Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1003

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024          12           12                                       2024/ШЦТ/1003

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуул, 

улсын яллагч С.Бичинхүү,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, П.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2305032062043 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр “Таван толгой түлш” ХХК-д сэрээт өргүүр түрээсээр ажиллуулдаг. Та өргүүр ав, би захиалж авч өгөөд өөрийн сэрээт өргүүрийн хамт түрээсээр ажилд явуулж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан иргэн ***аас 35.700.000 төгрөгийг өөрийн *** дугаарын дансаар,

“таны сэрээт өргүүр ирсэн байгаа, мөн бичиг баримт цэгцлэх гэсэн чинь 500.000 төгрөг хэрэг болоод байна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хороо, 105 байр 162 тоотод гэртээ байсан иргэн ***аас 500.000 төгрөгийг өөрийн *** дугаарын дансаар,

Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 46 дугаар байрны 36 тоотод оршин суух ***д “Таван толгой түлш” ХХК-д сэрээт өргүүр худалдан авч өгнө гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан Хаан банкны *** дугаарын дансаар 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 23.000.000 төгрөгийг, 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 3.500.000 төгрөгийг, нийт 26.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж бусдад нийт 62.700.000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мэдүүлэг өгөхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож ухаарсан” гэв.

Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...***гэх хүнийг 2020 онд хүнээр дамжуулж танилцаж байсан. *** нь таван толгой ХХК-д авто машин түрээсэлдэг гэж хэлж байсан. 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ***тэй уулзах үед тэр надад хандаж “...би Таван толгой ХХК-д авто машин явуулж байгаа, та нэг сэрээт өргүүр худалдаж аваад тухайн байгууллагад явуулах уу, би өнөө маргаашгүй БНХАУлс руу 2 сэрээт өргүүр захиж байгаа та нэгийг нэмж захиалах уу" гэж асуухаар нь би түүнд хандаж “одоо надад бэлэн мөнгө алга байна, өөрийн амьдарч байгаа орон сууцаа барьцаанд тавиад зээл хөөцөлдөж мөнгө олъё..." гэж хариулсан бөгөөд бид 2 салцгаасан. Тэгээд би өөрийн амьдардаг орон сууцыг барьцаалж 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр зээл бүтээд миний данс руу мөнгө орсон. 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хороололд явж байх үедээ ***ий 86114800 дугаар луу залгаж "...мөнгө бүтсэн байгаа шүү, чи БНХАУлс руу сэрээт өргүүрээ захиалсан уу..." гэж асуусан чинь "би өнөөдөр захиалах гэж байгаа мөнгөө өнөөдөр шилжүүлнэ, та мөнгө олсон юм бол миний ашигладаг *** дугаартай данс руу 35.700.000 төгрөг шилжүүлээрэй..." гэж хэлээд утсаа салгасан. 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үедээ өөрийн ***7 дугаартай данснаас *** дугаартай ***гэсэн данс руу 35.700.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн талаар түүнд хэлээд сэрээт өргүүр хэзээ ирэх талаар асуух үед 2021 оны 8 дугаар сарын эхээр ирсэн байна гэж хэлсэн. 2021 оны 8 дугаар сарын дундуур ***ий дугаар руу нь залгаж сэрээт өргүүр ирсэн эсэх талаар асуух үед “таны сэрээт өргүүр ирсэн байгаа, мөн бичиг баримт цэгцлэх гэсэн чинь 500.000 төгрөг хэрэг болоод байна" гэхээр нь би зөвшөөрсөн. 2023 оны 8 дугаар сарын дундуур /хэдний өдөр байсан талаар санахгүй байна/ Баянгол дүүргийн 25 дугаар хороо Голден парк хотхоны 105 байрны 162 тоотод гэртээ байх үедээ *** дугаартай ***гэсэн данс руу 500.000 төгрөг нэмж шилжүүлсэн. 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ***ий дугаар луу залгаж миний худалдаж авсан сэрээт өргүүр Таван толгой ХХК-д явж байгаа юу гэж асуусан чинь явж эхэлж байгаа гэж хэлсэн. 2021 оны 11 дүгээр сарын эхэн үе гартал миний данс руу мөнгө ороогүй. Тухайн үед ***ий дугаар луу залгаж "мөнгө яагаад орохгүй байгаа юм бэ?" гэж асуух үед "Таван толгой түлш ХХК мөнгө өгөхгүй байна" гэж хариулсан. Энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэл *** надад сэрээт өргүүрийг харуулаагүй. ...*** “Таван толгой түлш” ХХК-д сэрээт өргүүр явуулдаг намайг сэрээт өргүүр ав, захиалаад авч өгөөд өөрийн сэрээт өргүүрийн хамт явуулаад өгнө гэж хэлэхээр нь 35.700.000 төгрөг түүний данс руу шилжүүлсэн. 35.700.000 төгрөгөөр БНХАУ-аас шинэ сэрээт өргүүр худалдаж авна гэж хэлээд авсан. Худалдаж авсан сэрээт өргүүрээ надад харуулаагүй. ...Баянгол дүүргийн 25 дугаар хороо 105 байр 162 тоот гэрээсээ 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өөрийн ***7 дугаартай данснаас *** дугаартай данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн мөнгийг хамгийн сүүлд шилжүүлсэн. *** надад хохирол мөнгө барагдуулсан зүйл байхгүй. *** нь ***ын компанийн нэр дээр сэрээт өргүүр явуулаагүй гэсэн. Би сая ***тай хамт цагдаагийн газар луу ирж байх үед *** нь *** рүү залгаж утсаа чанга яригч дээр нь тавиад цагдаа дуудаж байгаа талаар хэлэх үед *** нь ***д хандаж “намайг танай байгууллага дээр 3 ширхэг сэрээт өргүүр явуулсан, сэрээт өргүүр эвдрээд байсан учир *** ахад мөнгө өгч чадаагүй" гэж байцаагчид хэлээд өгөөч гэж хэлэхийг нь би сонссон. Яг үнэн дээ тэр сэрээт өргүүр явуулаагүй юм байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-н 23-28/,

Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ***гэх хүнийг 2020 оноос хойш таньж мэддэг болсон. 2022 оны зун ***тэй Увс аймаг явж байх үедээ юу хийдэг талаар нь асуухад “Таван толгой түлш” ХХК-д сэрээт өргүүр машин түрээсэлдэг. Нэг сэрээт өргүүрийн мөнгө сар бүр 10.000.000 төгрөг ордог. Би 3 сэрээт өргүүр явуулдаг, чи сэрээт өргүүр хамт явуулах уу гэхээр нь би зөвшөөрсөн. 2022 оны 7 дугаар сарын дунд ***тэй утсаар ярих үед надад хандаж “чи сэрээт өргүүр нэгийг авах уу, би одоо авах гэж байна” гэхээр нь “хэдэн төгрөг болох вэ” гэж асуусан чинь 30.000.000 төгрөг болно. Чамаас урьд нь зээлсэн 3.500.000 төгрөг байгаа юм чинь чи одоо миний ашигладаг *** дугаартай данс руу 26.500.000 төгрөг хийчих” гэж хэлэхээр нь зөвшөөрсөн. 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гэртээ байхдаа эгч Нарангарвуугийн данснаас *** дугаартай данс руу 8.000.000 төгрөг, 12.000.000 төгрөг, 3.500.000 төгрөг шилжүүлсэн. Мөн эгчийн нөхөр болох Болдбаатарын данснаас 3.000.000 төгрөг, нийт 26.500.000 төгрөгийг *** гэх данс руу шилжүүлсэн. Энэ өдрөөс хойш сэрээт өргүүр худалдаж авсан уу гэж асуухад авсан, Таван толгой түлш компанид явж байгаа гэж хэлсэн боловч явуулаагүй, сэрээт өргүүр худалдаж аваагүй байна лээ” гэсэн мэдүүлэг /хх-н 61-62/,

Гэрч Л.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** ах надаас "*** танай компаний нэр дээр сэрээт өргүүр явуулж байгаа юм байна. Түүний сэрээт өргүүр “Таван толгой түлш” ХХК-д явж байгаа юу мөнгөө авах гэсэн юм аа" гэж асуухаар нь "*** манай байгууллагын нэр дээр “Таван толгой түлш” ХХК-д сэрээт өргүүр явуулсан зүйл байхгүй" гэж хариулаад юу болсон талаар асуух үед “*** нь миний сэрээт өргүүрийг танай компани нэр дээр явуулж байгаа гэж хэлсэн. Жилийн өмнө сэрээт өргүүр авна гэж 30 гаран сая төгрөг надаас авсан. Мөн танай компанийн нэр дээр явуулж байгаа гэж надад хэлсэн, тэр надад худлаа хэлсэн юм байна” гэсэн. Би цагдаагийн байгууллага руу ирж байх замдаа ***ий дугаар луу залгаж утсаа чанга яригч дээр нь тавиад цагдаа дуудаж байгаа талаар түүнд хэлэх үед “чи цаадуулдаа хандаж манай байгууллага дээр ***ий 3 сэрээт өргүүр явж байсан, тэр нь эвдэрсэн гэж хэлээд өгөө" гэхээр "эргээд ярья" гэж хэлээд утсаа салгасан. Бодит байдал дээр *** манай байгууллагад сэрээт өргүүр огт явуулаагүй..." гэсэн мэдүүлэг /хх-н 30-31/,

Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай төрсөн дүү *** уг асуудлаас өмнө “за би удахгүй хүнээс сэрээт өргүүр авах гэж байгаа шүү, зээлсэн мөнгөө бэлэн байлгаж байгаарай” гэж хэлж байсан. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 05 болон 06-ны өдрүүдэд сэрээт өргүүр хүнээс одоо авахаар болчихлоо гээд мөнгөө асуухаар нь би өөрийнхөө данснаас болон нөхрийнхөө данснаас 26.500.000 төгрөг ***ын өгсөн *** дугаарын данс руу шилжүүлэн өгсөн. Уг шилжүүлж өгсөн мөнгө нь урьд өмнө ***аас зээлсэн мөнгө байсан тул өрөө түүнд өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 134-135/,

Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн эхнэр Нарангарвуугийн төрсөн дүү болох ***д 30 орчим сая төгрөгийн өртэй байсан. Уг өдөр манай эхнэр Нарангарвуу над руу залгаад ***д мөнгөний хэрэг гарж, тэгээд өрөө одоо авчихмаар байна гэж байна. Одоо түүнд 26.500.000 төгрөг хэрэгтэй байгаа юм байна, чи өөрийнхөө данснаас 3.000.000 төгрөгийг шилжүүлчихээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би ***ын өгсөн Хаан банкны данс руу 3.000.000 төгрөг ***аас гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 138-139/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2, 51/, хохирогчийн өргөдөл /хх-н 4, 53/, дансны хуулга /хх-н 5-6, 9-14, 54-57/, банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 15-16, 92-100/, хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-н 75-76/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 81-88, 91, 153, 157-169/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр “Таван толгой түлш” ХХК-д сэрээт өргүүр түрээсээр ажиллуулдаг. Та өргүүр ав, би захиалж авч өгөөд өөрийн сэрээт өргүүрийн хамт түрээсээр ажилд явуулж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан иргэн ***аас 35.700.000 төгрөгийг өөрийн *** дугаарын дансаар,

“таны сэрээт өргүүр ирсэн байгаа, мөн бичиг баримт цэгцлэх гэсэн чинь 500.000 төгрөг хэрэг болоод байна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хороо, 105 байр 162 тоотод гэртээ байсан иргэн ***аас 500.000 төгрөгийг өөрийн *** дугаарын дансаар,

Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 46 дугаар байрны 36 тоотод оршин суух ***д “Таван толгой түлш” ХХК-д сэрээт өргүүр худалдан авч өгнө гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан Хаан банкны *** дугаарын дансаар 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 23.000.000 төгрөгийг, 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 3.500.000 төгрөгийг, нийт 26.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж бусдад нийт 62.700.000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, ***, гэрч Л.***, ***, *** нарын мэдүүлэг, депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг...” гэж заасан байх тул шүүгдэгч ***ий үйлдэл нь их хэмжээний хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хохирогч ***, *** нарт өөрийгөө Таван толгой түлш ХХК-д сэрээт өргүүр түрээсээр ажиллуулдаг, би сэрээт өргүүр  захиалж авч өгөөд, өөрийн сэрээт өргүүрийн хамт явуулж байя гэж нийт 62.700.000 төгрөгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч ***ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй ба улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ***т 37.000.000 төгрөг, хохирогч ***д 26.500.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нар нь хохирлоо хүлээн авсан гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн /хх-н 173/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч нар “торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тус тус гаргасан болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ий үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хохирогч нарын хохирлыг барагдуулсан гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг харгалзсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20.000 нэгж буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Хэдийгээр шүүгдэгч *** нь урьд залилан мэхлэх гэмт хэргээр ял шийтгүүлж байсан боловч энэ гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд урьд шүүхээр шийдвэрлүүлэхээс өмнө үйлдэгдсэн ба нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэх боломжтой байсан тул өмгөөлөгчийн нарын эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчид торгох ял оногдуулсан болно.

Эрүүгийн хариуцлагын үед торгуулийн ял оногдуулах санал гаргасан өмгөөлөгч нар торгуулийн ялыг хэдий хугацаанд төлөх талаар санал гаргаагүй боловч эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилготой ба тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Иймд шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөхийг даалгах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудал

Энэ хэрэгт хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй,  2305032062043 тоот эрүүгийн хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийн шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулан үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***ийг 20.000 нэгж буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *** нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, 2305032062043 тоот эрүүгийн хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ч.ОТГОНБАЯР