| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 106/2024/0970/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/993 |
| Огноо | 2024-12-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/993
2024 12 11 2024/ШЦТ/993
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: Э.Энх-Учрал,
Улсын яллагч: Э.Билгүүн,
Шүүгдэгч: *** нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405035281395 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,
Шүүгдэгч *** нь 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, ***од өөрийн найз болох хохирогч ***гийн гэрт түр амьдарч байхдаа түүний цүнхэнд байсан хос монетон бөгжнөөс 4 грамм хэмжээтэй эрэгтэй бөгжийг, мөн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр үргэлжилсэн үйлдлээр хохирогч ***гийн гэрт байхдаа түүний цүнхэнд үлдсэн байсан 3.5 грамм хэмжээтэй эмэгтэй бөгж болох бусдын эд хөрөнгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Тухайн үед 5 сард нөхөртэйгөө таарамж муу байсан. Найз ***гаас хийх ажил байна уу гэж гуйсан. *** манайд ирээд байж байгаад ажил хий гэж хэлэхэд нь ***гийнд ирсэн. Хэд хоногийн дараа *** намайг эмэгтэй бөгж авсан гэж хэлсэн. Би ганцхан эрэгтэй бөгжийг нь авсан. ***гийн хүүхэд манай хүүхэд хоёр нэг сургуульд сурдаг. Манай ээж охиныг маань сургуульд хүргэж өгөхдөө ***гийн гэрт нь эмэгтэй бөгж нь байсан гэж хэлсэн” гэв.
Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Улаанбаатарт хот БГД-н 10 дугаар хороо, Энхболдын зам ***тоотод оршин сууж хотод хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг юм. Манай 10 жилийн найз *** “найз нь Зүүнхараад хийх ажил үнэхээр олдохгүй юм, хотод ажил хийх санаа байгаа юм, чи найзыгаа хотод ажилд оруулаад өгөөч гэж 2024 оны 4 дүгээр сарын сүүлээр хэлж байсан юм. Бид хоёр найзууд учир би түүнийг Улаанбаатар хот руу дуудаж өөрийн гэртээ байлгаж, ажилд зуучилж оруулсан. Би 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа явахдаа гар цүнхээ гэртээ үлдээгээд явсан юм. Би ажил тараад гэртээ ирээд цүнхэнд үлдээсэн нөхөр бид хоёрын хуримын хос бөгжийг үзтэл нөхрийн бөгж байхгүй, миний бөгж байхаар нь гэрт үлдсэн *** руу чат бичээд “гэрт үлдээгээд явсан цүнхэн дотор байсан хос бөгжний эрэгтэй бөгж нь алга болчихсон байна харсан уу” гээд түүнд хэлтэл тэрээр өөрийнхөө юмыг сайн харж хямагдаад явахад яадаг юм гэж надад ууртай хэлсэн. Би хэн авсан гэдгийг сайн мэдэхгүй байсан учир үлдсэн өөрийнхөө бөгжийг цүнхэнд хийгээд өөр газар нуух байдалтай тавьсан юм. 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс хойш өдөр бүр ажлаасаа ирээд цүнхээ үзтэл миний бөгж байсан юм. 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ажлаас бууж ирээд цүнхээ үзтэл “Миний бөгж алга болчихсон байсан” юм. *** бид хоёр фэйсбүүк найз байсан чинь найз биш болчихсон байхаар нь түүнд хандаад миний бөгжийг чи авсан байна гээд хэлтэл “найз нь удахгүй өгнө, авч өгнө, түр хугацаа олгооч, шорондоо сууя” гээд чат мессеж бичээд алга болсон. ...Би түлхүүрээ гэрийн ойролцоо газар нуучихдаг юм. Тэрээр 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр бөгж авсан дахин түлхүүр хаана байдаг гэдгийг мэддэг учир 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр очоод бөгж аваад өөрийнхөө хувцсыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 11/,
Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 5 дугаар сарын эхээр “Яг нарийн өдрийг нь санахгүй байна” манай эхнэр болох *** нь арван жилдээ хамт сурдаг байсан гэх найз нь *** гэх эмэгтэйг Сэлэнгэ аймгаас манай гэр рүү дагуулж ирээд хамт ажил хийнэ гэж байсан. Тэгээд тухайн эмэгтэй нь эхэндээ бол манай гэрт амьдраад ажиллаад явж байсан бөгөөд 5 дугаар сарын дундуур би өглөө эрт гэрээсээ гараад ажилдаа явсан ба манай гэрт эхнэр болох түүний найз *** нар нь үлдсэн. Тэгээд гэрт байж байхдаа манай эхнэр *** нь гэрт өлгүүрт байсан цүнхнээсээ 2 ширхэг бид хоёрын өөрсдөдөө худалдаж авсан хос монетон бөгж байгаа эсэх талаар нь шалгаад гаргаж харуулчхаад эргүүлээд цүнхэн дотроо хийгээд тухайн цүнхээ өлгүүрт өлгөчхөөд ажилдаа найзын хамт явсан байсан. Тэгээд манай эхнэр надад хэлэхдээ тухайн *** гэх эмэгтэй нь ажил дээрээ байж байгаад бие нь өвдөөд байна гэх шалтгаан хэлээд ажлаасаа түрүүлээд явсан байсан бөгөөд түрүүлж манай гэрт очоод үүдний шалавчин доороос гэрийн түлхүүр аваад цүнхэнд байсан хос монетон бөгжний эрэгтэй нь буюу арай томыг нь аваад явсан байсан. Тэрийг нь эхнэр бид хоёр орой ажлаасаа тараад гэртээ ирээд мэдсэн бөгөөд тухайн өдрөөс хойш *** нь манай гэрт ирээгүй ба өөрийнхөө хувцсыг хүртэл аваагүй явсан байсан. Тэгээд тухайн өдрөөс хойш *** нь огт холбоогүй байж байгаад 7 хоног орчим дараа эхнэр бид хоёрыг гэрт байхгүй, ажилдаа явсан хойгуур мөн адил гэрийн шалавчин доороос гэрийн түлхүүр аваад өөрийнхөө хувцас болон үлдээсэн байсан манай эхнэрийн хос нөгөө хос монетон бөгжийг нь аваад явсан байсан. Тэгээд уг өдрөөс хойш одоог хүртэл дахиж холбоо барьж чадахгүй байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/,
Хохирогчийн өргөдөл /хх-н 2/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 25-29/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 34-39/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, ***од өөрийн найз болох хохирогч ***гийн гэрт түр амьдарч байхдаа түүний цүнхэнд байсан хос монетон бөгжнөөс 4 грамм хэмжээтэй эрэгтэй бөгжийг, мөн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр үргэлжилсэн үйлдлээр хохирогч ***гийн гарт байхдаа түүний цүнхэнд үлдсэн байсан 3.5 грамм хэмжээтэй эмэгтэй бөгж болох бусдын эд хөрөнгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч *** нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *** нь хохирогч ***гийн гэрт байхдаа түүний цүнхэнд байсан хос монетон бөгжийг хулгайлан нийт 1.350.000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *** үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Хохирогч *** нь хохирогчийн хохирлыг барагдуулаагүй тул түүнээс эд зүйлийн үнэлгээгээр гаргасан 1.350.000 төгрөг гаргуулж хохирогч ***д олгохоор шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч *** үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч *** гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР