Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 131/ШШ2022/00032

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар  Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-р баг,******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Баянхонгор аймгийн  ******* сумын 1-р багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогтын т холбогдох Хөлсөөр ажиллах гэрээний үүрэг 14.650.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Ө., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Должинсүрэн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:   Миний бие Баянхонгор аймгийн тэтгэвэртээ 2019 онд гарч улсаас авсан тэтгэмжийн мөнгөөрөө мал худалдаж аван хүү Хадхүүгийнд нэг жил байлгаж байгаад хүү маань Дорнод нүүхээр болж өөрийн амьжиргааны эх үүсвэр болсон эм ямаа 147, ишиг 80, хонь 65, адуу 8 нийт 300 тооны толгой малаа 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Ө. түүний эхнэр нарт тоолж албан ёсоор хүлээлгэж гардуулан өгсөн. Хүү Хадхүүгээс дээрхи малыг 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тоолж авахад ,, Д.*******жигмэд болон нэр бүхий хүмүүс байсан. Намайг малаа тоолж хүлээлгэн өгөхөд манай малыг уг тоогоор ачиж ирсэн Богд сумын жолооч , гэх 2 жолооч байсан . Ө. бид хоёр ярилцаад Ө.т малыг хариулахдаа сарын 300.000 төгрөгний цалин өгөхөөр мөн малын өвс тэжээл, Ө.ын аймгийн төв орж ирэх буцах үед нь машины бензин түлшийг би өгч байхаар харилцан тохиролцсон. Ө. манай малыг тоо ёсоор хариулж байх үүргийг хүлээсэн тул би хэлсэн өөрийн үүргээ хэрэгжүүлэн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл явсан. Тухайн үед надад хүмүүс Ө. таны малыг зарж үрээд байна 2 адуутай байсан айл 20 гаруй адуутай болчихлоо малаа ирж үзээч гэж хэлсэн тул би цагаан сарын өмнө 2021 оны 2 дугаар сарын 8 нд малаа эргэхээр очсон. Намайг очиход миний хүлээлгэж өгсөн мал дутуу миний явуулсан өвс тэжээлийг манай малд өгөөгүй адууг маань өөрийн адуунаас ялгаад бутруу туусан байсан харин өөрийн адуугаа болохоор хашаан дотор тэжээгээд нэмнээд байлгаж байсан. Миний мал яагаад дутав яагаад явуулсан өвс тэжээлийг манай малд өгөхгүй өөрийн малаа тэжээгээд байгаа юм бэ би цалин хөлс өвс тэжээл бензин тосыг чинь өгч байхад гэхэд эхнэр Баяржаргал нь манай нөхөр Цагаан сар өнгөртөл малыг нь үхсэн гэж битгий хэлээрэй гэсэн тэгээд хэлээгүй юм гэж хэлсэн. Тэгвэл миний үхсэн мал хаана байна ээмэг, зүс үхсэн зэмийг нь харъя гэж хэлсэн гэтэл харуулаагүй нөхөр Ө. нь надад юм хэлэхгүй зугтаад уулзаагүй яваад өгсөн. Би тэр өвөл 20 ямаа л малнаасаа хүнсэнд авсан өөр мал аваагүй. Тэгээд би буцаж аймаг ороод гэрээ аваад тухайн үед ковид гараад оруулж гаргахгүй байсан тул аймгийн Онцгой байдлын газраас зөвшөөрөл авч аймгаас гэрээ ачиж тус сумын Уу булан бригадын Памбагын хаваржаа гэх газарт бууж малаа Ө.аас хүлээж авсан. Малаа хүлээж авахад 1 тооны адуу,  20 тооны хонь, 72 тооны борлон,  48 тооны эм ямаа нийт 141 тооны мал дутан үлдэгдэл 107 тооны мал хүлээж авсан. Мөн миний 120 тооны ямаа байсан бол нэг ямаанаас 300 грам ноолуур гарах байсан гэж шинжээч үнэлсэн тул 120 тооны ямааны 36 кг ноолуур гарах байсан тул тухайн үеийн ханшаар 1кг 120 000 төгрөг байсан тул нийт 4.320.000 төгрөгийг олох ёстой байсан миний ашиг байсан. Миний хувьд Ө.т 2020 оны 5 дугаар сараас 2021 оны 3 сар хүртэлх цалин гэх 10 сарын мөнгө 3.000.000 төгрөг Ө.ын эхнэр Б. Баяржаргалын данс болох 5238095770 дугаарын дансруу сар бүр шилжүүлсэн Малын өвс тэжээлд зориулан 3.000.000 төгрөгний өвс тэжээлийг Ө.ыг аймгийн төвд ирэхэд дагуулж яван авч өгдөг байсан. Миний хувьд Ө.т гомдолтой байгаа миний малыг үхсэн гэж хэлээгүй хүн итгээд цалин мөнгийг нь өгөөд малаа хүлээлгэн өгч байхад миний итгэлийг урвуулан ашиглаж миний малыг зарж үрэн ашиг орлого олсон өнөөдрийг хүртэл Ө. намайг уулзая гэхээр зугатаад ирдэггүй. Миний хувьд Цагдаагийн байгууллагад хандах гэхээр О.ыг ял шийтгэл авах гэж бодоод үр хүүхэдийг нь бодоод Цагдаад өгч чадаагүй. Иймд би өөрийн дутсан малаа Баянхонгор аймгийн Энх-нахиа ХХК-наар үнэлүүлэхэд  1 тооны адуу х 250 000= 250 000,  20 тооны хонь х 120 00= 2 400 000, 72 тооны борлон х 40 000= 2 880 000,  48 тооны эм ямаа х 100 000 = 4 800 000, 120 толгой ямааны ноолуурын үнэ 4 320 000 төгрөг нийт 14 650 000 төгрөгөөр Ц.******* миний мал, малаас олох байсан ноолуурыг үнэлсэн тул уг шинжээчийн үнэлгээг үндэслэн 141 тооны толгой малын шинжээчийн дүгнэлтээр үнэлэгдсэн үнэ 10 330 000 төгрөг 120 ямааны ноолуурын үнэ миний олох ёстой байсан ашиг 4320000 төгрөг нийт 14650000 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ. Нэхэмжлэгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч: Анх 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр би өөрийн эхнэрийн хамт Ө.ын гэрт очиж малаа харуулахаар ярилцсан. Ингээд 2020 оны 5 дугаар сарын 16, 17-ны өдөр өөрийн малаа Ө.т хүлээлгэж өгсөн. Малаа хүлээлгэж өгөхдөө би удаахгүй цагаан сарын дараа буцааж авна, миний хоёр дүү малыг минь сайн хараад өгөөрэй, ах нь цалин болон аймагт ирж очих бензин тосыг болон малынхаа тэжээл, өвсийг өгнө гэж аман гэрээ байгуулсан байдаг. Үүнээс хойш ковидын халдвар гарсан учир аймаг орон нутагт хөл хорио тогтоож малаа очиж харж чадахгүй байсаар цагаан сарын өмнө Ө.ынд ирж малаа хартал манай адууг ялгаад бут руу туусан, харин өөрийн адуугаа хашаан дотор тэжээгээд нэмнээд байлгаж байсан. Яагаад миний адууг ийм байдалтай байлгаж байгаа юм бэ, би өвс тэжээлийг нь өгч байгаа гэж хэлэхэд тэрээр хэвтээд, үхэхээс нь өмнө тэжээдэг юм, хамаагүй гэж хэлсэн байдаг. Тэр үедээ миний бог малыг тэжээж байгаа байх гэж бодоод 100 ширхэг малын хошуувч Ө.ын эхнэрт хүлээлгэж өгөөд явсан. Цагаан сар өнгөрөөгөөд хурдхан малаа авахгүй бол болохгүй юм байна гэж бодсон боловч ковид ханиад давхацсан учир малаа хурдан авч чадаагүй юм. Ингээд цагаан сар өнгөрч өөрийн Ө.аар харуулсан малаа авахдаа хүний малыг ийм царай зүстэй болгож, ингэж харна гэж бодоогүй, би адуу, малаа хараад өөрийн эрхгүй уйлж байсан. Би Ө.т цалин мөнгийг нь өгч байгаа тул түүнийг малыг минь сайн харж өгнө гэдэгт их итгэл хүлээлгэж байсан боловч миний малаас олныг дутаасан байсан. Ө. нь надад танай малаас тэд үхлээ гэж хэлж байгаагүй бөгөөд юу ч хэлэхгүй өвс тэжээлээ аваад явдаг байсан. Ингээд би үхсэн малынхаа сэг, зэмийг харъя гээд тэр хавьд амьдардаг хүмүүсээс гуйгаад бэлчээрээр нь түүж хартал гадуур үхсэн мал 6 ямаа, 3 хонь байсан. Ө.аас бусад үхсэн малынх нь сэг зэм хаана байна бэ гэхэд надад ямар нэг зүйл үзүүлээгүй. Миний хувьд түүнд өөрийн малыг тэжээлгэхээр хангалттай өвс тэжээл өгсөн, цалин мөнгөө ч мөн ярьж тохирсон ёсоор өгч байсан.

Тэрээр миний малыг харж байхдаа нэг ямааг айлд өгсөн байсныг нь би өөрөө айлаас нь очиж авч байсан тухайн айл нь тэмдэг хийгээд ноолуурыг нь авсан байсан. Мөн тэрээр сонгуулийн ажлаар ирсэн хүмүүст манай малыг гаргаж хоол хийж өгсөн талаар хүнээс сонссон. Ө. надаар хуйхлуулахаар авч ирсэн толгой шийр дотор манай малын хоёр толгой байсан гээд энэ мэтчилэн зүйлүүд болж байсан тул малыг минь зарж үрээд байгааг нь мэдсэн. Нэг удаа эхнэртэйгээр Ө.ынд очиж хоол хүнсэндээ зарцуулахаар 20 тооны ямаа аваад малаа тоолж үзэхэд 10 тооны ямаа дутсан яагаад дутсан талаар асуухад хадан дотор байгаа гэж хэлсэн тухайн үед хадан дотроос эрээд олохын даваа дээр ковидоос болоод аймгийн Онцгой байдлын газраас өглөөний 6 цаг гэхэд орох, гарах хөдөлгөөнийг хаана гэсэн тул эхнэр, Ө.ын хамт аймагт яаралтай ирээд түүнийг гэрүүгээ явахад нь өвс авч өгөөд явуулж байсан удаатай. Ө.ын эхнэр надад хандан чаддаг юм бол хууль, шүүхээр яваад юм олж долоогоорой, чам шиг хөнхөрцөг явж чадахгүй харж байгаарай гэж хэлж басамжилсан. Миний амжиргааны хэдэн малыг дуусгачхаад юу ч болоогүй мэт байгаа энэ хүмүүсийг хууль, шүүхийн байгууллага анхаарч үзээсэй гэж хүсэж өөрийн хохирлоо нэхэмжилж нэхэмжлэл гаргасан. Миний хүнсэндээ хэрэглэсэн 20 ямаа, 3 хонь, үхэж үрэгдсэн 20 тооны ямаа, бэлчээрээр үрэгдсэн байсан нь 3 хонь, 6 ямаа, 1 адууг тооцоонд оруулаагүй. Ө. түүний эхнэр нь үхсэн малын сэгийг үзүүлж харуулж байгаагүй. Ноднин Ө.ын гэрийн ойролцоо мал идэх идэштэй байсан мөн би малд өгөх өвс тэжээлээ өгч байсан. Би өөрөө 107 тооны мал аваад 2 ямаа л үхүүлсэн байдаг. Үүнээс харахад миний бие өөрөө малаа малласан бол мал үхүүлэхгүй байсан юм байна гэж ойлгож байгаа

Ө. зуд болж байсан гэдгээр далимдуулж миний малыг ашигласан, түүний миний малыг тэжээж байсан гэдэг нь худлаа түүнд би малын 100 хошуувч өгсөн бөгөөд цагаан сарын дараа хошуувчаа асуухад тэрээр цагаан сар болох гээд шатаасан гэж хэлсэн мөн миний адууг яагаад тэжээхгүй байгаа талаар асуухад хэвтэрт ороод унахаар нь тэжээдэг гэж хэлсэн байдаг. Миний хувьд татгалзсаар байгаад 14.000.000 төгрөг рүү орж ирсэн. Гадуур үхсэн гэх малыг нэмээд байгаа юм. Би цагаан сараас хойш зун дуустал Ө.ын гэртэй ойролцоо байсан бөгөөд миний үхсэн малын сэг зэмийг үзүүлээд өгөөч гэж зөндөө хэлж ярьж очсон боловч өөрөө надаас зугтаадаг, эхнэр нь басамжилдаг байсан. Одоо хуулийн байгууллагын өмнө худлаа уучлалт гуйж байна ..Миний хувьд эвлэрэх боломжгүй..гэв.

Хариуцагч Ө. шүүхэд гаргасан тайлбартаа; Малын үнэ 10.330.000, ямааны ноолуурын үнэ 4.320.000 төгрөгийг өгөх боломжгүй бөгөөд үндэслэлгүй. Миний бие Хадхүүг Дорнод нүүх боллоо хоёр хөгшиний хэдэн малыг авч хоцроод таргалуулж онд оруулаад өгөөч гэж удаа дараа гуйсан тул зөвшөөрсөн бөгөөд мал өгөхөөр ирэх өдөр нь би айлд ямаа самнаж байсан. Гэтэл , Г.Ганаа нарын машинаар өмнө нь дурдсан тооны малыг ачиж ирээд манай гадаа буулгасан байсан. Тухайн үед би малыг нэг бүрчлэн тоолж аваагүй. Би орой айлаас ирэхэд танихгүй хүн малаа ачиж ирээд буулгалаа гээд явсан. Энэ өдөр 5 сарын 17-ны өдөр байсан. Үүнээс хойш 20 гаруй хоногийн дараа өмнө мал буулгалаа гэсэн хүн ирсэн нь ******* гэдэг хүн байсан. Би ******* гуайд танай малыг энэ хавийн хүмүүс хамуутай мал байна, энэ хавьд битгий буулга гээд байна гэж хэлсэн. Энэ малыг хамуутай гэдгийг надад байсан малчин *******банди, одоо манайхтай саахалт байгаа хэд хоногийн дараа ******* гуай тариа авчирч өгснийг бид өөрсдөө малд нь хийсэн. Энэ малыг тарьж байсан болон ишиг нь өвчний улмаас үхэж байсныг мэдэх хүмүүс Ч.Ганболдынх Дорнод аймагт байгаа. Мал авсан үеэс эхлэн 2021 оны 02 сарын дуустал сар бүр 300.000 төгрөгийг манайх авч байсан нь үнэн. Энэ айлыг малыг 2020 оны 05 сараас 2021 оны 02 сарыг дуустал хавар, зун, намар өвөл малласан бөгөөд хавар зун, намар ямар ч тэжээл аваагүй. Харин өвөл нь нэг бүр нь 25 кг ийн 25 шуудай хивэг, 2 шуудай хорголжин, 100 орчим боодол өгснөөр нь малыг нь тэжээсэн. Би ******* гуайд мал чинь туранхай таргалахгүй байна яах вэ гэхэд тэжээгээд онд оруулчих гээд байсан. Өөрөө хувьдаа 25 адуу, 5 үхэр, 50 хонь, 190 ямаа 2020 оны 12 сард тоолуулж байсан тооллогын цоохор нь надад байгаа. Иймд би энэ айлыг зарж ашиг орлого олсон юм байхгүй. Харин Харин ******* гуай гүтгэж байна. Миний хувьд малаас 5 адуу, үхэр 2, хонь 12, ямаа 73 нь өвс тэжээлийн дутагдалд орж үхсэн..гэжээ.

Хариуцагч Ө. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Ц.*******гийн хүү нь 2017 онд манай нутагт ирээд буух газаргүй гэхэд миний бие намаржаа дээрээ буулгаж байсан. Миний хувьд Ц.*******гийн хүүтэй нь мэндийн зөрүүтэй явдаг хүмүүс юм. Ц.*******гийн хүү нь хоёр хөгшний хэдэн малыг харуулъя гэсэн байдаг. Тухайн үед малаа ачиж ирэх явцдаа 1 унагатай гүүгээ сонин болгоод тэр нь үхсэн. 2020 онд зуд болоод их хэцүү байсан бөгөөд миний бие 100 гаран тооны малтай байсан зуднаар алдаж 100 хүрэхгүй малтай үлдсэн байдаг. Ц.*******гийн авч өгсөн өвсийг өөрийнх нь малд тавьж өгдөг байсан гэдгийг гэрчлэх хүмүүс олон байгаа. Намайг чөдрийн хоёр адуутай байсан, Ц.*******гаас хулгай хийгээд 20 адуудтай болсон талаар ярьсан байдаг. Энэ зүйл нь худлаа миний 2019, 2020 оны малын тооны баримт байгаа. Миний бие Ц.*******гийн малыг зарж үрсэн зүйл байхгүй. Надаар харуулахаар өгсөн мал нь ерөнхийдөө туранхай мал байсан. Би үхсэн малын арьс, ширийг нь яах бэ гэхээр өвс тэжээл авчих гэдэг байсан. Үхсэн малыг аймгийн төв рүү 2-3 хүнтэй ачиж ирээд буулгаж байсан. Мөн одоо ******* ахын мал байгаа айлын хүүхэдтэй нь манай эхнэр цуг арьсыг нь хуулаад нэг арьсыг нь өгч байсан, ингэж арьс авсан 2-3 хүн байгаа. Тухайн үед нэг шөнөдөө 10 гаран мал үхдэг байсан. Манай тэнд тийм өвс юу ч байгаагүй, тэр хавийн 2, 3 айл малгүй болсон.. гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Ө. нарын иргэний үнэмлэхний хуулбар, 5246228929 дугаартай Даваасүрэнгийн Нарантуяагийн ХААН банкны дансны мэдээлэл, Энх нахиа ХХК-ийн 79/2021 дугаартай Эд хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлан, зөвшөөрөл, Баянхонгор аймгийн Богд сумын 1 дүгээр багийн засаг даргын 2020 оны 10 сарын 14-ний өдрийн 31 дугаар албан бичиг зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

YHДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь Ө.т холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэг 14.650.000 төгрөг гаргуулахыг хүсэн шаардсаныг хариуцагч Ө. нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаан үүсгэжээ. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ө.тай амаар тохиролцож 2020 оны 05 сарын 17-ны өдөр өөрийн 300 тооны мал буюу 147 ямаа, 80 ишиг, 65 хонь, 8 адууг тус тус 1 сарын 300.000 төгрөгийн хөлстэйгээр маллуулахаар хүлээлгэн өгснийг хариуцагч нь 2021 оны 02 сарын 23-ны өдөр 107 тооны мал хүлээлгэн өгч, 1 тооны адуу, 20 тооны хонь, 72 тооны борлон, 48 тооны эм ямаа зэрэг нийт 141 тооны мал үрэгдүүлсэн тул дээрх малын үнэ 10.330.000, 120 тооны ямааны ноолуур буюу олох байсан ашиг 4.320.000 төгрөг нийт 14.650.000 төгрөгийг гаргуулна.. гэжээ. Улмаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор 5246228929 дугаартай Даваасүрэнгийн Нарантуяагийн ХААН банкны дансны мэдээлэл, Энх нахиа ХХК-ийн 79/2021 дугаартай Эд хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлан, зөвшөөрөл, Баянхонгор аймгийн Богд сумын 1 дүгээр багийн засаг даргын 2020 оны 10 сарын 14-ний өдрийн 31 дугаар албан бичиг зэргийг нотлох баримтын шаардлага хангуулан, гаргаж ирүүлсэн байна. Үйл баримтаар зохигчдын хооронд 2020 оны 05 сарын 27-ны өдөр мал маллах буюу хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээнээс үүссэн маргаан бий болсноор үүрэг гүйцэтгүүлэгч нь хугацаанаас өмнө буюу 2021 оны 02 сарын 23-ны өдөр нэг талын санаачилгаар гэрээнээс татгалзсан байна. Иргэний хуулийн 227.1Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй..гэсэн бол 227.3Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно..гэжээ. Иймд нэхэмжлэгч нь хохирол төлбөрөө хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна. Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчдын шүүх хурал дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан хуулийн зохицуулалт, шаардлагыг зохигчдын дунд хийгдсэн хэлцэл, тохиролцоо хангаж байгаа эсэхийг шалгахад:

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасан гэрээ байгуулсанд тооцох буюу гэрээ байгуулах хэлбэр, харилцан гэрээ байгуулах санал гаргаж, хүлээн авсан байдал, зөвшөөрлөө илэрхийлж ажил үйлчилгээг гүйцэтгэж байсан, төлбөрөө төлж байсан зэргээс дүгнэн зохигчид нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээг хэлбэр агуулгын хүлээн зөвшөөрч харилцан байгуулсан, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна. Хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, дутагдсан мал нь өвчнөөр болон өвс тэжээлийн дутагдлаар үхсэн тул төлбөрийг хариуцахгүй гэжээ. Хариуцагчийн татгалзлалыг шалгахад нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нотлох баримтууд, тайлбараар няцаагдаж байна. Тухайлбал: Зохигчид нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа 2020 оны 05 сарын 17-ны өдөр хөлсөөр ажиллуулагч буюу нэхэмжлэгч нь хөлсөөр ажиллагч буюу хариуцагчид 300 тооны толгой мал хүлээгэн өгсөн, авсан тухайгаа харилцан хүлээн зөвшөөрсөн, тооны болон малын нэр төрөл, нас, зүс дээр маргаагүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2020 оны 05 сараас 2021 оны 03 сар хүртэл хөлсөөр ажиллах гэрээний хөлс нэг сарын 300.000 төгрөгийг хариуцагч Ө.ын эхнэр Б.Баянжаргалын ХААН банкин дахь 5238095770 дугаарын харилцах дансанд шилжүүлж байсан болох нь Д.Нарантуяагийн 5246228929 дугаарын харилцах дансны мэдээллээр нотлогдсон, үүрэг гүйцэтгүүлэгч нь гэрээний үүргээ биелүүлж байсан, энэ тухай хариуцагч маргаагүй байна. Нөгөө талаар хариуцагч нь нийт нэхэмжлэлийн шаардлага болох 141 тооны толгой малыг үхэж үрэгдсэн гэх боловч нэхэмжлэгч нь нүд үзэн тоолж, малын сэг зэмийг үндэслэн 26 ямаа, 3 хонь, 1 адуу нийт 30 тооны малыг цаг, улирлын нөхцөл байдлаас шалтгаалж үхсэн, 20 ямаа, 2 хонийг өөрийн хүнсэнд хэрэглэсэн, нийт 52 тооны малыг нэхэмжлэлийн шаардлагад оруулан тооцоогүй болохоо илэрхийлжээ. Эндээс үзвэл цаг, улирлын нөхцөл байдлаас шалтгаалж тодорхой тооны мал үхэж үрэгдсэн болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байна. Харин хариуцагч нь дээрх 141 тооны малыг цаг, улирлын болон өвчний учир үхэж үрэгдсэн гэж байгаа бол малын арьс, шир, им, ямар шалтгаанаар үхсэн талаархи эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт зэргийг шүүхэд гаргаж ирүүлээгүй, тухай бүх нэхэмжлэгчид танилцуулж, малын тоо толгойноос хасуулж, тооцоо нийлж байгаагүй зэргээр татгалзлалаа нотлоогүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг нэг хэсэг болох 120 тооны ямааны ноолуурын үнэ 4.320.000 төгрөгийн шаардлага нь үндэслэл бүхий байх бөгөөд Энх-Нахиа ХХК-ийн үнэлгээчний 79/2021 дугаар дүгнэлтээр 1 ямаанаас гарах ноолуурын хамгийн доод хэмжээ буюу 300 гр аар тооцон нийт 36 кг ноолуур гэж тоооцон кг тутмыг 120.000 төгрөг, нийт 4.320.000 төгрөг байхаар гаргасан нь үндэслэл бүхий байна гэж үзэв. Иймд хариуцагч Ө.аас хөлсөөр ажиллах гэрээний үүрэг 14.650.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгож шийдвэрлэлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ц.*******гийн 244.700 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ө.аас улсын тэмдэгтийн хураамж 244.700 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хөлсөөр ажиллах гэрээний үүрэг 14.650.000 төгрөгийг хариуцагч Ө.аас гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******д олгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ц.*******гийн төлсөн 244.700 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ө.аас улсын тэмдэгтийн хураамж 244.700 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Ч.БАЯРЦЭНГЭЛ