Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 84

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

Улсын яллагч Б.Мөнх-Од,

Шүүгдэгч Г.Алтанхуяг, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганболдын Алтанхуягт холбогдох эрүүгийн 201625022274 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Ганболдын Алтанхуяг, Монгол улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, халх,, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 27 дугаар гудамж 1186 Б тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй,

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2002 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №28 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №14 дугаартай шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 2002 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 28 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 3 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж бүгд 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн 2006 оны 08 дугаар сарын 14-ны өдөр №239 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар

шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №301 дугаартай шүүгчийн захирамжаар хорих эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №31 дугаартай шүүгчийн захирамжаар ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №1425 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 6 сар сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:ХВ81080218/;

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Алтанхуяг нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр  2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-ын задгай тоотод оршин суух хохирогч Т.Буяндэлгэрийн монгол гэрт нэвтэрч делл маркийн 14 инчийн компьютерын дэлгэц, делл маркийн процессор, гар хулгана, залгуур зэрэг нийт 450.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Алтанхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэр бүлийн байдлыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, фото зураг /хх-4-10/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-11-13/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-16/

Хохирогч Т.Буяндэлгэр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2016 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө 08 цаг 40 минутын үед би нөхөр, хүүхдийнхээ хамт охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр гэрээсээ гарсан юм. Гэрээсээ гарахдаа гэрийнхээ хаалгыг цоожлоод явсан. Тэгээд 10 цаг 16 минутын үед манай нөхрийн ах Дамиран танай гэрт хулгайч орсон байна, хулгайчийг би хөөж байна гэсэн мессеж ирсэн. Тэгээд манай нөхөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо цагаан

худгийн автобусны буудал гүйж байхад эргүүлийн машинтай цагдаа нартай гэрт орсон хулгайчийг барьж авсан. Манай гэрээс 14 инчийн хавтгай дэлгэцтэй делл маркийн процессор, гар, хулгана, залгуур зэргийг хулгайд алдсан ” гэсэн мэдүүлэг /хх-26-27/,

Гэрч Н.Баянмөнх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2016 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө 8 цаг 40 минутын үед би эхнэр хүүхдийн хамт охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр гэрээсээ гарсан юм. Гэрээсээ гарахдаа гэрийн хаалгыг цоожлоод явсан. Энэ үед 10 цаг 16 минутын үед миний 99370826 дугаартай утас руу хүргэн ах Дамиран танай гэрт хулгай орсон байна. Хулгайчийг би хөөж байна гэж мессэж бичсэн. Тэгээд би Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо цагаан худгийн автобусны буудлаас автобуснаас буугаад хулгайчийн зугтаж байна гэж хэлсэн зүгрүү гүйж байхад манай ах Дамиран тэр хүний араас нь гүйж байхыг харсан. Намайг харахад тэр хүн хар өнгийн фодболктай, хар куртик гартаа барьчихсан, манай гэрийн харалдаа гудамжнаас гарч ирсэн бололтой зам дагаад, зам уруудад ертөнцийн зүгээр баруун зүгт зугтааж байсан. Энэ үед цагдаагийн эргүүлийн машин ирээд тэр хүнийг барьж авсан …” гэсэн мэдүүлэг /хх-29/,

Гэрч Д.Дамиран мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр би гэртээ эхнэр, хүүхдүүдийнхээ хамт байж байтал, гадаа дулаахан болохоор нь гэрийнхээ хаалгыг онгорхой орхиод цай уугаад сууж байтал гэрийн урдуур нэг хөх бараан өнгийн хувцастай, өндөрдүүхэн, туранхай залуу хоёр гартаа иж бүрэн комьютер барьчихсан явж байсан. Тэгээд манай эхнэр тэрийг харчихаад манай дүүгийн компьютер биш байгаа, чи наадхаа харж бай гэж надад хэлээд, дүүгийн гэрийг шалгахаар гүйсэн. Би тэр хооронд нөгөө хүнтэй уулзаад саатуулаад байж байтал манай эхнэр Баянмөнхийн гэрийн хаалгыг шалгаж үзээд, гэрт нь байсан компьютерийг наадах чинь авчихсан байна гээд хашгирахад нөгөө хүн надаас мултраад компьютерийг нь яг тэр газартай орхиод зугтаасан. Тэгээд би Баянмөнх рүү утсаар танай гэрт хулгай орсон байна хурдан ир гэж ярихад Баянмөнх цагаан худгийн автобусны буудал дээр бууж байна гэж ярьсан. Тэгээд нөгөө залуу зугтаагаад би авгайгаа цагдаа дууд гэж хэлээд нөгөө залуугийн хойноос нь хөөгөөд цагаан худгийн төв замруу ороод гүйхэд өөдөөс нь цагдаагийн эргүүлийн машинтай цагдаа нар ирээд тэр залууг бариад авсан …” гэсэн мэдүүлэг /хх-35-36/,

     Шүүгдэгч Г.Алтанхуяг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Дамбадаржаагийн рашааны автобусны буудлаас автобусанд суугаад автобусан дотор унтчихсан байсан. Нэг сэрэхэд тоосгоны эцсийн автобусны буудлын эцэс дээр ирчихсэн байна. Тэндээсээ Бэлхийн эцэс рүү гардаг гудамжаар алхаж яваад гаднаас нь харахад цоожтой монгол гэр байсан. Гэр дотор ороод суурин компьютер буюу процессор, дэлгэц, гар хулганатай бүгдийг нь аваад хоёр гартаа бариад гараад явж байсан чинь хажуу талын айлын ах, эгч хоёр гарч ирээд намайг харчихсан. Тэгээд сандраад Бэлхээс Дамбадаржаа руу гүйгээд зугтаасан…” гэсэн мэдүүлэг /хх-56/,

Г.Алтанхуягийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-61/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар    

 

/хх-65-87/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Г.Алтанхуяг нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр  2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-ын задгай тоотод оршин суух хохирогч Т.Буяндэлгэрийн монгол гэрт нэвтэрч делл маркийн 14 инчийн компьютерын дэлгэц, делл маркийн процессор, гар хулгана, залгуур зэрэг нийт 450.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

хохирогч Т.Буяндэлгэрийн “…манай нөхрийн ах Дамиран танай гэрт хулгайч орсон байна, хулгайчийг би хөөж байна гэсэн мессеж ирсэн. ...эргүүлийн машинтай цагдаа нартай гэрт орсон хулгайчийг барьж авсан. Манай гэрээс 14 инчийн хавтгай дэлгэцтэй делл маркийн процессор, гар, хулгана, залгуур зэргийг хулгайд алдсан ” гэх/хх-26-27/, гэрч Н.Баянмөнхийн “…ах Дамиран танай гэрт хулгай орсон байна. Хулгайчийг би хөөж байна гэж мессэж бичсэн. ...цагдаагийн эргүүлийн машин ирээд тэр хүнийг барьж авсан …” гэх/хх-29/, гэрч Д.Дамирангийн “…цай уугаад сууж байтал гэрийн урдуур нэг хөх бараан өнгийн хувцастай, өндөрдүүхэн, туранхай залуу хоёр гартаа иж бүрэн комьютер барьчихсан явж байсан. ...манай эхнэр тэрийг харчихаад манай дүүгийн компьютер биш байгаа, чи наадхаа харж бай гэж надад хэлээд, дүүгийн гэрийг шалгахаар гүйсэн. ...гэрийн хаалгыг шалгаж үзээд, гэрт нь байсан компьютерийг наадах чинь авчихсан байна гээд хашгирахад нөгөө хүн надаас мултраад компьютерийг нь яг тэр газартай орхиод зугтаасан. ...цагдаагийн эргүүлийн машинтай цагдаа нар ирээд тэр залууг бариад авсан …” гэх/хх-35-36/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, фото зураг/хх-4-10/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-11-13/, шүүгдэгч Г.Алтанхуягийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Г.Алтанхуягт Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Г.Алтанхуяг нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №1425 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 6 сар сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан байх бөгөөд ялгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхдаа гэмт хэрэг шинээр үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсанаас эдлээгүй үлдсэн ялын зарим буюу 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Шүүгдэгч Г.Алтанхуяг урьд нь шүүхээр 5 удаа ял шийтгүүлж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд харин түүний өмгөөлөгчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг уг ялд багтааж шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.

Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Алтанхуяг нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Г.Алтанхуягийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс цагдан хорьж, тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 68/ө дугаартай захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байх ба мөрдөн байцаалтын шатанд түүний нийт цагдан хоригдсон 131 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Ганболдын Алтанхуягийг ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

2. Г.Алтанхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугцааагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Г.Алтанхуягт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №1425 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сар хорих ялын зарим болох 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 4 /дөрөв/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Алтанхуягт оногдуулсан 4 /дөрөв/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт

зааснаар Г.Алтанхуягийн цагдан хоригдсон 131 /нэг зуун гучин нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.Алтанхуяг нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Алтанхуягт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Алтанхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ИДЭР