Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2021/00411

 

 

 

 

 

 

 

 

 

2021 02 25 181/ШШ2021/00411

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  оршин суух, Т.Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: оршин суух, Б.С-д холбогдох,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүрэгт 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Н, хариуцагч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Ч.Э нь жолооны эрхээ хасуулсан байсан. Жолооны эрхгүй болсон учир ажил хийх боломжгүй болж, ихээхэн хүнд байсан. Тэгээд жолооны эрх найдвартай сэргээнэ 500 000 төгрөг гэсэн зар фэйсбүүк дээр байхаар нь GT гэх мессенжэр чатаар нөхөр Ч.Энхсайхан холбогдож асууж, харилцаж байгаад найдвартай сэргээнэ 300 000 төгрөгийг Хаанбанкны 51***** тоот Са гэсэн дансанд 706 гэсэн гүйлгээний утгатай шилжүүлчих гэсэн. Би хаширлаад 706 үнэмлэх гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Миний бие нөхрийнхөө жолооны үнэмлэхийг сэргээлгэхээр уг дансанд 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 300 000 төгрөгийг хэлснийх нь дагуу 706 үнэмлэх гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн.

Гэтэл мөнгө шилжүүлснээс хойш үнэмлэх ч сэргээгүй, чат болон утсаар ч холбогдохгүй таг алга болсон. Тэгээд мөнгө шилжүүлсэн Хаанбанкны 51****** тоот дансаар хөөж Б.С гэдэг хүний хаяг утсыг олж холбогдон намайг хуурч дээрх дансаар мөнгө авсан тул буцааж өгөхийг шаардахад надад хамаагүй, би наад хүнийг чинь танихгүй гэх зэргээр өөр зүйл ярьж мөнгө буцааж өгөхгүй байгаа учир шүүхэд хандаж байна.

Хариуцагч Б.С нь GT-тай ямар нэг байдлаар холбоотой учраас GT нь Б.Сын дансыг өгч мөнгө хийлгүүлсэн. Огт хамааралгүй байсан бол Б.Сын дансыг GT нь мэдэх боломжгүй юм. Хэрэв Б.Ст хамааралгүй байсан бол гүйлгээний утгыг хараад энэ юун үнэмлэх билээ, ямар учиртай юм бол гээд шалгаж нягтлах ёстой байсан. GT нь хариуцагч Б.Стай ямар холбоотойг би мэдэхгүй. Хэрэв Б.С бас хохирогч гэж өөрийгөө үзэж байгаа бол GT-гаасаа хохирлоо нэхэмжлэх эрхтэй байх. Миний хувьд Б.Сын дансанд шилжүүлсэн мөнгөө л авмаар байна.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.Н надаас ямар ч үндэслэлгүйгээр 300 000 төгрөгийг данс руугаа шилжүүлж авсан учраас хариуцагчийн дансанд орсон 300 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.С шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баясгалан овогтой Сансарбаатар би хувиараа БНХАУ-д үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмж, бараа материалыг сонирхсон иргэнд худалдан авахад зуучилж, QR кодоор нь төлбөрийг төлж өгдөг юм. Энэ талаар facebook-т зар тавьсан байсан. 2020.09.09-ний өдөр 17 цаг 22 минутад GT гэх facebook хаягтай хүн Facebook мессенжерээр холбогдож 706 юань дүнтэй төлбөрийг QR кодоор төлүүлэхээр миний ХААН банкны дансыг авч 300,000 төгрөг (425*706=300,000) шилжүүлсэн. Тэр шилжүүлсэн дүнгээр GT гэж хүний илгээсэн төлбөрийн QR кодын дагуу төлбөрийг төлсөн болно.

Нэхэмжлэгч Т.Н нь GT гэх хаягтай хүний Эрх сэргээнэ $500 гэсэн гарчигтай Жолооны эрх сэргээнэ, зөвхөн хэрэгтэй гэсэн хүмүүс холбогдоно уу! гэсэн зарын дагуу GT-тай холбогдсон юм билээ. Би GT гэх хаягтай хүний хүсэлтээр QR кодын төлбөрийг төлж өгсөн болохоос биш Т.Н гэх хүнтэй холбогдоогүй, Т.Н гэх хүнийг ямар нэгэн байдлаар хохироогоогүй, GT гэх хаягтай хүн болон Т.Н гэх хүнийг танихгүй болно.

Нэхэмжлэгч нь Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг гэх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар шаардлага гаргаж байна. Нэхэмжлэгч миний дансруу 300 000 төгрөгийг GT-гийн даалгавар, хүсэлтээр шилжүүлсэн. Тэр нь GT-гийн манайхаас юань худалдан авсны төлбөрт орж ирсэн шилжүүлэг. Энэ нөхцөл байдал хэрэгт авагдсан чатын харилцан яриа, тайлбар, мөнгөн гуйвуулга, банкны баримтуудаар тогтоогдож байгаа тул би бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж аваагүй, хөрөнгөжөөгүй болно.

Нэхэмжлэгч Т.Н, түүний нөхөр 2 нь GT гэгчтэй холбогдох жолооны үнэмлэх гаргуулна гэж тохиролцсон байдлаас үзэхэд тэдний хооронд үүргийн харилцаа үүссэн байна. Нэг нь үнэмлэх гаргаж өгөх үүрэг хүлээсэн, нөгөөх нь уг ажилд нь хөлс төлөх үүрэг хүлээсэн гэж ойлгогдож байна. Улмаар Т.Н нь ажлын хөлс болох 300,000 төгрөгийг түүний заасан дансны дугаар руу шилжүүлж үүргээ биелүүлсэн. Харин GT нь үнэмлэх гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

GT гэгч нь надаас юань худалдаж авах санал тавьснаар бид 2-ын хооронд үүрэг үүссэн. GT-гийн юаны төлбөрт 300,000 төгрөг өгөх, уг мөнгөнд таарах хэмжээний 706 юаныг түүн рүү шилжүүлэх үүргийг би хүлээсэн байдаг. QR код бүхий дугаартай 300,000 төгрөгийн шилжүүлэг миний дансанд орж ирснээр GT үүргээ биелүүлсэн тул би мөн юаныг шилжүүлж үүргээ биелүүлсэн.

Дээр дурдсанчлан нэхэмжлэгч Т.Н, гуравдагч этгээд Ганзориг нарын хооронд үүрэг үүссэн ба Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө, 211.2-т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч GT-гийн хүсэлт даалгавраар Т.Н бусдын данс руу төлбөрийг шилжүүлж өөрийн үүргээ гүйцэтгэсэн. Улмаар GT тухайн төлбөрөөр юань худалдан авч ашиг олсон үйл баримт ч тодорхой билээ.

Иймээс нэхэмжлэгч Т.Нын 300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч Б.Ст холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүрэгт 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Нэхэмжлэгч Т.Н нь жолооны үнэмлэх сэргээлгэхээр GT-д шилжүүлсэн 300 000 төгрөг хариуцагч Б.Сын дансанд орсон, Б.С үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч Б.С эс зөвшөөрч, GT-гийн шилжүүлсэн 300 000 төгрөгт дүйцэх хэмжээний 706 юаныг шилжүүлж, үүргээ гүйцэтгэсэн тул хөрөнгө олж авсан гэж үзэх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Т.Н нь фэйсбүүкийн GT гэх мессенжэр чатаар холбогдсон этгээдтэй нөхөр Ч.Энхсайханы жолооны эрхийг сэргээлгэхээр тохиролцож, түүний хүсэлтээр 300 000 төгрөгийг Б.Сын дансанд шилжүүлсэн, хариуцагч Б.С нь фэйсбүүкийн GT гэх мессенжэр чатаар холбогдсон этгээдтэй төгрөгийг юаньд хөрвүүлэхээр тохиролцсоны дагуу дансныхаа дугаарыг өгч 300 000 төгрөгийг хүлээн аваад 706 юаныг түүний илгээсэн QR кодоор шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн нөхрийн фэйсбүүкийн Энхсайхан Чулуунбаатар гэх мессенжэр чатаас GT /banzragch Sanjaasuren/ гэх мессенжэр чаттай харилцсан байдал, хариуцагчийн МGL /Монгол-БНХАУ юань болон төгрөг нэртэй пэйж хуудаснаас GT /banzragch Sanjaasuren/ гэх мессенжэр чаттай харилцсан байдал, нэхэмжлэгчийн Nyamka Yalalt гэх мессенжэр чатаас хариуцагчийн МGL /Монгол-БНХАУ юань болон төгрөг нэртэй пэйж хуудсанд харилцсан байдал, нэхэмжлэгчийн ХААН банкны дансны хуулга, хариуцагчийн Bank of China дахь дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Т.Н, хариуцагч Б.С нар тус тусдаан фэйсбүүкийн GT гэх мессенжэр чатаар холбогдсон этгээдтэй Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн хэлцлийн дагуу фэйсбүүкийн GT гэх мессенжэр чатаар холбогдсон этгээдэд шилжүүлсэн 300 000 төгрөг нь хариуцагч Б.Сын ХААН банкны дансаар фэйсбүүкийн GT гэх мессенжэр чатаар холбогдсон этгээдийн юань авах төлбөр болж орсон тул хариуцагч Б.С нь уг мөнгийг юаньд хөрвүүлэн 706 юаныг QR кодоор шилжүүлж, фэйсбүүкийн GT гэх мессенжэр чатаар холбогдсон этгээдтэй хийсэн хэлцлийн үүргээ биелүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492.1.1.хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан.

Хариуцагч Б.Сыг 300 000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн буюу хөрөнгө олж авсан этгээд гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь: хариуцагч Б.С нь фэйсбүүкийн GT гэх мессенжэр чатаар холбогдсон этгээдтэй хийсэн хэлцлийнхээ үндсэн дээр түүний дансанд шилжүүлсэн 300 000 төгрөгийг хүлээн авч, юаньд хөрвүүлэн 706 юаныг түүний QR кодоор шилжүүлсэн тул 300 000 төгрөгөөр хөрөнгөжсөн буюу 300 000 төгрөг түүнд байгаа гэж үзэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, мөнгө нь бараа, үйлчилгээг хоорондоо солилцохдоо хэрэглэдэг төлбөрийн хэрэгсэл тул хариуцагч Б.Сын ХААН банкны дансанд орсон 300 000 төгрөг, түүний Bank of China дахь данснаас 706 юань болж QR кодоор шилжсэнээр түүнд 300 000 төгрөгийг байгаа гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч Т.Нын хариуцагч Б.Ст холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүрэгт 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Нын хариуцагч Б.Саас үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүрэгт 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 650 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА