Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2017/01340

 

 

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2017/01340

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хєвсгєл аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт оршин суух, Боржгон овогт Бын Б -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багт оршин суух Монхор овогт Бийн Ж -т холбогдох

Хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Б.Б,хариуцагч Б.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шїїхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Б би Б.Жтэй 2007 онд танилцаж, 2012 оноос үерхэж ирэн очин амьдарч байсан. Улмаар 2014 оны 02 дугаар сарын 08-нд охин М нь төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Хүүхэд төрсөн цагаас хойш Ж нь ирээ больж миний хүүхэд биш гэж болсон. Миний охин Б.М нь одоо 3-н настай сумын цэцэрлэгт явдаг Хүүхэд төрсөн цагаас хойш эцэг хүний үүрэг хариуцлагыг үүрээгүй.

Иймд Б.Жыг охин Б.Мын эцэг мөн болохыг тогтоож, хуулийн дагуу Б.Жээс хүүхдийн тэтгэлэгийн төлбөрийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч Б.Ж шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Ж нь Б.Бын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Би Б.Бтай 2013-2014 онуудад ирэн очин үерхэж байх хугацаанд Б.Б нь жирэмсэн болсон бөгөөд бидний дундаас охин М 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн нь үнэн. Ж миний бие нь Б.Бын нэхэмжлэлийн шаардлага болох эцэг тогтоолгож хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Би Мын эцэг мөн бөгөөд түүнд хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Жээс хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Ж нар нь гэрлэлтээ батлуулаагүй ба тэд үерхэж байх хугацаанд нэхэмжлэгч Б.Б нь жирэмсэлж тэдний дундаас Б.М төрсөн болох нь зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мөн 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн Боржгон овогт Бын М-ын 6767000013 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Отгонсүрэнгийн Б овогтой Б 2014 оны 02 сарын 08-ны өдөр 2,900 кг жинтэй 49 см урт охин төрж эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлов гэх тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

Иймд 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Боржгон овогт Бын М /РФ14220805/-ын эцэг Монхор овогт Бийн Ж мөн болохыг тогтоолгох, эцэг Б.Жээс хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Б.Б нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бын охин Б.Мын эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар 70.200 төгрөгийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлд 29.534 төгрөгийг нийт 99.734 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Жээс гаргуулж төлүүлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Боржгон овогт Бын Мын эцэг Монхор овогт Бийн мөн болохыг тогтоосугай.

2.    Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2014 оны 02 дугаар сарын 08-нд төрүүлсэн охин Бын М-д 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Б.Жээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, зааснаар хариуцагч Б.Жээс улсын тэмдэгтийн хураамжид 99.734 /ерэн есөн мянга долоон зуун гучин дөрөв / төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишигт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.МӨНХТУЯА