| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 136/2022/00110/И |
| Дугаар | 136/шш2022/00124 |
| Огноо | 2022-03-29 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 136/шш2022/00124
| 2022 оны 03 сарын 29 өдөр | Дугаар 136/ШШ2022/00124 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн С сумын * дугаар баг, Дийн 4-*** тоотод оршин суух, Х ж овогт Бын Д /РД:***********/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн С сумын * дугаар баг, Холбооны 1*** тоотод оршин суух, Ш овогт Огийн Н /РД:***********/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 4 ханатай иж бүрэн тавилгатай гэр гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Д,
Хариуцагч: О.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Д эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 4 ханатай иж бүрэн тавилгатай гэр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие О.Нтой 2019 оноос хойш хамтын амьдралтай байсан. Бид хамтдаа амьдарч байх хугацаанд 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүү М-И төрсөн юм. ...Иймд хүүхдийн тэтгэлэг тогтоож, 4 ханатай гэрийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч О.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2018 оны 10 дугаар сард Б.Дтай танилцсан. Тэгээд 2019 оны 09 дүгээр сард манайх ёсолж авснаас хойш манай ээжийнд тоотой орж ирдэг байсан. ...Анхнаасаа надтай амьдрах бодолгүй байсныг нь би хожим ухаарсан. Манай эхнэр бол намайг элдвээр доромжилдог байсан би хүү эхнэр хоёрынхоо төлөө явдаг байсан. Түүнээс хойш хүүг маань надтай бараг уулзуулдаггүй уулзах гэхээр битгий хүүхдээр түрий барьж олон юм яриад бай гэдэг болсон. Яахав эхнэр салж болно, гэхдээ миний энэ асуудлыг үнэн зөвшөөр шийдвэрлэж өгөхийг хүсье. гэжээ.
Нэхэмжлэгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь ажилд орсноос хойш гэр бүлдээ анхаарал тавихаа больсон. Ажлаас ирээд би ядраад байна гэж хэлж ажлаас хойш суудаг болсон. Нэг өдөр хариуцагч ажлаасаа бууж ирээд гэртээ амарч байхад манай ээж гэрт орж ирсэн. Би тухайн үед ашгүй ээж ороод ирлээ, та хүүхэд харж байгаарай, би түлээ мод оруулаад ирье гэж хэлэхэд ээж Нид хандаж хүү минь зүгээр сууж байхаар түлээгээ оруулаад ир гэж хэлсэн. Дараа нь ээжийг гараад явсны дараа танай ээж манай гэрт орж ирж үг хэлдэг юм. Танай ээжид ийм эрх, танайхан дандаа дарамталдаг гэж хэлсэн. Энэ тухай хариу тайлбартаа мөн дурдсан байсан. Манай аав, ээж бол хариуцагчийг дарамталж байгаагүй. гэв.
Хариуцагч О.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. ...Хүүхдийн эцэг тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 4 ханатай гэр, тавилга гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-2/, 4401********* дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-3/, А өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-4/, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн эмчлэгч эмч Д.Бгийн гараар бичсэн тодорхойлолт /хх-5/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-6/, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө үнэлсэн үнийн жагсаалт /хх-7/, улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх тухай хүсэлт /хх-8/, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 4401********* дугаартай амьжиргааны түвшний үнэлгээ /хх-9/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч О.Нид холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 4 ханатай иж бүрэн тавилгатай гэр гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Б.Д болон О.Н нар нь 2018 оны 10 дугаар сард танилцаж 2019 оноос 2022 оны 2 дугаар сар хүртэл хамтран амьдарч байсан бөгөөд энэ хугацаанд эр эмийн харилцаатай байсан талаар талууд маргаагүй.
Нэхэмжлэгч Б.Д нь 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүү М-Иийг төрүүлсэн болох нь Д.М-Иийн 0000********* дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Д нь хүү Д.М-Иийн эцэг нь О.Н мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг О.Н шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар О.Нийг хүү Д.М-Иийн эцэг мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
Хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байх боловч татгалзлынхаа үндэслэлийн талаар тайлбар гаргаагүй болно.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй, ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ: 26.2.2.хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж заасны дагуу хүү Д.М-Ид тэтгэлэг тогтоож, эцэг О.Ноор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Д.М-Ид 11 нас хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээр эцэг О.Ноор тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасан эцэг, эхийн хэн нэг нь хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь нөгөөдөө саад учруулж болохгүйг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Б.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 4 ханатай гэр 2,000,000 төгрөг, авдар 350,000 төгрөг, хувцасны шкав 400,000 төгрөг, гал тогооны шүүгээ 400,000 төгрөг, ор 480,000 төгрөг, хөлдөөгч 600,000 төгрөг, угаалгын машин 400,000 төгрөг, зуух 130,000 төгрөг, яндан 30,000 төгрөг буюу нийт 4,790,000 төгрөгөөр үнэлж тайлбар гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Д шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эд хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлж 4 ханатай гэр 2,400,000 төгрөг, авдар 380,000 төгрөг, хувцасны шкав 700,000 төгрөг, гал тогооны шүүгээ 432,000 төгрөг, ор 480,000 төгрөг, хөлдөөгч 600,000 төгрөг, угаалгын машин 400,000 төгрөг, зуух 130,000 төгрөг, яндан 30,000 төгрөгөөр буюу нийт 5,552,000 төгрөгөөр үнэлж байх ба хариуцагчаас дээрх эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж байна. Талууд эд хөрөнгийн үнэлгээ дээр маргаагүй.
Нэхэмжлэгч Б.Д нь хүү Д.М-И бид хоёр өөрийн гэсэн орон гэргүй тул 4 ханатай гэр болон гэрийн тавилгыг бидэнд өгөх нь зүйтэй гэж дээрх хөрөнгийг шаардаж байх ба хариуцагчаас тус шаардлагыг эс зөвшөөрч байна.
Хариуцагч О.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа манай ээж бид хоёрын хамтын амьдралд зориулж 4 ханатай гэрийг авч өгсөн. Гэр болон гэрийн тавилгууд бүгд О.Н, Б.Д, Д.М-И нарт авч өгсөн буюу бидний дундынх гэж тайлбар гаргаж байх ба нэхэмжлэгчээс уг тайлбарыг хүлээн зөвшөөрч байна.
Мөн хамтын амьдралтай байх хугацаанд буюу 2019-2021 онд дээрх эд хөрөнгө бий болсон талаар талууд маргахгүй байна.
Иймд нэхэмжлэлд дурдсан 4 ханатай иж бүрэн тавилгатай гэр /авдар, хувцасны шкав, гал тогооны шүүгээ, ор, хөлдөөгч, угаалгын машин, зуух, яндан/ -ийг О.Н, Б.Д, хүү Д.М-И нарын дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамт амьдарч байсан 2 талын хүсэл зориг нь анхнаасаа гэр бүлийн харилцаа хамт амьдрах зорилго байсан гэж үзвэл энэ хүсэл зоригоо баталгаажуулаагүй буюу гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр амьдарч байсныг гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсонтой адилтган үзэх боломжтой. Энэ тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хооронд үүссэн эд хөрөнгийн маргааныг Иргэний хуулийн эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөх заалтын дагуу шүүх шийдвэрлэхээр Гэр бүлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан тул зохигчийн маргаж байгаа эд хөрөнгийн асуудал Иргэний хуулийн 108 дугаар зүйл, 487 дугаар зүйлд зааснаар зохицуулагдах хуулийн үндэслэлтэй байна.
Гэр бүлийн хамтын амьдралтай байх үед бий болсон дундын өмчөөс өөрт ногдох хэсгийг буюу үнийг гаргуулахаар нэхэмжлэгч тал шаардсан нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар шаардах эрх нь тодорхойлогдоно.
Мөн түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасан "Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ" гэсэн заалтад үндэслэн Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан "гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна" гэсэн заалтаар Д.М-И нь дундын өмчлөлөөс өөрт ногдох хэсгийг авах эрхтэй байх ба мөн Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 "эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаална" гэсэн заалт, Иргэний хуулийн 17.2 "7-гоос 14 хүртэлх насны этгээдийн хэлцлийг тэдгээрийн нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч /эцэг эх асран хамгаалагч/ хийнэ" гэсэн заалтаар насанд хүрээгүй Д.М-Иийн өмнөөс түүний хууль ёсны асран хамгаалагч болох Б.Д шаардах эрхтэй болно.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт зааснаар дундын өмч болох 4 ханатай иж бүрэн тавилгатай гэр /авдар, хувцасны шкав, гал тогооны шүүгээ, ор, хөлдөөгч, угаалгын машин, зуух, яндан/-ийг дундаа өмчлөх, эрх бүхий 3 хүнд адил хэмжээгээр хувааж салгах боломжгүй тул хариуцагч О.Нид үлдээж, харин эд хөрөнгийн үнийг тэнцүү хэмжээгээр хувааж нэг хүнд ногдох хэсгийг 1,850,666.66 төгрөгөөр тодорхойлон Б.Д, Д.М-И нарт ногдох хэсгийг О.Ноос гаргуулах нь зүйтэй байна.
Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал буюу Б.Д, Д.М-И нарт ногдох хэсэг / 1,850,666.66х2= 3,701,333.33/ болох 3,701,333.33 төгрөгийг хариуцагч О.Ноос гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар Б.Дгийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Ноос эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 4 ханатай иж бүрэн тавилгатай гэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 210,600 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн Х ж овогт Дгийн М-И /РД:**********/-ийн эцэг Ш овогт Огийн Н /РД:***********/ мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Х ж овогт Дгийн М-Ид сар бүр 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингээр тэтгэлэг тогтоож эцэг О.Ноор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар 4 ханатай иж бүрэн тавилгатай гэрийг хариуцагч О.Нийн эзэмшилд үлдээж, дундын хөрөнгөөс Б.Д, Д.М-И нарт ногдох хэсэг болох 3,701,333.33 төгрөгийг хариуцагч О.Ноос гаргуулж нэхэмжлэгч Б.Д олгосугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Б.Д үүрэг болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Дгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, тус хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Ноос улсын тэмдэгтийн хураамжид 210,600 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА