| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадарчын Сайханцэцэг |
| Хэргийн индекс | 182/2018/01042/И |
| Дугаар | 182/ШШ2018/02072 |
| Огноо | 2018-10-18 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 182/ШШ2018/02072
| 2018 оны 10 сарын 18 өдөр | Дугаар 182/ШШ2018/02072 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сайханцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* /РД:УУ65081619/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч М.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.З хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст үйлчлэгчээр ажилд орж 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс жирэмсэн ий болон хүүхэд асрах чөлөөтэй байгаад 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр буцаж ажилдаа орсон.
Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/030 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хариуцсан ажил үүргээ хангалтгүй хийж байгаа гэж ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул намайг *******, нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний тасгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхзаяа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ******* нь тус хэлтэст 2011 оноос хойш үйлчлэгчээр ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа цэвэрлэгээ үйлчилгээний ажлаа байнга хангалтгүй биелүүлдэг бөгөөд удаа дараа удирдлага болон ажилчдаас шаардлага тавьдаг ч ахиц дэвшил гараагүй.
Нэхэмжлэгчтэй байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 1.2-т үйлчлэгчийн ажлын чиг үүргийг тодорхой заасан ба үүнд байгууллагын ажил эхлэхээс өмнө байцаагч ажилтнуудын өрөө тасалгааг цэвэрлэж бэлэн байх, их цэвэрлэгээг тодорхой хугацаанд хийж байх, ажлын ая тухтай орчинг бүрдүүлэх, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэж ажиллах ёстой.
Гэтэл ажилчдаас цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй байгаа тухай удаа дараа санал гомдол амаар болон бичгээр ирсний дагуу *******т 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг хүрүгүүлэн улмаар 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/030 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн болно.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар талуудын тайлбар түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан харьяалал зөрчөөгүй байна.
Мөн нэхэмжлэгч ******* нь ажлаас буруу халсан тухай гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч *******ийг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн /цаашид байгууллага гэх/ үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж дараах байдлаар шийдвэрлэв.
Хариуцагч *******, нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/030 тоот даргын тушаалаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрмийн 4 дэх хэсгийн 4.1.11, хэлтсийн Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.4-т заасныг тус тус үндэслэжээ.
Хариуцагч байгууллагаас үйлчлэгч ******* нь үйлчлэгчийн ажлын ур чадвар муу, гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй болсон тул ажлаас халсан, ажлаас чөлөөлсөн тушаалд захиргаа санаачлагаараа халсан заалтыг техникийн алдаа гарган ажилтан өөрийн санаачлагаар халсан гэж буруу бичсэн гэсэн тайлбар гаргаж түүнийг ажлаас халсан шалтгаан хуулийн заалт үндэслэл бүхий гэж маргасан.
Ажил олгогч байгууллага үйлчлэгч *******ийг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж үйлчилгээний ажилтанг мэргэжил ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй болсныг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй үндэслэлээр, мөн ажилтан өөрөө хүсээгүй байхад түүний хүсэлтийг үндэслэн ажлаас халсан хуулийн заалтыг баримталсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн заалт түүний ажлаас халж байгаа шалтгаан үндэслэлтэй нийцэхгүй байгаа бөгөөд техникийн алдаа гаргасан гэсэн тайлбар үндэслэл бүхий байж чадахгүй тул тус байгууллагын хэлтсийн даргын тушаал хуульд нийцээгүй гэж дүгнэлээ.
Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар сахилгын шийтгэлийг тухайн ажилтны харьяалах тасгийн даргын санал, хэлтсийн даргын Зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэн хэлтсийн даргын тушаалаар ногдуулна. Уг шийдвэрийг харьяалах тасгийн даргад мэдэгдэж, тушаалыг хувийн хэрэгт хавсаргана, 11 дүгээр зүйлийн 11.5-д сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй бөгөөд зөрчлийн хүнд, хөнгөнд тохируулж ногдуулна гэж заасан байна.
2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч нэхэмжлэгчийг ажил мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх мэдэгдэл хүргүүлсэн нь сахилгын зөрчилд хариуцлага тооцсон баримт гэж үзэхгүй.
Мөн 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдөр хэлтсийн даргад үйлчлэгч *******ийг цэвэрлэгээг хангалтгүй хийдэг талаар 204 тоот өрөөний байцаагчид, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 203 тоот өрөөний хяналт шалгалтын байцаагч нараас гомдол гаргасан байна.
Уг гомдлын дагуу хариуцагч байгууллага 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр үйлчлэгч *******т үүрэгт ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг хүргүүлжээ.
Шүүх хуралдаанд гэрч Э.Ариунаа, Д.Эрдэнэцэцэг нар ...үйлчлэгч ******* цэвэрлэгээг хангалтгүй хийдэг байсан... талаар мэдүүлсэн боловч энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ...ажил мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй... гэж үйлчлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болохгүй.
Мөн хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.17 дугаар зүйлд 11 зөрчлийг ноцтой зөрчилд хамруулахаар нэрлэн заасан боловч ажилтан *******тэй 2016 оны 06 дугаар сарын 03 ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлийн талаар тохиролцсон заалт үгүй байна. Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар хэсэгт дурдсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гэж тодорхойлоогүй байгаа нь хөдөлмөрийн гэрээг байгууллага санаачлагаараа цуцалсан нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байна.
Иймд нэхэмжлэгч *******ийг Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний тасгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоов.
Нэхэмжлэгч *******ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 3,523,555 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Цалинтай тэнцэх нөхөх олговорыг гаргуулахдаа Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалд зааснаар сарын дундаж цалинг нэхэмжлэгч *******ийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр тооцоход 1,528,695 төгрөг байх бөгөөд нэг өдрийн цалин 23,811 төгрөг байна.
Хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан 184 хоногийн цалинтай тэнцэх нөхөх олговор 4,381,224 төгрөг байгаа боловч нэхэмжлэгчийн шаардсан 3,523,555 төгрөгийг хангаж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.
Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 915 тоот итгэмжлэлээр хариуцагч *******, нийгмийн даатгалын хэлтэс төлөөлүүлэх эрхээ Ж.Мөнхзаяад олгосон нь хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******, нийгмийн даатгалын хэлтсээс 141,527 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар *******ийг *******, нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний тасгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар *******, нийгмийн даатгалын хэлтсээс 3,523,555 төгрөгийг гаруулж *******т олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар *******ийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг *******,******* үүрэг болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар Г.Маргад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, *******, нийгмийн даатгалын хэлтсээс 141,527 төгрөгийг гаргуулж Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 2611199691 тоот дансанд оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.САЙХАНЦЭЦЭГ