Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/910

 

 

 

 

 

 

 2024           11          15                                        2024/ШЦТ/910

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг,

Улсын яллагч: Ц.Цэрэнбалжир,

Гэрч: ***,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***, түүний өмгөөлөгч Н.Дашдулам,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403002820491 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2024 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 05 цаг 54 минутын орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Түмэн плаза худалдааны төвийн урд замд Toyota Prius 30 маркийн *** тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам гарч явсан явган зорчигч ***ийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...2024 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ***, ***, *** гээд 3 найзтайгаа хамт Дарь-Эх рүү явж байсан. Явж байх замдаа Түмэн плазагийн урд замд гарцан дээр хүн харагдахгүй байсан боловч гарц руу ойртоод ирэхэд гарцан дээр зүүн гар талаас гэнэт хүн гүйгээд ороод ирсэн. Тэгээд буугаад харахад хүн мөргүүлсэн байсан. Араас 2 залуу гарч ирээд манай 3 найзыг “найздаа гай” болно гэж хэлээд хөөсөн. Тэгээд намайг цагдаагаа дууд гэсэн. Би цагдаа дуудаад, түргэн дуудсан” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***: Хохирогч ***ийн төрсөн ах нь байна. Түүний биеийн байдал хүнд тархинд нөлөөлсөн байна. Түүний одоогийн байдал хүний асаргаанд жаахан хүүхдийн сэтгэхүйтэй болсон. Бидний зүгээс гомдолтой байна. Хүний зөв зүгээр байсан хүүхдийг ийм болгож орхисон. Хагас жилийн хугацаа өнгөрч байхад хүний урманд яаж байна гэж асуугаагүй. Дүүгээ эмчлүүлж авмаар байна. Мөн ажилгүй байсан хугацааны цалин, зээлд 30.824.800 төгрөг байна. Эмчилгээний зардалд 7.009.457 төгрөг, гадагшаа эмчилгээ судалж байгаа, өвчтөнөө аваад ир гэсэн, цаг алдалгүй эмчилгээ хийлгэмээр байна. Сэтгэцэд учирсан хохиролд 50.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би гэмтлийн эмнэлэг дээр очиход *** ямар ч ухаангүй сэхээн амьдруулах тасагт хэвтэж байсан, 3 хоног хэвтэж байгаад ухаан орсон. Улмаар маш их тархины гэмтэлтэй, нүүрний яс хугарсан, бяцарсан, цөмөрсөн, бие бүхэлдээ хавдартай, хөхөрсөн, зулгарсан байдалтай байсан. Тэгээд би эмчээс нь асуухад тархины маш хүнд гэмтэлтэй эмчилгээ хийгдэнэ, хагалгааг биеийн байдлаас хамаарч хийнэ гэж хэлсэн. Эгч бид 2 ээлжилж сахиураар хоноход ухаан санаа эрүүл бус орилсон, чарласан байдалтай гэмтлийн эмнэлэгт 15 хоног эмчлүүлж байгаад 5 дугаар сарын 22-ны өдөр эмнэлгээс гарсан. Гарсан шалтгаан нь тархины эмчилгээ удаан хийдэггүй учир амрааж байгаад дахин эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийнэ гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг /хх-н 19/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...*** 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Дарханаас хотод ирлээ гэж ярьсан бөгөөд 5 дугаар сарын 03-ны өдөр бид 2 уулзсан. Тухайн өдөр гадуур ажил амжуулчхаад, *** энд хонох газар байхгүй байсан учир ахуй үйлчилгээний SKA гээд буудалд өрөө авсан байсан учир бид 2 орсон. Тэгээд бид хоёр 4 лааз пиво хувааж уучхаад зурагт үзэж байгаад унтсан. ...Маргааш нь манай найзын төрсөн өдөр болж байсан учир бид хоёр Паламинго нэртэй бааранд шөнийн 01 цагийн үед очсон. Очиход манай найз эхлээд ганцаараа дараа нь 2 эмэгтэй нэмэгдэж ирээд тавуулаа болж 0,7 л виски, эсса пиво хүний 1 ширхгийг уучхаад 3 цаг 30 минутын орчим баарнаас гарсан. ...Гэтэл манай найзын утас нь дуугарч хүнтэй утсаар ярьж байснаа би буудал руу явах хэрэгтэй болчихлоо уулзах ёстой хүн ирчхэж яваад ирье гээд хоолоо идэлгүй гарч явсан. Тэгээд хоол гарсны дараа найз руугаа залгасан боловч утсаа аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 23/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Түмэн плаза худалдааны төвийн урд байхад машины баруун талаас хүн гарч ирээд машины баруун урд талаар мөргөсөн. Тэгээд бид нар буугаад харахад машинаас баруун урд зайд доошоо харсан байдалтай эрэгтэй хүн хэвтэж байсан. Удалгүй замын хажуугаар явж байсан 2 хүн та нар найздаа гай болох вий, одоо яваач гэж хэлээд ***, Марал бид 3 такси бариад цаашаа гэр лүүгээ явцгаасан. Осол болсон газар Отгонхүү үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 116/,

Шинжээчийн 6175 тоот дүгнэлтэд: “...***ийн биед хамар, хоёр хацар ёсны нум, хоншоорын хөндийн бүх хана, хоёр талын шөвгөр (styloid) сэртэн, суурийн хөндий рүү, суурь яс руу үргэлжилсэн хугарал, баруун лямбда заадаснаас доош баруун хөхлөг сэртэн, чихний сувгаар дамжин суурь яс руу үргэлжилсэн нийлмэл цөмөрсөн хугарал, (Лефорт III), тархины зүүн дух, зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулай, дагзны дэлбэнгийн цус хуралт, баруун тенториумд цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархай, дагзны дэлбэнгийн цусархаг няцрал, хамар, баруун хацар, шанаа, баруун нүдний зовхи, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун нүд, зүүн шилбэ, шагай, тавхайнд цус хуралт, хамар, уруул, эрүү, баруун хацар, гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. ” гэжээ. /хх-н 37-40/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “..00:02:27 секундэд Toyota pruis маркийн тээврийн хэрэгсэл баруунаас зүүн чиглэлтэй 2 дугаар эгнээгээр зорчиж буй тээврийн хэрэгсэл явган хүний гарцаар гарч буй явган зорчигчийг мөргөж байгаа харагдав. Улмаар явган зорчигч шидэгдэн унаж байгаа харагдав...” гэжээ. /хх-н 25/,

Шинжээчийн 738 тоот дүгнэлтэд: “...***ийн ***ийн сэтгэцэд 2024 оны 5 дугаар сарын 05-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас DS:Тархины өвчин, гэмтэл, үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн бусад органик эмгэгүүд /F07.8/ оношлогдож байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн тавдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид нарын мэргэжлийн мэдрэлийн эмчийн хяналтад, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй.” Гэжээ /хх-н 49-50/,

Мөрдөгчийн 1217 тоот магадалгаанд: “...Явган зорчигч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн нь тогтоогдохгүй байна. ...*** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна” гэжээ /хх-н 65-66/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 746 дугаар дүгнэлтэд: “...*** нь Тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил. Хэсэгчилсэн ойгүйдэл сэтгэцийн эмгэгтэй байна. ...дээрх эмгэг нь олдмол эмгэг болно. ...хэрэг учрал болох цаг хугацаанаас өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Харин *** нь хэрэг учрал болох цаг хугацаанаас хойн нь тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, хэсэгчилсэн ойгүйдэл сэтгэцийн эмгэгтэй болсон байна. Хэргийн улмаас тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил. Хэсэгчилсэн ойгүйдэл сэтгэцийн эмгэгтэй болсон байх боломжтой байна. *** нь хэргийн талаар бодит үнэн мэдүүлэг өгөх чадваргүй байна” гэжээ /хх-н 158-161/,

 

Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 5/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-н 6-10/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 11/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 12-14/, техникийн шинжээчийн 40379885 тоот дүгнэлт /хх-н 57-62/, хохирогчийн өвчний түүх /хх-н 72-92/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 117, 119-125/, хохирлын баримтууд /хх-н 127-145/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05 цаг 5 минутын орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Түмэн плаза худалдааны төвийн урд замд Toyota Prius 30 маркийн *** тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам гарч явсан явган зорчигч ***ийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***, гэрч ***, *** нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөгчийн магадалгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг 60 хүртэл хоног хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж хууль тогтоогчоос хуульчилсан.

Хуулийн дээрх зохицуулалт нь шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал буюу уг яллах дүгнэлтийн хүрээнд хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэхдээ хууль зөрчсөн, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн асуудлыг зөвтгүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах ойлголт байх ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн талаар хэлсэн дүгнэлтэд үндэслэн хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй байна.

Хавтас хэрэгт камерын бичлэг авагдсан ба тухайн бичлэгийг эд мөрийн баримтаар мөрдөгч тооцсон ба уг бичлэгийг БГД-н цагдаагийн хэлтсийн 1 дүгээр хэлтсийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийж, хөндлөнгийн гэрчүүдийг оролцуулсан нь хууль ёсны ба тухайн ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Тухайн камерын бичлэгт хэрэг болсон үйл явдал тодорхой тусгагдсан ба хохирогч нь зам хөндлөн гарч байх үед шүүгдэгч тээврийн хэрэгслээрээ мөргөсөн үйл баримт тодорхой харагдаж байна.

Мөрдөгчийн магадалгаа болон шинжээчийн дүгнэлтүүд нь тусгай мэдлэгийн хүрээнд гарсан ба дээрх баримтуудыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь Toyota Prius 30 маркийн *** тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам гарч явсан явган зорчигч ***ийг мөргөж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчихгэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь хохирогч ***ийг явган хүний гарцаар зам гарч явахад нь мөргөсөн үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдаанд ажилгүй байсан хугацааны цалин, зээлд 30.824.800 төгрөг, эмчилгээний зардалд 7.009.457 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 50.000.000 төгрөг тус тус нэхэмжилсэн.

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирлын баримтуудыг үнэлж дүгнэн шүүгдэгчээс 7.009.457 төгрөг гаргуулж, уг хохирлоос шүүгдэгчийн төлсөн гэх 500.000 төгрөгийг хасаж, нийт эмчилгээний зардалд 6.509.457 төгрөг гаргуулж хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгохоор шийдвэрлэсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирол төлбөр төлөхөөр завсарлага авч уг хугацаанд шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 5.000.000 төгрөгийн хохирол төлсөн ба үлдэгдэл 1.509.457 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогчид сэтгэцэд учирсан хор уршиг нь тавдугаар зэрэглэлд хамаарна гэж гарсан тул гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 66.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны цалин, зээлийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байна.

Ажилгүй байсан үед нийгмийн даатгалын сангаас авсан мөнгө, авах ёстой байсан цалингийн зөрүүг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй. Иймд дээрх хохиролтой холбоотой нотлох баримтууд болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтуудыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 01 жил, 8 сар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч хор ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт тус тус гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***д үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зарим хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  зааснаар 01 жил 8 сарын хугацаагаар Хэнтий аймаг, Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  зааснаар шүүгдэгч ***гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилээр хасаж, 01 жил, 8 сарын хугацаанд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***гээс хохирогчийн эмчилгээний зардалд 1.509.457 төгрөг, сэтгэл санааны хохиролд 66.000.000 төгрөг, нийт 67.509.457 төгрөг гаргуулж хохирогч ***, түүний хууль ёсны төлөөлөгч *** нарт олгосугай.
  7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***гээс 4.616.302 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дансанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  8. Хохирогч ***, түүний хууль ёсны төлөөлөгч *** нар нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР