| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 106/2024/0971/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/994 |
| Огноо | 2024-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Анударь |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/994
2024 12 11 2024/ШЦТ/994
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: Э.Энх-Учрал,
Улсын яллагч: Э.Анударь,
Хохирогч: ***,
Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000001508 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, **** тоот регистртэй,
Шүүгдэгч *** нь 2024 оны 9 дүгээр сарын 07-ны шөнийн 03 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хороо “Кастел” нэртэй шөнийн цэнгээний газарт хохирогч ***ыг нөхөртэйгөө хардсаны улмаас толгойн тус газар нь гар утсаараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч *** шүүх хуралдаанд: “...Эмчилгээтэй холбоотой зардал болон ажилгүй байсан хугацааны цалин, нийт 1.315.000 төгрөг шүүгдэгч *** нь төлж барагдуулсан. Одоо сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ. Тухайн хэрэг гардаг өдөр ***г “наашаа энд байна гэж хэлэхийн завдалгүй” цохичихсон. Шүүгдэгчийн нөхөр *** бид хоёр нэг дүүрэгт, нэг өрөөнд ажилладаг. *** ажил оройтохоор хүргэж өгсөн гэсэн асуудлаас болж хардаж тухайн өдөр намайг цохисон...” гэв.
Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын банкны төлбөр барагдуулах газарт шийдвэр гүйцэтгэгчээр ажилладаг бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ажлаа тараад хамт ажилладаг эгч цол авсан гээд ажлын газрын хүмүүсийн хамт Модны хоёрт нэрийн мэдэхгүй ресторанд орж үйлчлүүлээд тэндээсээ орой 23 цаг өнгөрч гараад ажлын газрын шийдвэр гүйцэтгэгч *** /эрэгтэй/ ***, *** нарын хамт бид 4, Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастел” нэртэй бааранд орсон. ...Удалгүй 2 давхарт *** өөрийн эхнэр болох өмнө харж байсан таньдаг ***гийн хамт ороод ирсэн. Орж ирээд зүгээр л бид нартай мэнд мэдээд бид нартай гар бариад манай ширээн дээр ***ын эхнэр *** гэх эмэгтэй суусан, би найз нь доошоо буулаа шүү гээд доор үйлчлүүлж байсан хоёр найз руугаа буугаад бүжгийн талбай дээр бүжиглэж байсан чинь хажууд *** ирээд хамт бүжиглээд би эхнэр чинь хаана байна гэхэд юм хэлээгүй согтсон байсан. Удаагүй байхад миний утас руу танихгүй *** дугаараас миний *** дугаарын утас руу дуудлага орж ирээд би ***аас танай эхнэрийн дугаар мөн үү гэж асуухад мөн гэж толгойгоо хөдөлгөсөн би утсаа аваад чанга чимээнд сонсогдохгүй байсан тул “байна уу, байна уу” гээд салгасан. Би Дижигийн урд байна, найзаа энд хүрээд ир гэж мессеж 2024 оны 9 дүгээр сарын 07-ны шөнө 02 цаг 46 минутаас 55 минутын хооронд 4 удаа мессеж бичсэн бөгөөд хариу ирээгүй. Тэгээд *** бүжгийн талбай дээр миний хажууд бүжиглэж байсан. Эхнэр нь цаанаас бүжгийн талбай руу ирж байгаа нь харагдсан бөгөөд би шатан дээрээс энд байна гээд *** рүү гараа даллаад дуудаад гараа өгч татаж авч шат руу гаргах гэхэд миний духны урд хэсэгт өөрийн гар утсаар нэг удаа цохисон. *** цохисных нь дараа эхнэрээ аваад надаас холдуулсан. Цохиулсны дараа миний духнаас их хэмжээний цус гарсан бөгөөд ариун цэврийн өрөө рүү орж цусаа угаахдаа цагдаа руу залгаж дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/,
Гэрч Б.***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...эхнэр ...*** бүжгийн талбай дээр ууртай хүрч ирсэн бөгөөд тэр үд нь би урдаас нь очоод тэврээд авсан чинь бид хоёр газар унаад *** миний нүүрийг маажаад байхаар нь зугтаасан. Би баарнаас гараад шууд төмөр зам ороод машиндаа унтсан. Өглөө нь цагдаагаас залгаад *** эрүүлжүүлэхээс аваач гээд би очиж авсан, чинь намайг согтуу гээд надад хүлээлгэж өгөөгүй. ...Дараа нь *** танай эхнэр намайг утсаараа толгой руу цохисон гэж хэлсэн. Намайг яагаад ингэж байгаа юм бэ гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 30/,
Шинжээчийн 12099 тоот дүгнэлтэд: “...***ын биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх-н 34-35/,
Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 2/, хохирлын баримтууд /хх-н 14-15/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 47-51/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь 2024 оны 9 дүгээр сарын 07-ны шөнийн 03 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хороо “Кастел” нэртэй шөнийн цэнгээний газарт хохирогч ***ыг нөхөртэйгөө хардсаны улмаас толгойн тус газар нь гар утсаараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч Б.*** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн нөхөр Б.***ыг хохирогч ***тай хардаж, түүний нүүрэн тус газар гар утсаараа цохиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч *** нь хохирогч ***ыг нөхөр Б.***тай хардаж, түүний нүүрэн тус газар гар утсаараа цохисон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хохирогчийн хавтаст хэрэгт авагдсан баримттай хохирол болон ажилгүй байсан үеийн цалин 1.315.000 төгрөг төлсөн нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирогч нь шүүгдэгчээс хохиролд 1.315.000 төгрөг авсан, сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна гэж мэдүүлсэн тул хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасны дагуу хөнгөн хохирол нь хоёрдугаар зэрэглэлд хамаарах ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 төгрөг, нийт 3.935.000 төгрөг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгч болон хохирогч хүлээн зөвшөөрсөн ба сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу заавал шинжээч томилох шаардлагагүй болно.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн баримттай хохирлыг барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР