Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 135/ШШ2017/00874

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 135/ШШ2017/00874

*******-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00803/и

 

*******-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******-Уул аймгийн ******* сум, ******* баг, өөрийн байранд байрлах ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******-Уул аймгийн ******* сум, *******-******* баг, Тосгоны ** тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД: **/-т холбогдох,

 

"Гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 25,119,550 төгрөг, алданги 12,559,775 төгрөг, нийт 37,679,325 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д., хариуцагч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Тэмүүжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.******* нь манай компаниас 2015 онд төлөх ёстой үлдэгдэл 1,629,000 төгрөгний хугацаа хэтэрсэн өглөг алданги 814,500 төгрөг дээрээ нэмж, дахин ургамал хамгааллын бодис гезагардыг 2016 оны 03 сарын 20-нд 1000 литр, 2016 оны 05 сарын 21-нд 1000 литр, 2016 оны 06 сарын 17-нд 100 литр нийт 2,100 литр 48,300,000 төгрөгийн бараа 2016 оны 12 сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар гэрээ хийж авч явсан. Гэвч П.******* нь гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч өөрийн амин хувийн хэрэгцээнд мөнгөөс зарцуулан элдэв шалтаг тоочин төлбөр хийхээс санаатайгаар зайлсхийж өдрийг хүрсэн тул бараны үнийн үлдэгдэл 25,119,550 төгрөг, гэрээгээр хүлээсэн анз 12,559,775 төгрөг нийт 37,679,325 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ургамал хамгааллын бодис худалдаалдаг бөгөөд хариуцагч П.******* нь 2014 оноос хамтарч ажиллаж байгаа. П.******* нь манай компаниас бага үнээр бодис авч, цааш нь тодорхой үнэ нэмж зардаг. 2016 оны 03 сарын 20-ны өдөр П.*******тэй гэрээ хийж, эхлээд 1,000 литр бодисыг нэг литрыг 23,000 төгрөгөөр тохирч худалдсан. Тэгээд П.******* нь дахин бодис авах хүсэлт гаргасны дагуу 2016 оны 05 сарын 21-ний өдөр дахин 1,000 литр бодис нэмж аваад түүнийгээ бид ярилцаж, 2016 оны 03 сарын 20-ны өдрийн гэрээн дээрээ нэмж бичиж, П.******* нь гарын үсэг зурсан байгаа. Мөн 2016 оны 06 сарын 17-ны өдөр 100 литр бодис авсан. Ингээд нийт 2,100 литр бодис худалдан авсан юм. П.******* нь эхлээд 2016 оны 05 дугаар сард 2 удаагийн төлөлтөөр 5,525,000 төгрөгийг төлсөн бөгөөд үүнээс бид 2015 оны тооцооны үлдэгдэл 2,469,400 төгрөгийг хасаж тооцсон. Дээрх бодисын үнийг гэрээнд зааснаар 2016 оны 12 сарын 01-ний дотор төлөхөөр тохирсон. П.******* нийт 2100 литр бодисын үнэд 48,300,000 төгрөг, 2015 оны үлдэгдэл төлбөр 2,469,400 төгрөг, нийт 50,796,400 төгрөгийн өр төлбөртэй байснаас П.******* нь нийт 25,623,950 төгрөгийг төлсөн байна. Иймд үлдэх 25,119,550 төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй байна.Гэрээний 4.4-т хугацаа хэтэрвэл 0,5 хувийн алданги төлөхөөр тохирсоны дагуу дээрх төлбөрийн 50 хувиар тооцож, алданги 12,559,775 төгрөгийн үндсэн төлбөрийн хамт нийт 37,679,325 төгрөгийг гаргуулж өгнө үү. Миний бие тооцоо хийхдээ хэдэн төгрөгийн зөрүүтэй бодсон байгаа хэдий ч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

 

Хариуцагч П.******* шүүхэд гаргасан тайлбартаа: 1. 2015 оноос ******* ******* ХХК-иас ургамал хамгааллын бодис зээлээр авч, зарж борлуулан, мөнгийг нь тухай бүрд нь шилжүүлдэг байсан. Одоо 2015 оны төлбөр бүрэн барагдаж дууссан байхад үндэслэлгүйгээр 1,629,000 төгрөг, түүний алданги 814,500 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үлдэгдэл 375,000 төгрөг дутуу байгааг хүлээн зөвшөөрч байна. Үүнийг төлнө.

2. 2016 оны 03 сарын 20-ны өдөр Худалдах худалдан авах №1 дугаартай гэрээ байгуулж, 1000 литр буюу 23,000,000 төгрөгийн гезагард зээлээр авсан. Үүний төлөлтийг дараах байдлаар төлж барагдуулсан.

2016.12.01-ний өдрийн дотор 17,972,950 төгрөг төлсөн.

2017 оны 07 сарын 03-ны өдөр хүртэл 9,255,000 төгрөг төлсөн. Нийт 27,277,950 төгрөг төлсөн байна. Илүү төлсөн 27,227,950-23,000,000=4,227,950 төгрөг 2016 оны 05 сарын 21-ний өдрийн зээлийн төлөлтөд өгсөн.

Иймд 2016.03.20-ны өдрийн худалдах, худалдан авах №1 гэрээгээр төлөх ёстой үлдэгдэл байхгүй тул алдангийг мөн хүлээн зөвшөөрөхгүй.

3. 2016 оны 05 сарын 21-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж, 1000 литр 23,000,000 төгрөгийн гезагард авсан. 4,227,950 төгрөгийг төлсөн , үлдэгдэл 18,772,050 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үүнийг би ******* сумын ногоочдод зээлээр өгсөн, мөнгийг нь аваагүй байгаа. Намрын ногоо хураалтаар төлнө гэсэн. Төлөнгүүт нь би ******* ******* ХХК-д шилжүүлэх болно.

4. 2016 оны 06 сарын 17-ны өдөр 100 литр 2,300,000 төгрөгийн гезагард зээлээр авсан. Үүнийг авахдаа мөн амаар зээлийн гэрээ байгуулж авсан. Энэ мөнгийг төлөөгүй байгаа. Мөн сумынхаа ногоочин иргэдэд зээлээр өгсөн. Мөнгөө авч чадаагүй байна. Мөнгө нь орж ирэнгүүт нэхэмжлэгчид өгөх болно.

Иймээс би нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг огт зөвшөөрөхгүй. Нийт 27,227,950 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл 48,300,000 төгрөг-27,227,950 төгрөг=21,072,050 төгрөгийг төлнө гэжээ.

 

Хариуцагч П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ******* ХХК-иас 2016 онд нийт 2,100 литр гезагард гэх ургамал хамгааллын бодис худалдан авсан нь үнэн. Нэг литрийг нь 23,000 төгрөгөөр тохирч авсан. Үүний нийт үнэ 48,300,000 төгрөг болж байгаа. Үүнээс төлөөд одоо байгаа үлдэгдэл нь хэрэгт авагдсан банкны баримтаар тулгаж үзэхэд нэхэмжлээд байгаа үндсэн төлбөр болох 25,119,550 төгрөгтэй үндсэндээ тулж байгаа юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 25,119,550 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин алдангийг зөвшөөрөхгүй. Учир нь би тус компаниас бодисыг аваад цааш нь ногоочдод зээлээр өгдөг юм. Үүнийг ч Д. мэдэж байгаа. Тэгээд тэр хүмүүс надад мөнгөө буцааж өгөөгүйгээс болоод үлдэгдэл төлбөрөө төлж чадахгүй хугацаа хэтрээд байна. Түүнээс би энэ хүнийг залилаад яваад байх хүн биш. 2016 онд тариалан ямар байсныг хүн бүр л мэдэж байгаа. Миний хүү ногоо тарьдаг, ногоо тариалахын зовлонг би сайн мэдэх тул ногоочдоос мөнгөө нэхээд байж чадахгүй байсан юм. Иймээс алдангийг хасаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч П.*******өөс ургамал хамгааллын бодис /гезагард/-ын үлдэгдэл төлбөр 25,119,550 төгрөг, алданги 12,559,775 төгрөг, нийт 37,679,325 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

 

Хариуцагч П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үндсэн төлбөр болох 25,119,550 төгрөг төлөхийг зөвшөөрч, алдангийг зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.

 

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад нэхэмжлэгчийн төлөөлөгч Д. нь 2015 оноос эхэлж П.******* нь ургамал хамгааллын бодис авсан бөгөөд 2015 оны төлбөрийн хувьд 2,469,400 төгрөгийн үлдэгдэлтэй, 2016 онд гэрээний дагуу нийт 2,100 литр бодисын үнэ 48,300,000 төгрөг, нийт 50,769,400 төгрөг төлөхөөс П.*******ийн төлсөн 25,623,950 төгрөгийг хасаад үлдэх 25,119,550 төгрөгийн үндсэн төлбөрийг алдангийн хамт нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас хариуцагч П.******* нь 2016 онд 2100 литр ургамал хамгааллын бодис /гезагард/-ыг худалдан авч, нэг литрийг 23,000 төгрөгөөр тохирч, төлбөрийг 2016 оны 12 сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохирсон болох нь хэрэгт авагдсан 2016 оны 03 сарын 20-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ №01, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байгаа бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т: худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрнгө...-ийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуагч П.*******т 2016 оны 03 сарын 20-ны өдөр 1000 литр, 2016 оны 05 сарын 21-ний өдөр 1000 литр, 2016 оны 06 сарын 17-ны өдөр 100 литр, нийт 2,100 литр бодис хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан зарлагын баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч П.******* нь худалдан авсан бодисын үнэд нийт 25,623,950 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан Х.Оюунчимэгийн Төрийн банкны 106200234506 дугаартай дипозит дансны харилцагчийн монгол хуулга, төрийн банкны орлогыг мэдүүлгүүд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Энэхүү дансны эзэмшигчийн талаар шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчээс тодруулахад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эхнэр бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу түүний эхнэрийн дансанд хариуцагч П.******* нь худалдан авсан бодисын үнийг төлж байсан, энэ талаар талууд маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 211.2-т: үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заасны дагуу хариуцагч П.*******ийг бодисын үнэд 25,623,950 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-д төлсөн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар 2016 онд хариуцагч П.*******ийн төлсөн нийт 25,623,950 төгрөгөөс 2015 онд авсан бодисын үлдэгдэл төлбөр 2,469,400 төгрөгийг хасаад үлдэх төлбөрийг 2016 оны 2100 литр бодисын үнээс хасаж тооцож нэхэмжилж байгаа гэж тайлбарладаг бөгөөд 2015 оны худалдан авсан бодисын үлдэгдэл төлбөрийг хариуцагч П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбараараа хүлээн зөвшөөрдөг болно.

 

Хариуцагч П.*******ийн 2016 онд төлсөн нийт 25,623,950 төгрөгөөс 2015 оны үлдэгдэл болох 2,469,400 төгрөгийг хасаж тооцоход 23,154,550 төгрөг болж байгаа бөгөөд энэхүү төлбөр нь П.*******ийн 2016 онд хүлээн авсан 2100 литр бодисын үнээс төлсөн төлбөр байна. 2016 онд хүлээн авсан нийт 2100 литр /нэг литр нь 23,000 төгрөг/ бодисын нийт үнэ 48,300,000 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс төлсөн 23,154,550 төгрөгийг хасаж, 25,145,450 төгрөгийг хариуцагч П.******* төлөөгүй байна гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь бодисын төлөгдөөгүй үлдсэн төлбөрийг 25,119,550 төгрөг гэж тооцож, нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхгүйгээр төлөөгүй үлдсэн төлбөрийг 25,119,550 төгрөгөөр тооцно гэж тайлбарладаг тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд төлөгдөөгүй төлбөр болох 25,119,550 төгрөгийг хариуцагч П.*******өөс гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.

Хариуцагч П.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.

 

Хэрэгт авагдсан 2016 оны 03 сарын 20-ны өдрийн гэрээний 3.4-т нийлүүлсэн бараа 1000 литр гезагард гэсэн байх бөгөөд гэрээний доод хэсэгт 2016 оны 05 сарын 21-нд гезагард нэмж 1000 литрийг 23,000,000 төгрөгөөр авлаа гэсэн бичилт нэмж хийж, зохигчид гарын үсэг зурсан байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээг бичгээр байгуулахаар талууд тохиролцсон бол талууд нэг баримт үйлдэж, гарын үсэг зурснаар гэрээг байгуулсанд тооцохоор заасан бөгөөд анх гэрээ байгуулснаас хойш нэмж авсан бодисыг анхны гэрээн дээрээ талууд тохиролцон нэмж бичиж гарын үсэг зурсан байгаа нь 2,000 литр бодисыг худалдах, худалдан авах талаар талууд бичгээр гэрээ хийсэн байна гэж үзэхээр байна.

 

Тус гэрээний 4.4-т хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр заасан байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т: хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.4-т: анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д: хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасантай нийцэж байна.

 

Харин нэхэмжлэгч тал алдангийг тооцохдоо 2100 литр бодисын төлөгдөөгүй үнийн 50 хувиар тооцож алданги нэхэмжилж байгаа боловч хэрэгт авагдсан гэрээгээр 100 литр бодисыг амаар тохирч худалдсан байх тул 2000 литр бодисын төлөгдөөгүй үнээс тооцож, алдангид 11,422,725 төгрөгийг хариуцагч П.*******өөс гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Хариуцагч алданги төлөхгүй байх үндэслэлээ цааш нь дамжуулан хүмүүст бодисоо зээлээр өгсөн бөгөөд түүнийгээ авч чадахгүй байгаагаас үлдэгдэл төлбөрөө төлж чадахгүй байгаа тул хугацаа хэтэрсэн нь надаас шалтгаалаагүй гэж тайлбарладаг боловч энэхүү тайлбар нь алдангиас чөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүй юм.

 

Иймд хариуцагч П.*******өөс үндсэн төлбөрийн үлдэгдэл 25,119,550 төгрөг, алданги 11,422,725 төгрөг, нийт 36,542,275 төгрөг гаргуулж, ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,137,050 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч П.*******өөс нийт 36,542,275 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,137,050 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346,347 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 340,661 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ