Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/01

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

**  аймгийн ** сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,

Улсын яллагч **,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч **,

Шүүгдэгч **, **, **, **, **, **,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

** аймаг ** сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч **, **, **, **, **, **,  нарт холбогдох ** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ** оны ** сарын **-нд  ** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ** аймгийн ** сум, ** *-р багт  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ял шийтгэлгүй,   ** овгийн ** **   /РД:Т*****/,

 

Монгол Улсын иргэн, ** оны ** сарын **-нд  ** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ** аймгийн ** сум, Тарвагатай *-р баг ** *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ял шийтгэлгүй, ** овгийн ** **  /РД:**/,

 

Монгол Улсын иргэн, ** оны ** сарын **-нд  ** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  засварчин мэргэжилтэй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр,  хүүхдийн хамт ** аймгийн ** сум, **-р баг ** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ял шийтгэлгүй, ** овгийн ** **  /РД:**/,

Монгол Улсын иргэн, ** оны ** сарын ****-нд  ** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Нийслэлийн ** дүүрэг **-р хороо, ** оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ял шийтгэлгүй, ** овгийн ** **  /РД:**/,

 

Монгол Улсын иргэн, ** оны ** сарын **-нд  ** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ** аймгийн ** сумын *-р баг *-** тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 15-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж, 2,700,000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн гэх ** овгийн ** ** /РД:**/,

 

Монгол Улсын иргэн, ** оны ** сарын **-нд ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролгүй, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт, **л аймгийн ** сумын **-р баг, ** тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, 2006 оны 09 сарын 11-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн  251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 02 жил 01 сар хорих ялаар шийтгүүлсэн гэх ** овгийн ** ** /РД:**/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: 

Яллагдагч **, **, **, **, **, **,  нар нь бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ** аймгийн ** сумын * дугаар багийн нутаг “**” гэх газраас зохих зөвшөөрөлгүй, ховор ургамал болох 486.85 кг хуш модны самар түүж бэлтгэсэн, яллагдагч ** нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ** аймгийн ** сумын ** дугаар багийн нутаг ** гэх газраас ** улсын дугаартай ** загварын тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүй 486.85 кг хуш модны самар тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ** нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...2024 оны 08 дугаар сарын 26-27-ны өдөр самарт явах шийдвэр гарсан. Тэгээд найз руугаа яриад ** аймгийн ** суманд самар түүхээр явсан. **, **, ** нарыг дагуулж ** аймагт ирсэн. Тэгээд найзтайгаа холбоо бариад ** суманд ирсэн. Зургаан хүн нийлж самарт явсан. Очоод 3 хоноод ** ** самраа аваад буусан. Тэгээд ирж яваад цагдаад баригдаад ирсэн. Самраа цагдаагийн газарт хураалгасан...” гэв.

Шүүгдэгч ** нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...2024 оны 08 сарын 29-ний өглөө ахтайгаа хамт самарт явахаар ** сумаас гарсан. 08 сарын 29-ний орой нь ** сумын ** гэх газарт ууланд машинаа үлдээж цаашаа самарт явсан. Тэндээс бараг 6 цаг алхаж очсон. Тэгээд 30-ний өглөө самар түүсэн. 09 сарын 01-ний өдөр бид нар самраа цайруулсан. 09 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө наашаа бууж ирж байгаад цагдаад баригдсан...” гэв.

Шүүгдэгч ** нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...2024 оны 08 сарын 29-ний өглөө ** ах над руу самарт явъя гэж залгасан. 08 сарын 29-ний өглөө ** ирсэн. Оройхон ** сум руу явсан. Машинаа наана тавьсан. Цаашаа хөнжил пүүгээгээ үүрээд явсан. Хоёр хоног самар түүгээд 1 хоногт нь самраа цайруулсан. Тэгээд бууж явахдаа цагдаад баригдсан. Цайруулсан самар 8-н бүтэн шуудаа, 3 тал шуудай байсан...” гэв.

Шүүгдэгч ** нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...2024 оны 08 сарын 29-ний өдөр ах нартай хамт ** аймгийн ** сум руу самарт явсан. Тэгээд ** гэдэг газар очсон. Хоёр хоног самар түүсэн. Нэг хоногт нь самраа цайруулсан. 09 сарын 1-2-нд шилжих шөнө бууж яваад цагдаад баригдсан. 8 бүтэн шуудай, 3 тал шуудаа самар хураалгасан...” гэв.

Шүүгдэгч ** нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...Хүний амаар самар худалдаж авч байгаа талаар мэдээд ** сум руу самарт явсан. Самарт явахдаа самрын хорио цээрийн талаар судалж үзээгүй. Ууланд хоёр хоносон. Том жижиг нийлсэн 11 шуудай самартай бууж ирсэн. Самраа аваад наашаа бууж явж байгаад 02-ны үүрээр  04 цагт цагдаад баригдсан. ** цагдаагийн газарт самраа буулгаад хүлээлгэж өгсөн...” гэв.

Шүүгдэгч ** нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...2024 оны 08 сарын 29-ний өдөр самарт явахаар болж ** сумын ** гэдэг газарт очсон. Том жижиг нийлсэн 11 шуудай самартай бууж ирсэн. ** цагдаагийн газарт самраа буулгаад хүлээлгэж өгсөн...” гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар:

 

1. 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр мэдээлсэн зөвшөөрөлгүй самар түүж цайруулж бэлтгэн тээвэрлэсэн талаарх гомдол мэдээллийг ** аймгийн ** сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн бүртгэлийн №272/1100-4040/ дугаарт хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

2. 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ** аймгийн ** сумын Цагдаагийн хэлтсийн гадна зогсоолд байрлах ** улсын дугаартай тээврийн үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзүүлэлтүүд, 15 ширхэг фото зураг. /хх-ийн 3-5, 6-8-р хуудас/,

3. О* бүсийн сум дундын Ойн ангийн 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дугаартай экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон тухай ** сумын ** багийн нутаг ** ам гэх газраас ** аймгийн ** сумын **тоотод оршин суух хаягтай ** овогтой ** РД:** нь зохих зөвшөөрөлгүй, хуш модны самар бэлтгэх хориотой үед тээвэрлэж явсан 11 шуудай "Ховор" ургамал болох Сибирь хуш модны үр болох самрыг хэмжихэд нийт 486.85 кг /цэвэр жингээр тооцоход/ бэлтгэсэн ба тус үр идээ нь шинжилгээнд тэнцэж байна. Сибирь хуш модны самар нь Монгол орны 612.9 мянган га талбай бүхий хушин ой Архангай, Баян-Өлгий, Булган, Төв, Завхан, Хэнтий, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай. Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын ногоон бүсэд тархан ургадаг. Тухайн Сибирь хуш модны самар нь байгалийн зэрлэг ургамал ба цаашид ашиглах боломжтой, удаан хугацаанд стандарт шаардлага хангаагүй агуулахад хадгалсан нөхцөлд, чанар шинж, бодит жингээ алдана. Хуш модны самар буюу идээг ямар apra хэрэгсэл ашиглаж бэлтгэсэн талаар тодорхойлох боломжгүй байна. Сибирь хуш модны самраас гаргаж авсан бүтээгдэхүүнүүд нь спортын болон, тусгай зохицуулах үйлчилгээтэй хүнсний зориулалтаар, мөн экспортын голлох бүтээгдэхүүн болгон ашигладаг. Хушны самрыг "Хүнсний барааны агуулах Техникийн шаардлага MNS 5364:2004" стандартын шаардлага хангасан, 70%-иас ихгүй агаарын харьцангуй чийглэгтэй, 15°с дээшгүй температуртай, агааржуулалттай байранд, газраас дээш 2,0-3,0 см өндөр дээр нарны гэрлийн шууд тусгалаас хол, хана, халаагуураас 1 метрээс багагүй зайд хурааж хушны самрыг 1 жил хүртэл хугацаагаар хадгалах бөгөөд битүүмжлэл сайтай, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан бүх төрлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалаар Сибирь хуш модны самрын экологи эдийн үнэлгээ нь 1 кг /нойтон жин/ тутамд 98.900 төгрөг байна Иймд иргэн ** зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, тээвэрлэсэн 486.85 кг Сибирь хуш модны самар нь 48,149,465 төгрөг болж байна Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 сарын 22-ны өдрийн Ховор, ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох А/603 дугаар тушаалыг хавсралтаар хүргүүлэв. Шинжээч **  гэх шинжээчийн дүгнэлт/хх-ийн 21-23-р хуудас/,

4.Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2024 оны 09 сарын 20-ны өдрийн 01-29-02/279/13 дугаартай хохирлын үнэлгээ тогтоосон тухай “...Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3- т/ургамлын аймаг учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ тогтооно гэж заасны дахин дагуу 48,149,465x5=240,747,325 төгрөг болов. ** аймгийн ** сумын нутаг "**" гэх газраас хууль бусаар хуш модны самар бэлтгэсэн иргэн ** нь ургамлын аймагт учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр нийт 240,747,325 төгрөгийн хохирол учруулсан байна. Байгаль орчны хяналтын улсын байцаагч **...” гэх шинжээчийн дүгнэлт/хх-ийн 30-р хуудас/,

5. Хохирогч ** “...Байгаль орчны сайдын тушаалаар жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хуш модны самрыг түүж бэлтгэнэ гэсэн журамтай. Хорио тавигдсан тохиолдолд эрх бүхий байгууллагад хандаад байгалийн ургамал ашиглах зөвшөөрлийг авч самар түүж бэлтгэж болно. Ингэхдээ иргэн ахуйн зориулалтаар 1 удаа 50 кг түүх эрхтэй байдаг. Тухайн самар түүж бэлтгэхээр очсон аймаг сумын Байгаль орчны эрх бүхий байгууллага болон албан тушаалтнаас зөвшөөрлийг авч бэлтгэнэ. Тухайн самрыг тээвэрлэх тохиолдолд Сум дундын ойн ангиас гарал үүслийн гэрчилгээг авах ёстой байдаг. Иймд Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67-р хуудас/,

6. Шүүгдэгч ** яллагдагчаар өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр би ** аймгийн ** сум руу самар түүхээр дүү нар болох *, эхнэрийн дүү **, ** найз **, **, ** найз ** гээд бид 6 ** машинтай явсан. ** суманд 3 хоног самар түүгээд бүтэн тал нийлсэн 11 шуудай самар ** аваад худалдахаар ** сум руу дөхөж явтал замд цагдаа нар тааралдаад баригдсан. Тэгээд самраа хураалгаад ** цагдаа руу ирсэн. Самар түүх санааг би гаргасан. Хүүхдийн хичээл сургууль орох дөхсөн байсан тул юмыг нь бэлдэх санаатай хамт ирсэн. Зөвшөөрөл аваагүй. Зөвшөөрлийн талаар мэдэхгүй ** суманд хүмүүс самар түүж байна гэсэн тул тийшээ явсан. Очиход хүмүүс самар түүж байсан. Самар түүхэд бүгд ижил оролцоотой түүгээд бэлтгэж цайруулаад машиндаа зөөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 99-р хуудас/,

7. Шүүгдэгч ** яллагдагчаар өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр би ** аймгийн ** сум руу самар түүхээр ах **, дүү **, ** нарын хамт ** сумаас замын унаагаар ** ирээд **, ** нартай уулзаад ** машинтай ** сум руу явсан. Тэгээд самар түүх газраа очоод 3 хоног самар түүгээд 11 шуудай самар цайруулсан. Тэгээд 9 сарын 02-ны өдөр уулнаас буугаад 9 сарын 03-ны үүрээр ** сум руу орж ирээд цагдаад баригдсан. Би урьд өмнө нь хүнээс 10 сарын 01-ний өдрөөс 20-ны өдрийн хооронд хорио цээрийн хугацаа нь тавигддаг гэж сонссон. Харин зөвшөөрөл авах ёстой талаар мэдээгүй бид ижил түүж бэлтгэж цайруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 124-р хуудас/,

8. Шүүгдэгч ** яллагдагчаар өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр би ** аймгийн ** сум руу самар түүхээр ах **, Л.**, ** нарын хамт ** сумаас ууланд очсон. Тэгээд ** сумын ууланд очоод унасан байсан самар түүгээд 3 хоносон Тэгээд уулнаас буугаад төв ороод цагдаад баригдсан. Бүгд ижилхэн самраа түүгээд, бэлтгэж цайруулаад машиндаа зөөсөн. Би өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 149-р хуудас/,

9. Шүүгдэгч Т.** яллагдагчаар өгсөн“...2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр би ** аймгийн ** сум руу самар түүхээр ах **, **, * нарын хамт ** сумаас ** ороод ** **, ** нартай уулзаад ** гэх хүний портер загварын машины тэвшинд суугаад ууланд очсон. ** сумын ууланд очиход газар унасан самар их байсан тул унасан байсан самрыг түүсэн. Ууланд 3 хоносон. Тэгээд уулнаас буугаад төв орж яваад цагдаад баригдсан. Буруугаа хүлээж ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 169-р хуудас/,

10. Шүүгдэгч ** яллагдагчаар “...Би тухайн сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь мэдүүлсэн. Би зөвшөөрөл авах ёстой талаар мэднэ. Хорио цээрийн хэзээнээс хэзээний хооронд тавигдах ёстой талаар мэдэхгүй. Би өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 189-р хуудас/,

“...2024 оны 08 сарын 29-ний өдөр ** над руу залгаад ** рүү хорио тавьсан юм шиг байна. Төв дээр самар авч байгаа юм шиг байна гэж хэлсэн. Тийм бол надад татгалзах юм алга гэж хэлээд тэр өдрөө *, *, **, *, ** бид * сумын ** гэх газарт очоод самар түүж бэлтгээд тэндээ 3 хоноод 2024 оны 09 сарын 02-ны шөнө ** сумын төв оруулж өгөх гэж байгаад цагдаад баригдсан. Салхи ихтэй байсан. Уулан дээр салхинд маш их самар унаж байсан. Тэгээд бид хэд 6 хүнтэй байсан болохоор гараараа түүсэн Анх над руу ** ах залгаад тэгээд хамт самарт явъя гэж хэлээд бид нар нийлээд самарт явсан. Бид 40-45 шуудай боргоцой цайруулж 11 шуудай самар гаргасан. 5 шуудай боргоцойноос 1 шуудай цайруулсан самар гарсан. Самар тээвэрлэж ** улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Би 2024 оны 06 сарын сүүлээр худалдаж авч байсан. Самар түүхдээ муна ашиглаагүй, шигшүүр ашигласан. Шигшүүр нь унаж явсан тээврийн хэрэгсэл дээр байгаа. Самар түүхэд бүгд отгоосоо гараад тэгээд шууд гараараа түүдэг. Түүсэн самраа ** сумын төвд ороод борлуулах санаатай байсан. Мөнгө олох зорилгоор самар түүсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87-р хуудас/,

11. Шүүгдэгч ** яллагдагчаар өгсөн “...би өмнө мэдүүлэг өгсөн. Би зөвшөөрөл авах ёстой талаар мэдэхгүй. Хорио хэзээ тавигддаг талаар мэдэхгүй. Хүүхдүүдийн хичээл сургууль орох гээд мөнгөний хэрэг гараад л ** хамт явъя гэхээр нь хамт явсан. Би буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 220-р хуудас/,

-2024 оны 08 дугаар сарын 29-ны өдөр **, ** 2 над руу өглөө эрт залгаад самарт цуг явах уу гэсэн тэгээд би зөвшөөрөөд ** аймгаас **, ** нөгөө 3 хүнийх нь нэрийг сайн мэдэхгүй байна аа надтай хамт 6 хүн миний худалдаж авахаар ярьсан байсан портер загварын ** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн тэгээд ** сумын ** ам гэх газарт шөнө очоод машинаа уулан доор үлдээгээд бид 6 явган уул руу гарсан. Тэгээд маргаашаас нь эхлээд дандаа унасан самар түүсэн тэндээ 3 хоноод буцаад буюу 2024 оны 09 дүгээр сарын 02-ны орой уулнаас бууж байгаад цагдаад баригдсан. Уулнаас бол унасан байсан самар түүсэн. Самраа цайруулахдаа бол шигшүүр ашигласан юм аа. **, ** 2 бид нарыг явах саналыг гаргасан над руу бол ** над руу залгаад ** намайг очиж авсан. ** эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм аа Худалдаж авахаар тохирсон гэхдээ мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй ээ. Бүгд отгоосоо гараад тэгээд шууд гараараа хуваагдаад түүдэг. Хүүхэд хичээл сургуульд орох гээд мөнгө олох зорилгоор түүсэн юм аа ** самраа зөөж байхдаа баригдаад тэгээд энэ машиныг миний машин гээд хэлчих гээд надаас гуйгаад байсан юм аа тэрнээс биш миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш ** хүнээс худалдаж авсан тээврийн хэрэгсэл...” гэх мэдүүлэг /х-ийн 80-81-р хуудас/ зэрэг болно.

            Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үйл баримтыг үгүйсгэсэн, эргэлзээтэй, нотлох чадвараа алдсан нотлох баримт байхгүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч **, **, **, **, **, **,  нар нь бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл **аймгийн ** * дугаар багийн нутаг ** гэх газраас зохих зөвшөөрөлгүй, ховор ургамал болох хуш модны 486.85 кг самар түүж бэлтгэсэн, яллагдагч Ц.** нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ** аймгийн ** сумын ** дугаар багийн нутаг ** гэх газраас ** улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүй хуш модны 486.85 кг самар тээвэрлэсэн гэх үйл баримт нь:

 

2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр мэдээлсэн зөвшөөрөлгүй самар түүж цайруулж бэлтгэн тээвэрлэсэн талаарх гомдол мэдээллийг ** аймгийн ** сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн бүртгэлийн №272/1100-4040/ дугаарт хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ** аймгийн ** сумын Цагдаагийн хэлтсийн гадна зогсоолд байрлах ** улсын дугаартай тээврийн үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн  үзүүлэлтүүд, үзлэг хийсэн тэмдэглэл, 15 ширхэг фото зураг  /хх-ийн 3-5, 6-8-р хуудас/, ** бүсийн сум дундын Ойн ангийн 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дугаартай экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 21-23-р хуудас/, ** аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2024 оны 09 сарын 20-ны өдрийн 01-29-02/279/13 дугаартай хохирлын үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 30-р хуудас/, хохирогч ** мэдүүлэг /хх-ийн 66-67-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Байгаль орчныг хамгаалах тухай хууль нь хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулсан суурь хууль бөгөөд уг хуулиар байгаль орчинд хамаарах объектуудыг газар, ус, агаар, ургамал, амьтан гэх зэргээр төрөлжүүлсэн салбарын нарийвчлан хуулиар зохицуулсан байна.

Тухайлбал: Байгалийн ургамлын тухай хуулиар ой болон таримал ургамлаас бусад ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулсан байх бөгөөд хуулийн 3 дугаар зүйлийн 2-т зааснаар ургамлын нөөц, нөхөн сэргэх чадварыг харгалзан нэн ховор, ховор, элбэг ургамал гэж ангилан, ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамлыг хамааруулж, энэ ургамлын жагсаалтыг Засгийн газраас батлахаар хуульчилжээ.

Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153, 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 410 дугаар тогтоолоор Нарсны төрлийн модны үр /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/-г ховор ургамлын жагсаалтад оруулсан тул энэ төрлийн мод, түүний үр, идээг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлээр хамгаалсан байна.

Самар нь Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т зааснаар ойн дагалт баялагт тооцогдох бөгөөд хуулийн 38 дугаар зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тодорхой төлбөртэйгөөр тухайн ойн анги, эсхүл байгаль хамгаалагчаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр ашиглах журмыг тогтоосны зэрэгцээ тухайн зүйлийн 38.5-д “Хушны самрын дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацтай жилд аль ч зориулалтаар ашиглахыг зөвшөөрнө” гэж хуш модны самрын ашиглалтын талаар тухайлан заасан нь байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, хамгаалах, жам ёсоор нөхөн сэргээх шинж чанарыг хадгалах зорилгыг илэрхийлж буйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нар зохих зөвшөөрөл авч самар түүдэг талаар мэдэхгүй гэж мэдүүлж байгаа ба хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн идэвхтэй үйлдлээр хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул шүүгдэгч нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч **, **, **, **, **, **,  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д  зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, түүж бэлтгэсэн, шүүгдэгч ** зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Хохирол, иргэний нэхэмжлэл бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийгмийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлжээ.

 

            Шүүгдэгч **, **, **, **, **, **,  нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас Байгаль экологид 48,149,465 төгрөгийн шууд хохирол учирсан.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан нь байгаль орчинд учруулсан гэм буруутай этгээдээр тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлдэг.

 

 Хуульд зааснаар 48,149,465Х5=240,747,325 төгрөгийг шүүгдэгч нараар нөхөн төлүүлэхээр байна.

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

 

Шүүхийн шатанд шүүгдэгч тус бүр 500,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн.

 

Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/159 дугаартай “Хураан авсан эд мөрийн баримтыг худалдан борлуулж, орлогыг тусгай дансанд хадгалуулах тухай” захирамжаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 486.85 кг самрыг худалдан борлуулж, орлогыг тусгай дансанд хадгалахыг ** аймгийн * сумын ЗДТГ-ын Орон тооны бус зөвлөлд үүрэг болгожээ. /2-р хх-ийн 21-22/

 

 Дээрх захирамжийн дагуу * аймгийн ** сумын Засаг даргын Тамгын газрын Орон тооны бус зөвлөл хөгцөрч муудсан 179.55 кг самрыг устгалын ажлын хэсэгт шилжүүлж, 289.3 кг самрыг 1 кг-ыг 5000 төгрөгөөр худалдан борлуулж, нийт 1,446,500 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн ** тоот дансанд байршуулсан байна.

Худалдан борлуулсан самрын үнэ 1,446,500 төгрөгийг хохиролд төлөгдсөн гэж үзэж, үнийн дүнгээс хасаж үлдэгдэл 236,300,825 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй.

 

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ** улсын дугаартай ** маркийн тээврийн хэрэгсэл нь улсын бүртгэлээр ** нэр дээр бүртгэлтэй байгаа боловч 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр * худалдан авсан, түүний өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдож байна. /1-р хх-ийн 200-201/

 

 ** улсын дугаартай ** маркийн тээврийн хэрэгсэл  2,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. /1-р хх-ийн 50/

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан.

 

 Иймд  ** улсын дугаартай ** маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж,  шүүгдэгч Ц.Идэрт ногдох хохирлыг нөхөн төлөхөд зарцуулах зүйтэй гэж дүгнэв.

 

 Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч нарыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцсон тул шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч **, **, **, **, **, **, нарыг 1 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах, шүүгдэгч ** 1 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах саналыг тус тус шүүхэд гаргаж байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, санал, санаачилга оролцоо зэргийг харгалзан үзэж, ** тээврийн хэрэгсэл ашигласан, бэлтгэсэн гэдэг нөхцөл байдал тогтоогдож байх тул ял шийтгэлийг ялгамжтай байдлаар оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар шүүхээс тодорхой ярилаа. Шүүгдэгч нар прокурорын шатанд төлсөн 3,000,000 төгрөгийг хасаж үндсэн үнийн дүнгээс, мөн орон тооны бус зөвлөлөөс шийдвэрлэсэн 1,446,500 төгрөгийг хасаж хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас хохирлыг гаргуулах үндэслэлтэй байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Энэ гэмт хэргийн улмаас экологи эдийн засгийн үнэлгээгээр 240,747,325 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн гаргуулж шийдвэрлэх гэхдээ шүүгдэгч нар нь хохирлоос тодорхой хэмжээгээр төлсөн байгааг дурдах нь зүйтэй байна. Гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашиглаж тээвэрлэсэн байх бөгөөд ** улсын дугаартай ** загварын тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох хуулийн зохицуулалтын шаардлагыг хангах нь зүйтэй. Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д заасны дагуу гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж тээвэрлэсэн ** улсын дугаартай ** загварын тээврийн хэрэгслийг үнэлгээний газраас гаргасан 2,000,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд үүнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй,  хилийн хориг тавигдаагүй байна. Эд мөрийн баримтаар хураагдсан гэх 486.85 кг хуш модны самрыг ** сумын орон тооны бус зөвлөл шийдвэрлэсэн  гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч **, **, **, **, **, **, нар нь ** аймгийн ** суманд оршин суудаг тул тэдгээрийн оршин суух газрын нутаг дэвсгэрийн харьяаллаар  хязгаарлах, шүүгдэгч ** нь ** хотын ** дүүрэг, шүүгдэгч ** ** аймгийн ** сум, шүүгдэгч ** ** хотын ** дүүрэгт амьдардаг бөгөөд шүүгдэгч нарын оршин суух амьдарч байгаа орон нутгийн бүсээр хязгаарлах, зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ***: Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс маргах зүйл байхгүй. Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг сонслоо. Өмгөөлөгчийн зүгээс зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр шүүгдэгч нар түрүүн биеийн байцаалтаа өгөхдөө тодорхой хэлсэн. Засварчин, гагнуурчин, засал чимэглэлчин ажил хийдэг байгаа. Өөрийн оршин суугаа газраас өөр аймаг, хот руу явж ажил хийдэг. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх асуудал гарна. Эдгээр улсууд ажилтай, цалин орлоготой байж байж хохирлыг төлнө. Хохирлын хувьд хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэсэн саналыг дэмжиж байна. Нэг хүнд 39,383,470  төгрөг оногдож байна. 3-4 жилийн хугацаанд сар бүр төлөх байдлаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь шүүгдэгч нар нь амьдралдаа тус нэмэр болъё, үр хүүхдүүддээ хэдэн төгрөг зарцуулчихъя гэдэг байдлаас илүүтэйгээр тухайн орон нутгийн захиргааны Сумын засаг даргын тамгын газар, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл нь алгын чинээ самбар гаргаад замын хажууд тавьчихаж чадахгүй байна. Самар ганцхан ** аймгийн ** суманд ургадаггүй. ** аймагт байдаг. Энэ төрлийн гэмт хэрэг ** аймагт гардаггүй. ** аймагт замын хажууд хууль дүрмээ сурталчилж самбар тавьсан байдаг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл ажилдаа үнэхээр хайхрамжгүй хандаж байгаа байдал харагдаж байна. Тухайн орон нутагт төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын буруу юм. Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа эдгээр байдлыг мөн харгалзан үзэхийг хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хохирлоо тодорхой хэмжээгээр өөрсдийнхөө хэмжээнд төлсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Шүүгдэгч нарын хувийн байдлын харгалзан үзэж энд тэнд ажиллах боломж нөхцөлийг хангаж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч **, **, **, **, **, **, нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ** зохих зөвшөөрөлгүй ховор ургамал болох хуш модны самрыг тээвэрлэсэн гэм буруутайд тус тус тооцсон, шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна түүнийг нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр засарч, хүмүүжих, зүй зохистой, зөв амьдралд ороход нь туслах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, өөрийгөө хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх боломжийг олгох, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгыг давхар агуулдаг тул шүүх шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7  дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л** 1 жил 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, шүүгдэгч ** 1 жил 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, шүүгдэгч ** нарт тус бүр 1 жил 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж, шүүгдэгч ** дүүргийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч ** нарыг ** аймгийн ** сумын нутаг дэвсгэрээс явахыг тус тус хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан байдал, оролцоо, тэдний хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулсан.

 

Шүүгдэгч нар нь ямар боломжид үндэслэж, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь зөвхөн түүний хэлсэн үг, бичгээр гаргасан баталгаа төдийгөөр шаардлага хангахгүй, уг үг, баталгаа нь бодитой хэрэгжихүйц байх нь хуульд нийцнэ. Өөрөөр хэлбэл цалин, хөлс, орлого, эд хөрөнгийн ямар боломжид үндэслэн хохирлоо нөхөн төлөхөө шүүгдэгч нар илэрхийлээгүй тул шүүх “тэнсэх” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.  

 

Шүүгдэгч * нь 2024 оны 08 сарын 15-ны өдөр ** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж, 2,700,000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт .Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж хуульчилсан тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг *** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Бусад:

Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 486.85 кг хуш модны самрыг ** аймгийн ** сумын ЗДТГ-ын Орон тооны бус зөвлөл хөгцөрч муудсан 179.55 кг самрыг устгалын ажлын хэсэгт шилжүүлж, 289.3 кг самрыг худалдан борлуулсныг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарт **, **, **, **, **, **, р нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ** овгийн * **, ** овгийн ** **, ** овгийн ** **, ** овгийн ** **, ** овгийн ** **, ** овгийн ** * нарыг зохих зөвшөөрөлгүй ховор ургамал болох хуш модны самрыг түүж бэлтгэсэн, шүүгдэгч ** зохих зөвшөөрөлгүй ховор ургамал болох хуш модны самрыг тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7  дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ** 1 жил 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч ** 1 жил 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч ** нарт тус бүр 1 жил 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ** нарыг ** аймгийн ** сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч ** Нийслэлийн ** дүүргийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч ** нарыг ** аймгийн ** сумын нутаг дэвсгэрээс явахыг тус тус хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирол төлбөрт 236,300,825 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны ** тоот дансанд оруулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч ** өмчлөлийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, түүний хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ** оногдуулсан 1 жил 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялыг ** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 15-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас тусад нь эдлүүлсүгэй.

8.Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.АЛГИРМАА