| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2020/04113/И |
| Дугаар | 181/ШШ2021/00464 |
| Огноо | 2021-03-02 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2021/00464
| 2021 03 02 | 181/ШШ2021/00464 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух, Ц.Б,
Нэхэмжлэгч: оршин суух, Ц.С,
Нэхэмжлэгч: оршин суух, Д.Д нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С байрлах, БХЗХТБААнд холбогдох
БХЗХТБААны 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3/6804, 3/6803, 3/6802 тоот албан бичгээр ЖП ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Б-ийн Ү-22***, Ү-2206044648, Ү-2206044649, Ц.С-ийн Ү-2201034630, Д.Д-ын Ү-2206017672, Ү-2206060967 дугаартай үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг болон 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1/560 дугаартай албан бичгээр Д.Д-ын Төрийн банкны 102700435452 тоот тэтгэвэрийн дансны зарлагын гүйлгээг зогсоосон ажиллагааг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Байгалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б, Ц.С, Д.Д нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 953 дугаар шийдвэрээр ЖП ХХК-иас 3 566 149 600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст олгож шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор ЖП ХХК-ийн бүх хөрөнгө, дансыг битүүмжлэх арга хэмжээг авснаар ЖП ХХК нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Гэсэн хэдий ч манай компанийн зүгээс шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх хүрээнд үл хөдлөх хөрөнгө санал болгож, өр төлбөрийг барагдуулах талаар санаачлага гарган ажиллаж байгаа.
Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3/6804, 3/6803, 3/6802 тоот шийдвэрээр ЖП ХХК-ийн хувь эзэмшигч Ц.Б, Ц.С, Д.Д нарын хувийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай шийдвэрийг гаргасан. Тухайлбал, Ц.Бгийн Ү-22***, Ү-2206044648, Ү-2206044649, Ц.Сгийн Ү-2201034630, Д.Дын Ү-2206017672, Ү-2206060967 дугаартай үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Мөн БХЗХТБААны 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1/560 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч Д.Дын Төрийн банкны 102700435452 тоот тэтгэвэрийн дансны зарлагын гүйлгээг битүүмжилсэн байдаг.
Дээрхи ажиллагаанууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчдийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ хэмээн зохицуулсан, ЖП ХХК нь Компанийн тухай хуулиар зохицуулагдах тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Компани эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ, 9.2-т Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй, 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж тус тус зохицуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах, гомдлыг хянан хэлэлцэх хүрээ, харьяаллыг заасан бөгөөд 122.3, 122.5-д заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гуравдагч этгээдийн эд хөрөнгөнд хязгаарлалт тогтоосон шийдвэр нь хууль бус тул иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаж байна.
Өөрөөр хэлбэл ЖП ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Б, Ц.С, Д.Д нар нь компанийн өмнөөс эд хөрөнгийн хариуцлага хүлээх эрх зүйн үндэслэл байхгүй, мөн зөвхөн эзэмшиж буй хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээх үүрэгтэй. Гэтэл БХЗХТБАА нь Ц.Б, Ц.С, Д.Д нар шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад төлбөр барагдуулагчийн хувиар огт татагдаагүй байхад ЖП ХХК-ийн өмнөөс эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авч байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль, Компанийн тухай хуулийн ноцтой зөрчсөн үйлдэл болсон.
Иймд БХЗХТБААны 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3/6804, 3/6803, 3/6802 тоот албан бичгээр ЖП ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Бгийн Ү-22***, Ү-2206044648, Ү-2206044649, Ц.Солонгийн Ү-2201034630, Д.Дын Ү-2206017672, Ү-2206060967 дугаартай үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг болон 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1/560 дугаартай албан бичгээр Д.Дын Төрийн банкны 102700435452 тоот тэтгэвэрийн дансны зарлагын гүйлгээг зогсоосон ажиллагааг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч БХЗХТБАА шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 953 дугаар шийдвэрээр ЖП ХХК-иас 3 566 149 600 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст олгох, улсын тэмдэгтийн хураамжид 17 936 748 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, Тус шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1368 дугаар захирамжаар 1 790 201 902 төгрөгийг гаргуулж ЗБ ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгох, улсын тэмдэгтийн хураамжид 4 528 504 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар тус тус шийдвэрлэжээ.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах явцад төлбөр төлөгч хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч Л.Цэрэндаваа нь 2016 онд нас барж, ЖП ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ц.Бг томилж, Д.Дд 300 ширхэг хувьцаа буюу 43.039.470 төгрөгийн хувьцаа, Ц.Сд 300 ширхэг хувьцаа буюу 43.039.470 төгрөгийн хувьцаа, Ц.Бд 400 ширхэг хувьцаа буюу 57.385.960 төгрөгийн хувьцааг 2017 онд өв залгамжлалаар хүлээн авч бүртгүүлсэн байна.
Төлбөр төлөгч хуулийн этгээдийн арилжааны банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай мэдэгдлийг холбогдох банканд хүргүүлсэн боловч дансны үлдэгдэлгүй гэсэн хариу ирүүлсэн бөгөөд төлбөр төлөгч хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөнүүд нь бусдын барьцаа болох нь лавлагаагаар тогтоогдсон.
Мөн төлбөр төлөгч хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгөнүүд нь бусдын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан байсан тул төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн харилцах дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг 2018 онд холбогдох банканд хүргүүлэхэд дансны үлдэгдэлгүй гэсэн хариу ирүүлсэн байна.
Шүүхийн шийдвэр гарснаас хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөрөөс 258 822 453 төгрөгийг биелүүлж, 3 307 327 146 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад төлбөр төлөгч хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгө нь бусдын барьцаа, дансанд төлбөрийн шаардлага хангахуйц үлдэгдэлгүй байгаа тул төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч нарын хөрөнгийг тогтоохоор 2018 оны 3/6803, 3/6802, 3/6804 дугаар албан бичгийг Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст тус тус хүргүүлж захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.
Төлбөр төлөгч хуулийн этгээд төлбөрөө барагдуулахаар санал болгосон хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Үүнд:
1. ҮХЭХ- эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030742, нэгж талбарын 1462705858 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 20-р хороо Сэлбэ 17-р хэсэг гудамж 17826 тоот, 306 м.кв хувийн сууц, 699 м.кв газрын хамт,
2. ҮХЭХ- эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025422, нэгж талбарын 1462703938 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 20-р хороо Сэлбэ 1-р хэсэг гудамж 102 тоот, 190 м.кв хувийн сууц, 699 м.кв газрын хамт,
3. ҮХЭХ- эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025465, нэгж талбарын 1462705857 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 20-р хороо Сэлбэ 1-р хэсэг гудамж ГХ102/1 тоот, 6 м.кв гүний худаг, 699 м.кв газрын хамт,
4. ҮХЭХ-нэгж талбарын 1462703932 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 20-р хороо Сэлбэ гудамж 699 м.кв талбайтай хувийн сууц, газрын хамт битүүмжилж хураасан.
Санал болгосон үл хөдлөх хөрөнгөнд үнэлгээ тогтооход төлбөр төлөгч хуулийн этгээд шүүхэд үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй тухай гомдол гаргаж Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00106 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 489 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэлийг хангаагүй. Улсын дээд шүүхийн хурлын тов гараагүй болно.
Иймд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заасны дагуу төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч нарын хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б, Ц.С, Д.Д нар нь хариуцагч БХЗХТБААнд холбогдуулан БХЗХТБААны 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3/6804, 3/6803, 3/6802 тоот албан бичгээр ЖП ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Бгийн Ү-22***, Ү-2206044648, Ү-2206044649, Ц.Солонгийн Ү-2201034630, Д.Дын Ү-2206017672, Ү-2206060967 дугаартай үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг болон 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1/560 дугаартай албан бичгээр Д.Дын Төрийн банкны 102700435452 тоот тэтгэвэрийн дансны зарлагын гүйлгээг зогсоосон ажиллагааг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
Ц.Б нь улсын бүртгэлийн Ү-22***, Ү-2206044648, Ү-2206044649, Ц.С нь улсын бүртгэлийн Ү-2201034630, Д.Д нь улсын бүртгэлийн Ү-2206017672, Ү-2206060967 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5-9х/-гээр тогтоогдож байх бөгөөд БХЗХТБААны 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3/6804, 3/6803, 3/6802 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, мөн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1/560 дугаартай албан бичиг /хх-74х/-ээр Д.Дын Төрийн банкны 102700435452 тоот тэтгэвэрийн дансны зарлагын гүйлгээг зогсоосон талаар зохигч маргаагүй.
Ц.Б, Ц.С, Д.Д нар нь ЖП ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хувьцаа эзэмшигчдийн тогтоол, дүрэм /хх-10-28, 100-107х/, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч БХЗХТБАА нь хариу тайлбартаа 2 шүүхийн шийдвэрээр төлбөр төлөгч ЖП ХХК-иас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн талаар бичсэн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч ЖП ХХК нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1368 дугаар захирамжаар 1 790 201 902 төгрөгийг гаргуулж Зоос банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгох, улсын тэмдэгтийн хураамжид 4 528 504 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг биелүүлсэн талаар зохигч маргаагүй.
Харин Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 953 дугаар шийдвэрээр ЖП ХХК-иас 3 566 149 600 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст олгох, улсын тэмдэгтийн хураамжид 17 936 748 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг хариуцагч тал явуулж байна.
БХЗХТБАА нь төлбөр төлөгч ЖП ХХК-ийн төлбөртөө санал болгосон эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030742, нэгж талбарын 1462705858 дугаартай Сүхбаатар дүүргийн 20-р хороо Сэлбэ 17-р хэсэг гудамж 17826 тоот, 306 м.кв хувийн сууц, 699 м.кв газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025422, нэгж талбарын 1462703938 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 20-р хороо Сэлбэ 1-р хэсэг гудамж 102 тоот, 190 м.кв хувийн сууц, 699 м.кв газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025465, нэгж талбарын 1462705857 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 20-р хороо Сэлбэ 1-р хэсэг гудамж ГХ102/1 тоот, 6 м.кв гүний худаг, 699 м.кв газар, нэгж талбарын 1462703932 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 20-р хороо Сэлбэ гудамж 699 м.кв талбайтай хувийн сууц, газар зэргийг битүүмжлэн хурааж, үнэлгээ тогтоох ажиллагааг явуулсан талаар зохигч маргаагүй. /хх108-115х/
Мөн төлбөр төлөгч ЖП ХХК-ийн эзэмшлийн МҮ-009356, МҮ-009396, МҮ-011114, МҮ-005145, МҮ-020399 тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан /хх-69,99, 119х/ байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-д Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж заасан.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С нь ЖП ХХК-ийн төлбөртөө санал болгосон дээрхи үл хөдлөх эд хөрөнгүүд болон ашиглалтын 2 тусгай зөвшөөрлийг БХЗХТБАА битүүмжилж, хураан авсан тул эдгээр хөрөнгүүдээр төлбөрийг барагдуулах боломжтой гэж тайлбарлаж байна.
Хариуцагч БХЗХТБАА нь төлбөр төлөгч ЖП ХХК хөрөнгөгүй буюу нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй гэдгийг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Учир нь ЖП ХХК-ийн төлбөртөө санал болгосон дээрхи үл хөдлөх эд хөрөнгүүд болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн зах зээлийн үнийг бүрэн гүйцэд тодорхойлоогүйгээс ЖП ХХК-ийн хөрөнгө нь 3 307 327 146 төгрөгийн өр /хх-123х/-ийг төлөхөд хүрэлцэх эсэхийг тодорхойлох боломжгүй байна.
Мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.-д Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заасан тул ЖП ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох Ц.Б, Ц.С, Д.Д нарын компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Ц.Б, Ц.С, Д.Д нар нь төлбөр төлөгч биш тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 49.4.1-д заасны дагуу төлбөр төлөгчийн хөрөнгийг хамгаалах ажиллагааг хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Дээрхи үндэслэлээр БХЗХТБААны 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3/6804, 3/6803, 3/6802 тоот албан бичгээр ЖП ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Бгийн Ү-22***, Ү-2206044648, Ү-2206044649, Ц.Солонгийн Ү-2201034630, Д.Дын Ү-2206017672, Ү-2206060967 дугаартай үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагаа болон 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1/560 дугаартай албан бичгээр Д.Дын Төрийн банкны 102700435452 тоот тэтгэвэрийн дансны зарлагын гүйлгээг зогсоосон ажиллагаа хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б, Ц.С, Д.Д нарын гомдлыг хангаж, БХЗХТБААны 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3/6804, 3/6803, 3/6802 тоот албан бичгээр ЖП ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Бгийн Ү-22***, Ү-2206044648, Ү-2206044649, Ц.С-ийн Ү-2201034630, Д.Дын Ү-2206017672, Ү-2206060967 дугаартай үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагаа болон 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1/560 дугаартай албан бичгээр Д.Дын Төрийн банкны 102700435452 тоот тэтгэвэрийн дансны зарлагын гүйлгээг зогсоосон ажиллагааг тус тус хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б, Ц.С, Д.Д нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч БХЗХТБААнаас 140 400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА