| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данжаадын Уранчимэг |
| Хэргийн индекс | 181/2017/03897/И |
| Дугаар | 181/ШШ2018/00823 |
| Огноо | 2018-04-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 181/ШШ2018/00823
| 2018 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 181/ШШ2018/00823 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч:
хариуцагч:
тохиролцсон 9 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэргийг тус шүүх хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.
Хариуцагч тал хурлын товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.
ТОДОРХОЙЛОХ нь:
М.Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа: Миний бие 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Сансар хотхоны 6 дугаар байрны 4 тоот Ү-2204010816 гэрчилгээний дугаартай 1 өрөө байртай байсан. и.х-тай гэрээ хийж, дахин төлөвлөлтөөр шинэ байртай болно гэж тохирч гэрээ байгуулаад тус компани байрыг нурааж, газрыг чөлөөлсөн. 2015 онд шинэ байртай болно гэсэн боловч өнөөг хүртэл байр баригдаагүй 4 жил болж байна. Энэ хугацаанд байр баригдах хүртэл сар бүр 500,000 төгрөг өгөхөөр тохирсон. Эхний 1 жил 5 сарын хугацаанд өгч байгаад түүнээс хойш өгөхөө больсон. 36 сарын 18,000,000 төгрөг өгөх ёстойгоор 9,000,000 сая төгрөг өгсөн. Үлдсэн 9,000,000 төгрөгийг өгөөгүй байгаа. Иймд хариуцагч и.х-иас 9,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч хурлын товыг мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй байна. Тиймээс эзгүйд нь шийдэж өгнө үү гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Б.А тохиролцсоны дагуу 9 000 000 төгрөг гаргуулахаар шаардсанаа бүрэн дэмжин оролцлоо.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэхээр 2017 оны 12 сарын 13-ны өдрөөс 2018 оны 2 сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд удаа дараа мэдэгдэх хуудас хүргэн дуудсан боловч хүрэлцэн ирээгүй тул 2018 оны 2 сарын 14-ний өдөр албадан ирүүлэхээр захирамжилсан.
и.х-ийн гүйцэтгэх захирал Д.Бадрах 2018 оны 2 сарын 28-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирж холбогдох нэхэмжлэлийг гардан авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38, 67.1.4., 72.2., 72.3., 76.2., 77.8., 86.2., 100.3., 100.4., 119.4-119.6 дах зүйл, хэсэг, заалтад заасан хариуцагчийн эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэгтэй биечлэн танилцсан ба 2018 оны 3 сарын 1-ний өдөр 2018 оны 3 сарын 14-ний өдөр шүүх хуралдаан товлон мэдэгдсэн, хариуцагч 2018 оны 3 сарын 13-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, төлөөлөгч 2018 оны 3 сарын 13-ны өдөр эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг хэргийн баримттай танилцсан, 2018 оны 3 сарын 14-ний өдөр шүүхэд хүрэлцэн ирж, хэргийн баримттай дахин танилцсан ба нотлох баримт хэрэгтэй танилцах хүсэлт гаргасныг ханган хойшлуулсан, дахин 2018 оны 3 сарын 21-ний өдөр 14 цагт шүүх хуралдаан товлогдсон тов хүлээн авсан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн өдрийн хуралдаанд өвчтэй талаар баримт хүсэлт ирүүлснээр мөн 2018 оны 3 сарын 30-ны өдөр товлон хойшлуулсан, 2018 оны 3 сарын 30-ны өдөр товлосон хуралдаанд хариуцагч тал өмгөөлөгч авах хүсэлт гаргаснаар боломж олгон 2018 оны 4 сарын 11-ний өдөр 15 цагт товлон хойшлуулсан, энэ өдрийн хуралдаанд хариуцагч ямар нэг шалтгаангүй хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирэх тухай сануулж мэдэгдэхээр шүүхэд өгсөн түүний гар утсанд нь холбогдоход дуудлага хүлээж авахгүй байсан болно. Дээрх ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон Монгол шуудан компанийн шуудан хүргэлтийн баримт, шүүхийн мэдэгдэх хуудас, шүүхийн ажилтны тэмдэглэл баримтуудаар нотлогдоно.
Хариуцагч нэхэмжлэл гардан авснаас хойш шүүхээс хүртэл тогтоосон хугацаанд болон 2018 оны 4 сарын 11-ний өдөр шүүх хуралдаан товлон хуралдах хүртэл хугацаанд нэхэмжлэлд тайлбар өгөөгүй, үгүйсгэх буюу татгалзлаа нотлох баримтын хамт гаргаж өгөөгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хариуцагч тал өмнөх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ хэлэлцүүлэхдээ хүлээн авсан боловч шүүх хуралдаанд ямар нэгэн шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3. дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хариуцагч тал хариу тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч одоог хүртэл хариу тайлбар, мэтгэлцээний үндэслэл болгож ямар нэг баримт ирүүлээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.гэж заасныг зөрчсөн буруутай.
Нэхэмжлэл гардуулахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38, 67.1.4., 72.2., 72.3., 76.2., 77.8., 86.2., 100.3., 100.4., 119.4-119.6 дах зүйл заалтуудад заасан үр дагаврыг нэг бүрчлэн тайлбарлаж өгсөн болох нь /хх 16-18 тал/ хариуцагч талын төлөөлөгчид эрх үүрэг тайлбарласан тухай баримтаар нотлогдож, харин хариуцагч тал өнгөрсөн хугацаанд хариу тайлбар, мэтгэлцэх баримтаа ирүүлэлгүй хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 76 дугаар зүйлийн 76.2. Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ гэж заасан үүргийг мөн биелүүлээгүй байгаа нь хуулийн 72.3.Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.гэж зохицуулснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож түүний эзгүйд шийдвэрлэх үндэслэл болно.
Нэхэмжлэгч М.Б.А нь ХЕГ-2013-06 багцын дугаар бүхий байршилд төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан 2081016 тоот регистертэй и.х-тай 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Гэр хороололын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 112 тоот хоёр талт гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгчээс нотариатаар гэрчлүүлэн ирүүлсэн гэрээний /хэргийн 4-5 тал/ хуулбараар нотлогдоно.
Гэрээний 2-ын 2.1.-д нэхэмжлэгч нь өөрийн Баянзүрх дүүргийн 4-р хороо Сансар хотхоны 6 дугаар байрны 4 тоот, улсын бүртгэлийн Ү-2204010816 дугаарт бүртгэгдсэн 000303156 дугаарын гэрчилгээ бүхий 1 өрөө орон сууцыг тохиролцсон үнэд тооцон шилжүүлэн өгөх, 2.2.1.-д зааснаар хариуцагч и.х нь, энэ байршилд баригдах төслийн орон сууцны 2-р блок 6 давхрын 64 тоот хаалга 2 өрөө 41,92 м.кв 83 001600 төгрөгийн үнэ тохирсон орон сууцыг 2015 оны 3-р улиралд барьж гүйцэтгэн ашиглалтад оруулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч 0,92 м.кв-ын үнэ 1 679 000 төгрөгийг хариуцагчид буцаан төлөх тус тус үүрэг хүлээсэн.
2.7-д газар, үл хөдлөх хөрөнгийг орон сууцаар тохиролцсон тохиолдолд түр суурьшуулах асуудлыг талууд тохиролцон, Их өргөөкомпаниас өгсөн мэдэгдлийн дагуу газар чөлөөлсөн өдрөөс эхлэн сарын 500 000 төгрөг жилд 6 сая төгрөгийг нөхөх олговор хэлбэрээр М.Б.Аийн ХААН банкны дансанд олгохоор тохиролцжээ.
Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч М.Б.А өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4-р хороо Сансар хотхоны 6 дугаар байрны 4 тоот нэг өрөө орон сууцаа 2014 оны 10-р сард чөлөөлж и.х-д хүлээлгэн өгсөн ба энэ гэрээний талаар талууд маргаж үгүйсгээгүй, талуудын хүсэл зориг зохих хэсэг нь хэрэгжсэн, гэрээний 2-ын 2.1, 2.2-т зааснаар хариуцагч нь орон сууцыг барьж гүйцэтгэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд тухайн үл хөдлөх эд хөрөнгөө үнэ тохирч урьдчилан шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан хэлцлийн шинж, агуулга бүхий хуульд нийцсэн харилцаа байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.
Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, харин Их өргөөкомпани тохиролцсон үүргээ хэрэгжүүлээгүй нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1.-д зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, 350.1.6.захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Гэрээний 2.7-д газар, үл хөдлөх хөрөнгийг орон сууцаар тохиролцсон тохиолдолд түр суурьшуулах асуудлыг талууд тохиролцон, Их өргөөкомпаниас өгсөн мэдэгдлийн дагуу газар чөлөөлсөн өдрөөс эхлэн сарын 500 000 төгрөг жилд 6 сая төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр харилцан тохиролцсон ба хариуцагч нь нэхэмжлэгчид түр амьдрах орон сууц хөлслөх төлбөрт 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 6 000 000/зургаан сая/ төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 3 000 000/гурван сая/ төгрөг тус тус шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэгчийн ХААН,Төрийн банкны харилцах төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдоно.
Нэхэмжлэгчийн тайлбараар 2014 оны 10 сард байраа чөлөөлж өгснөөс хойш 2017 оны 10 сар хүртэл 36 сарын 18 000 000 төгрөг өгөхөөс үлдсэн 9 000 000/есөн сая/ төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан, хариуцагч маргаж үгүйсгээгүй, хуульд зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл бүрдсэн болно.
Үүргээ гүйцэтгэлгүй хугацаа хэтрүүлсэн, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан үндэслэлтэй эсэхээ нотлож мэтгэлцээгүй учир Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна ..., 352 дугаар зүйлийн 352.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй бол учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ. гэж заасан үндэслэлээр амьдарч байсан орон сууцаа чөлөөлж өгсөн, амьдрах зардал шаардлагатай нэхэмжлэгчид учирсан хохирлыг тохиролцсон дүнгээр тооцон гэрээ биелэгдээгүй хугацаагаар Их өргөөкомпани хариуцаж барагдуулах үүрэгтэй.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 9 000 000/ /есөн сая / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд нийцүүлэн талуудад хариуцуулсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4., 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч и.х-иас 9 000 000/есөн сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Б.Ат олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч М.Б.Аийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч и.х-иас улсын тэмдэгтийн хураамжид 158 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, хуралдаанд оролцоогүй зохигчид мөн хуулийн 119.5.-д зааснаар шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ