Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 210

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга А.Болор,

Улсын яллагч Н.Мөнгөнсүх,

Хохирогч Т.Баярмаа,  

Шүүгдэгч З.Бямбадорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Гөрөөчин овогт Зоригт-Очирын Бямбадоржид холбогдох эрүүгийн 201725020822 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, яллагдагчийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд шилжүүлсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “АСКЭБА” ХХК-нд менежер ажилтай, ам бүл-3 эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 70 дугаар байрны 15 тоотод оршин суух хаягтай боловч одоо Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Буянт-Ухаа цогцолборын 1 дүгээр байрны 726-21 тоотод оршин суудаг, одоо, эрхэлсэн тодорхой ажилгүй, урд ял шийтгэлтгүй, Гөрөөчин овгийн Зоригт-Очирын Бямбадорж, РД:УЧ92103119,

 

 Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/

 

Шүүгдэгч З.Бямбадорж нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “We love Mongolia” төсөл санаачлан хэрэгжүүлж байна гэж хуурч мэхлэх аргаар иргэн Т.Баярмаагаас 8.000.000 төгрөг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.Бямбадорж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 11 дүгээр сард энэ ажлыг хийхээр болсон. Би Дөлгөөнийг байраа тавь гэж хэлж байгаагүй. Намайг ийм ажил хийх гэж байгаа гэж хэлэхэд Дөлгөөн чиний ажил болохоор юм байна. Надад мөнгө олох арга юу билээ гэж байгаад хоёулаа манай гэр рүү орж ааваас гуйгаад үзье, манайх хэдхэн төгрөгийн зээлтэй байгаа гэж хэлж байсан. Би ажлаа ямар ч эрсдэлгүй гэж тооцоолж байсан боловч миний виз гараагүй. Би ажлаа анх Солонгос, Япон хоёр улсад хийх бодолтой байсан. Яагаад гэвэл манай Монгол оюутнууд их байдаг болохоор ашиг олно гэж бодсон. Мөн тэнд байдаг найзууд маань надад санал тавьсан. Би өмнө нь бие дааж Монголд шоу хийж байсан, хийж байсан шоунууд маань амжилттай болж байсан. Миний санаа бол 12 дугаар сарын 31-ний өдөр хамтлаг дуучидтай, өвлийн өвгөн, цасан охидтой хамт шинэ оноо гаргах үйл ажиллагаа зохион байгуулах гэж байсан. Надад байсан мөнгө маань яагаад ч хүрэхгүй байсан. Тэгээд хүнээс мөнгө зээлэх хэрэгтэй гэж бодсон. Би ажлаа хийгээд, найдвартай мөнгөө буцаагаад өгчихнө гэж бодож байсан. Гэвч миний төлөвлөж байгаагаар болоогүй. Би хохирогчоос мөнгө авсан маань үнэн. Хятад улсын Бээжин хотод ажлаа зохион байгуулсан боловч нэг ч төгрөггүй буцаж ирсэн. Би барилгын ажил хийдэг боловч ажил маань улирлын чанартай байдаг…” гэв.

Шүүгдэгч З.Бямбадорж нь хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 12 сарын 31-нд Улаанбаатар, Токио, Бээжин, Сөүл хотуудад оршин суугаа Монголчуудыг техник технологийн дэвшлийг ашиглаж хүмүүсийг шинэ жилээ хамт тэмдэглэх үйл ажиллагааг зохион байгуулах ажил санаачилсан. Дээрх үйл ажиллагааг явуулахад нийтдээ 98.800.000 төгрөгний зардал гарна гэж үзсэн бөгөөд үүнээс олох нийт орлого нь 115.000.000 төгрөг гэж бодоод цэвэр ашиг нь 16.200.000 төгрөг гэж бодсон юм. Мөн дээр нь ивээн тэтгэгч байгууллагуудаас орж ирэх мөнгийг тооцоолбол нилээн ашигтай ажиллах юм байна гэж тооцоолсон юм. Тэгээд найз Дөлгөөнд энэ тухайгаа хэлэхэд дэмжээд Баярмаа гэх эмэгтэйтэй уулзуулсан юм. Ингээд Баярмаад зохион байгуулах гэж байгаа ажлаа танилцуулаад 8 сая төгрөгийг 1 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй зээлж авсан боловч төлөвлөсөн ажлаа хийж чадаагүй байсаар Баярмаад мөнгийг нь өгч чадаагүй юм. Япон, Солонгос, Хятад улсад оршин сууж байгаа Монголчуудаа 2016 оны 12 сарын 31-ны өдөр цуглуулж дээрх үйл ажилгааг зохион байгуулах байсан юм. Арга хэмжээ болж байхад би Солонгос улсад болж буй үйл ажиллагаанд оролцох төлөвлөгөөтэй байсан боловч явуулах гэж байсан үйл ажиллагаа ямар ч амжилтгүй болсон. Виз мэдүүлсэн боловч миний виз гараагүй юм. Мөн Япон улсад явах хүмүүсийн виз ч бүтээгүй юм. Би Баярмаагаас авсан мөнгийг дээрх үйл ажилгаагаа явуулахад зориулж бэлтгэл ажил болох Бээжин явах онгоцны билетийн мөнгө 3.021.800 төгрөг өгсөн мөн дуучид болох Энэрэл, Номин-эрдэнэ нарт 1.500.000 төгрөг өгсөн. Мөн фэйсбүүкээр реклам сурталчилгаа хийлгэх зэрэгт 1.000.000 төгрөг зарцуулсан. Ангууч нэрээр олонд танигдсан Баттөрд идэвхижүүлэлт хийлгэхэд 2.600.000 төгрөг өгсөн юм. Мөн тооцоолоогүй гарсан зардал болох хоол хүнсэнд дээрх мөнгө үрэгдээд дууссан. Надад залилж мэхэлсэн зүйл байхгүй энэ үйл ажилгаагаа болно гэж бодож байсан боловч бүтээгүй юм…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27, 30 дугаар хуудас/,

Хохирогч Т.Баярмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр би анх шүүгдэгчтэй танилцсан. Би шүүгдэгчээс ямар учиртай шоу юм бэ гэж асуухад их сайхан зүйл ярьж байсан. Би шоугаа 3 улсад зохион байгуулна мөн чиний мөнгийг ямар ч асуудалгүй өгнө гэж хэлж байсан. Анх надаас мөнгө авахдаа миний данс руу барилгын материалын хөлс гээд хийчих гэж байсан. Надад одоо болтол мөнгөнөөс маань нэг ч төгрөг төлж барагдуулаагүй байна. Би тэглээ гээд энэ хүн рүү дайрч давшилж, элдэв хэл амаар доромжилсон зүйл байхгүй. Харин ч шүүгдэгч надад би мөнгийг чинь өгчихнө, өгнө гээд уурладаг байсан. Би аргаа бараад шүүгдэгчийн ээж рүү нь залгаж хэлэхэд шүүх, цагдаагаараа явж мөнгөө ав гэж хэлж байсан. Шүүгдэгч хохирлыг маань төлж барагдуулах талаар санаа санаачлага гаргаж байгаагүй мөн нэг ч удаа өөрөө залгаж байгаагүй, санаа нь ч зовсон зүйл байдаггүй байсан. Би маш их гомдолтой байна...” гэв.

Хохирогч Т.Баярмаа нь хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “...2016 оны 11 сарын 30-ны өдөр манай найз Дөлгөөн Бямбадорж гэх хүнийг дагуулж ирээд “we are Mongolia” гэх төсөл байна үүнд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна гээд төсөлөө надад танилцуулаад мөнгө зээлээч өндөр хүүтэй 1 сарын хугацаатай авъя гэсэн юм. Тэгээд би машин авахаар хадгалж байсан 8 сая төгрөгөө Бямбадоржид өгсөн. Сарын дараа утсаар Бямбадорж руу залгахад дахиад нэг сар сунгаад өгөөч гэсэн би сунгаж чадахгүй нь миний мөнгийг өг гэхэд өгөөгүй тэгээд төлнө гэсээр өдийг хүрсэн юм. Утсаар залгахаар огт хариу өгөхгүй тэгсэн мөртлөө надад мессежээр чи намайг дарамтлаад байна гэж мессэж бичээд байдаг юм. Бямбадорж надад хэлэхдээ Хятад, Япон, Солонгос улсад оршин сууж байгаа Монгол иргэд нэгэн зэрэг Шинэ жилийг хамтдаа угтах арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа гэж ярьж байсан юм. Бямбадорж ярихдаа би урьд өмнө ийм шоу зохион байгуулж байсан их ашигтай байдаг гэж байсан харин ашгийн тухай яриагүй юм. Би Бямбадоржтой 11 сарын 30-ны өдөр Дөлгөөнтэй хамт анх уулзсан юм. Дөлгөөн бол манай дотны найзын нэг юм. Бямбадорж Дөлгөөн хоёр бас найз юм билээ. 2016 оны 11 сарын 30-ны өдөр СБД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэр Голомт банкнаас Бямбадоржийн дансруу 8 сая төгрөг шилжүүлсэн юм…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

Гэрч  Б.Дөлгөөн хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ:”…Бямбадорж манай 10 жилийн ангийн хүүхэд юм. Харин Баярмаатай 2012-2013 онд Хай фай мегасторт хамт ажиллаж байгаад танилцсан бөгөөд тэр цагаас эхэлж найзлах болсон юм. Би Бямбадоржтой 2009 онд дунд сургууль төгссөнөөс хойш холбоогүй байж байтал 2016 оны 12 сарын эхээр Бямбадорж миний утасруу яриад машинаа түр хэрэглүүлээч яаралтай ажил гарчихаад байна гээд миний машиныг унаж хэрэглэсэн юм. Үүнээс хойш Бямбадорж байнгын холбоо харилцаатай болсон. Бямбадорж надад “We are Mongolia” нэртэй төсөл хэрэгжүүлэх гэж байгаа гэж ярьж байсан бөгөөд 12 сарын дундуур чи машинаа тавиад зээл аваад өгөөч эсхүл байрны чинь зээлийг чөлөөлөөд өгье нэмээд 10.000.000 төгрөг зээлээд аваад өг сарын дараа зээлийг чинь хаана санаа зоволтгүй гээд шалаад байсан. Тэр үед надад Бямбадоржид туслах боломж байгаагүй учир найз Баярмааг машин авах гэж мөнгө цуглуулж байгааг санаад мөн Бямбадорж зэс карт хөөцөлдөж байгаа гэхээр нь Баярмаа Голомт банкинд ажилладаг болохоор нь туслуулах гээд уулзуулсан юм. Ингээд 2016 оны 11 сарын 30-ны орой Бямбадоржийг дагуулаад Баярмаа дээр очсон. Тэгээд Бямбадоржтой ярилцаад зэс картыг авахад туслах мөн мөнгө зээлүүлэх талаар ярилцаж тохиролцоод салсан юм. Тэгээд тэрнээс хойш Бямбадорж Баярмаа хоёр гэрээ хийж мөнгөө өгөлцөж авалцсан гэж сонссон. Гэтэл одоо Бямбадорж Баярмаагийн мөнгийг өгөхгүй байгаа юм билээ. Бямбадорж ярихдаа Солонгос, Япон, Хятад улсад шинэ жилийн арга хэмжээ зохиох төсөл гэж ярьж байсан яг нарийн зүйлийг судлаагүй бичсэн төслийнх нь орлого, зарлагын байдлыг харахад төслийн хэмжээний хангалттай судалсан зүйлгүй байсан юм. Бямбадоржтой 10 жилийн 8-р ангиас хамт суралцсан бөгөөд зан араншингийн хувьд дуугай томоотой хүүхэд байсан ээжтэйгээ хоёулаа амьдардаг гэж байсан. Би Бямбадорж Баярмаа хоёрыг мөнгөө өгөлцөж авалцаж байхад хамт байгаагүй. Бид 3 суугаад ярилцаж байхад төсөлдөө хөрөнгө оруулалт хийх зорилготой 8.000.000 төгрөг зээлнэ гэж байсан бөгөөд нэг сарын хугацаатай 15 хувийн хүүтэй зээлнэ гэж байсан юм…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

Дансны хуулга /хх 9-10/, гэрээ /хх 11/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 31/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 32/, хувийн байдал тогтоосон баримт /хх 33-35/, хилийн хориг тавих тухай тогтоол /хх 38/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч З.Бямбадорж нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “We love Mongolia” төсөл санаачлан хэрэгжүүлж байна, үүнийг дэмжиж мөнгө өгвөл мөнгийг нь өндөр өсгөж өгнө” гэж хуурч мэхлэх аргаар иргэн Т.Баярмаагаас 8.000.000 төгрөг залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэг бүртгэлтэнд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Баярмаа, гэрч Б.Дөлгөөн нарын мэдүүлэг, зээлийн гэрээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 Шүүгдэгч З.Бямбадоржид прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг “бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж ‎авсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч З.Бямбадорж нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч З.Бямбадорж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй байна. Шүүгдэгч З.Бямбадоржоос хохирлын 8.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Баярмаад олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:          

 

1. Гөрөөчин овогт Зоригт-Очирын Бямбадоржид бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж ‎авсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. З.Бямбадоржид холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар З.Бямбадоржийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.       

            3. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч З.Бямбадорж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бямбадоржоос 8.000.000 төгрөгийг гаргуулж Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн наран 5-16 тоотод оршин суух хохирогч Түвшингийн Баярмаа /УХ93032023/-д олгосугай.

            5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.Бямбадоржид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З.Бямбадоржид бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДУЛАМСҮРЭН