Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 354

 

 “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02769 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч  “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Б.Ж” ХХК-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 28 130 484 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, түүний өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн өмгөөлөгч Э.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК нь “Б.Ж” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 03/16 дугаартай түрээсийн гэрээ байгуулж, “Х” ХХК-ийн барилгын В1 давхарт /8 тоот/ 22 метр квадрат талбайг 3 жилийн хугацаатай түрээслүүлж, түрээсийн төлбөрийг 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн төлөхөөр түрээсийн гэрээ байгуулсан болно. Түрээсийн гэрээнд зааснаар 2018 оны 1-12 дугаар сар, 2019 оны 1-3 дугаар саруудад сарын түрээсийн төлбөр 8.800.000 төгрөг /НӨАТ орсон/ байхаар заасан. Талууд 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр дээр дурьдсан 03/16 дугаартай Түрээсийн гэрээнд хамаарах Нэмэлт хөнгөлөлтийн гэрээ байгуулж, “Б.Ж” ХХК-д 2018 оныг дуустал түрээсийн төлбөрийн хөнгөлөлтийг тодорхой нөхцөлтэйгөөр олгосон. Талбайн болон менежментийн төлбөрт 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 31-ийг хүртэл нийт 6.160.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэл нийт 6.600.000 төгрөг байхаар тогтоон үндсэн гэрээгээр тохирсон. “Б.Ж” ХХК нь 2018 онд нэг ч удаа түрээсийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлж байгаагүй. Иймд “Х” ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 877/18 тоот албан бичгээр нэмэлт хөнгөлөлтийн гэрээний холбогдох заалтын дагуу хөнгөлөлтийг цуцалж байгааг мэдэгдэж, 2018 оны 1-8 дугаар саруудын түрээсийн төлбөрийн зөрүүг нэхэмжилсэн. “Б.Ж” ХХК нь хөнгөлөлт цуцлагдсаны улмаас бий болсон түрээсийн төлбөрийн зөрүүг төлөхгүй гэдгээ хэд хэдэн удаагийн албан бичгээрээ мэдэгдсэн бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 19-ний 15/18 тоот албан бичгээрээ гэрээг цуцалж, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр талбай хүлээлцэх хүсэлтээ ирүүлсэн. 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгож түрээсийн болон цахилгаан, ус, хоцролтын төлбөр нийт 35.523.405.51 төгрөгийг “Б.Ж” ХХК нь “Х” ХХК-д төлөх талаарх Тооцооны үлдэгдэлийн баталгаа болон хариуцагчийн дэлгэрэнгүй тайланд тус компанийн захирал Х.Б 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гарын үсгээ зурсан. Хөнгөлөлтийн гэрээ цуцалсны улмаас 2018 оны 1-8 дугаар сард Үндсэн гэрээгээр тогтоосон түрээсийн төлбөр болон хөнгөлөлттэй төлж байсан дүнгийн зөрүү 20.638.400 төгрөг, 2018 оны 1-6 дугаар сард 15.840.000 төгрөг,  2018 оны 7, 8 дугаар сар 4.798.400 төгрөг, дээр дурдсан төлбөрт бодсон алданги 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 30 /20.638.400*25 хоног*0.5=2.579.800/, 9 дүгээр сарын түрээсийн төлбөр 8.800.000 төгрөг, 9 дүгээр сарын түрээсийн алданги 1.320.000 төгрөг, 2018 оны 8, 9 дүгээр сарын цахилгааны төлбөр 929.982,82 төгрөг, 2018 оны 8, 9 дүгээр сарын усны төлбөр 763.314,50 төгрөг, хоцролтын төлбөр 180.000 төгрөг, талбайн засвар 518 987.36 төгрөг, нийт дүн 35.730.484,68 төгрөг, үүнээс 2016 онд гэрээ байгуулах үед депозит 12 000 000 төгрөг байршуулснаас 2016 оны 8 дугаар сарын түрээсийн төлбөрт 4.400.000 төгрөг суутгуулсан Депозитын үлдэгдэл 7.600.000 төгрөгийг суутган хасч, нийт 28.130.484,68 төгрөгийг “Б.Ж” ХХК-иас гаргуулж, “Х” ХХК-д олгон уу гэжээ.

Хариуцагч “Б.Ж” ХХК-ийн төлөөлөгч Х.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь 2016 оны 3 дугаар сарын      14-ний өдөр №03/16 дугаартай “Түрээсийн гэрээ”-г “Х ХХК-тай байгуулсан Хүннү моллын В1 давхарын үйлчилгээний 22 метр квадрат талбайг “Турк” хоолны зориулалтаар 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд түрээслэн ашиглахаар харилцан тохиролцсон. Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг хангаагүй. “Б.Ж” ХХК-ийн захирал Х.Б-ийн нөхөр болох С.С нь “Х” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаа хариуцсан захиралаар ажиллаж байгаад нэхэмжлэгч байгууллагын хүсэлтээр 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр С.Санчирхүү нь ажлаасаа гарсан. Үүний дагуу “Хүннүмолл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Болормаагийн зүгээс тус төвийн 1 дүгээр давхарт Х.Б, С.С нарын хамтран ажилуулж байсан Турк хоолны газрыг Хүннү моллоос гаргах, цаашид үйл ажиллагааг нь явуулахгүй байх үүднээс хавчин гадуурхаж түрээсийн төлбөр тооцоог хугацаандаа төлөөгүй гэсэн үндэслэлээр төлбөрийг төлөх талаар хугацаатай мэдэгдэл ирүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчих болсон. “Х” ХХК-ийн зүгээс түрээслэгч нартай байгуулсан гэрээний дагуу ихэнхи түрээслэгч нар нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлдөггүй байхад зөвхөн манай компанийг төлдөггүй мэтээр нэхэмжлэл ирүүлсэн нь хууль бус байсан бөгөөд үүнийг түрээслэгч нар, Хүннү моллын захиргааны ажилчид бүгд мэдэж байгаа болно. Бидний хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний тусгай нөхцөлийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар: “...2016 оны 4-12 сар хүртэл хугацаанд түрээсийн төлбөр 4.000.000 төгрөг, 2017 оны 1-12 сар хүртэл хугацаанд 5.600.000 төгрөг, 2018 оны 1-12 дугаар сар хүртэл 8.000.000 төгрөг...” байхаар тус тус тохиролцсон бөгөөд манай компанийн зүгээс түрээсийн төлбөрийг гэрээний дагуу зохих ёсоор, шударгаар, хугацаанд нь бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлж ирсэн. “Х” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.Цэвээндарийн зүгээс 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр “...Түрээсийн талбай болон үнэ санал болгох тухай...” түрээсийн үнийн хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг тусгасан албан бичгийг ирүүлж хоёр тал уг бичгийн хүрээнд харилцан тохиролцон 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр “Нэмэлт хөнгөлөлтийн гэрээ”-г байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчинтэй байхаар тохирсон байсан. Гэтэл түрээслүүлэгч болох “Х” ХХК-ийн зүгээс дээр дурдсан зүйлээр шалтаглан “Түрээсийн гэрээ” болон “Нэмэлт хөнгөлтийн гэрээ” хүчин төгөлдөр байхад гэрээний үүргээ илтэд зөрчин 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “Түрээсийн төлбөр”-ийн зөрүү гэх /Хөнгөлөлтийн гэрээний дагуу 2018 оны 1-8 сар/-ын төлбөр 20 638 400 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөх талаар түрээслэгчид нэхэмжлэх ирүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Нэмэлт хөнгөлөлтийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу үйл ажиллагааны хөнгөлөлт эдлэх эрх цуцлагдах, хүчингүй болох талаар зохицуулсан бөгөөд нэмэлт хөнгөлтийн гэрээ хүчин төгөлдөр байхад түрээслэгч “Б.Ж” ХХК-ийн зүгээс үндсэн “Түрээсийн гэрээ”-г цуцлах талаар хүсэлт гаргаагүй тул нэмэлт хөнгөлөлтийн гэрээ 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Бидний зүгээс 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн түрээсийн үндсэн төлбөр болох 8.000.000 төгрөгөөр үргэлжлүүлэн түрээслэж гэрээний хугацаагаа дуусгах сонирхолтой байсан боловч эдэлсэн хугацааны төлбөрийг төлөх талаар удаа дараа мэдэгдэл ирүүлсээр байсан тул аргагүйн эрхэнд гэрээ цуцлагдсан. Нэмэлт хөнгөлөлтийн гэрээнд дээрх байдлаар заасны дагуу түрээслэгчийн зүгээс 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын   13-ны өдрийг хүртэл хугацаанд түрээсийн төлбөрийн хөнгөлөлт эдэлсэн 28.130.484.68 төгрөгийг буцаан төлөр үүрэггүй гэж үзэж байна. Харин түрээсийн гэрээ цуцлагдсантай холбогдуулан түрээслүүлэгч “Х” ХХК-ийн зүгээс түрээсийн төлбөрийг нэхэмжлээгүй бөгөөд түрээслэгч “Бүжинс жүли” ХХК нь түрээсийн гэрээний дагуу төлөх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 292 дугаар зүйлийн 292.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Б.Ж” ХХК-иас        5 529 496 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22.600.988 төгрөг 68  мөнгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298.602 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 103.422 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч хугацаа хожимдсон тухай бүр нь үндсэн үүрэг, алданги тооцож байгаагаа, үүрэг дуусгавар болоогүй талаар мэдэгдэж байсан бол нэмэлт хөнгөлөлтийн гэрээний дагуу түрээсийн зөрүү төлбөрийг шаардах эрхтэй гэж шүүх үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь хугацаа тогтоосон үүргийн хувьд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасны дагуу хуанлиар тооцоолон хугацаа хэтэрсэн эсэхийг тогтоодог бол Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.2-т хугацаа тогтоогоогүй нөхцөлд сануулах шаардлага тавигддаг. Гэтэл Манай тохиолдолд нэмэлт хөнгөлөлтийн гэрээний 2.2-д /хх-ийн 29 / "түрээсийн төлбөрийг сар бүрийн 01-ний өдөр төлнө" хэмээн үүрэг гүйцэтгэх хугацааг нарийн зохицуулж заасан. Нэмэлт хөнгөлөлтийн гэрээний 2.2-д "түрээсийн төлбөрийг сар бүрийн 1-ний өдөр төлнө" хэмээн үүрэг гүйцэтгэх хугацааг нарийн зохицуулж заасан. “Х” ХХК нэмэлт гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг “Б.Ж” ХХК-аас шаардаж байгаа нь гэрээний чөлөөт байдлыг зөрчсөн явдал болохгүй. Түрээсийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу Түрээслэгчийн мөрдөх журмын 5.3-д "...бүх нийтийн баяр ёслолын үеэр хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллах ба зөвхөн цагаан сарын шинийн 1, 2, 3-нд амарна" гэж тусгайлан зохицуулсан. Шүүхэд гаргаж өгсөн тухайн өдөр түрээслэгч байгууллагууд ажилласан тухай бүртгэл үүнийг нотолж байна. Гэтэл шүүх энэхүү талуудын хооронд байгуулсан гэрээ, холбогдох журмыг анхааралгүй "...баяраар хэрхэн ажиллах талаар зохицуулаагүй, гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцээгүй байна" гэсэн үндэслэлээр шүүх тус төлбөрийг хэрэгсэхгүй болгосон нь бодит байдалд нийцэхгүй байна. Талбайн засвар хийсэн төлбөр болох 518.987,36 төгрөгийг шүүх "...нэхэмжлэгч талбайн засварын төлбөрт 518.987 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч засвар хийсэнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй..." гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Иргэний хууль, талуудын байгуулсан түрээсийн гэрээний 6.8-д "Гэрээг цуцлах, дуусгавар болгох үед Түрээсийн төлөгдөөгүй төлбөр болон бусад төлбөрийг мөн түрээсийн талбайг анх хүлээлгэн өгөх / актаар / үеийн байдалд нь оруулж хүлээлгэн өгөх ба хэрэв анхны байдалд нь оруулаагүй тохиолдолд түүнийг анхны байдалд нь оруулахтай холбоотой гарах зардлыг тус тус барьцаанаас суутган авах..." (хх-ийн 14 хуудас), гэрээний 8.2-т "Энэхүү Гэрээний хугацаа дуусах, хугацаанаас өмнө цуцалсан үед түрээслэгч нь түрээсийн талбайг өөрийн зардлаар анх хүлээж авсан байдалд нь оруулж түрээслүүлэгчид хүлээлгэн өгнө." (хх-ийн 15 хуудас) зохицуулсны дагуу талбайг хүлээн авч дараах баримт бичгийг үйлдэн, хэрэгт хавсаргасан байдаг. “Х” ХХК нь эд хөрөнгийн бүртгэлийг хуульд ёсны дагуу хийж, тайлан тэнцэлдээ тусгадаг бөгөөд тус хөрөнгөөс ашиглах хугацаа хэтэрсэн эсхүл   ашиглах   боломжгүй   болсон   үндэслэлээр   хөрөнгийг  ашиглалтаас   хасаж,   бусад хөрөнгийг засварладаг. Гэтэл   шүүх  энэ   үйл  баримтыг анхаараагүй  засвар  хийсэн   нь нотлогдоогүй,   тогтоогдоогүй   шалтгаанаар   хэрэгсэхгүй   болгосныг   хулээн   зөвшөөрөх боломжгүй. Шүүхийн шийдвэрт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчид олгох дүн нь 2018 оны 8 дугаар сарын түрээсийн төлбөр болон алдангид 2.717.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын түрээсийн төлбөр болон алдангид 1.296.000 төгрөг, 2018 оны 8, 9 дүгээр сарын ус болон цахилгааны төлбөр 929.982 төгрөг болон 763.314 төгрөг гэж заасан. Эдгээрийн нийт дүн нь 5.706.296 төгрөг байхад 5.529.496 төгрөг гаргуулахаар зааж, 176.800 төгрөгийн зөрүүг нэхэмжлэгчид хохиролтойгоор тооцоолсныг нэг талыг хэт баримтлах хандлага гаргасан гэж үзэж байна. Түрээсийн үндсэн төлбөр ба хөнгөлөлтийн зөрүү, хоцролтын төлбөр, засварын зардлын хэмжээг 10 дугаар сарын 01-ний өдөр үйлдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаанд (XX 44 хуудас) тодорхой тусгасныг хариуцагч зөвшөөрч гарын үсэг зурсан. Хэрэгт хариуцагч компанийн захирлын нөхөр Санчирхүү өөрийн хүсэлтээр “Хүннүмолл” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаа хариуцсан захирлын ажлаас чөлөөлөгдсөнийг нотлох баримт хангалттай байгаа. Гэтэл шүүх хоорондын үл ойлголцол, хувийн харилцаа мэтээр тодорхойлсон нь ямар ч үндэслэлгүй болно. Ямар ч гэрээний талууд зөвшилцөлд хүрч чадахгүйн улмаас шүүхэд ханддаг. Дээр дурдсан үндэслэлүүдээр Хан-Уул дүүргийн Анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02769 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар түрээсийн үндсэн төлбөр болон хөнгөлөлтийн зөрүү төлбөр, алданги, хоцролтын төлбөр, талбайн засварын төлбөр буюу 22.600.988,68 төгрөгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосныг өөрчилж, нэхэмжилсэн дүнгээр нэхэмжлэгчийн шаардлагыг хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Б.Ж” ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр, алданги, засварын зардал зэрэг 28 130 484.68 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 03/16 дугаартай түрээсийн гэрээ байгуулагдаж,  уг гэрээ, гэрээний тусгай нөхцөлд зааснаар түрээслүүлэгч “Х” ХХК нь “Х”  барилгын  В1 давхарт 22 м2 талбайг гэрээнд заасан зориулалтаар түрээслэгч “Б.Ж” ХХК-ийн эзэмшил ашиглалтад 3 жилийн хугацаатай шилжүүлэх, түрээслэгч нь түрээсийн төлбөр 2016 оны 4-12 сар хүртэл               4 000 000 төгрөг, 2017 оны 1-12 сар хүртэл 5 600 000 төгрөг, 2018 оны 1-12 сар хүртэл       8 000 000 төгрөгийг /НӨАТ-ыг оролцуулаагүй төлбөр/ төлөхөөр тус тус тохиролцсон гэрээний агуулга, гэрээний хэрэгжилтээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хх-ийн 10-20/

 

Түрээсийн гэрээний зүйл нь Хан-Уул дүүрэг, 4 дүгээр  хороо, Яармаг Наадамчдын зам гудамж, 501 тоот хаягт байршилтай, Ү2206031739 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Худалдаа үйлчилгээний зориулалттай 46 000 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой нэг хэсэг болох 22 м2 талбай  байх тул  талуудын хооронд бичгээр хийгдсэн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй болохыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх-ийн 31/

 

Зохигчид түрээсийн үндсэн гэрээ 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр цуцлагдаж, гэрээ дуусгавар болсон үйл баримтын талаар маргаагүй байна. Харин нэхэмжлэгч нэмэлт хөнгөлөлтийн гэрээ цуцалсан нь үндэслэлтэй эсэх, түрээсийн төлбөрийн зөрүүг нэхэмжлэх эрхтэй эсэх, хариуцагч түрээсийн талбайн засварын төлбөр, хоцролтын төлбөр төлөх үүрэгтэй эсэх талаар маргажээ.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь  2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 877/18 тоот “нэмэлт хөнгөлөлтийн гэрээ цуцлах тухай” мэдэгдлээр  Түрээсийн нэмэлт хөнгөлөлтийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дах заалтыг зөрчсөн үндэслэлээр нэмэлт хөнгөлөлтийн гэрээг цуцлах, түрээсийн төлбөрийн зөрүүг төлөхийг түрээслэгчид  мэдэгдсэн нь Иргэний хуулийн холбогдох заалтад дараахь байдлаар нийцээгүй байна.  /хх-ийн 32/

 Талуудын хооронд хийгдсэн дээрх 03/16 дугаартай түрээсийн гэрээний тусгай нөхцөлд зааснаар түрээслэгч нь 2018 оны 1 дүгээр сараас 8 800 000 төгрөг /НӨАТ-тэй дүнгээр/ төлөх үүрэгтэй  байсан боловч 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр талууд “Нэмэлт хөнгөлөлтийн гэрээ”-г байгуулсан байх бөгөөд  уг гэрээгээр түрээслэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 30 хувийн буюу 2 400 000 төгрөгийн, 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 25 хувийн буюу 2 000 000 төгрөгийн талбайн болон менежментийн төлбөрт хөнгөлөлт эдлэхээр, гэрээний хугацаа 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчинтэй байхаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 29/

Нэмэлт хөнгөлөлтийн гэрээнд зааснаар түрээслэгч “Б.Ж” ХХК-аас 2018 оны 01 дүгээр сард 6 160 000 төгрөг төлөхөөс 2018 оны 01 дүгээр сарын 08-ны адар          4 400 000 төгрөг,  2018 оны 2 сард 6 160 000 төгрөг төлөхөөс 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 4 400 000 төгрөг тус тус төлж, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт хөнгөлөлтийн гэрээ хийгдсэнээр дутуу төлбөр 3 520 00 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төлжээ. /хх-ийн 46-47/ Түрээслэгчийн төлсөн төлбөрийн хэмжээний талаар зохигчид маргаагүй байна.

Дээрх нэмэлт хөнгөлөлтийн гэрээнд 2018 оны 01, 02 дугаар сарын түрээсийн төлбөрийн дутуу хэсэгт алданги тооцох эсэх талаар заагаагүй, түрээслэгч дутуу төлбөр     3 520 00 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төлснөөр түрээслүүлэгч өмнөх үүргийг төлөгдсөнд тооцсон байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5 дах хэсэгт “Өрийг тодорхой хэсгээр, үе шаттайгаар төлж байсан бол хамгийн сүүлийн хэсгийг хүлээн авсан тухай баримт бичигт өөрөөр заагаагүй бол өмнөх хэсгүүдийг бүрэн төлсөн гэж үзнэ” гэж зааснаар түрээслэгчийн 2018 оны 01, 02 дугаар сарын үүргийн зөрчил арилсан гэж үзэхээр байна.

Түрээслэгч “Б.Ж” ХХК нь 2018 оны 4, 5 дугаар сарын төлбөрийг  тус бүр 1 хоногоор, 6 сарын төлбөрийг 4 хоногоор, 7 сарын төлбөрийг 2-9 хоногоор  тус тус хэтрүүлж төлсөн байх боловч түрээсийн төлбөрийг гэрээний 2.1-д заасан хугацаанаас      5-аас дээш хоногоор хожимдуулсан тохиолдолд алданги тооцохоор тохиролцсон түрээсийн гэрээний 11.1 дэх заалттай харьцуулан үзэхэд дээрх зөрчлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар ялимгүй зөрчилд тооцох үндэслэлтэй.

Иймд  нэхэмжлэгч “Х” ХХК нь  нэмэлт хөнгөлөлтийн гэрээг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр цуцласан нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийн  зөрүү  20 638 400 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзсэн нь зөв болжээ.

Анхан шатны шүүх  Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 236.1 дэх хэсгийг буруу хэрэглэж хийсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар залруулан дүгнэж байна.

 

Харин шүүх төлөгдөөгүй түрээсийн төлбөрт алданги тооцохдоо хугацааг буруу тодорхойлсон, тооцооны алдаа гаргасан, нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн талбайн засварын төлбөр, хоцролтын төлбөр гаргуулах нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо нотлох баримтыг буруу үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Хариуцагч нь 2018 оны 8, 9 дүгээр сарын цахилгааны төлбөр 929 982 төгрөг, усны төлбөр 763 314 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй болохыг тогтоосон шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

  Талууд 2018  оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 03/16 дугаартай түрээсийн гэрээний 11.1-д “Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг 2.1-д заасан хугацаанаас 5-аас дээш хоногоор хожимдуулсан тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй түрээсийн төлбөрийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг түрээслүүлэгчид төлнө” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах хэсэгт нийцсэн тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй.

 Хариуцагч нь 2018 оны 8 сарын түрээсийн төлбөрт 8 800 000 төгрөг төлөхөөс         6 600 000 төгрөгийг төлсөн тул зөрүү 2 200 000 төгрөг төлөхөөс барьцаа 7 600 000 төгрөгөөс хасч тооцоход алданги тооцох үндэслэлгүй.

Барьцаа 5 400 000 төгрөг үлдэж байгаа ба 2018 оны 9 дүгээр сарын түрээсийн төлбөр 8 800 000 төгрөгөөс барьцааны төлбөр 5 400 000 төгрөгийг хасч тооцоход үлдэгдэл 3  400 000 төгрөг төлөгдөөгүй гэж үзэх ба  9 сарын алдангийг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 16-ныг хүртэл 40 хоногоор тооцоход алданги 680 000 төгрөг, түрээсийн төлбөр, алдангид нийт 4 080 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж  нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Хариуцагч тал 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөрийг хөнгөлөлттэйгээр тооцох, үүнээс хойш хөнгөлөлтгүйгээр тооцох талаар тайлбар гаргаж байсан /хх-ийн 190/ боловч тэр талаар болон анхан шатны шүүхийн түрээсийн төлбөр алданги 4 013 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдол гаргаагүй болно.

Нэхэмжлэгч талбайн засварын төлбөрт 518 987 төгрөгийг нэхэмжилж, засвар хийсэнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч төлбөрийн акт тогтоосон баримтыг үгүйсгэж чадаагүй, хариуцагч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 289 дүгээр зүйлийн 289.1.5, 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг буцааж өгөх үүрэгтэй тул засварын төлбөрт нэхэмжилсэн 518 987 төгрөгийн шаардлагыг шүүх хангах нь зүйтэй байна.

Мөн түрээсийн үндсэн гэрээний 1.4, 4.1.6, 4.1.7, 5.2.4, гэрээний тусгай нөхцөлийн 8.1-д тус тус зааснаар түрээслэгч нь “Хүннү молл” ХХК-ийн түрээслэгчийн мөрдөх журам, цагийн хуваарийг дагаж мөрдөх үүрэгтэй байх тул түрээслэгчийн мөрдөх журмын 5.3-т зааснаар 2018 оны Цагаан сарын Шинийн 4 өдөр бүтэн өдрөөр ажиллаагүй гэх үндэслэлээр хоцролтын төлбөрт 180 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна.

Түрээслэгчийн мөрдөх журмын 5.3-т “Хүннү молл худалдааны төв нь бүх нийтийн баяр ёслолын үеэр хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллах ба зөвхөн цагаан сарын шинийн 1, 2, 3-нд амарна” гэж заажээ.

  Анхан шатны шүүх “гэрээнд баярын өдрүүдэд хэрхэн ажиллах талаар зохицуулаагүй, цагаан сарын шинийн 4 өдөр ...ажиллах ёстой гэж шаардаж ...байгаа нь гэрээний чөлөөт байдлын зарчимтай нийцэхгүй” гэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчаас 6 472 283 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21 658 201 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч “Х” ХХК нь  нэмэлт хөнгөлөлтийн гэрээг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр цуцласан нь үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.2-т заасныг хэрэглээгүй гэсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

“Х” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаа хариуцсан захирал С.Санчирхүү талуудын хоорондын гэрээний харилцаанд нөлөөлсөн гэх байдал маргаагүй зүйл биш байхаас гадна “Б.Ж” ХХК-ийн захирал Х.Б-ийн гарын үсэг бүхий тооцооны үлдэгдлийн баталгааны /хх-ийн 44/ талаар хариуцагч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд маргаж байгаа тохиолдолд уг баримтын эрх зүйн үндэслэлийг шүүх хянах учиртай.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02769 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “5 529 496” гэснийг “6 472 283” гэж, “22 600 988” гэснийг “21 658 201” гэж, 2 дах заалтын “103 422 “гэснийг “118 506” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч  “Х” ХХК-ийн төлсөн 270 955 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ

                                         ШҮҮГЧИД                                       Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                Н.БАТЗОРИГ