Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 133/ШШ2018/00084

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч- 0 тоотод оршин суух, З-ийн А-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- 0 тоотод оршин суух, Ж овогт Д-гийн О,

хариуцагч- 0 тоотод оршин суух, Ц овогт Х-гийн С нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 6.025.000 төгрөг гаргуулах, эсхүл барьцааны гэрээний дагуу барьцааны автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлэн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З овогтой А миний бие нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Д.О, Х.С нартай зээлийн гэрээ байгуулж 5.000.000 төгрөгийг сарын 12 хувийн хүүтэй 3 сарын хугацаатайгаар зээлж дээрх мөнгөний барьцаанд Х.С-ын эзэмшлийн 78-99 ГАА улсын дугаартай toyoto prius 20 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж гэрээ байгуулсан. Зээлдэгч нар нь зээлийн үндсэн мөнгө болон хүүг төлөхгүй шалтаг тоочоод яваад байна. Би энэ хүнд мөнгө зээлэхдээ хүнээс мөнгө зээлж өгсөн. Иймд шүүхээр зээлийн гэрээ болон барьцааны гэрээний дагуу зээлдэгч нараас үндсэн зээл 5.000.000 төгрөг, зээлийн хүү 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хүү 600.000 төгрөг 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртлэх 17 хоногийн алданги 425.000 төгрөг нийт 6.025.000 төгрөгийг гаргуулах эсхүл барьцааны гэрээний дагуу барьцаалсан автомашиныг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. Мөн миний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111.350 төгрөгийг хариуцагч талуудаас гаргуулж өгнө үү. Би Д.О гэдэг хүнтэй эхлээд 4 сард гэрээ байгуулаад 3.000.000 төгрөг зээлсэн. Дахиад надаас 1.200.000 төгрөг бэлнээр зээлээд дараа нь мөн бэлнээр мөнгө зээлээд 5.000.000 төгрөг болсон. Тэгээд 5.000.000 төгрөгийн гэрээг барьцаагүй эхлээд нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа болоод Д.О-ээс мөнгөө нэхсэн боловч хүү, зээлийн мөнгө орж ирээгүй. Тэгэхээр нь би Х.С гэдэг хүний машиныг барьцаалж, барьцааны гэрээ байгуулж, шинээр 5.000.000 төгрөг дээр гэрээ байгуулсан. Дахиад 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа болоод мөнгө орж ирэхгүй болохоор нь шүүхэд хандсан байгаа. Одоо үндсэн мөнгө 5.000.000 төгрөг, хүү, алдангид 1.025.000 төгрөг нийт 6.025.000 төгрөгийг гаргуулах, энэ мөнгийг хариуцагч ойрын хугацаанд төлж амжихгүй бол барьцааны зүйлийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан тайлбартаа: Д овогтой О миний бие 2017 оны 11 дүгээр сарын 16-нд З.Атэй 5.000.000 төгрөгний гэрээ хийсэн. З.А нь эгчээсээ сарын 12 хувийн хүүтэй мөнгө авч өгье та надаа ямар ч хамаагүй хүний жижиг тэрэг олоод бичиг баримтыг нь аваад ир гэж хэлсэн. Ингээд найзынхаа дүүгийн машиныг барьцаалж гэрээ хийсэн. Гэрээ хийхдээ өөрийн төрсөн дүү Д.А-той хамт байсан. Нотариат дээр очиж баталгаажуулахад мөнгө ороогүй байсан. З.А нь гэрээнд заасны дагуу мөнгийг дансаар шилжүүлнэ гэсэн боловч одоог хүртэл шилжүүлээгүй. Toyoto prius 20 маркийн машиныг З.Аээс 5.000.000 төгрөг авах гэрээтэй зээлийн гэрээ байгуулсан ч гэрээнд заасан 5.000.000 төгрөгийг өгөөгүй байж барьцаанд тавьсан эд хөрөнгийг хурааж битүүмжилхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн данс руу мөнгө ороогүй учраас гэрээг цуцлуулахаар очсон боловч З.А өөрөө ирээгүй. Иймд 5.000.000 төгрөг аваагүй учир энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч Д.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би өмнө нь олон удаа З.А-ээс мөнгө зээлж авч, өгч байсан. Тэр дунд хоёр хүнд мөнгө өгөөд өөрөө авч чадаагүй байгаа. Тэр хооронд зээлийн хүүг өгч чадаагүй. Энэ нь үнэн. Нөгөө хүн нь бас надад өгнө хүлээж бай гэж хэлээд өгөхгүй байгаа. Шүүхэд хандана гэхээр нь би хүүг зогсоох юм болов уу гэж бодсон. Одоо хүний машин барьцаанд байгаа учраас түүнийг гаргуулах хүсэлтэй байгаа. Тэр хүн нь машин чөлөөлж өг гэж намайг зодсон тул би хоёулаа тохиролцъё, дахиад нотариатаар баталгаажуулаад 6 сар гэхэд төлж барагдуулна гэж хэлсэн. Би төлөхгүй гэж хэлээгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч З.А нь Д.О, Х.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6.025.000 төгрөг гаргуулах, эсхүл барьцааны гэрээний дагуу барьцааны автомашиныг гаргуулах гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч З.А нь ..үндсэн мөнгө 5.000.000 төгрөг, хүү, алдангид 1.025.000 төгрөг нийт 6.025.000 төгрөгийг гаргуулах, энэ мөнгийг хариуцагч ойрын хугацаанд төлж амжихгүй бол барьцааны зүйлийг гаргуулах хүсэлтэй байна гэж, хариуцагч Д.О нь ..6.025.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, барьцаа хөрөнгө нь миний хөрөнгө биш, хүний хөрөнгө учраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тус тус маргаж байна.

 

Хариуцагч Д.О, Х.С нар нь нэхэмжлэгч З.Аээс 5.000.000 төгрөгийг сарын 12 хувийн хүүтэйгээр зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар toyoto prius 20 маркийн 7899 ГАҮ улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн NYW200119623 тоот аралын дугаартай, 01565563 тоот гэрчилгээтэй тээврийн хэрэгслийг барьцаалсан гэх зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулсан хэмээн хэрэгт баримтаар ирүүлжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй хэдий ч уг шаардлага нь хуульзүйн хувьд шүүхэд ойлгомжтой, тодорхой, үндэслэлтэй байх ёстой байдаг.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд хэрэгт авагдсан зээлийн гэрээ, тээврийн хэрэгслийн барьцааны гэрээг тус тус үндэслэж шаардлага гаргасан байна. Харин шаардлага нь зээлийн гэрээний үүрэгт 6.025.000 төгрөг гаргуулах, эсвэл буюу уг мөнгөө өгөхгүй бол барьцааны зүйлийг гаргуулах гэж шаардлагаа тайлбарлажээ.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэсний дагуу хэрэгт авагдсан барьцааны гэрээг судлахад гэрээний 3.3-т Барьцаагаар хангагдах үүргийг гүйцэтгэх хугацаа, барьцаагаар хангагдах шаардлага, хэмжээ зээлийн гэрээгээр тодорхойлогдоно гэсэн, 3.4-т ...харин барьцаалуулагч үүргээ биелүүлээгүй бол зээлийн гэрээнд заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоног өнгөрсний дараа барьцаалагч тал автомашиныг худалдан борлуулна гэсэн байгаагаас үзэхэд энэхүү зээлийн болон барьцааны гэрээ нь барьцаагаар хангагдах шаардлага байна. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2 дахь хэсэгт барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулах, 157 дугаар зүйлийн 157.1.3 дахь хэсэгт энэ хуулийн 157.2.2-т заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд барьцаалуулагч шаардлагыг хангах өөр арга сонгоогүй бол барьцааны зүйлийг хууль, гэрээнд заасан журмын дагуу худалдах эрх эдэлхээр, мөн Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж, 158.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж үзнэ гэж тус тус заажээ. Тодруулбал барьцаагаар хангагдах шаардлага нь тухайн барьцааны зүйлийг үүрэгт тооцон авах, эсхүл барьцааны зүйлийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангах, мөн барьцааны зүйлийг худалдан борлуулахыг барьцаалуулагчаас шаардах зэрэг эрхтэй байна.

Гэтэл нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарласан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн гэрээний үүрэгт 6.025.000 төгрөг гаргуулах, эсхүл мөнгөө өгөхгүй бол барьцааны автомашиныг гаргуулан авах гэсэн салаа утга бүхий шаардлага гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, ойлгомжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх дэх хэсгийг хэрэглэн шийдвэрлэх боломжгүй байна.

Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарахгүй байх тул 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг ойлгомжтой, тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагч Х.С-т 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 15 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 42 минутад нэхэмжлэлд дурдсан хаягаар хүргүүлэхэд хариуцагч өөрөө гарын үсэг зурж хүлээн авсан байх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна. /хх-46/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Х.С нь нэхэмжлэлийн хувийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүхээс гардан авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бөгөөд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч Д.О нарын хариуцагч Х.С-ын оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Сын оролцоогүйгээр зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.


Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111.350 төгрөгийг улсын орлогод хэвээр нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж овогтой Д-гийн О, Ц овогтой Х-гийн С нараас зээлийн гэрээний үүрэгт 6.025.000 төгрөг гаргуулах, эсхүл барьцааны машин гаргуулах тухай овогтой З-ийн А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг ойлгомжтой, тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН