Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/890

 

 

 

 

 

 

2024          11          11                                       2024/ШЦТ/890

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг,

Улсын яллагч: П.Итгэл,

Хохирогч: ***,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403006200853 дугаартай хэргийг 2024 оны10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн хойд талын замд 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 18 цаг 05 минутын орчим *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө мөн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ***ын эрүүл мэндэд бүсэлхийн 2-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн зөрүүтэй хугарал, дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, нуруун зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч ***: Би тухайн өдөр буюу 2024 оны 8 дугаар сарын 14-ний  өдрийн 18 цаг 05 минутын орчимд автобуснаас буугаад гарцаар гарч явсан. Тэр өдөр айлд засвар хийж байсан. Тэндээс гараад охиныхоо гэр лүү явж байсан. Охиныхоо 3 хүүхдийг хардаг. Тэндээсээ хоол ундны юм яваад Цамбагарав гэсэн автобусанд суугаад Энхжингийн буудал дээр буугаад тортой юмаа бариад зам хөндлөн гарч байх үед 2 эгнээний машин зогсож өгсөн. Тэгээд гараад явж байсан чинь ийм зүйл болсон байсан. Хэсэг ухаан алдчихсан. Сэрсэн чинь энэ хүн эгчээ гээд зогсож байсан. Тархиндаа гэмтэл авсан болохоор даралт ихсэж, мартамхай болж байна. Дандаа түргэн дуудаж байгаа, эмнэлэгт зураг авхуул гэсэн боловч би өрх толгойлсон эмэгтэй. Манай охин өрх толгойлсон эмэгтэй, би 3 хүүхдийг нь хардаг. Би барилгын ажил хийж мөнгө олдог байсан. Одоо ямар ч хөдөлмөрийн чадваргүй болсон болохоор тархины зураг авхуулж чадаагүй байгаа. Дандаа өвчин намдаах эм ууж байгаа. Баярсайхан эрүүл мэндийн даатгалын сангаас 800 орчим мянган төгрөгийн зардал гарсныг төлсөн. Эм тарианд 800 орчим мянган төгрөг болсон тэрийг өгсөн гэв.

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Цайз 16-д байдаг айлд байрны засвар хийж байгаад өдрийн 12 цагийн үед тухайн засвар хийж байсан айлаас гараад Баянзүрх зах ороод хоол хүнсний юм аваад тэгээд би Цайз 16-гийн автобусны буудал дээрээс Цамбагарав-Шархад гэдэг автобусанд суугаад явж байгаад Цамбагаравын автобусны буудал дээр буусан. Тэгээд би Цамбагаравын автобусны буудал дээр буугаад явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойд зүгээс урд зүг чиглэлтэй гараад замын гурав дугаар эгнээд дээр явж байхад ертөнцийн зүгээр зүүн талаас баруун зүг чиглэлтэй Hyundai Mighty-2 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирж намайг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-н 16/,

Шинжээчийн 10773 тоот дүгнэлтэд: “...***ын биед бүсэлхийн 2-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн зөрүүтэй хугарал, дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-н 37-38/,

Мөрдөгчийн 1621 тоот магадалгаанд: “...Hyundai Mighty-2 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө мөн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна...” гэжээ /хх-н 70/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 3/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-н 4-5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 6-9/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 21-27, 49/, техникийн шинжээчийн дүгнэлт /хх-н 42-46/, хохирлын баримтууд /хх-н 65-68/,  

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн хойд талын замд 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 18 цаг 05 минутын орчим *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө мөн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ***ын эрүүл мэндэд бүсэлхийн 2-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн зөрүүтэй хугарал, дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, нуруун зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***ын мэдүүлэг, шинжээчийн 10773 тоот дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ***ы үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч *** нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан хохирогч ***ыг мөргөж, хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ын эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч нь хохирогчийг мөргөж, хохирогч ***ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь хохирогчид хавтаст хэрэгт баримтаар авагдсан хохирол төлсөн, нийт 1.000.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдав.

Хохирогч нь шүүгдэгчээс цаашид эмчилгээ хийлгэх, хагалгаанд орох зардал нэхэмжилсэн ба тухайн хохирлын талаар баримтыг хавтаст хэрэгт болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгөөгүй, цаашид ямар хэмжээний хохирол гарах нь тодорхойгүй байх тул тухайн нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байна.

Иймд дээрх хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж хохирогч нь шүүгдэгчээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасны дагуу хүндэвтэр хохирол нь гуравдугаар зэрэглэлд хамаарах ба тухайн зэрэглэлийг хохирогч хүлээн зөвшөөрсөн тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.900.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Сэтгэцэд учирсан хор уршгийг хохирогч хүлээн зөвшөөрсөн ба сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал, Шинжилгээний байгууллага, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д дагуу заавал шинжээч томилох шаардлагагүй болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилээр хасаж, 5.000 нэгж буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн баримттай хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан улсын яллагчийн ялын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилээр хасаж, 5.000 нэгж буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Улсын яллагч шүүхэд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулах талаар санал гаргаагүй тул шүүх нэмэгдэл ял хэрэглээгүй болно.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилээр хасаж, 5.000 нэгж буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилээр хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 9.900.000 төгрөг гаргуулж хохирогч ***д олгосугай.
  7. Хохирогч *** нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР