгаар хэлбэл Б аймгийн 100,000 ард иргэдийн эрх ашиг, мөн аймгийн төвийн 40,000 хүний эрх ашиг байгаа. 1940-өөд онд байгуулагдсан аймгийн төвд шинээр бараг 80 жилийн дараа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 11 километр зам барих улсын төсвийн ажил Улсын Их Хурлаас батлагдсан. Төсөв нь өөрөө тухайн жилдээ хүчинтэй. Үүнд “Ж” ХХК шалгарсан байгаа. Тус компани нь угаасаа туршлагатай, манай аймагт зам тавьж байсан компани байгаа. Одоо аймгийн төвд техник ихсэж, хүн ам өсөж байгаа. Мөн гадаад дотоодын хүмүүс их ирж байна. Манай аймаг нь өөрөө онцлог аймаг, тиймээс зам засах ажлыг их чухал гэж ойлгож байгаа. Манай аймагт ямар нэгэн тусгай зөвшөөрөлтэй компани байхгүй. Зам, засварын ажил нь өөрөө улирлын шинжтэй ажил байгаа. Тэгээд аймгийн хоёр удирдлага ярьж байгаад 7 хоногийн хугацаатай, хуучин ашиглаж байсан карьерийг нөхөн сэргээх замаар аймгийн Засаг дарга захирамж гаргасан.
Шүүгдэгчийг өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж байгаа. Шүүгдэгч өөртөө ямар ч давуу байдал бий болгоогүй. Бусдад гэж “Ж” ХХК-ийг хэлж байгаа. Үүнийг ард түмэнд давуу байдал бий болгосон гэж ойлгож болно. Давуу байдал бий болгосон гэж байгаа “Ж” ХХК нь өөрөө энэ хэрэгт гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдгээр хэрэгсэхгүй болсон. Тэгэхээр шүүгдэгч хэнд давуу байдал бий болгочхоод байгаа юм бэ, тухайн компани бас хуулийн дагуу ажиллах ёстой шүү дээ. Тухайн компани нь бас хуулиа мөрдөх ёстой. Аймгийн удирдлагууд хуулийн дагуу шаардлагаа тавих ёстой. Өнөөдөр шүүгдэгчийг буруу шийдвэр гаргасан гэвэл цаанаас нь тавьж байгаа санал нь бас буруу байх. Иргэн болгон хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. “Ж” ХХК-ийн тендерт шалгарсан Улаанхус сумын 4 га газарт ийм үйл баримт болсон байна. Засаг дарга Б нь гэрээ хийж, амаар зөвшөөрөл өгөөд уг газраасаа өчнөөн хайрга авсан. Уг хэрэгт Бийг татах, бусдад давуу байдал бий болгосон гэхээр тэр нь бас тогтоогдохгүй байгаа. Сумын төвийн хүмүүсийн эрх ашиг, бүтээн байгуулалтын үүднээс уг ажиллагааг хийсэн гэж хэргийг хаадаг, нөгөө хэргийг шүүхэд авч ирдэг явдалд бас гомдолтой байна. Миний хувьд нэг машин камаз байсан ч тэр гэмт хэрэг болно шүү дээ. Аймгийн Прокурорын газраас 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж байсан. Яагаад гэвэл хувийн субъектив санаа байж энэ нь гэмт хэрэг болдог байгаа. Мөн тухайн хувийн үйлдлээрээ шүүгдэгч ашиг олох ёстой. Дараа нь энэ асуудал явц муу болохоор нь Авлигатай тэмцэх газрын захиалгаар ажилласан байна. Хэргийг 5, 6 удаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд буцааж байсан. Энэ хэрэг нь 2019 оны хэрэг, одоо 6 жил болж байна шүү дээ. Энэ хэрэгт яригдаж байгаа аймгийн төвийн 18 чиглэлийн зам сайхан хийгдсэн. Дараа нь үүнд зөвхөн “Ж” ХХК биш нэр бүхий компаниуд бас үүнд олборлолт хийсэн. Энэ нь Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр тогтоогдсон. Дараа нь 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр аймгийн Засаг дарга бичиг баримтаар 30 хэдэн камаз тухайн газраас хайрга авсан. Үүнээс заримыг нь “Ж” ХХК-ийн хашаанд байгаа. Үүнийг шаардлагатай үед ашиглана гэдэг байр суурьтай байгаа.
Үүнээс ганц шүүгдэгч Ш.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх, шүүхэд авч ирж байгаа нь үнэхээр учир дутагдалтай. Энэ талаар өмнө нь шүүгдэгч тогтвортой мэдүүлэг өгч байсан. Энэ байдлыг тодруулахаар шүүхээс шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулсан боловч олигтой юм шалгаагүй л дээ. Ганц хоёр шинжээч нарыг асуугаад, дахиад авч ирсэн байгаа. Өнөөдөр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд асуудал яригдаж байгаа. Эрх бүхий байгууллагаас ирсэн бичиг, албан тоотууд дээр усны сан газарт багтахгүй байгаа талаарх сансраас авсан олон нотлох баримтууд байсан. Түрүүн шүүх хуралдаанд танилцуулсан 250 гаруй нотлох баримт байна. Энэ бүгд нь шүүгдэгчийг цагаатгах хангалттай нотлох баримт гэж ойлгож байгаа. Шүүгдэгчийн үйлдэл буруу байж болно. Гэхдээ тухайн үед хийж байгаа алхам нь өөрөө ард түмний эрх ашиг, иргэдийнхээ төлөө байгаа шүү дээ. Уг гаргасан шийдвэрийг нь бүтээн байгуулалтын төлөө гарсан, зоригтой шийдвэр гэж ойлгож байгаа. Ийм шийдвэр гаргасан шүүгдэгчид ард түмэн баярлах ёстой. Хэрэв тэр шийдвэр нь гараагүй, тухайн үеийн аймгийн Засаг дарга А.Г нь өвчтэй гэж худал албан тоот өгч, зугтааж явж байсан бол өнөөдөр 14 км зам тавигдахгүй байсан. Тавигдлаа ч гэсэн чанаргүй тавигдана шүү дээ. Манай аймгийн хуучин ашиглаж байсан хайрганы газар нь байгаа. Үүнд шүүгдэгчийн 100 хувь буруу гэж болохгүй шүү дээ. Тухайн хайрганаас шүүгдэгч нэг ч хүрз аваагүй шүү дээ. Энэ хүн бол өөдрөг явах ёстой. Ард түмэн ойлгох ёстой. Аймгийн төвд 11 км замыг 70, 80 жилд баригдаагүй байхад барьсан. Энэ хүнд төр баярлалаа гэж хэлэх ёстой. Хэлбэрийн хувьд алдаатай байгаа ч, агуулгын хувьд 4, 5 дугаар сард болохгүй болохоор тэгээд 6 дугаар сар, дараа нь 10 дугаар сард асуудал гарсан. 10 дугаар сард яамнаас ирж байгаа албан даалгавар, албан тоот бүгд шаардлагатай арга хэмжээ ав гэсэн байна. Тиймээс үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй. Энэ нь нийгмийн хор аюулаар нийгэмд хоргүй хэрэг байгаа. Нийгмийн тусын төлөө, сайн сайхны төлөө хийсэн гэх агуулгаар захирамж гарсан байгаа.
Улсын яллагчийн хувьд баахан нийтийн албан тушаалтанд томилогдсон захирамж гарах процесс алдсан гэж байгаа. Үүнд бид нар маргахгүй байгаа шүү дээ. Нийтийн албан тушаалтан, мөн Засаг даргаар томилогдсон, мөн захирамж гаргах асуудлыг энэ захирамжийг өөрөө боловсруулаагүй байхгүй юу. Шүүгдэгч уг захирамжийг боловсруулж чадахгүй шүү дээ. Тийм солбилцлуудыг яаж хийх юм бэ. Энэ нь мэргэжлийн хүний хийсэн юм байхгүй юу. Гэхдээ гарын үсэг зурснаар өнөөдөр энэ хүний буруутгах ёсгүй. Нийтийн эрх ашгийн төлөө хийсэн энэ алхам нь агуулга, хэлбэрийн хувьд Б шиг буруу байж болно. Гэхдээ энэ асуудалд бид том нийтийн эрх ашгийн үүднээс хандах хэрэгтэй. Эрүүгийн хуульд нийгмийн хор аюулаар нийгэмд хоргүй байгаа. Энэ замыг барьснаар 10, 20 жил хүмүүс уг замаар амар тайван зорчих нөхцөлийг бүрдүүлж өгсөн байна шүү дээ. Аймгийн төвд дахин ойрын 10 хэдэн жилд ийм төсөл орохгүй, шаардлагагүй шүү дээ. Одоо төр засаг сумуудаа холбох ажлаа хийж байна. Үнэхээр 2017 оноос өмнө нь манай аймгийн зам ямархуу байсан нь мэдээж шүү дээ.
…аливаа гэмт хэрэг нь санаатай болон болгоомжгүйгээр хоёр үйлдлээр илэрдэг. Санаатай гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг гэж ойлгож байгаа. Санаатай гэмт хэргийг чинь өөрөө хүсэж үйлддэг байхгүй юу. Тэгээд энэ гэмт хэрэг үйлдсэнээр өөрт болон бусдад давуу тал бий болгохыг шаардаж байгаа. Гэтэл өнөөдөр шүүгдэгчийн субъектив санаа нь тогтоогдоогүй байна шүү дээ” гэх дүгнэлтийг,
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нгаас: “…нотлох баримтыг шинжлэн судалсан хүрээнд яллах дүгнэлтээр ирсэн хэргийн хүрээнд миний үйлчлүүлэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломж байна гэж би өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Улсын дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 тоот тогтоолыг барьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт шүүгдэгчид ашигтайгаар шийдэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө гэсэн байр суурьтайгаар орж байгаа. Хэргийн адилхан яллагдагчийг хэрэгсэхгүй болгосон тогтоолоос харахад энэ хэрэгт ер нь хэн субъектив санаа зорилго байна уу, тэр А.Г, Б.К хоёрын үйлдэл байсан уу, эсхүл Б.Кий үйлдэл нь өөрөө давуу байдал үүсгэхийг шаардсан. Шүүгдэгчид чиглэсэн үйлдэл ямар нэгэн харилцаа холбоотой үйлдэл байсан юм уу гэдгийг тогтоосон үйл баримт байна уу гэдэг талаас нь шалгаж өгөхийг хүсэж удаа дараа хүсэлт гаргаж ирсэн. Гэвч энэ талаар шалгасан үйл баримт нэг ч байхгүй. Б.К гэх хүн тухайн үед удаа дараа албан бичиг өгч байгаад Засаг дарга, холбогдох иргэдийн хуралд гаргаж байсан албан бичгүүдээр хуулийн дагуу явж байсан гэдэг нь нотлогддог. Гэтэл тухайн харьцаж байсан субъект нь А.Г гэж хүн байгаа. Д.Х гэх хүний тухайн үед орж ирээд зөвхөн гарын үсэг зурсан үйл баримтаар нь энэ хүнийг буруутгах гэж байгаа бол хайхрамжгүй хандах асуудал байгаа. Тэгэхээр энэ хүн чинь хүн орлож байгаа. Шүүгдэгчийг аймгийн Засаг даргын эзгүйд орлох субъект гэж томилсон гээд улсын яллагч түрүүн уншиж байсан. Тэгэхээр шийдвэр гаргаж байгаа этгээд болох субъект нь А.Г гэдгийг тод хэлээд өгсөн байсан. Тийм ч учраас 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүгчийн захирамжаар 60 хоногийн хугацаагаар завсарлуулсан. 37 тоот шүүгчийн захирамж дээр тодорхой заасан. Энэ хэргийн иргэний хариуцагч нь хэн бэ гэдэг нь тодорхой болгох хэрэгтэй. 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн захирамж, албан бичгүүд нь А.Гы үйлдэл гэдэг нь тодорхой байна. Үнэлгээний “Н” компани компанийн шинжээч ямар учиртай юм бэ, энэ талаар мэдүүлэг авч, тодруулж ажиллагаа хий гэсэн боловч шүүгчийн захирамж биелэгдээгүй орж ирсэн. Энэ хэрэгт маш их процессын зөрчил байсан гэдгийг бид нар өмнөх хурлын тэмдэглэлүүдээ тусгуулсан байж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар хасуулах үйл баримтууд байна. Зөрчил арилаад орж ирсэн бол бид эрх зүйн байдлаа дээрдүүлэх үүднээс хандах байлаа. Гэтэл энэ хэрэгт ямар ч ажиллагаа хийгдээгүй. Өнөөдрийг хүртэл 2019 оны зөрчил хэзээ ч арилахгүй. Гэрч гэж хүн өнөөдөр хөндлөнгийн гэрчээр ч ороод, шинжээчээр ч ороод энэ хэрэгт миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа субъект бүүр зааж, чиглүүлж байгаа гэрч, хохирогч, холбогдогч болчихсон явж орж ирж байгаа. Тийм процессын зөрчил байгаад байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хөдөлбөргүй, эргэлзээгүйгээр нотлогдож байгааг шаарддаг. Шүүгдэгч урьд нь энэ хүнд захирамжийг чинь гаргаад өгнө гэсэн амлалт өгч, үйлдэл үзүүлсэн зүйл байхгүй. Үүнийг тогтоосон үйл баримт байхгүй байхад зөвхөн гарын үсэг зурснаар буруутгана гэвэл энэ бас өрөөсгөл үйлдэл, асуудал болно. Тэгэхээр гарын үсгийг Засаг даргыг байхгүй үед Засаг дарга “чи өмнөөс зурчих” гэж хэлж байвал энэ өөрөө Засаг дарга л шийдвэр гаргаж байгаа асуудал байгаад байгаа. Өнөөдрийг хүртэл уг захирамж хүчинтэй байж байгаа. Иргэний хариуцагчийн талаас үүн дээр зөрчил гэж үзэж дүгнээд шийдэх гэхээр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Тухайн үедээ зөрчлөөр нь арга хэмжээ авч болно гэсэн байтал Цагдаагийн газраас үүн дээр Мэргэжлийн хяналтынхан нь өөрсдөө зөрчил гэж бид нар үзээгүй гэсэн ч мэдүүлэг байна. Тэгэхээр зөрчил ч гаргаагүй асуудал яригддаг. Энэ нь хуульд заасан 502 метр гээд зөвшөөрөгдсөн хэмжээнд нь орсон юмыг дахин нөхөн сэргээгээд олборлож байсан асуудал яригддаг. Тэгвэл хоёр төрлийн захирамжийн аль нь хүчинтэй аль нь хүчингүй гэж үзэж байгаагаа тайлбарлаад өгөөч гэхээр байхгүй. Бид нэгэнт шүүхийн ажиллагаанаас орж ирсэн тул боломжит хугацаагаараа буюу 60 хоног аваад ажиллуулсан боловч засагдаагүй. Зөрчил хэвээр орж ирсэн.
Өнөөдрийн шүүх хуралдаанд иргэний хариуцагчаар “Ж” ХХК-ийг оруулж ирээд байгаа. Тэгэхээр хэний давуу байдал үүсгэхийн тулд, хэнд нь ашигтайгаар, хэний хүсэлтээр, тухайн “Ж” ХХК-ийн хүсэлтээр байгаад байгаа юм уу. Албан бичгүүдийг харахаар “Ж” ХХК гэж яваад байгаа. Гэтэл Б.К гэж хүнтэй давуу байдал үүсгээд байгаа юм уу, үүнээс хэн ашиг хонжоо олоод байгаа юм бэ. Эдгээр асуудлыг ярья гэхээр Б.К зөвхөн албан тушаалтнаар байж байгаад гараад явсан байдаг. Тэгвэл анхнаасаа хэн алийг нь татахгүй байж байгаад “Ж” ХХК-нд Зөрчлийн тухай хуулиараа арга хэмжээ авсан бол энэ асуудал дээр хэн нэгэн субъект байж болох уу гэж яривал А.Г гэх хүн цэвэр субъектив санаа зорилготой байгаа. Засаг дарга асан А.Г нь Б.Ктэй сууж байгаад шүүгдэгчийг дуудсан байдаг. Үүнийг яагаад үйлдэл, үйл баримтаар оруулж ирэхгүй, тэгээд шүүхээс гэрчээр дуудахаар орж ирдэггүй, зайлсхийдэг саад учруулж байгаа асуудлаас нь харвал гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр санаатай үйлдлээ нуугаад ч байгаа юм шиг харагдаж байдаг. Тэгэхээр энэ дээр эс үйлдэхүй байлаа гэж үзэхэд гарцаагүй нотлоод оруулаад ир. Энэ хоёр хүний хоорондын ямар нэгэн харилцаа холбооны асуудал хийсэн магадалгаа байна уу гэхээр байхгүй. Тэгэхээр хэрэгт авагдсан баримтаар эргэлзээгүй тогтоогдохыг шаардах хуулийн заалтад нийцээгүй байгаа учраас бид нар ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж байгаа” гэх дүгнэлтийг тус тус гаргаж, шүүгдэгч Ш.Хын гэм буруугийн талаар мэтгэлцсэн байна.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
7. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ш.Хын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Хэргийн үйл баримт.
8. Шүүгдэгч Ш.Х нь Б аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр А/481 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж, нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл олгох” тухай захирамж гаргаж, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй “Ж” ХХК-нд тус аймгийн Ө сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт урсах Х голын дэргэд хайрга олборлох зөвшөөрөл олгон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
8.1. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн “...“Ж” ХХК-ийн хайрга олборлосон гэх 6 цэг нь А/481 дугаартай захирамжийн хавсралт солбицол дотор багтаж байв. “Ж” ХХК-ийн 1, 2-р цэгээс голын татам хүртэл 61 м хэмжээтэй байв.
...уг цэгээс А/481 дугаартай захирамжийн 3 дугаар цэг хүртэл метрээр хэмжихэд 245.8 метр хэмжээтэй байв.” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 217-232 дахь тал/,
8.2. Б аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/436 дугаартай “Ш.Хыг аймгийн Засаг даргын орлогчоор томилох... тухай” захирамжийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 74 дэх тал/,
8.3. Б аймгийн Засаг даргын орлогч Ш.Хын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/481 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж, нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл олгох тухай” захирамжийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 27, 33-34 дэх тал/,
8.4. Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/482 дугаартай “Тус аймгийн Ө сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс албан тоотод заагдсан солбилцлоос хууль бусаар хайрга олборлож байсан үйлдэлд шалгалт хийж илэрсэн зөрчлийг таслан зогсоосон бөгөөд зөрчлийн хэрэг нээгээгүй” гэх албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал/,
8.5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шөгений мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Б аймгийн Засаг даргын орлогчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/481 дугаартай захирамжид “...шаардагдах хайрга ашиглаж...” гэж бичсэн нь өөрийнх нь албан үүрэг, эрх хэмжээнд хамаарах асуудал биш байна. Хайрга ашиглах, олборлох зөвшөөрлийг хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компани нь судалгаа хийсний үндсэн дээр Ашигт малтмалын газарт хайрга олборлох тухай саналаа хүргүүлдэг. Уг саналыг хянаж үзээд ямар нэгэн хууль тогтоомж зөрчигдөөгүй болбол тухайн аймгийн Засаг даргад зөвшөөрөл олгохыг уламжилдаг.
Манай аймагт 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд хайрга олборлох үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй нэг ч компани байгаагүй.
...уг голын татам нь 50 метрээс өргөн байгаа учраас татам бүхэлд нь голын эрэг гэж үздэг. Тэгэхээр уг татмаас гадагш 200 метр хүртэлх зай нь Х голын хамгаалалтын бүсэд хамаарагдаж байгаа юм. Ер нь товчхондоо бол Х голын энгийн хамгаалалтын бүсээс 500 метрээс гадагш зайнд хуулийн хүрээнд ашиглалтын лиценз олгогдсон аж ахуйн нэгж хайрга олборлож ашиглаж болно. Мөн “Ж” ХХК нь хайрга олборлох, ашиглах тусгай зөвшөөрөл байхгүй. Мөн “Ж” ХХК-нд нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрөл ч байхгүй.
...уг хууль бус захирамжийн улмаас байгаль орчинд 41,616,000 төгрөгийн хохирол учирсан. Тийм учраас уг 20,880,000 төгрөгийг хуулийн дагуу хоёр дахин үржүүлж байгаа юм...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 197-200 дахь тал/,
8.6. Гэрч Х.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ө сумын 04 дүгээр баг Х голын хамгаалалтын бүсээс “Ж” ХХК хайрга ачиж байна гэх мэдээллийн дагуу миний бие Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Х.Ж, Б.Ж нарын хамт очиж хяналт тавьж уг захирамж нь хууль бус гарсан учир “Ж” ХХК-ийн хайрга ачиж байгаа техникүүдийн үйл ажиллагааг таслан зогсоосон юм. Аймгийн Засаг дарга Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу бол Ашигт малтмал, газрын тосны газраас дүгнэлт гарсан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ёстой, харин ашиглалтын зөвшөөрөл олгохын тулд хайгуул хийж нөөц нь тогтоогдсон талбайг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд оруулан дүгнэлт гарсны үндсэн дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох ёстой байдаг ба “Ж” ХХК-нд хайрга олборлох талаар гарсан захирамж нь дээрх хуулийн заалтыг зөрчиж олгосон захирамж гэж үзэж үйл ажиллагааг нь таслан зогсоосон юм. “Ж” ХХК-ийн хайрга олборлосон газар нь ямар нэгэн хайгуул хийх зөвшөөрлөөр нөөц нь тогтоогдоогүй, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс ямар нэгэн шийдвэр гараагүй байхад аймгийн Засаг даргын орлогч дур мэдэн захирамж гаргаж “Ж” ХХК-нд давуу байдал үүсгэж, хайрга олборлох шийдвэр гаргасан юм. “Ж” ХХК нь уг талбайгаас хагас өдрийн турш хайрга олборлосон байхад нь бид очиж үйл ажиллагааг нь зогсоосон ба хэдэн тонн хайрга олборлосон эсэхийг тогтоох боломж байгаагүй ба энэ талаар надад мэдэх зүйл алга. Надад тухайн үеийн зураг байхгүй ба “Ж” ХХК-ийн тухайн үед хайрга олборлосон талбайд 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр нөхөн сэргээлт хийх үеийн зураг надад байгаа.
...хайрга олборлосон гэх талбайд очиж ажиллахад ямар нэгэн зөрчлийн тэмдэглэл хөтөлсөн асуудал байхгүй. Мөн энэ талаар нээн шалгаж байсан зөрчлийн хэрэг байхгүй болно. Бид үйл ажиллагааг нь зогсоож энэ бол зөрчил биш гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гэж үзээд зөрчлийн тэмдэглэл бичээгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 6, 33 дахь тал/,
8.7. Гэрч С.Зейнелханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Ө сумын 04 дүгээр баг Х голын хамгаалалтын бүсээс “Ж” ХХК хайрга ачиж байна гэх мэдээллийн дагуу миний бие Ө сумын байгаль хамгаалагч А.Дамысбек, Б сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б нарын хамт очиж уг газраас “Ж” ХХК-ийн хайрга олборлож байгаа асуудлыг таслан зогсоож ажилласан ба энэ үеэр “Ж” ХХК-ийн захирал ажилтай Б.К ирж “манай компани энэ газраас хайрга олборлох талаар аймгийн Засаг даргын захирамж гарсан учир бид хайрга олборлож байна” гэж хэлээд үргэлжлүүлэн хайрга олборлох талаар бидэнд танилцуулан хайрга олборлосон. Х голын хамгаалалтын бүсээс Засаг даргын захирамжийн дагуу ямар нэгэн байдлаар хайрга олборлож болохгүй ба энэ талаар Усны тухай хуульд тодорхой заасан, харин Засаг даргын захирамж ямар журмаар яаж гарсан эсэх талаар надад мэдэх зүйл алга.
...“Ж” ХХК нь хайрга олборлосон газар нь Х голын хамгаалалтын бүсэд багтаж байгаа ба энэ талаар газрын зураг надад байгаа болно. Ж ХХК уг газраас хэчнээн тонн хайрга олборлож байсан эсэхийг би мэдэхгүй. Ж ХХК-ийн хайрга олборлож байсан газар нь урьд нь орхигдсон талбай байсан ба 2015 оноос хойш уг газраас ямар нэгэн аж ахуйн нэгж хайрга олборлосон асуудал гараагүй болно...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 07 дахь тал/,
8.8. Гэрч М.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Аймгийн Засаг даргын орлогч Ш.Хын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/481 дугаар захирамжийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ө сумын 04 дүгээр багт хамаарах захирамжид заасан солбицолд заасан газраас 28 камаз машин хайрга ачсан ба бид хайрга ачиж байхад аймгийн Мэргэжлийн хяналтын газрын холбогдох хүмүүс ирж аймгийн Засаг даргын орлогч Ш.Хын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/481 дугаар захирамж хууль бус гэж бидний үйл ажиллагааг зогсоосон юм.
Тэрний дараагаар буюу 2019 оны 08 дугаар сарын дунд үеэр тухайн талбайн зарим хэсэгт нь нөхөн сэргээлт хийж 30 камаз хайрга ачиж Ө сумын шинээр тавьж буй замын ажилд хэрэглэсэн болно. Манай “Ж” ХХК нь тухайн талбайгаас нийт 58 камаз буюу 1044 м куб хайрга олборлож Ө сумын зам засварын ажилд зарцуулсан болно. Манай компани зүгээс зам засварын ажилд хайрга хэрэгтэй байна, шийдвэрлэж өгөөч гэж аймгийн Засаг даргын орлогчид амаар хүсэлт тавьж шийдвэрлэсэн ба ямар нэгэн байдлаар бичгээр хандсан зүйлийн талаар би сайн мэдэхгүй байна. Юу ч гэсэн манай компани зүгээс захирамжийн хүрээнд хайрга олборлосон болно.
...Манай “Ж” ХХК 2019 онд 58 камаз буюу 1044 м.куб хайргыг авч үүнээс 971.6 м.кубыг уг авто замын ажилд ашиглаж манай компанийн хашаанд 72.4 м.куб хайрга байгаа.
...уг 1044 м.куб хайргыг 2019 онд нийт 2,610,000 төгрөгөөр худалдаж авахаар төсөвлөгдсөн байна. Гэвч манай компани уг хайргыг худалдаж авахгүйгээр аймгийн Засаг даргын орлогч Ш.Хын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/481 дугаартай захирамжийн дагуу тухайн солбицол бүхий газраас авсан.
...манай “Ж” ХХК-д нөхөн сэргээлт хийх, хайрга олборлох зөвшөөрөл байхгүй.
...ингээд хайрганы тооцоонд 5 км зам гэж тавьсан. Мөн захиалагч нь Б аймаг болохоор захиалагч талаас хайрга олборлох зөвшөөрөл өгөх байх гэж найдаж 5 км гэж тавьсан юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 8, 207-209, 2 дахь хавтаст хэргийн 106 дахь тал/,
8.9. Гэрч Б.Кий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай “Ж” ХХК-ийн зүгээс аймгийн Засаг даргын орлогчид албан ёсоор бичгээр хүсэлт тавьсан асуудал байхгүй зөвхөн биеэр уулзаж Ө сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хайрга олборлож Ө сумын зам засварын ажилд зарцуулах шаардлагатай байна гэж амаар хүсэлт тавьсны үндсэн дээр захирамж гаргуулан хайрга олборлосон нь үнэн. Энэ талаар миний бие Засаг даргын орлогч Ш.Хтай уулзаж хүсэлт тавьсны дагуу дээрх захирамж гаргаж өгсөн.
...манай “Ж” ХХК-нд одоохондоо хайрга олборлох тусгай зөвшөөрөл байхгүй.
...би 2019 онд хайрга олборлох тусгай зөвшөөрөл, олборлох газрын солбицлыг Ашигт малтмал, геодези, кадастрын газар руу явуулж батлуулдаг гэдгийг мэдэхгүй байсан юм. Энэ асуудал шалгагдаж эхэлсний дараа хайрга олборлох тусгай зөвшөөрөл болон олборлох газрын солбицлыг батлуулахаар 2019 оны сүүлээр Ашигт малтмал, геодези, кадастрын газар руу хүргүүлсэн.
...Засаг даргын захирамж зөвхөн манай компани дээр л гарсан байсан. Тухайн үед манай компани Засаг даргын захирамжаа Мэргэжлийн хяналтын газрын алба хаагчдад үзүүлж, шалгуулснаас уг асуудал шалгагдаж эхэлсэн байх...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 15, 184-185 дахь тал/,
8.10. Гэрч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би 2009 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэл Б аймгийн Засаг даргын тамгын газарт байгаль орчин, аялал жуулчлал, уул уурхай, газрын харилцааны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Би уг А/481 дугаартай захирамжийг төлөвлөж боловсруулсан зүйл байхгүй. Аймгийн Засаг даргын орлогч Ш.Х надад ““Ж” ХХК-аар хуучин хайрга олборлоод эзэнгүй орхигдсон талбайд нөхөн сэргээлт хийлгээд, илүү гарсан хайргаар нь авто замын барилгын ажилд ашиглана, чи энэ талаар захирамж төлөвлөөд ир” гэж үүрэг болгосон. Тэгэхэд би Засаг даргын орлогч Ш.Хд “Ж” ХХК нь тухайн газарт нөхөн сэргээлт хийх боломжтой, түүнээс биш уг газраас хайрга авч ашиглах боломж байхгүй, хайргыг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй компани, тусгай зөвшөөрөлтэй талбайгаас авах хуулийн зохицуулалттай байдаг учраас уг захирамжийг төлөвлөх боломжгүй гэж хэлсэн. Тэгэхэд Ш.Х дарга надад “тэр хамаа байхгүй, бүтээн байгуулалтын ажилд ашиглах хайрга олдохгүй байна, чи заавал захирамж төлөвлөж ир” гэж надад хэлсэн. Би хариуд нь хууль зөрчиж захирамж төлөвлөхгүй, мөн ар гэрийн гачигдал гарлаа, би явмаар байна гээд уйлж хэлчихээд гараад явчихсан юм. Тэгээд намайг явсны дараа уг захирамжийг гаргасан байна.
Хэрэв би төлөвлөсөн бол манай хэлтсийн дарга хянасан байх ёстой юм. Гэтэл би уг захирамжийг төлөвлөж хэлтсийн даргадаа хянуулсан зүйл байхгүй.
...хайрга ашиглах тусгай зөвшөөрөл нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагддаг. Уг хуульд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжид хайгуул хийж Уул уурхайн яамны Эрдэс баялгийн зөвлөлөөр хайгуулын нөөц тогтоолгож, ашигт малтмал, газрын тосны газрын даргын нөөцөд бүртгэх тухай тушаал ирсний дараа тухайн аж ахуйн нэгж нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлт гаргасны дагуу тусгай зөвшөөрөл олгодог. “Ж” ХХК-нд ийм тусгай зөвшөөрөл байхгүй. Мөн “Ж” ХХК-ийн хайрга олборлосон газар нь Усны тухай хуулийн зохицуулалтад хамаарах газар юм. Уг хуулиар усан сан бүхий газарт, голын эргээс 200 метрээс дотогш талбайд ашигт малтмал хайх ашиглахыг хориглодог. Товчхондоо бол хууль зөрчиж захирамж гаргах юм бол хууль хяналтын байгууллагаар шалгагдах болно гэдгийг хүртэл тайлбарлаж өгсөн. Тэгэхэд Х дарга тийм зүйл болбол гарын үсэг зурж, тамга дарсныхаа хариуцлагыг би өөрөө хүлээх болно, чи санаа зоволтгүй гэж хэлсэн. Тэгсэн ч гэсэн би уг захирамжийг төлөвлөж өгөөгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
8.11. Гэрч З.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...захирамжийн талаар надад мэдэх зүйл алга. Манай хэлтсээр болон надаар дээрх захирамж хянагдаж орж ирж байгаагүй юм байна. Манай хэлтсээс гарч байгаа бүх захирамжийн хянасан хэсэгт миний нэр байдаг ба харин аймгийн Засаг даргын орлогч Ш.Хын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/481 дугаар захирамжид би гарын үсэг зураагүй, хянуулаагүй учир надад мэдэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 16 дахь тал/,
8.12. Гэрч Х.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2012 оны 08 дугаар сараас өнөөдрийг хүртэл Засаг даргын тамгын газрын иргэдийн өргөдөл, гомдол, хүний нөөцийн бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Би 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тус аймгийн Засаг даргын тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан. Уг ажлыг хийж байсан Еркежан нь жирэмсний авралтаа авчихсан байсан юм.
...уг А/481 дугаартай захирамжийн танилцах хуудас манай архивд байхгүй. Би архиваас хайж үзсэн боловч гарч ирсэнгүй.
...уг А/481 дугаартай захирамжийн танилцах хуудас байхгүй байна гэдэг нь хариуцсан мэргэжилтэн, хэлтсийн дарга нараар дамжаагүй буюу тухай албан тушаалтан шууд өөрөө захирамж гаргасан гэсэн үг юм.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 214-216 дахь тал/,
8.13. Гэрч А.Гы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ажлын байран дээрээ байгаагүй, тус өдөр баасан гараг байсан ба миний бие өвдөж халуунтай байсан учир ажилдаа ирээгүй юм.
...Энэ талаар надад мэдэх зүйл алга байна. Би “Ж” ХХК-нд ямар нэгэн газраас хайрга олборлох талаар ямар нэгэн шийдвэр гаргаж өгөөгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 19 дэх тал/,
8.14. Гэрч С.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Б аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн бичээчээр 1991 оноос өнөөдрийг хүртэл бичээчээр 41 дэх жилдээ ажиллаж байна. Ер нь зөвхөн тухайн баримт бичгийг албан бичгийн стандартад оруулдаг, түүнээс уг албан бичиг ямар утга, агуулгатай байх нь миний ажлын чиг үүрэгт хамаарахгүй.
...би Б аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/481 дугаартай захирамжийг бичсэн. Хойд талд нь миний нэр байгаа болохоор би бичсэн. Би өдөр болгон зөндөө л захирамж гаргадаг болохоор утгаар нь бол уг захирамжийн талаар мэдэх зүйл алга” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 174-175 дахь тал/,
8.15. Шинжээч “Н” ХХК-ны захирал ажилтай А.Цийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1/84 дугаартай “1.Шинжилгээ хийсэн талбай нь тогтоолоор өгөгдсөн солбилцолд үндэслэн тооцоход 3297 м кв буюу 0,33 га талбай байх бөгөөд булж тэгшилсэн байдалтай байсан болно. 2.Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий талбай нь Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/481 дугаартай захирамжаар олгогдсон талбайтай хэсэгчилсэн давхцалтай байна. Тайлангийн 4-р хуудас. 3. Тухайн газарт голын гольдрол өөрчлөөгүй байна. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайд хамаарч байна. Тухайн газарт эдэлбэр газар болон газрын хэвлийд хохирол учруулсан байна. 4. Тухайн газарт урьд өмнө элс, хайрга олборлох үйл ажиллагаа явагдаж байсан байна. Ямар байгууллага, ямар зөвшөөрлөөр олборлож байсныг тогтоох боломжгүй байна. Тайлангийн 5 дугаар хуудас. 5. Тус газарт ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдоогүй бөгөөд хуулиар хориглосон талбайд хамаарч байгаа учир тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талбай байна. 6. “Ж” ХХК-ийн эвдсэн талбайн хэмжээ нь 3297 м кв буюу 0,33 га байх бөгөөд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 20,883,202 төгрөг болж байна. 7. Тус талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардлын хэмжээ нь 1,258,939 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 45-73 дахь тал/,
8.16. Шинжээч А.Цийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2010 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд “Н” ХХК зэрэг компаниудад ажиллаж байна. Эдгээр компаниуд нь бүгд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийдэг компаниуд юм. Би 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1/84 дугаартай дүгнэлтийг гаргасан.
...миний хэмжилт хийсэн газрын ойр орчимд урьд өмнө нь /нэлээд олон жилийн өмнө/ хайрга олборлосон ул мөр байсан. Миний хэмжилт хийсэн буюу тогтоолоор өгөгдсөн солбицолтой газар нь шинээр хайрга олборлосон газар байсан.
...харин шинээр ухсан буюу “Ж” ХХК-ийн ухсан гэх талбай нь сул шороотой техникийн ул мөртэй шинж тэмдгээрээ ялгарч байсан...” мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 41-42 дахь тал/,
8.17. Б аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1-01/549 дугаартай албан бичиг, түүний хавсралт “...“Ж” ХХК-нд 2018, 2019 онуудад түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын зөвшөөрөл олгогдоогүй ба 2020 оны 08 дугаар сарын 27-нд тус аймгийн Засаг даргын А/669 дугаартай захирамжаар тус аймгийн Б сумын Х нэртэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаатай олгож, улмаар 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус аймгийн Засаг даргын А/29 дугаартай захирамжаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 15 жилийн хугацаатай тус тус олгосон байна...” /4 дэх хавтаст хэргийн 61-76 дахь тал/,
8.18. Гэрч Х.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021-2022 оны 12 дугаар сар хүртэл Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажилласан. Иймд хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа учир энэ 2 үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсье гэсэн албан бичиг ирсэн. Ингээд би Дт цохолт хийж Д нь чиглэлийн байцаагч Жд цохолт хийж улмаар албан бичиг төлөвлөж оруулж ирээд надаар гарын үсэг зуруулж хариу хүргүүлсэн. Манай аймагт хайрга олборлох зөвшөөрөлтэй компани байхгүй. Мөн “А” ХХК, “М” ХХК, “М” ХХК-ууд болон ард иргэд бол зөвшөөрөлгүй авах гэж байсан учраас зогсоосон байх. Энэ талаар би мэдэхгүй. Миний бие ажил авснаас хойш бол ард иргэдээс гомдол ирсэн. Хуулийн байгууллагад шалгуулсан зүйл байхгүй" гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
8.19. Гэрч Х.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би 2003 оноос хойш “М” ХХК-ийн захирлаар ажиллаж байна... Тийм зүйл огт байхгүй, санахгүй юм байна. Ө сумын 4 дүгээр багт карьер байхгүй. Манайх аймгийн төвд барилга барихдаа Жооч нарт захиалж худалдаж авдаг. 2021 онд манай аймаг албан ёсоор хайрганы үйлдвэртэй болсон” мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 47 дахь тал/,
8.20. Гэрч Д.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би 2013 оноос хойш одоог хүртэл “А” ХХК-ийн талбайн инженерээр ажиллаж байна, манайх хэрэгцээт хайргаа өөрөөс нь авч ашигладаг, үерийн даланг барихдаа доош 2 метр 50 см ухаж түүнээс гарсан хайргыг нь өөрт нь ашигласан.
...манайх хайрга өөр гараас авч байгаагүй. Манайх ямар ч хайрга олборлоогүй, тэндээс хайрга авхуулдаггүй...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 49 дэх тал/,
8.21. Гэрч Х.Жгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...“Ж” ХХК-аас 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 45 тоот албан бичгээр хүсэлт ирүүлсэн, ингээд хариу бичгийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01/106 дугаартай албан бичгээр хариу өгч байсан.
...манай аймагт 2021 оныг хүртэл хайрга олборлох зөвшөөрөлтэй компани байхгүй байж байгаад 2021 оноос хойш зөвшөөрөлтэй хайрганы карьертай болсон.
...тэгэхээр “Ж” ХХК бол Засаг даргын зөвшөөрлийн дагуу хайрга авсан байх. “А” ХХК, “М” ХХК, “М” ХХК-ууд, ард иргэд зөвшөөрөлгүйгээр авсан зүйл байхгүй, яг авах гээд 30-40 тээврийн хэрэгсэл очсон байсан. Тэгээд энэ газраас хэнд ч хайрга өгөхгүй гээд явуулж байсан.
...яагаад олборлосон гэж бичсэнийг мэдэхгүй юм.” мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 51-52 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
9. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
10. Эрүүгийн хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд “Ж” ХХК нь 2018 онд Б аймгийн Ө сумын төвийн авто замын өргөтгөл, шинэчлэлт, 10,4 км замын 8,000,000,000 төгрөгийн тендер шалгаруулалтад оролцож, 7,949,749,173 төгрөгийн үнийн санал ирүүлсэн тул хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарч, ажлын төсөвтөө тус компани нь хайрга татах зайг 5 км гэж тусгасан байна. Улмаар 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Б аймгийн Засаг даргын А/284 дугаартай захирамжаар Ө сумын төвд шинээр баригдаж байгаа 10,4 км Х хучилттай авто замын трасст баригдсан айлын хашаа байшин, гэрлэн дохионы шон, сурталчилгааны самбар, гэрэлтүүлгийн багана, шугамыг буулгуулах ажлын хэсгийг байгуулж ажиллуулжээ.
11. Дээрх тендерт шалгарсан “Ж” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй тул авто замын ажилд шаардагдах хайргыг хууль тогтоомжоор хориглоогүй нөхцөлөөр олж авах ёстой байсан боловч 2019 оны 04 дүгээр сараас эхлэн Б аймгийн Засаг даргад хайрга буюу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл олгох хүсэлтээ албан бичгээр илэрхийлж, биечлэн уулзсан байх ба тус аймгийн Засаг даргын орлогчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/481 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж, нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл олгох тухай” захирамжаар “Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт байршилтай хуучин барилга трестийн ашиглаж байсан хайрганы карьераас Ө хот доторх 18 км Х хучилттай автозамыг шинээр барих, өргөтгөн засварлах ажилд шаардагдах хайрга ашиглаж, улмаар тус газрын нөхөн сэргээлтийг ажлын 7 хоногт багтаан хийж дуусгахыг гүйцэтгэгч “Ж” ХХК-нд зөвшөөрч, “Ж” ХХК-нд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглах, нөхөн сэргээлт хийх талбайн солбицлыг хавсралтаар баталж, хяналт тавьж ажиллахыг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Ө сумын Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газарт тус тус үүрэг болгож” шийдвэр гаргаж, уг шийдвэр болон албан бичгийн дагуу “Ж” ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тус тус 3297 м кв буюу 0,33 га газарт хайрга олборлож, байгаль орчинд 20,883,202 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал бүрэн тогтоогдсон байна.
12. Б аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1-01/549 дугаартай албан бичиг, түүний хавсралтаас үзэхэд “Ж” ХХК-нд 2018, 2019 онуудад түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын зөвшөөрөл олгогдоогүй ба 2020 оны 08 дугаар сарын 27-нд тус аймгийн Засаг даргын А/669 дугаартай захирамжаар тус аймгийн Б сумын Х нэртэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаатай олгож, улмаар 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус аймгийн Засаг даргын А/29 дугаартай захирамжаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 15 жилийн хугацаатай тус тус олгожээ.
Эрх зүйн дүгнэлт.
13. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас “шүүгдэгч Ш.Хын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй, нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргасан тул холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгөх тухай” дүгнэлтийг тус тус хүлээн авах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.
14. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1. “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”, 1.9 дүгээр зүйлийн 1. “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, 2. “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасан байх ба шүүгдэгч Ш.Хын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гаргасан А/481 дугаартай, “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж, нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл олгох” тухай захирамж нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарна.
15. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн үндсэн шинжийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон”-оор тодорхойлсон ба нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахыг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3. ““албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг;”, 3.1.4. “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг;” ойлгоно.
16. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4. ““нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг;”, 4 дүгээр зүйлийн 4.1. “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.”, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна: 4.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна: …11.1.9. бүх шатны Засаг дарга болон аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын орлогч” гэж зааснаас үзэхэд шүүгдэгч Ш.Х нь Б аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/436 дугаартай захирамжаар тус аймгийн Засаг даргын орлогчоор томилогдсон нь нийтийн албан тушаалтанд хамаарч байна.
17. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2. “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасан бөгөөд аливаа нийтийн албан тушаалтны үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид бүрэн нийцэх ёстой ба Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлага болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 4 дүгээр зүйлийн 4.1. “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 4.1.1.“түгээмэл тархацтай ашигт малтмал” гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг;” гэж заасан байна.
18. Шүүгдэгч Ш.Х нь Б аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр А/481 дугаартай, “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж, нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл олгох” тухай захирамж гаргаж, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй “Ж” ХХК-нд тус аймгийн Ө сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт урсах Х голын дэргэд хайрга олборлох зөвшөөрөл олгосон нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. “Энэ хуулийн 6.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлд заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно.”, 13.2. “Энэ хуулийн 13.1-д заасан хуулийн этгээд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг аймаг, Н Засаг даргын баталсан маягтын дагуу аймаг, Н Засаг даргад гаргах бөгөөд түүнд доор дурдсан баримт бичгийг хавсаргана:…”, 14 дүгээр зүйлийн 14.1. “Аймаг, Н Засаг дарга энэ хуулийн 13.2-т заасан өргөдлийг хүлээн авч, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2-т зааснаас гадна дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ: 14.1.4. энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх.”, 14.2. “Төрийн захиргааны байгууллага аймаг, Н Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан магадлан шалгах ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр холбогдох дүгнэлтийг цахимаар хүргүүлнэ.”, 17 дугаар зүйлийн 17.1. “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй.”, 18 дугаар зүйлийн 18.1. “Энэ хуулийн 17.1, 17.2-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу аймаг, Н Засаг даргад гаргах бөгөөд түүнд доор дурдсан баримт бичгийг хавсаргана: …” гэж тус тус заасныг зөрчсөн байх ба албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг, иргэний хариуцагч “Ж” ХХК-ны ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилготой, хийх ёсгүй үйлдэл хийсэн учраас шүүгдэгч Ш.Хын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр өрсөлдөх гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна гэж дүгнэлээ.
19. Шүүгдэгч Ш.Хын дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан боловч түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субьектив болон обьектив шинжийг хангасан байна.
20. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ш.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
21. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн албан тушаалын үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
22. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилсан байна.
23. Иргэний хариуцагч “Ж” ХХК нь Б аймгийн Засаг даргын орлогч ажилтай Ш.Хын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/481 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж, нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл олгох тухай” захирамжийг, мөн уг захирамжийн дагуу олгосон албан бичгийг тус тус үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тус тус тус аймгийн Ө сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 3297 м кв буюу 0,33 га газарт хайрга олборлож, уг хайргыг тендерт шалгарсан үйл ажиллагаанд шууд хэрэглэж, байгаль орчинд 20,883,202 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал шинжээч “Н” ХХК-ны захирал ажилтай А.Цийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1/84 дугаартай дүгнэлт, шинжээч А.Ц, гэрч М.М нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул гэмт хэргийн хохиролд 20,883,202 төгрөг, мөн гэмт хэргийн хор уршиг болох техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардлын хэмжээ нь 1,258,939 төгрөгийг тус тус иргэний хариуцагч “Ж” ХХК-иас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
24. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1. “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно.”, 2. “Байгаль орчинд учруулсан хохирлыг дараах байдлаар ангилна: …6/газрын хэвлийд учруулсан хохирол;”, 5. “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, 7 дахь заалтад заасан хохирлыг байгаль орчны болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тогтоосон хэмжээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно: 1/газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;” гэж заасан тул гэмт хэргийн хохирол болох 20,883,202 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлж, хохирлын хэмжээг 41,766,404 төгрөгөөр тооцож гаргуулах нь зүйтэй.
25. Иймд шүүгдэгч Ш.Х нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтад тус тус заасныг баримтлан иргэний хариуцагч “Ж” ХХК-иас гэмт хэргийн хохиролд 41,766,404 төгрөг, гэмт хэргийн хор уршигт 1,258,939 төгрөгийг тус тус гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд оруулахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
26. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч Ш.Хын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, уг гэмт хэргийг үйлдсэн шалтгаан, бусдад төлөх төлбөргүй нөхцөл байдал, мөн түүний хувийн байдал, үүн дотор нас, гэр бүл, тэтгэвэрт байгаа нөхцөл байдлууд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмын хүрээнд мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах” дүгнэлтийг,
27. Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сээс “Шүүхээс нэгэнт шүүгдэгчийг гэм буруутай гэж тооцсон шийдвэрийг хүндэтгэж байна. Үүнийг шүүх хавтаст хэргийн хүрээнд бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр гэж ойлгож байгаа. Шүүгдэгчийн хувьд 64 нас хүртлээ ямар нэгэн шүүхийн хаалга татаж байгаагүй. Ард түмний төлөө ажиллаж ирсэн. Одоо тэрээр өндөр насны тэтгэвэрт гарсан байгаа. Тэрээр болсон байдлыг үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Мөн тэрээр өөрийн хэргийн талаар нотлох үүрэг хүлээдэггүй байгаа. Энэ хэрэг нь хуучин хуулиар торгох ялын санкцтай байгаа. Уг торгох ялын хамгийн доод хэмжээ болох 5,700,000 төгрөгөөр торгож, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Яагаад гэвэл шүүгдэгч 5, 6 жил олон удаа Улаанбаатар хотод очиж, ирж зардал гаргаж, мөн өмгөөлөгч авч, хэрэг удаан хугацаанд шалгагдсан. Мөн шүүгдэгч нь энэ хугацаанд гадаадад гарч чадаагүй. Шүүгдэгч нэгэнт төрд ажиллахгүй тул хамгийн доод хэмжээгээр нийтийн албанд ажиллах эрхийг хасаж өгөх” дүгнэлтийг,
28. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нгаас: “Бид нэгэнт мэтгэлцэж оролцсон тул давж заалдах болно. Тиймээс эрүүгийн хариуцлагын талаар хэлэх тайлбар байхгүй” гэв.
29. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ш.Хын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч Ш.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.
30. Шүүгдэгч Ш.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
31. Шүүгдэгч Ш.Х нь 62 настай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, өндөр насны тэтгэвэрт гарсан болох нь шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаар тогтоогдож байна.
32. Шүүгдэгч Ш.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч Ш.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалтай зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Хын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 4 сарын хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
33. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Хд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
34. Шүүгдэгч Ш.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар иргэний хариуцагч “Ж” ХХК-ны тендерийн баримт бичгийг хадгалсан СД 1 ширхгийг эрүүгийн 00000000000 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, Б аймгийн Прокурорын газрын орлогч прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 50 дугаартай, шүүгдэгч Ш.Хын эзэмшлийн 9999 БӨН улсын дугаартай, “Land cruiser-200” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээв.
35. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ш.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Шын Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Хын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 4 сарын хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Хд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ш.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтад тус тус заасныг баримтлан иргэний хариуцагч “Ж” ХХК-иас гэмт хэргийн хохиролд 41,766,404 төгрөг, гэмт хэргийн хор уршигт 1,258,939 төгрөгийг тус тус гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд оруулахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар иргэний хариуцагч “Ж” ХХК-ны тендерийн баримт бичгийг хадгалсан СД 1 ширхгийг эрүүгийн 00000000000 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, Б аймгийн Прокурорын газрын орлогч прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 50 дугаартай, шүүгдэгч Ш.Хын эзэмшлийн 9999 БӨН улсын дугаартай, “Land cruiser-200” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр нь үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ш.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ш.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.Т